Хурдан морины унаач хүүхдүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа. Үүнийг нь хамгаалах ёстой Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар гээд хүүхдийн төлөө уриатай маш олон байгууллага байдаг ч дорвитой, бодитой арга хэмжээ авч, хэрэгжүүлж чадахгүй байгааг бид баримттайгаар уншигч та бүхэнд хүргэж байгаа билээ. Монголын нэр алдартай уяач нар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг адгууснаас дор хэрхэн үздэг талаарх баримтаар энэ удаагийн цувралаа хүргэж байна.
Өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.
Их үдийн алдад унаач хүүхдүүд хоолондоо ордог байна. Өглөөнөөс орой хүртэл чөлөө завгүй ажиллаж байгаа тэд хагас өлсгөлөнгийн байдалтайгаар зуны халуун өдрүүдийг өнгөрүүлнэ. Тогооч олон хүнд хүртээмжтэй нь дээр гээд өдөр бүр усан шөл хийж өгдөг байна. Ядаргаа нь ясандаа тулж халуун наранд гөлийчихсөн хүүхдүүд амаа олохгүй идэж, хар хөлс нь цувна. Хэн хурдан идсэн нь аягандаа ахиухан хоол нэмүүлэх учир нус, хөлстэйгөө холилдон халуун хоолыг хүйтэн цай ууж байгаа юм шиг л залгилж орхино. Ингээд эргээд морины ажилдаа гарна.
Үнэндээ бага насны хүүхдүүдэд ахадсан хүнд ажил хийлгэж байгаа гэдгээ уяач нар, унаач хүүхдүүдийн ар гэрийнхэн огт мэдэхгүй. “Монгол эр хүн чинь ингэж байж л тэвчээр сурдаг юм. Морины ажил хийгээд муудсан хүүхэд огт байхгүй” гээд л хүүхдүүд өвдөж, ядарч, зовж хүнд хүчир ажил хийж байгааг огт тоохгүй. Байнга гүйж, морь унаж, нэмнээ зөөж, адууны чөдөр, хазаар ойртуулж, тэжээл зуурч, туслах уяач нарт зодуулж, элдвээр хэлүүлж байгаа хүүхдүүд дархлаа маш сул байдаг. Ямар нэгэн өвчин тусах, тэр нь эдгэрэхгүй удах, ужгирах нь олонтаа. Шумуул, дэлэнч зэрэг амьтанд хазуулчихдаг.
Тэрийгээ загатнаад байна гээд цусыг нь гартал маажиж, өнөөх нь хувилаад эдгэж өгөхгүй битүү яр шарх болчихно. Мөн хүүхдүүд морь, тарлаж сунгаж байгаад өмнө нь яваа морины туурайгаар чулуу үсэрч, хацар, нүүрийг нь оноод шалбарах, зайдан морь унаж байгаад унаж, шалбарах, туслах уяачийн шилбүүрэнд санаатай санамсаргүй оногдож, халцарсан зэргээс болж шархтай болчихдог. Хэрэв дархлаа сайн бол хурдан эдгэх ёстой. Гэвч хүүхдүүд унтаж амарч чадахгүй, өдөр шөнөгүй хоосон ходоодтой гүйчихээр дархлаа гэж байхгүй болчихдог. Ингээд хурдан морь унаж байгаа хүүхдүүд дандаа яр, шархтай явдаг байна. Үүнийг уяач нар огт тоохгүй. Дусал, тариа хийгээд сүйд болохгүй юмаа гэхэд үгүй ядахдаа дотроос нь антибиотик ч уулгахгүй. “Эрх хүн байж үхсэндээ баашлаад байгаа юм бэ” гээд л хаячихдаг. Зургадугаар сарын эхнээс эхлээд улсын их баяр наадам, аймгуудын болон энд тэндхийн ой, улс бүсийн чанартай томоохон уралдаан хэсэж, хээрээр гэр, хэцээр дэр хийгээд л зунжин ийш тийшээ явчихдаг зовлонтой. Гэсэн хэдий ч хурдан морь унаж, салхи татуулан давхиж явах дур сонирхолтой болсон хүүхдүүд өөрийнх нь эрх зөрчигдөж байгааг огтоос анхаарахгүй.
Гэтэл уяач нар төрд орох морь буюу түрүүлж, айрагдах магадлалтай морьдоо эрдэнэт хүний амь, унаач хүүхдүүдээс илүүд тавина. Бараг л хошуун дээр нь үнсэж, үлгэх нь холгүй юм болно. Өглөө нь судас тэлж, уушгины багтаамж сайжруулах тариа хийнэ. Мөн ядаргаанд орчихож магад гээд бөөн витамин дусалтай холиод л залгаад байх. Аль сайн гэсэн болгоныг морины эзэд адуундаа зориулна. Нэг морийг 50-600 орчим сая төгрөгөөр худалдаж авдаг. Үүндээ багцаагаар хоёр гурван сарын хугацаанд 2-4 сая төгрөг зарцуулна. Бүр зарим үедээ маш үнэтэй допинг тариа хүртэл шахаж хагас галзууруулдаг. Энэ мэт нэр алдарт хүрэхийн төлөө л адгуус амьтныг алдрай жаахан хүүхдүүдээс илүүд тавьж байгаа бодит амьдрал уяачдын гал бүрээс нэвт мэдрэгдэнэ.
2017 оны баяр наадмаар олны танил нэгэн уяачийн хурдан морийг унасан найман настай Б гэх хүүхдийн аав бидэнтэй холбогдлоо. Тэрбээр “Хүүхдээ морь унаж сур. Адуун дээр өссөн хүүхэд тэвчээртэй болдог юм гээд нэгэн алдартай уяачийн хурдан морийг унуулсан юм. Гэтэл 2017 оны баяр наадмаар хязаалан насны морь унаж байгаад ойчсон. Ингээд дээгүүр нь олон адуу гарч, тархиндаа маш хүнд бэртэл авсан. Толгой нь адууны туурайнд энд тэндгүй хагарч, цус алдаад мөн ч хэцүү байлаа. Хүчтэй цохилт авсныхаа улмаас цус харваж, ачтай эмч нарын буянаар хоёр хөл дээрээ боссон. Тархинд нь хуралдсан цусыг авахын тулд гавлын ясыг нь хөрөөдсөн. Одоо толгойдоо маш том онгорхойтой, тэр хэсэгтээ ясгүй болчихсон. Хүүхдийг минь авч явахдаа уран сайхан үг хэлж байлаа. Яг үнэндээ миний хүү тархиндаа хүнд гэмтэл авчихаад эмнэлгийн орон дээр тарчилж байхад морины эзэн гэх нөхөр ирээд 500 мянган төгрөг өгчихөөд явсан. Дахиж холбоо бариагүй. Нэг морийг ямар өндөр өртгөөр үнэ хаяж авдаг билээ. Аймаг бүсийн наадамд түрүүлж, айрагдсан морь хотын төвд хоёр өрөө байраар сольж байгаа биз дээ. Мөн хурдан мориндоо маш их эм, бэлдмэл, тариа, дусал хийдэг. Гэтэл нүүрэндээ үстэй адгуусныхаа нэг өдрийн хэрэглээнээс бага мөнгө өгчихөөд явсанд гомдож явдаг” гэв.
Засгийн газар энэ жил наадам тэмдэглэхгүй шийдвэр гаргачихсан. Гэтэл уяач нар морьдоо уясаар байна. Бүр нисдэг тэрэг хөлслөн дагаж, том том жийптэй ирчихээд бага, их сунгаа хүртэл хийгээд авсан. Цагдаа нар хамгаалалтад гарцгаажээ. Гэтэл тэдний хажууд зайдан морь унасан хүүхдүүд холхилдож байна. Уяач нар морь эмээллэхээсээ залуураад бүгдийг нь зайдан унуулчихдаг ажээ. Зарим нь мориноос ойчиж, нүүр ам нь шалбарчихсан явах. Ер нь наадмаар л хамгаалалтын хувцас, даатгал энэ тэр гээд сүр болоод байгаа болохоос биш бусад үед нь хүүхдүүд эмнэг хангал, ааш зан нь олдохгүй адууны нуруун дээр зайдан явах юм. Хамгаалалтад гарсан цагдаа нарын хэн нь ч “Та нар хүүхдүүд зайдан морь унуулж болохгүй. Наадах чинь хүүхдийн эрх зөрчсөн асуудал. Хамгаалалтын хувцсыг нь өмсүүл” гэж хэлэхгүй юм.
Орчин цагийн гэр бүлүүд үр хүүхдүүдийнхээ хажууд хараал хэлэхээ ч больсон цаг. Тэгвэл туслах уяач нар хүүхдүүдийн хажууд Муу п.....-гийн нугасанд нь хутга шаана даа. Яасан зэвүүн үдээр вэ, лал.., гөлөг, гээд л баахан хараал хэлэх. Унаач хүүхдүүд ч уяачдынхаа хэлснээр нэг нэгнийгээ янз бүрийн хараалаар дуудаж, баясан хөөрнө. Өөрөөр хэлбэл унаач хүүхдүүд зуны хэдэн сар хурдан морийг болон нэгнийг нь зодох, хараасан зэрлэг балмад орчинд өсөж торниж байна гэсэн үг. Ингээд бусдыгаа ангийнхаа хүүхдүүдийг, бүр хичээл орж байгаа багшаа хүртэл янз бүрээр хараах нь энүүхэнд болжээ. Шуудхан хэлэхэд хүүхдүүдийг уяач нар морь унуулахаас гадна хэнийг ч хайрлаж энэрэхгүй, доог тохуу хийж, шоглож, хараасан хүн болгох эх суурийг тавьж байгаа юм.
Унаач хүүхдүүдтэй уулзаж, тэдний эрх зөрчигдөж байгааг асууж ярилцсан юм. Тэдний ихэнх нь сэтгэл санааны гүн дарамтад оржээ. Бүгд л гар хуруугаа оролдоод доошоо хараад зогсчих юм. Уяач нар бэлтгэл сургуулилалт хийхдээ байнга загнадаг. Мөн “Чи энэ морийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэж бодож байна. Чи бүтэлгүйтчихвэл бүх юм дуусаа. Эхний хэдэн морьтой хамт гаргаж ирээрэй. Тэгээд шахаж уралд. Салгалж байгаад ард нь орчихвол ална шүү. Олигтойхон унаарай” гээд л өдөр бүр шахуу хэлж, захиж, загнаж, аргадаж хэлдэг. Энэ нь хүүхдийг сэтэгл зүйн дарамтад маш ихээр оруулдаг байна. Уясан морь нь олигтой явахгүй байхад хэдэн морины урд оруулахгүй бол загнуулна. Бүр зодуулж, цалин мөнгөгүй харьж мэднэ гээд ойлгочихдог.
Ингээд унасан морио суугаад бусад моринд баригдаад эхлэхээр сүнсээ гартал айдаг. Ингээд учир зүггүй нөгөөх морио ташуурдаж, барианд орох болоогүй байхад л хамаг хүч тамирыг нь барчихдаг байна. Заримдаа бүр морь нь бахардаад үхчихдэг. Энэ тохиолдолд наадмын талбай, олон хүнтэй газар эзэн, уяач, туслах нар хүүхдэд юу ч хэлэхгүй. “Өөрөө эсэн мэнд яваад ирсэн бол яах вэ” гээд л яваад байх. Харин орой жинхэнэ асуудал үүснэ. Буруу уясан уяач, туслах нар ямар ч буруугүй болж, өөрсдийгөө өмөөрнө. Эцэст нь унаж явсан хүүхэд баруун солгойгүй ташуурдуулж, шахаж уралдсанаас болоод буруутан болно. Ихдээ 600 мянган төгрөгийн төлөө зунжин морины ажил хийж, уралдаанд орсон хүүхэд дааж давшгүй, насаараа ажиллаад ч төлж дийлэхээргүй өрөнд орно. Ингээд хүү морио буруу унасан гээд хүн бүрд загнуулж, доромжлуулна. Бүр гэр рүүгээ том гэмт хэрэгтэн болж хөөгдөнө. Монголын хурдан морь унаач хүүхдүүд ингэж л өсөж торниж байна.
Тэдний олонх нь бусдад загнуулж, хараалгах нь байдаг л зүйл, хэвтэрт орчихгүй бол зодуулж болно гээд ойлгочихсон. Сэтгэл санааны дарамтад орж, буруу үлгэр дуурайлал үзэж хүмүүжиж байгаагаа эрхийг нь зөрчиж байна гэдгийг огт мэдэхгүй. Ийн явсаар моринд хорхойтой болж, туслах уяач нэртэй боловсролгүй, цэвдэг сэтгэлтнүүдийн эгнээнд орно.
Нар баруун тийшээ хэвийжээ. Морьдоо хэд гурваар нь тарлаж эхэллээ. Зарим морины торгон ирийг оруулахын тулд үдэш бүрэнхийгээр тарлана. Очтой, хурдан болгох гээд л уяач бүр морины ажлаа нарийвчилж байгаа нь энэ. Энэ бүрт унаач хүүхдүүд бүртийтэл гүйж яваа харагдана. Ингээд 22:00 цаг болж харанхуй болов. Уяан дээр сойлгоотой байгаа 200 орчим морийг хэд хэдээр нь тавьж, хазаарыг нь эвхэж авах. Туслах уяач залуус морьтой, мотоциклтой сүлжилдэн давхилдаж, “П... минь эргүүтээд байлгүй тэр морины урдуур гүй. Өө яах гэж наад хонгор морио тавьж байгаа юм. Хүрэн морьтой хэдтэй тусад нь гаргах байсан юм. Наад хээр азарга тавь. Үхсэндээ айгаад байгаа юм. Яваад оч. Чи моринд өшиглүүлээд үхэв гэж” гээд л хараах сонсогдоно. Тэр болгонд нөгөөх унаач хүүхдүүд гүйлдэнэ. Ийнхүү хоёр цаг орчимд чөлөө завгүй гүйж, уяатай морь болгоныг тавьсан жаалууд гэртээ унахын наахнуур ядарсан амьтад орох ажээ. Ингээд хоолоо ч идэж чадалгүй, ороо засаах ч тэнхэлгүй эхнээсээ хурхирч эхлэх юм. Хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хамгийн тод жишээ нь энэ юм.
Бид Монгол наадам, ёс заншлаа үгүйсгэж, хүүхэд хурдан морь унах нь буруу гэж энэхүү сурвалжилгыг бэлтгэсэнгүй. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн нэгэнтээ “Монгол наадмын шүншиг нь жижигхэн монгол морийг жижигхэн хүүхэд унаж уралдахдаа байдаг юм шүү” гэж хэлсэн байдаг. Мөн орчин цагт наадам далимдуулж, нэр хүндээ өсгөх гэсэн мөнгөтэй хүмүүс, уяач нар хүн ёсноос гажууд улам бүр зэрлэгшиж байгаад харамсах сэтгэл төрж байна. Тэд уяачийн эрдэм гэхээсээ илүүтэй муу муухай болгоныг хийж, бээлийн чинээ хүүхдүүдийн эрхийг зөрчиж, хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөр, боолчлол Монголд байсаар байгаагийн хамгийн тод жишээг баримттайгаар уншигч та бүхэнд хүргэлээ.
Уг нь уяачийн эрдэм гэж байдаг сан. Бүсэндээ хусууртай хөх өвгөд дээлээ гандтал гадаа зогсож морио уядаг. Тэгээд айраг, түрүү хүртэж баярлан цэнгэдэг байлаа. Адуугаа, унаач хүүхдээ ч өөрөөсөө илүү хайрлаж, морь уях ухаан, эрдэм, чадлаараа бусадтайгаа уралдаж ирсэн түүхтэй. Үүнд л Монгол наадмын сүр сүлд оршиж байсан юм шүү дээ. Түүнээс унаач хүүхдүүдээ харааж, зүхэж, бүтэн нойргүй талхилж, боолчлох биш билээ.
Үргэлжлэл бий
Өдөржин хараалгаж, зодуулж, элдвээр доромжлуулан хүнд хүчир ажил хийх УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ГУНИГТ тэмдэглэл II |
|
2025-03-15 12:10:25
2025-03-15 11:56:24
2025-03-15 11:00:00
2025-03-15 10:52:29
2025-03-15 10:15:58
2025-03-15 10:07:26
2025-03-14 18:54:37
2025-03-14 17:18:01
2025-03-14 16:03:27
2025-03-14 15:22:44
2025-03-14 15:12:58
2025-03-14 15:01:03
2025-03-14 14:40:19
2025-03-14 14:13:05
2025-03-14 14:01:35
2025-03-14 13:58:00
2025-03-14 13:03:33
2025-03-14 12:06:37
2025-03-14 11:37:28
2025-03-14 11:30:43
2025-03-14 11:20:27
2025-03-14 10:21:56
2025-03-14 09:53:42
2025-03-14 09:50:57
2025-03-14 09:50:33
2025-03-14 09:44:12
2025-03-14 07:00:39
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |