• Өнөөдөр 2024-04-26

Б.ЭНХБАЯРЫН ИХЭДСЭН АМБИЦ БА СОНСГОЛЫН СОНСГООГҮЙ "СОНСГОЛ"

2023-03-20,   1848

ИХЭДСЭН АМБИЦ ХҮНДГҮЙ БУЮУ Б.ЭНХБАЯРЫН ШИНЭ КАРЬЕР

            “Чихгүй” ах нараа дуулгавартай болгохоор зохион байгуулсан гэгддэг “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” жагсаал буцаж өөрсөд рүү нь эргээд, Саарал ордныг түймэрдэхээ дөхсөн “гал”-ыг намжаах гэж олон хүн хөлөө цуцтал, булчирхайгаа цочтол гүйсний нэг нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Улс төр дэх томчуудын зарим нь авлига, хээл хахуулиар, хэсэг нь эрх мэдлээ хэтрүүлснээрээ, хэд нь авгай хүүхэн, хүний нөхөртэй явалдсан сүүлэрснээрээ, цөөнгүй нь үр хүүхэд, ахан дүүсийнхээ тарьсан хэргээр энэ Засгийн тэргүүнд “төмсөгдүүлчихээд” хөдөлж чадахгүй бүлтэлзэж суугаа бол үлдсэн үгэнд орохгүй “чихгүй толгой”-нуудаа Хөгжлийн банкны нээлттэй сонсгол нэрээр үүдэндээ “уях” санаархлыг нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гүйцэлдүүлэх гэж чадахаараа л үсчсэн хэдэн долоо хоног өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Ерөнхий сайдын газар газрын авлигачдыг тэсэлж, дэлбэлэх их уур омог нээлттэй сонсголын үеэр нэлээд зөөлөрч, одоо бараг тийн хэлснээ мартчих шиг болж байгаагаас харвал дээрх зорилго нь овоо үр дүнд хүрсэн бололтой.

         Энэ тохиолдолд жилээр тооцвол хоёр, сараар бодвол 20 орчим сарын өмнө намынхаа сөрөг хүчин, гаргаж тавьсан асуудал бүрийг нь эсэргүүцэгч явсан Б.Энхбаяр өдгөө Ерөнхий сайдын харьяат бүрэн болжээ. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг л. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг удирдагчийн хоёр жил гаруйн ойлгогдохын, онц сайн гүйцэтгэгч нь байхын төлөөх тэмцэл, урдах, хажуудахаа улалзтал үгүйсгэж байгаад ч хамаагүй тоогдохын их зорилго нь биеллээ олж, сая нэг юм амсхийх шиг боллоо. Амсхийлгэсэн хүний хувьд бол урт холын замдаа хэнээр ч хань хийдэггүй, зэгсэн хэдхэн ах дүүсийнхээ тойргоос гарахыг хүсдэггүй нэгэн гэдгийг нь хэн хүнгүй мэднэ. Товчхондоо бүх зүйл санаснаар нь болохгүй л гэсэн үг. Гэхдээ яах вэ, уламжлал ёсоор шагнал болгож түүнд ХЗДХЯ-ыг хэзээ нэг цагт “бэлэглэх” л байх. Энэ ч яах вэ, Б.Энхбаяр гишүүний амбицын асуудал. Ямар ч хамаагүй аргаар өөртөө гишгүүр, шат бэлддэг нь улстөрчдийн зан. Гол нь хэн нэгний ийм  амбиц дээр дөрөөлж, томчууд хожил аваад байгаад л учир бий. Өрөг дээрхээр нь харвал тэр ердөө л Ерөнхий сайдын чихгүй ах нартаа “сонсголын аппарат” зүүлгэх, нүүрсний хулгайн хэрэгт орооцолдогч гэдгэрүүдийг бүхнээ бариад тонголзоод ирэх, улс төрийн эрх мэдлээ ахиулан бататгах гэх мэт асуудалд нь үг дуугүй гарын үсэг зурах нөхдийг зэрэгц командтай жагсаах нэг нүүдэл буюу “Хөгжлийн банкны нээлттэй сонсгол”-ыг удирдсан хүү л юм. Гэхдээ...

ТӨРИЙН МӨНГӨӨР ТОМЧУУД, УЛСТӨРЧИД ХЭРХЭН ТУЙЛДАГИЙГ ЗАХ ЗУХААС НЬ СУГАЛААД Ч БОЛТУГАЙ ДЭЛГЭЛЭЭ, ТЭД

           

 

          Хөгжлийн банкны нээлттэй сонсгол монголчуудын тэр тусмаа улстөрчдийн улсын мөнгийг хэрхэн хувьдаа завшиж, олдсон дээр нь ах дүүс, танил талтайгаа нийлээд гэдсээ хагартал “иддэг”-ийг дэлгэн нээж, ярьсан түүхэн, тун чухал үйл явдал болсон. Монголчууд битгий хэл дэлхий дахин тэр чигээрээ гуравхан сая хүн амтай Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнууд, тэдэнд ойрхон том, жижиг бизнес эрхлэгчид хэрхэн нийлж, булхай луйвар, дээрэм тонуул, болохгүй бүтэхгүй бүхнийг зохион байгуулж, хийж, гүйцэлдүүлдэгийг үзлээ, сонслоо, харлаа. Эх оронч, ажил хэрэгч, энхийн цагаан тагтаа дүртэй хэчнээн улстөрч, анхнаасаа л муу нэртэй луу данстай байсан бизнесмэнүүд гээд хэдхэн хүн Монголын баялаг хийгээд боломж бүхний амсар дээр суучихаад, хэрхэн “идэж” уудгийг нь зарлах гэж, дэлгэх гэж хэрэндээ оролдлоо, энэ Засгийн газар. Ардчилсан улс болсноос 30 гаруй жилийн дараа ч гэлээ авлигач, айхтаруудаа нээлттэй зарлаж байгаад шалгаж эхэлж байгаа нь Монгол Улсын хувьд том ахиц, том амбиц яах аргагүй мөн.

            Гэхдээ бас зөвхөн энэ өнцгөөс харж, итгэж болохгүйн шалгаан цөөнгүй бий. Хардах эрхийнхээ хүрээнд гурван хэсэг сонсголын үйл явцыг харвал зохион байгуулагчид дэлгэе гэснийгээ л дэлгэлээ. Сүүлийн үед төрийн томчууд ээлж ээлжээрээ айлчлахдаа идсэн хоолоор нь жишвэл солонгос хоолны ердөө хачирыг нь л тэд ярьлаа. Агуулгаар нь харахаар шударга үнэний төлөөх маш хүчтэй, далайцтай тэмцэл мэт боловч өнөөгийн олонх эрх мэдэлтэнд давуу тал үүсгэсэн, эрх ашгийн зөрчлийг нь аргалсан хуйвалдаан энд өрнөж буй. Эрх ашгийн зөрчил бүхий ердөө ганцхан жишээ татахад, Монгол Улсын Хөгжлийн банканд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, тэдгээрээс гарсан үр дүнгийн асуудалд 21 албан тушаалтныг гэрчээр дуудах ёстой. Гэтэл тэр дунд Хянан шалгах түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр өөрөө, мөн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан багтсан. Инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нь Хянан шалгаж байгаа түр хорооны дарга өөрийгөө хэрхэн шалгаж, ямар но илрүүлэх вэ. Сонсголын үеэр ямар сонсчихоор сонин луйвар, булхай ярих вэ. Энэ мэтээр асуудал ярьвал “Хүрээний бузрыг ярьвал далай далай” гэдэг шиг олон асуудал байгаа ч бүх зүйл төлөвлөгөө, зураглалын дагуу явж байгааг нь санаад, сонсголын үеэр загнаж, зандрагсдаа хэрхэхийг нь харж, хүлээх л сонголт ард түмэнд бий, даажинтай нь.

ЗАГНАСАН ХҮМҮҮСЭЭ “ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЖ” ЧАДАХ УУ

               Өөрөөр хэлбэл, гурван үе шат бүхий нээлттэй сонсголын заримыг нь загнаж, цөөнгүйг нь занаж, нэлээдийг нь сонссон энэхүү үйл явдлын ард буруутайг нь түмэнд зарлаж чадсан шигээ өр төлбөрийг нь төлүүлж, зохих хариуцлагыг нь ижил тэнцүү ногдуулж чадах эсэх л энэхүү улс даяар нь уймруулсан үйл ажиллагааны үр дүн. Хариуцлага тооцож, болдоггүйчүүдээ засан хүмүүжүүлж чадахгүй л юм бол энэхүү нээлттэй сонсгол дээр дурдсан улстөрчдийн гишгүүрээ нэмэх даажин, улс төрийн элдэв “гал”-ыг унтраах зорилго төдий зүйл л гэсэн үг. Иймд харах, хүлээх л үлдлээ.

Төгсгөлд нь, Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг зохион байгуулагчдын хувьд Үндсэн хууль мэт даган хэрэгжүүлэх ёстой зорилго хийгээд авах хариуцлагыг эргэн сануулъя.

            Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо 2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас зургаан сарын хугацаатайгаар байгуулж, хугацааг нь нэг удаа сунгасан бөгөөд Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй.

            Зохион байгуулагчид “Эхний сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно. Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөх юм. Хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтээр тэдгээр 77 төсөл хөтөлбөрөөс 22 нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс 55 төсөл хөтөлбөрийг тойрсон асуудал энэ үеэр яригдах юм. Сонсголд 300 гэрчийг дуудаж мэдүүлэг асууна. Гэрчийн мэдүүлэг нь цаашид шүүхэд нотлох баримтын шинж чанартай үнэлэгдэнэ. 2010 оноос хойших ажиллаж байсан бүх шатны албан тушаалтнууд уг сонсголд оролцож, хариулт өгөх болно.

           Хоёрдугаар шатны сонсгол тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авна.

        Төгсгөлийн шатны сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсохоор тогтсон. Сонсголын үеэр хэлэлцэх энэхүү 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалтыг өмнө нь хэвлэл мэдээллээр зарлаж байгаагүй” гэсэн.

         Хариуцлагын тухайд “Гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөхөөс санаатай зайлс хийвэл хариуцлага хүлээнэ гэж тэмдэглэл дээр гарын үсэг зурж байгаа. Албан тушаалтны тухайд Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэний тухайд гэрч мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлс хийвэл зөрчлийн хуулиар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Ер нь хариуцлага тооцогдоно. Ерөнхий дүгнэлтийг гуравдугаар сарын 17-нд гурав дахь сонсгол хийгдэж дуусаад, УИХ-д танилцуулна. Бидний зүгээс дүгнэлтийг хийхгүй бөгөөд сонсголын үеэр мэдээллийг тодруулж гаргаж ирж байгаа хэрэг” гэж байсан билээ. 


Б.ЭНХБАЯРЫН ИХЭДСЭН АМБИЦ БА СОНСГОЛЫН СОНСГООГҮЙ "СОНСГОЛ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 16:41:30
    Зочин: Энэ Б.Энхбаяр чинь Бзс хулгай хийгээд баригддаг хүн мөн биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 18:37:39
    Б: Энхбаяраас өөр хүн Хөгжлийн банкны сонсголыг хийж чадахгүй гөлөгнөнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-20 22:04:56
    Irgen: Amjilt ta nart bayarllaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-20 17:19:36
    irgen: HB nii zeeliig eersdiin buh hamaaral huvi hun.kampanudaa egeed.zeeliin huu boloh terbum $iig huunii orlogiig ulsad eguulehgui Hurelbaatar bankruu bichig yvuulaad terbum dolloriin huugiin orlogiig huchingui bolgoj bsan bn Arai ch de zeeliin huugee qvaad tsalin tetgever.huuhdiin mungee nemeh uhaan bhgui.ard tumen mash yduu bolson bn.Iim hund hariutslaga tootsohgui uo.Javhland tom asuudal bga.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-20 14:32:41
    ajiglagch: aldar nerend durtai ambits ni diildehee bolison etgeed shantaajilj baigaad neg ym avsan baihaas gartsaagyi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-20 09:13:24
    Тххх: Энхбаяр хэт нэг талыг баригч, бас их зальтай. Бидэнтэй бидэнгүй намын ах дүү нар нь удахгүй аль нэг авлига, болж бүтэхгүйг нь задлаад л, хэрэгтэн болгоод зарлачихна дөө. Эдний нам угаасаа дотроосоо ч, бусдынхаас ч нэг ч хүн үлдээдэггүй шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-20 08:52:38
    zochin: УИХ-д ЭНхбаяр байгаад харин ч баярлаж байгаа шүү, монголын ард түмэн азтай юм, шударга үнэний төлөө нүдээ ч цавчихгүй зогсож чадаж байгаа Энхбаяр, Сүхбаатар, Мөнхцэцэг, Доржханд болон сонсголд шинжээчээр ажилласан, зохион байгуулсан залуучуудаар бид бахархах ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-20 08:42:22
    Зочин : Одон тараалаг Хурэлсух Эрхэмбаярын ходолморийг унэлэх хэрэгтэй, Суулийн 30 жилд Монгол Торийн хийгээгуй их ажлыг Энхбаяр ганцаараа хийлээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188