• Өнөөдөр 2024-04-25

“Ковид-19” цар тахал болон хүн төрөлхтний ирээдүй

2021-02-15,   1150

-Цар тахал, хөл хорио нь хүмүүсийг зан авирын өөрчлөлтөд оруулж,  ууртай болгож байна-

Энэ удаагийн "Дэлхийн шилдэг нийтлэл" буландаа олон улсын “Nature” сэтгүүлд гарсан коронавирус цаашид хэрхэн, хэр удаан хугацаагаар үргэлжлэх болон хүн төрөлхтөн энэ цаг үед хэрхэн амьдарч буй талаарх судалгаан дээр үндэслэн бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

        2021 оны зургадугаар сар гэхэд хүн төрөлхтөн бүтэн нэг жил хагасын хугацаанд хөл хорионы дэглэмээр амьдарсан байх болно. Тухайн цагаас хойш коронавирусийн дэгдэлт үргэлжилсээр байвал хөл хорионы дэглэм нь хүн төрөлхтөнд хэвийн үзэгдэл болох нь. Вирусийн эсрэг вакцины дархлаа тогтоох хугацаа болон олон улсын гэрээ хэлцэл удааширч байгаа нь цар тахлыг улам хүчирхэгжихэд нэмэр болж байна.

        Мэргэжлийн эмч, ажилтнууд гэлтгүй энгийн иргэд ч коронавирусийг хэрхэн устгаж болох талаар өөрсдийн гэсэн төсөөлөлтэй болжээ. Дэлхий даяарх олон мянган эпидемиологичид цар тахлыг бий болгож буй “SARS-CoV-2” вирусийн тархалт, түүний нөлөөллийг хэрхэн бууруулах арга зам хайж, ойрын болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж байна. Гэвч тэдний урьдчилсан тооцоолол нь цаг хугацааны нөхцөл байдалтай тохирохгүй байгаа нь ирээдүйд том асуудал дагуулж болзошгүй. Жишээлбэл, коронавирусийн ирээдүй нь өнөөг хүртэл тааварлашгүй байгаа бөгөөд эрдэмтэд үүнд вирусийн эсрэг дархлаа хэр удаан хугацаагаар тогтох, вирусийн тархалтад улирлын шинж нөлөөлж буй эсэх судалгааг хурдан дуусгахгүй бол цар тахлын ирээдүй Засгийн газраас бус, хувь хүмүүсийн шийдвэрээс хамаарах болно. Энэ сул талыг олж харалгүй олон Засгийн газар иргэдэд сонголтыг үлдээж байгаа нь буруу болохыг эрдэмтэд хэлж байна. Энэ тал дээр Лондонгийн Анагаах ухааны сургуулийн халдварт өвчний эрдэмтэн Розалинд Эгго “Маш олон улс хөл хориогоо цуцалж, илүү аюултай байр сууринд аваачиж байна. Хүн төрөлхтний ирээдүй хаашаа эргэхийг мэдэхгүй байна” хэмээсэн юм. Мөн Хонконгийн их сургуулийн эрдэмтэн Жозеф Вү “Бид цар тахлаас хэрхэн сэргийлэх арга хэмжээ авч байгаагаас л бидний ирээдүй, нийгэм, цаг үе өөрчлөгдөх болно” гэв. Дээрх эрдэмтэд цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы дэглэм нь халдварын тархалтын эсрэг эерэгээр нөлөөлж байгаа ч хүний сэтгэл зүйд муугаар нөлөөлж байгааг дурдсан юм. Жишээлбэл, цар тахлын үеийн хүн төрөлхтөн коронавирусгүй байсан цаг үеэс илүү зан авирын өөрчлөлттэй, ууртай болсныг судалгаагаар тогтоосон аж.

       Вакцинууд вирусийн эсрэг дархлааг нэг жилээс бага хугацаанд тогтоодог. Харин цар тахлын нөхцөл байдал, тархалт нь үүнээс олон жил үргэлжилдэг бөгөөд зарим эрдэмтний судалгаагаар хүн төрөлхтөн хамгийн багадаа 2025 он хүртэл коронавирустэй амьдарна гэжээ. Энэ тухай Харвардын их сургуулийн эрдэмтэн, халдварт өвчин судлаач Ёнатан Град “Олон орон хөл хориогоо цуцалж, цар тахлын цаг үе удахгүй дуусна гэдэгт итгэж, буруу үйлдэл хийж байна. Энэ нөхцөл байдал тийм ч амар юм биш. Бидэнд коронавирусийн цаг үеийг туулах маш урт удаан хугацаа хүлээж байгаа” хэмээжээ.

Зайнаас харилцах, ярих шинэ соёлд суралцах хэрэгтэй

       Цар тахал дэлхийн улсуудад ижил байдлаар тархахгүй. Хятад, Шинэ Зеланд, Руана зэрэг улсуудад халдварын тоог бууруулах зорилгоор урт хугацааны хөл хорио тогтоож байсан нь сайнаар нөлөөлсөн ч өнгөцхөн үр дүнг харж, хөл хориог цуцалснаар улсын хэмжээний коронавирусийн тохиолдлууд эрс нэмэгдэж байна.

       Хөл хориог цуцалсан хэдий ч коронавирусээс сэргийлэх үр дүнтэй аргууд бий. Судалгаагаар нотолсон гараа угаах, амны хаалт зүүх зэрэг хувийн дэглэм нь вирусээс сэргийлэхэд хамгийн их тустай. Өнгөрсөн онд Их Британийн судалгааны баг 53 орны халдварын мэдээлэлд үндэслэж, судалгаа хийсэн байна. Энэ талаар Лондонгийн Эзэн хааны нэрэмжит коллежийн халдварт өвчин судлаач, судалгааны багийн дарга Самир Бхатт “Иргэд өмнө нь тогтмол гараа угааж, амны хаалт зүүж байгаагүй. Одоо дэлхий нийтээр гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүхийг тогтмол болгох хэрэгтэй. Энэ нь цар тахлаас аварч чадах цор ганц хамгийн найдвартай арга ч байж магадгүй” гэжээ.

      Мөн өөр нэгэн судалгаагаар хүмүүсийн 50-65 хувь нь олон нийтийн газар халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж байгаа бол үлдсэн нь амны хаалт ашиглахгүй, зай барьж, өөрийгөө хамгаалахгүй байгаа дүн гарсан байна. Уг судалгааг хариуцаж ажилласан Бразил Улсын эрдэмтэн, биологич Осмар Пинто Нео “Бид бусадтай харилцах соёлоо өөрчлөх хэрэгтэй цаг үед иржээ” хэмээсэн байна. Тэрбээр хүмүүс нэгэнтэйгээ харилцах, ярих үедээ өөрийгөө болон харилцаж буй хүнээ хамгаалж, зайнаас харилцах, гар утас ашиглах зэрэг соёлд суралцах хэрэгтэй болсныг нэмж дурджээ.

     Мексикийн Үндэсний их сургуулийн халдварт өвчин судлалын Хорхе Веласко-Эрнандес тэргүүтэй баг хөл хорио болон иргэдийн дундах хувийн халдвар хамгааллын дэглэмийн талаар судалгаа хийжээ. Судалгаагаар Мексикийн хүн амын 70 хувь нь гараа угааж, маскаа зүүж буйг баталсан байна. Харин өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн хөл хориог зургадугаар сард тус улсын Засгийн газраас цуцалжээ. Ингэснээр коронавирусээр нас барагсдын тоо хөл хориог цуцлахад огцом буурсан бөгөөд судалгааны багаас хөл хорио тогтоох шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан байна. Харин Хонконгийн эрдэмтэн Жозеф Вү уг судалгааны дүнг эрс эсэргүүцсэн. Түүний үзэж буйгаар коронавирус маш том сэргэлт хийж, томоохон аюул учруулж болзошгүй гэнэ. Тэрбээр “Бид хөл хорио болон вирусийн талаарх судалгааг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Хөл хориогүй байх нь маш том эрсдэл” гэсэн юм.

     Хөл хорио тогтоохын зэрэгцээ халдвартай хүний хавьтлуудыг олж тогтоох нь нэн чухал. Иймээс Лондонгийн Эзэн хааны нэрэмжит академиас хавьтлуудыг олж, илрүүлэх талаар дэлгэрэнгүй математикийн загварчлал гаргажээ. Тэд загварчлалыг бүтээхийн тулд эхний ээлжид вирусийн халдвартай таван хүнийг судалсан ч тэдний хавьтлын тоо цаг тутамд 10, 20, 40 гэх зэргээр нэмэгдсэн аж. Уг загварчлалд коронавирусийн халдвар авсан хүний хавьтлуудаас дор хаяж 80 хувийг нь хайж, олсон мэдээлэл байна. Загварчлалын эцсийн дүнд коронавирусийн халдвартай хүнтэй хавьтсан хүн цааш дахин нэг хүнтэй хавьталд орохоос нь урьтаж, холбоо барих арга хэмжээ авах боломжгүй гэсэн юм.

-“Ковид-19” нь өвлийн улиралд тогтмол дэгдэж болзошгүй-

       Амьсгалын замын вирус, томуу зэрэг синцитиал буюу “RSV” вирус нь улирлын хэлбэлзлийг дагаж, өвлийн улиралд илүү дэгддэг. Үүнтэй адил коронавирус ч мөн улирлын хэлбэлзэлтэй холбоотойгоор ирэх өвлийн улиралд өнөөгийнхөөс илүү хор хөнөөл дагуулж болзошгүй. Өвлийн улиралд иргэд хуурай агаараар амьсгалснаар амьсгалын замын дархлаа суларч, коронавирус илүү өргөн тархдаг аж. Судлаачдын үзэж буйгаар зөвхөн ойрын ирээдүйд бус, холын ирээдүйд “Ковид-19” вирус нь өвлийн улирал бүр дэгдэж болзошгүй. Коронавирус нь бусад вирус, томууны адил улирлын хэлбэлзэлд харилцан үйлчлэлцэж буй тухай судалгааг Лондонгийн Эзэн хааны нэрэмжит академиас хийж байгаа юм. Судалгааны хүрээнд амьсгалын замын “RSV” вирусийн эсийг коронавирусийн халдвартай хүнд оруулахад ямар нэг нөлөө, шинж тэмдэг илрээгүй байна. Вирусүүд хоорондоо харилцан үйлчлэлцэж, “SARS-CoV-2”-ыг саармагжуулах, аль эсвэл үхлийн аюулыг нэмэгдүүлэх зүйл болоогүй аж.

      Эрдэмтдийн үзэж буйгаар цар тахлыг зогсоохын тулд дэлхий даяарх вирусийг устгах хэрэгтэй. Гэвч энэхүү устгал бүтэх боломжгүй тул коронавирусийг тийм ч хурдан устгаж чадахгүй. Харин үүний эсрэг тэмцэхийн тулд хүн бүр өөрийн гэсэн дархлааг бий болгох хэрэгтэй аж. Улс орны онцлогоос хамаарч хүн амын 55-80 хувь нь коронавирусийн эсрэг тэмцэх дархлаатай байж л энэ цаг үеийг давж гарах тооцоо бий.

Хэрэв вакцин сайн үр дүн үзүүлбэл энэ онд багтаж коронавирусийг зогсоох боломжтой

       2021 оны коронавирусийн нөхцөл байдал нь шууд утгаараа вакцинтай холбоотой. Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийн өмнө болон дараа, халдвараас хэр удаан хамгаалах зэргээс цар тахлын нөхцөл байдал вакцинтай олон талаараа хамааралтай. Улаанбурхан, полиомиелит зэрэг томууны вакцин нь олон арван жилийн хамгаалалт өгдөг бол коронавирусийн эсрэг вакцин тийм ч удаан хугацааны хамгаалалт өгөхгүй. Коронавирусийн эсрэг вакцин вирусээс жил хүрэхгүй хугацаанд идэвхтэй хамгаална. Харин вакцин нь хүний биед нэвтэрмэгцээ халдвараас сэргийлэх эсийг идэвхжүүлэхийн хүртэл 40 хүртэлх хоногийн хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан хүн коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй байх юм. Харин “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар үүсгэж буй хиймэл дархлаа нь байнгын шинжтэй гэнэ. Байнгын дархлааны шинж эерэгээр эргэж, сайн үр дүн үзүүлбэл энэ онд багтаж, коронавирусийг зогсоох боломжтой аж. Гэвч Харвардын их сургуулийн судалгааны багийн мэдээлснээр коронавирус энэ онд зогссон ч 2024 онд дахин дэгдэх гэнэ. Тэдний үзэж буйгаар “Ковид-19” нь бусад томуу, вирусээс илүү хувирах, дахин сэргэх чадвартай бөгөөд 2030 он хүртэл хүн төрөлхтөн дасан зохицож амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч болзошгүй аж.


“Ковид-19” цар тахал болон хүн төрөлхтний ирээдүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188