“Нийслэлчүүд 120 мянган төгрөгөөр БНХАУ-аас бордюр автлаа хөлжиж, хөгжсөн үү” гэх асуултын хариултыг олохоор Замын-Үүдээр хил гарлаа. Улаанбаатараас Сайншанд хүртэл бордюр ачсан 10 орчим машинтай зөрж, гаалийн хашаанд мөн тооны машинтай таарав.
Замын-Үүдийн боомтыг Хятадын хөрөнгө оруулалтаар засаж, бариад жигтэйхэн гоё болгожээ. Зорчих хөдөлгөөн цөөн учраас оочер дугаар ч гэж алга. Гадаад паспорт, цүнхэн дэх камераа шалгуулаад Замын-Үүдээр хил давж, Эрээний боомтод хүрэв. Монголчуудын худалдаа наймааны гол бүс эзэнгүй шахам, эл хуль байх ажээ. Харин ачаа тээвэр ачаалалтай, оочертой байгаа гэнэ. Эндээс бид Эрээний гаалийн хашаа руу хөдөллөө.
Ачих ачаагаа хүлээж байгаа монгол дугаартай машин, ачаагаа буулгах гэж байгаа хятад номертой машинаас олон юм алга, гаалийн хашаанд. Энд ч хайрцагтай ачаа, тэнд ч хөргүүртэй машинд хүнс, барилгын материал ачаад бужигнаж байна. Биднийг очоод удаагүй байхад гаалийн хашаагаар бордюр ачсан хятад дугаартай гурван ч машин ороод ирлээ. Жолооч нар “Та нарын хайгаад байгаа ачаа тэр орж ирж байна. Энэ гурван машины ачааг зургаан машинд хувааж ачна. Хятадын зам даац сайтай учраас ингээд ихээр нь ачаад ирдэг юм. Бордюр ачуулах бол хэлээрэй, дахиад машин байгаа шүү” гээд толгойгоо дохив. Өнгөрсөн зун барилгын материалаас ч илүү олон бордюр ачсан машин Улаанбаатарыг зорьсон гэдгийг жолооч нар ярианыхаа дундуур хэдэнтээ давтлаа.
БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТ, ГААЛИЙН ТАЛБАЙ. УЛААНБААТАР ХОТ РУУ АЧИГДАЖ БУЙ БОРДЮР. 2024.09.15
ХЯТАДЫН МАШИНААС БОРДЮРОО БУУЛГАЖ, МОНГОЛ РУУ АЧИЖ БУЙ НЬ.
Энэ ачаа өнөөдөр (есдүгээр сарын 15)-ийн сүүлийнх гэнэ. Өнөөдөр нийтдээ 14 машин гаалийн хашаагаар гарах “үүрэгтэй” байгаа гэнэ. Сүүлийн зургаа нь ачигдаж байгаа нь энэ. Гаалийн хашаагаар орж ирсэн бордюр ачсан машиныг ачааны эзэд тосож аваад, энд, тэндгүй хаазлах машины чимээнээс давж ярихын тулд хашхиралдаад, хуруу, гараараа заагаад арайчүү байрлуулав. Тэгээд 32 ширхгийг найман эгнээр багцалж боосон бордюрыг монгол жолооч нарт хүлээлгэн өгөөд, ачиж эхэллээ. Ачааны зориулалттай жижиг техникээр яах ийхийн зуургүй зөөж, эхний машинаа суллаад гаргав.
Жолооч Б “Өнгөрсөн долдугаар сараас бордюр зөөж эхэлсэн. Ачсан ачаагаа Улаанбаатар руу хүргэхийн тулд 3-7 хонож байна. Эхний өдөр нь Улаанбаатараас Замын-Үүдийн гаалийн хашаанд очно. Дугаарлаж зогсож байгаад Эрээн рүү орж ирдэг юм. Тэнд нэг хоноод, Эрээний гаалийн хашаанд машинаа байрлуулна. Гаалийн хашаа руу ороод ирвэл Хятадын талаас ачаа нь хүрээд ирдэг юм. Ачих, зөөхөд асуудал гарахгүй учраас хурдан хугацаанд дуусна. Тэгээд амжвал буцаад хилээр гарна. Ихэнхдээ хилээр гарч амждаггүй. Дугаарлаж зогсоно, жинлүүлнэ гээд оочер ихтэй байдаг. Уг нь бидний гарах ээлж болчихвол хурдан гарчихдаг. БНХАУ-ын талаас гаалийн бүрдүүлэлтээ хийгээд өр болон бичиг баримтны асуудалгүй болгочихдог юм. Тэгээд Монголын хил дээр гаалийн бүрдүүлэлт, татварын асуудлаас болоод 1-2 хонох магадлалтай. Гэхдээ бордюрыг татвараас хөнгөлсөн учраас захиалж байгаа компани нь маш хурдан төлбөрөө шилжүүлчихдэг юм байна лээ. Зарим нь гаалийн бүрдүүлэлтээ Улаанбаатарт хийж байгаа учраас цаг алдахгүй явуулж байгаа. Ингэсээр байтал ачаа 3-7 хоногт Улаанбаатарт хүрдэг. Миний машин 25 тоннын даацтай учраас 224 ширхэг бордюр ачдаг. Ачааны хөлс нь 8500-9000 юань болдог. Энэ нь монгол мөнгөөр дөрвөн сая төгрөг” гэлээ.
Харин эсрэг талын машины жолооч Д “Гурван сар хэрээтэй хугацаанд бордюр зөөж байна. Өдөр болгон шахуу л Улаанбаатар руу гарч байгаа. Гарын таван хуруунд багтах өвөр монгол хүн бордюрын наймааг хариуцаж байгаа юм байна лээ. Бидний ачиж байгаа бордюр Өвөрмонголоос л ирдэг. Улаанбаатарт л тендер зарлаад, улсын ажлыг дэг журамтай, нарийн хийж байгаа мэт харагдаж байгаа ч өвөрмонголчууд л гол асуудлыг нь мэддэг шүү дээ. Өөр өөр компанийн ачаа боловч гагцхүү Өвөрмонголоос очиж байна гэсэн үг. Монголд очоод л танай, манай болчихдог юм. Бид ачаагаа Зайсан, Яармагт буулгана. Гэхдээ Улаанбаатар руу дөхөхөөр хаана буулгахыг нь зааж өгдөг юм. Мөн хэдэн цагт гэдгийг нь ч хэлнэ. Хэл амнаас болоод оройн цагаар л их буулгуулж байгаа даа. Гаалийн бүрдүүлэлтийг нь хийдэг томилогдсон хүмүүстэй. Чухам татвараас нь хэдэн төгрөг хөнгөлж байгааг мэдэх юм алга. Ямартай ч нэг машинд ойролцоогоор 224 ширхэг бордюр ачиж байгаа. Үүнийг нь ачааны хөлсөнд хуваавал нэг бордюрыг 17-18 мянган төгрөгт ачиж байгаа гэсэн үг” гэлээ.
Гаалийн хашаанд барилгын материал, бордюроос их юм алга. Энд, тэндгүй бордюр буулгаж, орхижээ. Гаалийн хашаанд байгаа хоёр улсын хүмүүс “Монголчууд замаа засаад боржин чулууг зогсоо зайгүй зөөж байна. Хэдэн жолооч нарт ачаа олдохгүйн зовлон байсангүй. Оргил үедээ өдөрт 20-30 машин гардаг байсан. Тэгэхээр Улаанбаатар энэ чулуугаар дүүрэх нь гарцаагүй байх. Одоо 21 аймгаа энэ чулуугаар дүүргэнэ гэвэл ч ирэх жилүүдэд ачаа ихтэй байх нь дээ” гээд инээлдэж байна лээ.
Эндээс бид бордюр ачиж ирсэн хятад жолоочтой уулзлаа. Тэд БНХАУ-ын Эрээн хотоос 300 км-ийн зайд байрлах Баянтал, Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Ташингийн чулууны үйлдвэрээс ачиж иржээ.
Хятад жолоочдын хэлж буйгаар “Хэд хэдэн газраас чулуу ачиж байгаа. Монгол руу явуулах ачааг ихэнхдээ Баянтал, Хөвөөтийн шар хошуунаас ачиж байна. Өнөөдөр (есдүгээр сарын 15)-ийн ачаа 300 км-ийн цаанаас ирлээ. Энэ зун тэр үйлдвэрээс тасралтгүй чулуу зөөсөн. Маргааш дахиад ч явна. Бидэнд өвөрмонгол хүн захиалга өгөөд, бид үйлдвэрээс нь захиалгын дагуу ачиж ирдэг. Тийм учраас хэн, ямар компани гэдгийг нь мэдэхгүй. Хөвөөтийн шар хошуунд боржин чулууны уурхай байдаг. Суурин газартаа бутлаад, үйлдвэрийн аргаар боловсруулаад Эрээн рүү ачуулж байгаа” гэв.
Эндээс бид Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Ташингийн чулууны үйлдвэрийг зорилоо. Эрээний гаалийн хашаанд хог болох шахам хөглөрч, Улаанбаатарын зам талбайг “гоёж” байгаа бордюр тэндээс ачигдаж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн нэг үйлдвэр юм. Мөн боржин чулууны уурхайтай өөр олон ч аймгаас бордюр захиалж, монголчуудыг хангаж байгаа юм.
Хурдны замаар 300 км давхиж, хүрэх газартаа ирлээ. Энэ аймагт боржин чулууны 7-8 үйлдвэр байдаг. Монголчуудад хүрч байгаа бордюрын олонх нь Ташингийн чулууны үйлдвэрээс очиж байгаа юм. Жижигхэн суурингаас хоёр км-ийн зайд байрлах үйлдвэрүүд Монгол руу ачиж байгаа бордюрыг эгнүүлэн тавьжээ. Боодол, боодлоор нь багцлаад хураасан байна. Үйлдвэр нь зогсоо зайгүй ажиллаж, агуулах нь дүүрэн байх аж.
МОНГОЛ РУУ НИЙЛҮҮЛЖ БУЙ БОРДЮРЫГ ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ ТАШИНГИЙН ЧУЛУУНЫ ҮЙЛДВЭР.
Үйлдвэрийн ажилтны хэлж буйгаар “Энэ жил өмнөх жилүүдээс ч ачаалалтай байгаа. Зургадугаар сарын сүүлчээс л ижил хэмжээтэй бордюрыг зөөгөөд эхэлсэн. Аравдугаар сар гартал зөөх юм шиг байна лээ. Тийм учраас бид бараагаа өдөр алгасахгүй л үйлдвэрлэж байгаа” гэлээ.
Үйлдвэрийн эзэн эрэгтэй биднийг тосож аваад, үйлдвэрээ танилцуулав. Боржин чулууг хүссэн хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой гэнэ. Захиалагч хэмжээ, өргөн, уртаа л тодорхой хэлчихвэл асуудалгүй ажээ.
БАРУУН ТАЛЫНХ НЬ ТАШИНГИЙН ЧУЛУУНЫ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН
Тэрбээр “Нэг метрийн урттай, 30 см-ийн өргөнтэй, 15 см-ийн өндөртэй бордюр их хэмжээгээр нийлүүлсэн. Өвөрмонгол хүн захиалаад, Эрээн рүү авч байгаа. Тэгээд цааш нь захиалагч руугаа нийлүүлж байгаа юм шиг байна лээ. Манай үйлдвэр 32 ширхгийг нэг боодолд багцалж байгаа. 32 ширхэг бордюрын үнэ 1411 юань болж байгаа. Үүнд Эрээн хүртэлх ачааны хөлс багтсан. Тэгэхээр нэг бордюрын үнэ 44 юань болж байгаа. Тийм учраас өөр ямар ч нэмэлт зардал гарахгүй гэсэн үг. Манай боржин чулууны уурхай суурингаас 50 км-ийн зайд байдаг. Ойрын өдрүүд бороотой байгаа учраас өнөөдөр уурхай маань амарч байгаа. Өчигдөр (есдүгээр сарын 14) үйлдвэрлэсэн бордюрыг гурван машинаар Эрээн рүү ачсан. Дараагийн үйлдвэрлэл маргааш гэхэд бэлэн болно. Миний харилцдаг өвөрмонгол хүнийг Алтангол гэдэг” гэв.
Гэхдээ үйлдвэрийн эзний хэлж буй энэ үнэ шинэ харилцагчдынх. Байнга нийлүүлж, их хэмжээгээр авч байгаа өвөрмонголчууд үүнээс ч бага үнээр авч байгаа нь тодорхой. Эндээс харвал нийслэлд 98-120 мянган төгрөгт нийлүүлж байгаа бордюрын Эрээн хүртэлх үнэ нь 20-21 мянган төгрөг гэсэн үг. Монголчууд 20 мянган төгрөгийн бордюрыг хэд дахин үнээр авч байна гэсэн үг л дээ.
Бид эндээс Эрээн хот руу хөдөллөө. Тэнд Монгол Улс руу бордюр нийлүүлэх гэрээ хийсэн өвөрмонголчуудтай уулзаж, ямар компани хэдэн төгрөгийн захиалга өгсөн гэдэг баримтыг авах юм.
Үргэлжлэл бий.
ТОМИЛОЛТ: “БОРДЮР АЖИЛЛАГАА”-НЫХАН ЭРЭЭНЭЭС НЭГ ШИРХЭГ БОРДЮРЫГ 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВЧ, УЛСАД ХЭД ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ШАХАЖ БАЙНА |
|
2025-04-03 06:00:00
2025-04-03 06:00:00
2025-04-02 17:24:08
2025-04-02 15:57:56
2025-04-02 15:45:18
2025-04-02 15:24:22
2025-04-02 15:02:59
2025-04-02 14:20:59
2025-04-02 14:15:21
2025-04-02 14:10:31
2025-04-02 14:03:06
2025-04-02 13:12:12
2025-04-02 12:46:09
2025-04-02 12:27:55
2025-04-02 12:13:43
2025-04-02 12:00:00
2025-04-02 11:50:40
2025-04-02 10:49:00
2025-04-02 10:20:54
2025-04-02 09:21:01
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |