• Өнөөдөр 2024-05-04

ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ ОРНЫ ЖАГСААЛТААС ГАРДАГГҮЙ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХОЁР ТОЛГОЙ СЭРГЭЭЖ ЧАДАХ УУ

2023-08-24,   895

          Жил дамжин олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудаас “B” дүн тавиулж ирсэн Монгол Улс зээлжих зэрэглэл гацаанд орчихжээ. Бүр дунд нь “B-”, “B3” болтлоо зээлжих зэрэглэлээ бууруулж, дефолт болох эрсдэлд тулаад байв. Хэдий гадаад өрийн дарамтаа бууруулж, эдийн засгаа сэргээх эхний алхмуудаа хийж эхэлсэн ч гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас муу дүн авч, дампуурах эрсдэлтэй орнуудын нэгт жагссан хэвээр байна.

-МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ ХЭМЖЭЭ 2024 ОН 55 ХУВЬД ХҮРНЭ ГЭВ-

          Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “S&P” агентлаг өнгөрсөн долдугаар сарын төгсгөлд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” буюу тогтвортой хэвээр үлдээх шийдвэр гаргасан. “S&P” агентлагийн онцолсноор “БНХАУ-ын хилийн нөхцөл байдал тогтворжиж, экспортын урсгал эргэн сэргэснээр манай орны эдийн засаг 2023 онд 5.5 хувиар өсөх магадлалтай” гэжээ. Мөн тус агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг төлөвийг тогтвортой байхаар төсөөлж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Монголын эдийн засгийн сэргэлт цаашид ч хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа учир зээлжих зэрэглэлд огцом өөрчлөлт орохгүй аж.

 

Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагаст 6.4 хувь болж өссөн эерэг үр дүн үзүүлсэн. Тухайлбал, эдийн засгийн өсөлтөд 

Уул уурхайн салбар 42.4 хувь

Үйлчилгээний салбар 7.4 хувь

Аж үйлдвэр, барилгын салбар 1.4 хувиар голлон нөлөөлсөн үр дүнтэй байгаа.

 

            Түүнчлэн “S&P”-ээс өөр нэг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings” агентлагаас саяхан Улаанбаатар хотод “Монгол Улсын эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хурал зохион байгуулаад байна. Хуралд оролцсон олон улсын шинжээч, судлаачид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, эдийн засгаа эрчимжүүлэхэд авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар хэд хэдэн илтгэл танилцуулсан. Олон улсын шинжээч, судлаачдын онцолсноор Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ бусад “B” түвшний зээлжих зэрэглэлтэй орнууд харьцуулахад өндөр байгаа гэнэ. Цаашилбал, манай орон энэ онд таван хувийн эдийн засгийн өсөлт үзүүлэх бөгөөд улсын төсвийн алдагдал 2023-2024 онд нэг хувиас бага болж, 2024 онд ДНБ 55 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа аж. 

 

   

               Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинэ тайлангаар Монгол Улсын эдийн засаг 6.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, ДНБ-ий хэмжээ 13.6 их наяд төгрөгт хүрчээ. ДНБ-ий өсөлтийн 3.9 хувийг уул уурхайн салбар, 3.5 хувийг үйлчилгээний салбар, 1.7 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Мөн Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хоёр улиралд 5.5 хувийн өсөлттэй гараад байсан бол 2024 оны эхний улиралд мөн 5.4 хувийн өсөлттэй гарахыг Монголбанкны шинжээчдийн тайланд онцолжээ.

“B” ТҮВШНИЙ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛТЭЙ МОНГОЛ УЛС ДАМПУУРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА”

               Өнгөрсөн 2022 оны наймдугаар сард Дэлхийн эдийн засгийн тагнуулын албанаас гаргасан Азийн бүсэд дефолт болох эрсдэлтэй 40 орны жагсаалтад Монгол Улс багтаж, хэсэг шуугиан тарьсан. Тус албанаас “Монгол Улс 2022-2023 онд гадаад өрийн хүүгийн төлбөрийг нөхөх, урсгал, тэнцлийн алдагдлыг нөхөхийн тулд дахин шинэ өрийн асуудалд орно. Хангалттай санхүүжилтийн хүртээмж нь дотоодын өндөр инфляц, цаашлаад валютын ханш буурах магадлалын улмаас эрсдэлд орж болзошгүй” гэж үзсэн байдаг. Монгол Улс дефолт болох эрсдэл нь их хэмжээний гадаад өр байсан. 2022 оны төгсгөл, 2023 оны эхлэлд Засгийн газрын гадаад өрийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж, багасгаж чадсан ч олон улсад зээлжих зэрэглэлээ ахиулж чадахгүй бол дампуурах эрсдэлээсээ салахгүйг “Crisis” сайт онцолжээ.

 

           

              Монгол Улсын зээлжих зэрэглэл “B3”, “B-”, “B” түвшний дунд олон жилийн турш гацаанд орчихоод байна. Зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings”-ийн зохион байгуулсан “Монгол Улсын эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралд манай орны зээлжих зэрэглэл “B” хэвээр байгаад анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон судлаач, шинжээч олон байв. Хэрэв гаднын зарим агентлагийн таамаглаж байгаагийн адилаар Монгол Улс дунд хугацаанд эдийн засгийн өсөлтөө сайжруулж чадвал цааш нь урт хугацааны зээлжих зэрэглэлээ “BBB” хүртэл ахиулахад анхаарч ажиллах ёстой гэнэ. Эдийн засаг дунд хугацаанд үр дүнд хүрч, зээлжих зэрэглэлээ ч ахиулж чадвал манай орон бусад салбартаа ч алдагдлаа нөхөж, бүрэн сэргэлт рүү шилжих боломжтой байгаа юм байна.

 

      

           Олон улсын хөрөнгө оруулалтын сангууд “BBB” болон түүнээс дээш зээлжих зэрэглэлтэй улсад хөрөнгө оруулах нь элбэг байдаг. Тэр ч утгаараа гаднын хөрөнгө оруулалтын сангууд “ААА”, “АА”, “А” ,”ВВВ” ,”ВВ” ,”В”, “CCC”, “CC” гэсэн түвшин гаргаад олон улсын судалгаан дээр үндэслэн дэлхийн орнуудыг ангилж жагсаадаг юм байна. Гэтэл “B” түвшинд олон жил гацаанд орчихоод дунд нь “B-”, “B3” хүртэл болж байсан Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын нүдээр дампуурах эрсдэл өндөр орны нэг хэвээр байгаа гэнэ. Хэрэв эдийн засгаа сэргээж, дунд шатанд амжилт олбол зээлжих зэрэглэлээ “BB” түвшин рүү ахиулж, төгрөгийн ханшаа чангаруулна. Цаашлаад “BBB” түвшинд хүрвэл ам.доллар “цацаж”, гаднаас ч томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн боломжтой болох юм байна.

-ХОЁР ТОЛГОЙ ГАДНЫНХНЫ АНХААРЛЫН ТӨВ БОЛЖЭЭ-

                Монгол Улсын эдийн засаг эхний хагас жилд 6.4 хувиар өсөхөд уул уурхайн салбар 42.4 хувиар нөлөөлсөн тооцоо гарсныг дээр дурдсан. Тэгвэл уул уурхайн салбарын үйлдвэрлэл оны эхний долоон сарын тооцоогоор 11 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 64.8 хувиар буюу 4.3 их наяд төгрөгөөр өсжээ. Уул уурхайн салбарын сэргэлтэд “Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК маш том нөлөө үзүүлсэн талаар олон улсын сайтууд мэдээлээд эхэлсэн байна.

 

                  Тухайлбал, Монгол Улсын нүүрсний экспорт сэргэж, оны эхний найман сарын дотор багтааж оны төлөвлөгөөгөө биелүүлснийг Хятадын “South China Morning Post” сонин онцолжээ. Манай орон 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 37.4 сая тонн нүүрс экспортолж, өнгөрсөн онд гаргасан нүүрсний экспортын таамаг төлөвлөгөөг давуулсан. Экспортын 37.4 сая тонн нүүрс нь өнгөрсөн оны үеийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд Азийн орнуудын мэдээллийн сайтууд Монголын нүүрсний экспорт эргэн сэргэж, эдийн засагтаа чухал нөлөө үзүүлж байгаа онцолж байна. Мөн дэлхийд нэртэй “CNN” агентлагийн шинжээчид Монголын Оюутолгой ордыг онцолжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны тайланд 2023 оны байдлаар БНХАУ руу хамгийн их зэс экспортолж байгаа дөрвөн орныг нэрлэсэн бөгөөд Монгол Улс багтсан байна. Жагсаалтад Монголоос гадна Чили, Перу, Казахстан Улс байгаа бөгөөд Монгол Оюутолгой ордын ашиглалтаа бүрэн эхлүүлж, ажлаа эрчимжүүлж чадвал түүхий эдийн импортод анхаардаг БНХАУ-ын зах зээлд түшиглэсэн дэлхийд зэсийн экспортоороо амжилт олж, их хэмжээний ашиг олох боломжтой байгааг онцолсон байна.


ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ ОРНЫ ЖАГСААЛТААС ГАРДАГГҮЙ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХОЁР ТОЛГОЙ СЭРГЭЭЖ ЧАДАХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188