• Өнөөдөр 2025-11-07

ХҮННҮ ХОТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН 29.6 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ УИХ-ЫН П.МӨНХТУЛГЫН 90 НАСТАЙ АВГА АХ АВЧЭЭ

2025-11-07,   40

      Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий, “Чингис хаан” нисэх буудлын хажууд Хүннү хэмээх шинэ хот барьж эхэлсэн. Эхний ээлжинд эрчим хүчний дэд станц, авто зам, төмөр зам, харилцаа холбооны сүлжээ, ус хангамжийн гүний худаг, үерийн далан зэргийг нь барьж буй. 
 
Тэгвэл Хүннү хотын Цэвэрлэх байгууламжийг барих 29.6 тэрбум төгрөгийн тендерт “Комфорт-Импэкс” ХХК шалгарч, хоёр хоногийн өмнө Хүннү хотын захирагч М.Батбаяртай гэрээ байгуулжээ. Өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард “Комфорт-Импэкс” ХХК нь Багануурын Цэвэрлэх байгууламжийг барих 25.8 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. Тэгэхээр “Комфорт-Импэкс” ХХК нь зөвхөн энэ онд л Багануур болон Хүннү хотын Цэвэрлэх байгууламжийн нийт 55.4 тэрбум төгрөгийн тендерийг авчихсан, Цэвэрлэх байгууламжийн тендерээр дагнаж байгаа компани гэсэн үг. 
       Гол нь, “Комфорт-Импекс” ХХК нь УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав, Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын үүсгэн байгуулсан, 2007 оноос хойш эзэмшиж ирсэн компани. Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын сурталчилгааны санхүүжилт ч “Комфорт-Импэкс” ХХК-аас гарсан байдаг. 
 
Гэхдээ УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар нь өөрийнхөө “Комфорт-Импекс” ХХК-ийг өнгөрөгч хоёрдугаар сарын 13-нд Цэдэнгийн Шарав гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Хувийн ашиг сонирхлын хууль чангарч, УИХ-ын гишүүн өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээрх компаниар төрөөс тендер авахыг хориглосон тул УИХ-ын гишүүд өөрсдийн тендерийн компанийг хамаатан садан, хувийн туслахуудынхаа нэр шилжүүлж, бусдад худалдсан мэт харагдуулах заль гаргаж эхэлсэн. Түүнтэй адилхаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар ч “Комфорт-Импекс” ХХК-аа өөр хүний нэр дээр шилжүүлсэн хэрэг л дээ. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатарын аав нь Цэдэнгийн Өлзийхутаг гэж хүн байсан. Харин аав Ц.Өлзийхутагийнх нь төрсөн ах нь Цэдэнгийн Шарав гэж хүн бий. УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар нь хүүхэд ахуйгаасаа авга ах Ц.Шарав дээр өссөн. Тиймдээ ч Ө.Пүрэвбаатар өдгөө 90 хүрч яваа өндөр настай авга ах Ц.Шаравыгаа асарч, хамт амьдарч ирсэн. 
Тайлбар: УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, аав Ө.Пүрэвбаатар, авга ах Ц.Шарав, ээж С.Төмөрчөдөр, дүү П.Оюунтөгс, П.Мөнхтөр
       Тэгэхээр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, түүний аав Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатар хоёр өндөр настай авга ах Ц.Шаравынхаа нэрээр халхавчлан Багануурын Цэвэрлэх байгууламж, Хүннү хотын Цэвэрлэх байгууламжийн нийт 55.4 тэрбумын хоёр том тендерийг авсан гэсэн үг юм. Товчхондоо, тендерчин түшээдийн арга улам нарийссаар, баригдахгүйн тулд өрөөсөө гардаггүй шахуу өндөр настнуудаа хүртэл ашигладаг болсон нь энэ ажээ.  
 

ХҮННҮ ХОТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН 29.6 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ УИХ-ЫН П.МӨНХТУЛГЫН 90 НАСТАЙ АВГА АХ АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188