“Чи ямар мал шиг п... вэ, эргүү новш чинь. Хэлээд байхад үг авахгүй. Хэдэн удаа хэлүүлэх гэсэн юм” гээд л уяач эр хурдан мориныхоо хүүхэд рүү голынхоо дуугаар чанга хашхирч, ташуураар нуруун дундуур нь ороолгоод авлаа. Хөөрхий хүү уяач эрээс сүнсээ зайлтал айж байгаа нь илт. Нүд нь бүлтэгнээд л “Ах аа, уучлаарай. Би дахиж тэгэхгүй. Одоо ойлголоо. Яаая, өвдөж байна шдээ” гээд л зугтах ажээ. Байр байдлаас нь харахад тэр хүү олон удаа зодуулж, дальдчаа болсон байлаа. Хэн нэгэнд зодуулсаар байгаад зүрх нь “үхчихсэн” дүр зураг харагдаж байлаа.
Хөөрхий хүү зуны халуун өдөр маажгий гишгэчихсэн өвлийн гуталтай л шороо манаргаж яваа харагдах. Бас биеийн тамирын өмд, цамц нь тийм өнгөтэй байсан гэх тэмдэггүй болтлоо ганджээ. Өмднийх нь салтаа урагдаж, хэзээ сольсон юм бол гэж харагдахаар хир дагандаа баригдсан дотуур өмд цухуйх ажээ. Гарынх нь хумс хэрээний сарвуу шиг ургаж, арьс сайртаж, хоёр хацар нь холцруутсан байлаа. Мөн халуун наранд хоёр шанаанаас нь хиртэй хөлс зам татуулан хүзүү, хоолойг нь даган урсаж, хатсан мөр зурайн харагдах юм.
...Уяаны захад 30 орчим нойтон нэмнээг хоёр хүүхэд наранд дэлгээд зогсож байх. Мөн 200 гаруй метрийн цаанаас нэмнээ үүрчихсэн хоёр жаал дааж ядан ирж яваа харагдлаа. Тэдний нүүр нь мөн л халтартаж, хөлсөө дуслуулан хүнд нэмнээ нуруундаа үүрчихсэн зүтгэж байв. Ядаж байхад уяач эзэн “Юундаа алхаад байгаа юм бэ. Гүйгээд яваач, малнуудаа” гээд хашхирах юм.
Хурдан морины унаач хүүхэд гэхээр монголчууд олон жилийн турш гоё сайхнаар, тэнгэрлэг мориор нь төсөөлж, бодож иржээ. Сурвалжлагч нар хүртэл наадам дөхөөд сурвалжилга хийхдээ “Чингисийн хүүхдүүд” энэ тэр гээд л баахан уянгалж, хөөрсөн мэдээ сурвалжилга бэлтгэдэг. Ингээд зогсохгүй “Жинхэнэ монгол эр хүн энд төлөвшиж байна. Ирээдүйн нэр алдартай уяачид уяачдын галаас төрдөг” гээд л хий хоосон шагшин магтдаг. Мөн наадмаар хэдэн унаач хүүхдүүдэд цүнх дэвтэрхэн бэлэглэж, сурвалжлагч нар хэдэн талаас нь бүчиж аваад л нүүр нь халтартаж хир даг болсон хүүхдүүдээс тэнгэрийн асуулт асууж, яриа авдаг. Унасан морио айраг, түрүүнд хурдлуулсан хүүхдүүд камерийн өмнө гэм хийчихсэн юм шиг л зогсож байгаад явдаг. Гэсэн ч “Авхаалж, самбаа, цог золбоотой, эрэмгий хүүхдүүд хурдан морь унадаг. Дэлхийд ганцхан монгол хүүхдүүд л ингэж уралдаж чаддаг юм” гээд л бичиж, хүргэсээр иргэд ч тийм ойлголттой болчихдог. Үнэндээ олон нийтэд дандаа гоё сайхнаар нь ойлгуулж, үзүүлж, харуулсаар ирсэн. Гэтэл бодит үнэн, борог амьдрал огт өөр байдаг юм байна. Үнэндээ уяачид хүүхдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж, хууль зөрчсөн гэмт хэрэг өдөр болгон үйлдэж байгааг энэхүү цуврал сурвалжилгаар уншигч, үзэгч та бүхэнд баримттайгаар хүргэж байна.
Биеийн тамирын өмд, цамц нь тийм өнгөтэй байсан гэх тэмдэггүй болтлоо ганджээ. Өмднийх нь салтаа урагдаж, хэзээ сольсон юм бол гэж харагдахаар хир дагандаа баригдсан дотуур өмд цухуйх ажээ
Ergelt.mn мэдээллийн сайтад нэгэн эмэгтэй мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Би ядарсан амьдралтай эмэгтэй. Гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Хоёр хүү минь амьдралдаа тус нэмэр болохын тулд баян уяач нарын хурдан морийг унадаг байлаа. Зуны дэлгэр цагт мөнгө олох боломжийн нэг болохоор хүүхдүүдээ айлын морь унуулахаар явуулчихдаг. Хавар мах мариатай л хүүхэд явдаг. Намар ирэхдээ хэрзийсэн яс болтлоо турчихсан. Дээрээс нь ялаа шумууланд бариулаад бүх бие нь тэр чигтээ яр шарх болж, өвдөг, тохой, гар нь сайртчихсан, сүр сүлд нь хаашаа алга болчихсон юм бэ гэмээр л хүмүүс ирдэг байлаа. Туслах уяач нарт зодуулдаг, байнга загнуулж байсан гэдгээ ярьдаг л байсан. Би ч авчирсан мөнгөнд нь баярлаад, хүүхдүүд ч гэртээ ирсэндээ сэтгэл нь дүүрээд тэр талаар хүүхдүүдтэйгээ олигтой ч ярьж, хөөрч чадалгүй өнгөрдөг байж. Одоогоос гурван жилийн өмнө том хүү минь морь унаж байгаад хөлөө хугалж, насанд үүрдийн суга таягтай явах болсон. Уяач нь хэдэн төгрөг өгчихөөд дахиж холбогдолгүй алга болчихсон. Гэтэл хүү минь насан туршдаа тэргэнцэр дээр хорвоог туулах болсон хүнд бөгөөд гашуун хувь тавилантай учирсан. Эх хүний хувьд үнэхээр гомдолтой байдаг. Яах гэж хүүхдийн эрх зөрчсөн тийм хүмүүс рүү хэдхэн халтар төгрөгний төлөө хүүхдээ явуулж, эрэмдэг зэрэмдэг болгочихсон юм бол гэж өөрийгөө харааж, зүхэж суудаг. Гэртээ хүүхэдтэйгээ элдвийг ярьж суухдаа унаач хүүхдүүдийн эрхэнд уяачид маш бүдүүлгээр халдаж, хүүхдүүд унтах ч эрхгүй, хүнд хөдөлмөр хийж, зодуулж, нүдүүлж, элдэв хараалын үгээр загнуулж, зандчуулдагийг олж мэдсэн. Ингээд хүүхдийн эрх зөрчигдөж байна уу гэдгийг олж мэдэхээр хувийнхаа зардлаар нэр алдартай хүмүүсийн гэрт очиж хоёр, гурав хоног тогоочоор ажиллаж үзсэн. Үнэхээр хүүгийн минь ярьсан бүхэн үнэн юм билээ. Та бүхэн бодит мэдээлэл олж авахын тулд очиж эрэн сурвалжилж, зөв мэдээлэл олж авах юм бол тэнд үнэхээр олон асуудал байна лээ. Би хүүхдээ насан туршид нь тэргэнцэр дээр явуулах зовлон үзсэн болохоор холбогдож мэдээлэл өгч байгаа юм шүү” гэв.
Бид уншигчаас ирсэн дээрх мэдээллийн дагуу сурвалжилга бэлтгэхээр Хүй долоон худаг, Налайх, Төв аймгийн Баянцогт, Сэргэлэн суманд очиж сурвалжилга бэлтгэхдээ хүүхдийн эрх зөрчигдөж байгаа ноцтой асуудалтай шууд нүүр тулсан билээ. Захын уяач айлын уяан дээр буугаад ойр хавьд ямар ямар айл байгааг судлах гэж очихдоо л иймэрхүү дүр зурагтай таарсныгаа энэхүү бичвэрийнхээ эхлэлийг болгосон юм. Мөн хотоос сурвалжилгаар явж байгаа гэдгээ нөгөө хүүхэд загнаад байсан уяачид хэлэхэд дуу нь зөөлөрч, “Манай талынх уу. Эсвэл биднийгээ муучилж, мууг үзэх гэж явна уу. Муусайн монголоо мэдэхгүй юмнууд наадам хийхгүй ч гэх шиг. Наадам хийхгүй гээд орилолдоод байгаа гарууд чинь дандаа хятадын эрлийз, дээрээс нь есүс шүтэж, Монголоо алдсан юмнууд байгаа юм” гээд л маасайтал инээх уурсахын завсар үлдэв.
Би ч авчирсан мөнгөнд нь баярлаад, хүүхдүүд ч гэртээ ирсэндээ сэтгэл нь дүүрээд тэр талаар хүүхдүүдтэйгээ олигтой ч ярьж, хөөрч чадалгүй өнгөрдөг байж
Унаач хүүхдүүдээс яриа авах гэхээр уяач нараас нь заавал зөвшөөрөл авах болдог юм байна. Уяач нар хүүхдүүдийг элдвийн юм яриад байж магадгэж хаширлаад цагдаа шиг л манаад зогсчих ажээ. Уяач нь хараад байхаар ярилцлага өгч буй хүүхэд газар ширтэж, дуу нь цаашаа орчихоод ямар ч асуултад тийм, үгүй гэж л хариулах.
Тэдний нэг өдрийн амьдрал хэдэн цагт эхэлдэг вэ гэдгийг асуулаа. Хөдөө, орон нутаг, сум, аймгийн уяач нар хүүхдийн эрх зөрчих асуудал бага. Нэр алдарт хүрч олны танил болсон, олон адуу айрагдаж, түрүүлгэсэн гээд төр, засгаас хүртэх ёстой цол гуншингаа авчихсан, бизнес нь амжилттай яваа олонх уяач болон өндөр үнээр худалдаж авсан морио өндөр үнэ төлж уяулж байгаа зарим хүний уяан дээр хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг гэдгийг энд онцлох нь зүйтэй.
Бидэнтэй уулзсан хүүхэд бүр өглөө үүр дөнгөж цайхад босдог, бага настай хүүхдүүд 06:00 цагт босдог гэнэ. Өглөө босоод хамгийн түрүүнд уяж байгаа морьдоо туслах уяач нартай хамт барьдаг аж. Хамгийн багадаа л 100 гаруй морь барьж, хазаарлаж, хүн хүнийхээр нь ялгаж уяан дээр уяна. Зарим идэш нь багадсан, нэмж идүүлэх шаардлагатай морийг өвстэй газар аваачиж чөдөрлөж, идүүлдэг байна. Ааш муутай адуунд хазуулах, өшиглүүлэх, дайруулах гээд эрсдэл дунд л явдаг аж. Зугтаж байгаа адууны урдуур орох гэж байгаад хөл алдаж, эсвэл чулуунд бүдрээд газарт нүүрээрээ унадаг тохиолдол бишгүй олон байдаг гэнэ. Энэ үеэр туслах уяач нар хүүхдүүдийг элдвээр хэлэх нь энүүхэнд.
“Тэр адууны урдуур гүй. Өө бүтэлгүй п... тэнэг мал, эргүү новш, арчаагүй амьтан, турсага, адсага” гээд л хүний хэлж болох хараалын үг бүрийг хэлдэг байна. Туслах уяач нарын олонх нь их, дээд сургууль битгий хэл дунд сургуульд ч сурч байгаагүй, бүрэн суралцаж төгсөөгүй байдаг гэнэ. Дийлэнх нь уяач нарын буруу үлгэр дууриалалаас болж сургуулиа хаяад жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч гадаа гандаж яваа хүмүүс ажээ. Тэд л хүүхдүүдийн эрхийг маш ихээр зөрчдөг байна. Хүний амнаас гарахааргүй хараалаар харааж, толгой руу гараараа ёврохоос эхлээд сураар ороолгох, гар хөлийг нь өргүүлж зогсоогоод шийтгэх, өшиглөх, элэгдэх зэргээр зоддог, идэж байгаа хоолонд нь амьтан, шороо хийх, өдөржин хоол өгөхгүй зэргээр маш их яргалал, доромжлол тэдгээр туслах уяач нэртэй, моринд хүнддэж, нас нь 16-40 хүрсэн хүмүүсээс л гардаг гэдгийг хүүхдүүд ярьж байлаа. Тэдний олонх нь тогтсон амьдралгүй, хэн нэгнийг хайрлаж, энэрэх гэдгийг мэдэхгүй, цэвдэг сэтгэлтнүүд байдаг гэдгийг ч унаач хүүхдүүд онцолж байлаа.
Уяач нарынхаа итгэлийг олж, цалингаа л бүтэн авч байвал сайн, муу ямар ч ажлыг нь хийхэд бэлэн хүмүүс байдаг ажээ. Эзэн нь хэрэв “Тэрний морь өнгөтэй, хурдтай байна лээ. Шөнө хорлоод ир” гэвэл “За” гээд л босох, яахаас ч буцахгүй залуус гэдгийг ч мөн ярьж байлаа.
Одоогоос хоёр хоногийн өмнө энэ жилийн наадмыг хойшлуулж байгааг эсэргүүцэж, талбай дээр баахан морьтой залуус жагсаагүй юу. Тэдний олонх нь туслах нэртэй уяачид. Сүхбаатарын талбай дээр хэн нэгнийг ороолгох гэж далайж, дайраад л цагдаа нарын өмнө тамхи татаж, “Чи муу төрийн хувцас өмссөн новш намайг яах юм. Наад Монголоо алдсан гөлөгнүүдийг чинь мориор дайрч ална шүү” гээд л төв талбай дээр танхайрсан хэд юм. Тэд уяач нартаа хэлж зөвлөж, зарим хүүхдийг жинг нь барих бэлдмэл уулгах, моринд тээргүй болгож байгаа гэх нэрийн дор, битүү хувцас өмсгөж байгаад гүйлгэж тамлах тохиолдол ч их гардаг гэнэ.
Зугтаж байгаа адууны урдуур орох гэж байгаад хөл алдаж, эсвэл чулуунд бүдрээд газарт нүүрээрээ унадаг тохиолдол бишгүй байдаг гэнэ
Монголын нэр алдартай уяач нар хэл ам хийж, араас нь ямар нэгэн татлаа болоод байхгүй айлуудын хүүхдүүдийг сонгож авдаг байна. Ихэвчлэн сум орон нутаг, нийслэлийн захын гэр хорооллын ерөнхий боловсролын сургуулиудаас хүүхдүүдийн судалгааг авдаг ажээ. Хүүхдүүдийг өгөөш болгох ажлыг ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд нэр алдартай уяач болон улстөрч, бизнесийн салбарынханд гаргаж өгдөг гэх яриа ч бий. Ингээд менежер хүмүүс өнчин, ядуу тарчиг амьдралтай айлуудаар орж уулзалт хийж, морь унадаг хүүхдүүдээ олдог ажээ.
07:00 цагт морьдоо барьж дуусдаг. Эхнээс нь хөлс авах морийг нэмнэж, эмээллэж, хөлс авч, хөлсийг нь хусах, хөлөнд нь цус буулгачихгүйн тулд явганаар уяа тойруулж хөтлөх, тэжээл зуурч, тусгайлан бэлдсэн уутанд хийдэг ажээ. Үүнийгээ уяж байгаа 150-200 орчим адуу бүрийн толгойд углаж, идүүлдэг байна. Идэж дууссан адуу болгоноос уутаа салгаж аваад нэг газар бөөгнүүлж, доторх үлдэгдэлийг нэг саванд хийж, цэвэрхэн болгодог ажээ. Үүний дараа сүүлний боолт, хусуур зэргийг туслах уяач болгонд ойртуулж өгнө. Гар хөлийнх нь үзүүр болгонд зарагдаж, хаашаа ч явсан гүйж явах ёстой ажээ. Ийнхүү өглөөнөөс эхэлж, ямар ч зав чөлөөгүй гүйж, явсаар өдөр болгодог. Ингээд өдрийн хоолоо идэж аваад нэмнээ хатаахаас эхлээд морьдоо хөдөлгөх, уяа тойруулж, баалгаж, гэдсийг нь хөнгөлөх зэрэг дуусашгүй ажлыг тасралтгүй хийнэ. Нэг моринд морьдож, уяа тойроод алхуулж, хатируулж байгаад нөгөө морин дээр мөн л зайдан мордоод өмнөх үйлдлээ хийнэ. Элэг бөөрөө доргион морины нуруун дээр явах юу ч биш. Морь эмээллэхээсээ залхуураад хүүхэд бүрийг “Зайдан унаж сур. Нэг, хоёр унах юу ч биш” гэж байнга сануулдаг гэдгийг ярьж байлаа.
Эзэн нь хэрэв “Тэрний морь өнгөтэй, хурдтай байна лээ. Шөнө хорлоод ир” гэвэл “За” гээд л босох, яахаас ч буцахгүй залуус гэдгийг ч мөн ярьж байлаа
Уншигч та бүхэнд санаж байгаа байх. Цахим орчинд “Бооёо п.. минь наад талаар нь ороод яв. Өө эргүү п... Наад талаар нь шахаад яв л даа. Наад эргүү п.. хэн нэгэн нь шахаад өг” гэж хэлээд машины цонхоор орилж байгаа бичлэг байдаг даа. Хүмүүс түүнийг нь өхөөрдөөд л түгээгээд байдаг. Яг үнэндээ инээдэм огт биш юм. Бид Хүй долоон худгийн Цагаан хөтлийн наахна сургуулилалт хийж байгаа уяач, хүүхдүүдтэй таарсан юм. Уяач нар илүү мөнгө өгсөн, анхаарал тавьсан хүмүүсийнхээ адуунд илүү “хайртай” байдаг ажээ. Ингээд зогсохгүй бүр мориор шахах, амыг нь татуулах, өөр морьтой уралдуулж, хүүхдүүдийг нь амийг нь татуулах, гуядах, хүмүүсийн морийг хэрхэн яаж хэдэн талаас нь боорлож байгаад тэлэх, бахардуулах, унаач хүүхдийг нь яаж шоглох, барианы зурхай руу дөхөөд ирэхээр өмнөх морио хэрхэн гүйцэж түрүүлэх вэ гэсэн талаар сургалт хийдэг гэнэ. Ингэхийн тулд унаач хүүхэд, машинд сууж яваа том уяач, туслах уяач нар бүгд богино долгионы станцтай. Түүгээрээ хоорондоо холбогдож бэлтгэл хийнэ. Унаач хүүхдээ одоо ташуурд, амыг нь тат, одоо шахаж уралд, туслах уяачаа ч одоо наад морио мотоциклиор элд, араас нь хашгирч, шилбүүрээр ороолго гэдгийг нэгд нэгэнгүй зааж сургана. Ингэхийн тулд уяач уураа барна. Бүх сургуулилалт санаснаар болохгүй бол туслах уяач, унаач хүүхдээ харааж зүхэж, зодох энүүхэнд.
Бид Цагаан хөтөл өгсөж яваад 8-9 настай болов уу гэмээр туранхай бор хүүд нэгэн уяач “Би чамд хэлээд байна шдээ. Хонгор морь түрүүлээд явна. Түүний араас Пүүжээгийн хул морь явах ёстой. Үүний араас чи зээрд мориороо шахаж уралд. Яг ташааг нь дэрлүүлээд амыг нь дараад яваад бай. Яг шонгийн модны тэндээс чи морио ташуурдаад наад хоёрыгоо гүйцээд урд нь гарга. Ингээд ганцааранг нь явуулсаар байгаад бариад орно. Ойлгосон уу. Өчигдрийнх нь шиг эргүүтээд байвал чамайг шууд ална шүү. Эргүү п.. минь. Архичин эцэг шигээ эргүү мал минь” гээд л толгой түрүүгүй загнаж байснаа нуруу руу нь пид хийтэл цохиод авлаа.
Унаач хүүхдээ одоо ташуурд, амыг нь тат, одоо шахаж уралд, туслах уяачаа ч одоо наад морио мотоциклиор элд, араас нь хашгирч, шилбүүрээр ороолго гэдгийг нэгд нэгэнгүй зааж сургана
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Өдөржин хараалгаж, зодуулж, элдвээр доромжлуулан, хүнд хүчир ажил хийх УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ГУНИГТ ТЭМДЭГЛЭЛ |
|
2025-03-15 12:10:25
2025-03-15 11:56:24
2025-03-15 11:00:00
2025-03-15 10:52:29
2025-03-15 10:15:58
2025-03-15 10:07:26
2025-03-14 18:54:37
2025-03-14 17:18:01
2025-03-14 16:03:27
2025-03-14 15:22:44
2025-03-14 15:12:58
2025-03-14 15:01:03
2025-03-14 14:40:19
2025-03-14 14:13:05
2025-03-14 14:01:35
2025-03-14 13:58:00
2025-03-14 13:03:33
2025-03-14 12:06:37
2025-03-14 11:37:28
2025-03-14 11:30:43
2025-03-14 11:20:27
2025-03-14 10:21:56
2025-03-14 09:53:42
2025-03-14 09:50:57
2025-03-14 09:50:33
2025-03-14 09:44:12
2025-03-14 07:00:39
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |