• Өнөөдөр 2024-04-25

ХӨӨРХИЙ МОНГОЛ

2021-11-12,   489

            Монгол Улс эрийн цээнд хүрэх цаг нь болсныг цар тахлын энэ хоёр жил бидэнд санууллаа. Оросыг аав, Хятадыг ээж гэвэл эрх нь дэндсэн, амьдрал мэдэхгүй, ам руугаа хоол хийлгээд сурчихсан танхил хүү шиг л явж ирж, бид. 
 
Хил хаалттай өнгөрсөн хэд хоногт бидэнд юу тохиолдсоныг эргэн харъя. 
 
            Нарантуул зах орлоо. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байдаг л гэсэн сэн, одоо харин “хоосорчээ”. Яах вэ, бараа байх нь байна. Өмд асуулаа, өнгө, размерын сонголт дууссан гэнэ. Гутал асуулаа, ганц л загвар үлдсэн, гайгүй яриад авбал ав гэнэ. Хил хаахаас өмнө татсан хэдэн бараагаа л шавхаж байгаа бололтой юм. Өвлийн хувцсаа базаах гэсэн иргэд энд хэдэн зуугаараа холхих боловч хүссэн, таарсан хувцас нь олдохгүй хий эргэлдэцгээж байна. Төсөөлөөд үз дээ, хэрвээ хил хаалттай л бол монголчууд өмсөх хувцасгүй болно гээд. "Үндэсний үйлдвэрлэлийнхэн хувцас оёдог шүү дээ" гэх байх. Тэгвэл даавуу нь урдаас орж ирэхгүй бол яах юм. 
 
           Барс зах орлоо. Элдэв төрлийн жимс, ногоо эгнүүлээд тавьчихсан зарж байсан сан. Эрх биш төмс, лууван, манжин л үлдэж, “нарийн” гэх хүнсний ногоонууд “тасарчээ”. Нийслэл тойрсон цөөн хэдэн өвлийн хүлэмжүүдээс багахан хэмжээний өргөст хэмх, улаал лооль мэтийг л залгуулж байгаа гэнэ. Бас хэлэлцээр, яриа хийж байж хэдэн вагон нарийн ногоо оруулж ирсэн ч тэр дороо дуусчихжээ. Хил хаалттай удвал төмс, лууван ч үгүй болох бололтой юм. Ямар олон нэр төрлийн хүнсний ногоо Хятадаас орж ирдэг байсан юм бэ. Хүнсний ногоогоо харь орноос зөөж иддэг бид ямар өрөвдөлтэй юм бэ. 
          Эмийн сан орлоо. Эм, тарианы нөөц тасалдаж эхэлсэн, энэ хэдхэн эм л үлдсэн гэж эм зүйч нь учирлаж байна. Өвлийн эхэн сар гарчихсан, ханиад, хатгаа нэмэгдээд эхэлбэл эм, тариагүй, жинхэнэ аюул болох бололтой. Хил хаагдахаас өмнө хамрын цацлага гэхэд л тав, зургаан төрөл, халуун буулгах эм долоо, найман төрөл, ханиадны эм 10, 20 төрлөөрөө өрөөстэй байдаг байлаа. Гэтэл одоо Монос мэтийн үндэсний үйлдвэрлэлийн хэдэн эм л үлджээ. Дуслын шингэнийг л гэхэд уг нь дотооддоо үйлдвэрлэдэг ч савладаг гялгар уутыг нь гаднаас авдаг учраас тасарсан гэнэ. Эм зүйн салбар урд хөршөөс шууд хамааралтай байна гэдэг юутай эмгэнэл вэ. Эм, тариагаа Эрээнээр дамжуулан зөөдөг гэхээр ямар харамсалтай юм бэ. 
             Нүүрсний цэг орлоо. Шахмал түлшний шуудайг урд хөршөөс оруулж ирдэг байсан, хил хаалттай байгаа учраас савлах уут байхгүй гэнэ. Үндэсний үйлдвэрлэл гэж өчнөөн жил ярьчихаад нүүрсний шуудай оёдог үйлдвэргүй гэхээр халагламаар санагдах. 
 
          Барилгын материалын зах орлоо. Будаг, замаскнаас эхлээд цөм тасраад, агуулахад үлдсэн цөөн бараагаа гаргаж өрөөд үнийг нь “тэнгэрт” гаргачихаж. Үндэсний үйлдвэрлэлийнхэн маань замаск, цемент, цавуу мэтийг үйлдвэрлэдэг ч орц найрладаг нь ордог түүхий эдийнхээ заримыг гаднаас зөөдөг гэх. Арга ядахад барилгын материал тасрах ч яах вэ, хил нээгдвэл барилга, байшингаа засаж, янзлахгүй байж болох л гэж өөрийгөө тайвшраалаад тэндээс гарсан.
 
               Хил хаалттай бол бид хэн юм бэ гэдэг харууссан бодол эрхгүй төрж байна. Бид ер нь өөрсдөө юу хийж чаддаг юм бэ. Бид өөрсдийгөө юугаар хангадаг юм бэ. Хий л Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэж, "Хятад хүн бол хүн биш" гэж даналздаг атлаа үзэн яддаг хятадуудаараа тэжээлгээд сууцгааж байна. Хөөрхий Монгол... Үндэсний үйлдвэрлэлийнхнийг буруутгах гэсэнгүй. Тэд чадах, ядахаараа үйлдвэрлэл явуулж, боломж л гарвал бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байгаа, үнэн. Гэхдээ түүхий эд нь гаднаас хараат байхаар бид үйлдвэрлэгч гэхээсээ илүү угсрагч, савлагч л гэсэн үг.  Тэгвэл энэ бүхний буруутан хэн юм бэ. Өнгөрсөн 30 жил хоёр нам ээлжлэн төр барьсан, хөгжүүлж, цэцэглүүлж байна гэж бидний толгойг угаасан. Гэтэл бид урагшлаагүй, эсрэгээрээ ухарсан юм байна. Хойд, урд хоёр хөршөөрөө тэжээлгэж, хоолоо ам руугаа хийлгэдэг нялх хүүхэд шиг явж ирснээ сая л бүрэн ухаарч байна. Яах вэ, бид малтай болохоор махтай, тариалан эрхэлдэг учраас төмстэй, гурилтай л юм байна. Харин бусдыг нь гаднаас авч ирж. Үндэсний үйлдвэрлэлийнхэнд илүү хөгжих, илүү ихийг үйлдвэрлэх хүсэл, зорилго байсан уу байсан. Гэтэл ЖДҮ-гээс эхлээд хамаг боломжийг нь төр өөрөө хулгайлчихсан. Эцэст нь хил хаалттай хэдхэн хоногт зах зээлийн шилжилтийн түүх давтагдаж, дэлгүүрийн лангуунууд хоосрохдоо туллаа. Орсон бороо арилдагтай адил хил нээгдэж, урд хөршөөс бараа, материалууд орж ирэхээр бид энэ бүхнийг ор мөргүй мартаж орхино. Тэгээд хятад ногоогоо, эрээнээр дамжиж ирсэн эм тариагаа хэрэглэж, хятад хувцсаа өмсөнө. Гагцхүү дахиад хил хаагдах өдөр ирэхэд бид яг энэ янзаараа л сууцгааж байхгүй юм сан. 
 
Хэрвээ энэ бүхнийг өөрчлөхгүй бол, хэрэглэгч биш үйлдвэрлэгч улс болохгүй юм бол Үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл яриад хэрэг байна уу. Хэдхэн хоног хил хаагдахад хүнсгүй, эм, тариагүй болж байгаа улс үндэсний аюулгүй байдал гэж мянга орилоод яах юм. 
 
 

ХӨӨРХИЙ МОНГОЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-12 09:48:45
    зочин: өөрөө хөөрхийлөлтэй байна,дээр бичигдсэн зүйл чинь ард хоцорсон бна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188