ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд стратегийн олон түвшинд хүчирхэгжиж, худалдаа, батлан хамгаалах, технологи, эрчим хүчний салбар зэрэг чиглэлд өргөжиж байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын худалдаа 2023 онд эрчимтэй өсөж, оны сүүлч гэхэд худалдааны нийт дүн нь 240 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Мөн хоёр орон албан ёсоор цэргийн эвсэл байгуулаагүй ч хоёр талын цэргийн хүчин идэвхтэй хүчирхэгжиж, энэ онд Японы тэнгист “Нэгдмэл” нэртэй цэргийн сургуулилалт хийсэн. Энэ мэт БНХАУ-ын талаас явуулж буй хамтын ажиллагаа, худалдааны салбар нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Украинд дайтаж байгаа ОХУ-д санхүүгийн томоохон тусламж болж байгааг Америк, Европын орнууд онцолж байгаа.
Харин БНХАУ-ын хувьд “Ковид-19” цар тахлын хөл хорионы үеэс хойш томоохон худалдан авагчдынхаа нэг болох АНУ-тай таарамжгүй харилцаатай байгаа. АНУ-аас тавьсан хориг арга хэмжээнд Хятадын олон аж ахуйн нэгж орсон бөгөөд хориг арга хэмжээтэй холбоотойгоор тус улсын санхүүгийн байгууллагууд уналтад орох эрсдэлтэй болсон. Гэсэн ч тухайн үед барууны хориг арга хэмжээнд өртөх болсон БНХАУ-ын тал ОХУ-тай харилцаагаа шинэ түвшинд хүргэж, нэгдсэн байр сууриас олон улсын дарамтад хариу үйлдэл үзүүлэх чадамжаа нэмж, хамтран ажиллах болсон. Улмаар сүүлийн дөрөв орчим жилийн хугацаанд ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа маш хүчирхэгжиж, нэгнийхээ “дутуу”-г нөхөж чадсан бөгөөд зөвхөн энэ хоёр орны байр суурь дэлхийн геополитикт хүчтэй нөлөө үзүүлж чадахаар болов.
ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украины газар нутаг руу цэргүүдээ оруулж, дайтаж эхэлснээс хойш дотооддоо эдийн засаг, улс төрийн томоохон хүндрэлтэй нүүр тулсан. Тухайлбал, олон улсын санхүүгийн хатуу хориг арга хэмжээнд өртсөн ОХУ хэсэг зуур дайнаа ч санхүүжүүлж чадахааргүй хэмжээ хүнд байдалд орсон. Харин хүнд байдлаасаа гарахын тулд дэлхийн олон оронтой хийдэг байсан гадаад худалдаа бүрмөсөн зогсоож, зарим салбарууддаа шинэ санаалчилга гаргаж, эдийн засгаа тогтвортой байлгах шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах болсон сонгуулийн өмнөхөн нийгмийн халамжийн шинэ бодлого хэрэгжүүлж, улс төрийн нөлөөгөө хадгалах байр суурьтай байгаагаа танилцуулсан. Тодруулбал, Ерөнхийлөгч В.Путин сонгуулийн кампанит ажлын үеэрээ “Залуучуудын Орос”, “Урт бөгөөд эрүүл амьдрал”, “Өрх гэр бүл” зэрэг нийгмийн чиглэлийн төслүүдээр дамжуулан иргэдэд орон сууц, сургалт, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, дэмжих амлалт өгсөн. Хэдий дотоодын төсвийн нэмэлт дарамт их байсан ч дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Путин шинэ төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд шинэ санаачилгууд нь амжилт олж, улс төр, нийгмийн байр суурийг нь хадгалсан. Үүгээрээ ч В.Путин ОХУ-ын ард түмэн дундах нэр хүндээ сэргээж чадсан гэж гаднын тоймчид үзэж байна.
Украин дахь дайн эхэлснээс хойш ОХУ жилийн төсвийнхөө дийлэнх хөрөнгийг батлан хамгаалах салбарт тусгаж, зардлаа ч үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн. Дайны санхүүжилтийг өндөр өгсөнтэй холбоотойгоор ОХУ-ын төсвийн дарамт ихэссэнээс гадна нийгмийн халамж, эрүүл мэндийн төсвөө бууруулсныг буруу алхам болсон гэж олон хүн үзэж, шүүмжилсэн байдаг. Тэгвэл ОХУ сүүлийн жилд эдийн засаг, төсвийн хүндрэлээ давахын тулд хэд хэдэн өөрчлөлт хийж эхэлжээ. Тухайлбал, тус улс орлогын татварын дээд хэмжээг 22 хувь болгож, ашгийн татварыг 25 хувьд хүртэл өсгөсөн. Уг өөрчлөлт нь ОХУ-ын 2024-2025 оны төсөвт ойролцоогоор 27.7 тэрбум ам.долларын нэмэлт орлого болох бөгөөд улс орон даяарх хамгаалалтын систем, дайнаас гадна дотоодын хүндрэл, асуудлуудаа шийдвэрлэх асар том санхүүжилт болох төлөвтэй байна. Түүнчлэн төсвийн хөрөнгийнхөө тодорхой хэмжээг бүрдүүлдэг эрчим хүч, газрын тос, байгалийн хийн салбарт үргэлжлүүлэн БНХАУ-тай хамтран ажиллаж, ажиллагаа өргөжүүлж байгаа нь төсвийн үр дүнг эерэг хэмжээнд аваачих аж.
ОХУ-ын жилийн төсвийн 30 гаруй хувь нь зөвхөн батлан хамгаалахын салбарт зориулагдаж байна. Хэдий шинэ санаачилга, хөтөлбөрөөр аж үйлдвэрийн салбар, үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхийг зорьж байгаа ч өөр нэгэн том саад гарч байгаа нь ажиллах хүчний хомстол. Тодруулбал, дайнтай холбоотойгоор ОХУ насанд хүрсэн эрэгтэйчүүдээсээ хэдэн мянган цэрэг татсанаас гадна олон арван хүн ажилгүй болж, хилийн чанад руу дүрвэсэн. Одоогоор дотооддоо татварын өсөлт, хөрөнгө оруулалтын шинэ санаачилга гаргаж, орлого бүрдүүлэлтийг өргөжүүлэхэд анхаарч, арга хэмжээ авч байгаа ч эсрэгээрээ дайны улмаас ажиллах хүчний хомстол гарсан нь ойрын ирээдүйд биш гэхэд урт хугацаанд ОХУ-ын эдийн засаг хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ гэнэ.
Өдгөө ОХУ-ын Засгийн газраас улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдлын өөрчилт, сэргээхийн тулд “Үндэсний төслүүд” нэртэй томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. ОХУ-ын “Үндэсний төслүүд”-д орон нутгийн эмнэлэг, сургууль, орон сууц, дэд бүтцээс эхлээс эдийн засгийг идэвхжүүлэх зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, олон улстай холбогдох хийн хоолойн ажлууд багтжээ. Тухайлбал,
“Восток ойл” төсөл: Уг төслөөр Арктикийн бүсэд орших 6.5 тэрбум тонн нефтийн нөөцийг ашиглах зорилготой. “Восток ойл” төсөл хэрэгжилж эхэлбэл, Ази-Европ хоорондын шинэ тээвэрлэлтийн зам бүтээн байгуулах бөгөөд ОХУ-ын уг төслөөрөө олон улсын эдийн засгийн хоригийг сөрж, геополитикийн хүндрэлээс үүдэн гацсан хөрөнгө оруулалтын өөртөө татах боломжтой гэж үзэж байна. Одоогоор БНХАУ-тай уг төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулах эсэх талаар ярилцаж байгаа бөгөөд БНХАУ-ын тал оролцвол “Восток ойл” төсөл ойрын хугацаанд биеллээ олох боломж бүрдсэн гэнэ.
“М-12” хурдны замын төсөл: ОХУ-ын нийслэл Москва хотыг Казань хоттой холбох “М-12” хурдны замын төсөл энэ онд ашиглалтад орох төлөвтэй байгаа. Казань хот нь өөрөө эдийн засаг нэгэн томоохон бүс болж хөгжиж байгаа бөгөөд нийслэлээ Казаньтай холбосноор дотоодын эдийн засаг, тээвэр ложистикийг үр ашгийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа аж.
Таймырийн нүүрсний уурхай, төмөр замын төсөл: Сибирийн Таймыр бүсэд байрлах нүүрсний уурхайг ОХУ томоохон төсөлдөө ашиглаж буй. Нүүрсний уурхайд олборлолт явуулахаас гадна уурхайг Транссибирийн төмөр замтай холбох 400 км төмөр замын төсөл эхлүүлээд буй бөгөөд төмөр замын төсөл нь дотоодын болон олон улсын зах зээлд нүүрс нийлүүлтээ нэмэхэд томоохон нөлөө үзүүлэх гэнэ.
Арктикийн дэд бүтэц ба “Нордерн Сиа Роут” төсөл: Дээр дурдсаны адилаар ОХУ-ын Арктикийн бүс дэх нөөц баялгийг ашиглахын тулд өөр хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байна. Тэдний нэг нь Арктикийн бүс дэх “Нордерн Сиа Роут” замын сүлжээг Сүезийн сувагтай холбох төсөл бөгөөд уг төслөөр Зүүн хойд Азиас Европ руу шууд тээвэрлэлт хийх боломжтой болох юм байна.
“Үндэсний төслүүд”-ээрээ хэрэгжүүлж буй мега төслүүд нь ОХУ-ын дэд бүтцийн шинэчлэл, эрчим хүчний стратеги, олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулах чухал ач холбогдолтой. Мөн үүний зэрэгцээ мега төслүүдээрээ дамжуулан олон улсын хязгаарлалтыг сөрж, хөрөнгө оруулалтын асуудлуудаа цэгцэлж, эргэн эдийн засгийн тогтвортой түвшиндээ шилжинэ гэж үзэж байгаа юм.
БНХАУ-ын хувьд сүүлийн жилүүдэд дотоод, гадаад бодлогодоо эдийн засгийн тогтвортой байдал, технологийн тэргүүлэх байр суурь, дэд бүтцийн төслүүдээ хөгжүүлэх санаачилга тавьж буй. Улмаар төслүүдээ стратегийн зорилтуудтайгаа уялдуулснаар эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжихээр төлөвлөж байгаа аж. Тэдний дэлхий дахинаа өрнүүлж буй гол төсөл нь “Бүс ба зам” санаачилга бөгөөд БНХАУ саяхан болсон санаачилгын дээд хэмжээний уулзалтаараа “Дэлхийн хөгжлийн санаачилга” болгон өргөжүүлсэн. “Бүс ба зам” төсөл нь “Дэлхийн хөгжлийн санаачилга” болсноор илүү тогтвортой, харилцан ашигтай хөгжлийн загвар бий болгож байгаа бөгөөд голчлон жижиг, буцалтгүй төслүүдийг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдэж буй. Түүнчлэн БНХАУ-д бүрдсэн жижиг, буцалтгүй төслүүдийн боломжийг хөгжиж буй орнуудад туслах зорилгоор хэрэгжүүлж болохыг олон улс шинжээч, судлаачид тайлбарлаж байгаа ч БНХАУ-ын ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
БНХАУ-ыг удирддаг Хятадын Коммунист нам технологий салбарыг зохицуулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрөө “Соёл иргэншлийн онооны системийн өргөжүүлэх” гэж нэрлэж байгаа бөгөөд хөдөөгийн сэргээн босголтод анхаарч, хөдөө аж ахуйг шинэ үеийн түвшинд хүргэх, ядуурлыг бууруулах бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр орлогын ялгааг арилгах, БНХАУ-ын эдийн засгийг “хангалттай” түвшинд хүргэхийг зорьж байна.
Цар тахлын дэгдэлт, хөл хорио цуцлагдсанаас хойш БНХАУ дотооддоо эдийн засгийн уналтыг тогтворжуулж, хямралын үеийг даван туулахын тулд дэд бүтцийн мега төслүүдэд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, дээр дурдсаны төслүүдийн нэгт Янцзы голын усыг хойд нутаг руу шилжүүлэх зорилготой “Хойд-Өмнөд ус дамжуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн өндөр хурдны төмөр замын сүлжээг өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдэд хөрөнгө оруулж байна. Аж үйлдвэртээ их хэмжээний нүүрс ашиглаж, нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг орнуудыг тэргүүлдэг БНХАУ сүүлийн жилүүдэд нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү төслүүдээ чиглүүлэх болсон. Ингэснээр хөрөнгө оруулж буй төслүүд нь эрчим хүчний хэрэгцээг хангаж, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гэнэ.
БНХАУ өнгөрсөн жилүүдэд оролцсон олон улсын нэгдэл, дээд хэмжээний уулзалтуудад зөөлөн хүчний дипломат бодлого буюу “Дэлхийн аюулгүй байдал, иргэншлийн санаачилга” баримталж буйгаа илэрхийлж байгаа. Энэ санаачилга нь хамтын хөгжил, харилцан тусламж дээр тулгуурласан хөгжлийн загвар дэлгэрүүлэх бөгөөд барууны орнуудаас хараат бус хамтын ажиллагаанд тулгуурлахыг зорих гэнэ. Үүнтэй холбоотойгоор ч БНХАУ өнгөрсөн жилүүдэд ОХУ-тай тэргүүтэй оронтой харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь барууны хараат бус болж, өөрийн бүсэд томоохон эдийн засгийн коридор байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Дээр дурдсанчлан БНХАУ сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, эрчим хүч, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх зорилготой томоохон мега төслүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Тодруулбал,
“Хойд-Өмнөд ус дамжуулах” төсөл: Уг ус дамжуулах төсөлд БНХАУ бусад төслөөсөө илүү хөрөнгө зарцуулж, хэрэгжүүлж байгаа. “Хойд-Өмнөд ус дамжуулах” төсөл хэрэгжсэнээр БНХАУ өмнөд хэсэгт оршдог Янцзы голоос хуурайшилт, цөлжилт үүсээд буй хойд бүсийн нутгууд руу ус дамжуулснаар хөдөө аж ахуй, хот суурин газрын усны нөөцийг хангаж, 150 сая гаруй хүнд нөлөөлөх бөгөөд энэ төслөөр орон нутгийн хөгжлийг ч дэмжин ажиллах гэнэ.
“Шюн'ань шинэ бүс”-ийн төсөл: БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос урагш 100 км зайд орших Шюн'ань хот замын түгжрэл, агаарын бохирдлоороо улсдаа дээгүүрт жагсдаг. Харин тус хотыг “Эко хот” болгох төсөл хэрэгжүүлж буй бөгөөд төслөөр замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, байгаль ээлтэй хот болгох төлөвлөгөөтэй. Мөн төсөл амжилттай хэрэгжсэний дараа Шюн'ань хотод орчин үеийн нийтийн тээврийн систем болон өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлж, аж үйлдвэржсэн хот болгох юм байна.
Сэргээгдэх эрчим хүчний төслүүд: Дээр дурдсаны адил БНХАУ нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний олон том төсөл зэрэг хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжний төслүүдээ говь, цөлийн бүсүүдийг чиглэн хэрэгжүүлж байгаа бөгөөд говь, цөлд байгуулах нарны эрчим хүчний ферм, усан болон салхин станцууд байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээс гадна БНХАУ-ыг уур амьсгалын эсрэг хамгийн үр дүнтэй тэмцсэн орнуудын нэг болгох гэнэ.
Өндөр хурдны төмөр замын сүлжээний төсөл: БНХАУ дэлхийн хамгийн өргөн өндөр хурдны төмөр замын сүлжээтэй. Тэгвэл дэлхийд тэргүүлдэг өндөр хурдны төмөр замын сүлжээгээ улам өргөжүүлэх төсөл хэрэгжүүлж эхлээд буй бөгөөд энэ төслөөрөө орон нутгийн эдийн засгийг дэмжин хөгжүүлж, алслагдсан бүх нутгуудыг хот, суурин газартай холбож, аялал жуулчлалын дэмжих аж.
Энэ мэт мега төслүүдээр БНХАУ эдийн засгийн өсөлтөө улам дэмжиж, дэд бүтцийн сайжруулалт хийхээр төлөвлөж, хэрэгжүүлж эхлээд байна. Харин төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны эрсдэл, орон нутгийн шилжилт хөдөлгөөн зэрэг хүндрэл гарч буй бөгөөд Хятадын Коммунист нам урт хугацаанд үр өгөөжтэй төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд шилжилт хөдөлгөөний асуудлаар шинэ захирамж гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
ТОЙМ: ХОЁР ХӨРШИЙН “ХЯЗГААРГҮЙ ТҮНШЛЭЛ” БУЮУ БНХАУ, ОХУ-ЫН БҮСИЙН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮД ХЭНД АШИГТАЙ ВЭ |
|
2024-12-11 13:15:32
2024-12-11 11:38:18
2024-12-11 11:16:58
2024-12-11 11:16:53
2024-12-11 10:57:24
2024-12-11 10:35:47
2024-12-11 09:49:34
2024-12-11 09:02:28
2024-12-11 09:00:00
2024-12-11 08:36:26
2024-12-11 08:14:14
2024-12-11 07:00:05
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 06:00:00
2024-12-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |