• Өнөөдөр 2024-05-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жадны үзүүр, сумны занги Х.Нямбаатар

2021-11-09,   928

            Нэгэн цагт Орхон их сургуулийн багш гэх орь ганц статустай явсан Х.Нямбаатар өдгөө УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын Оюутолгой төслийг сайжруулах Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Авлигын индексийг бууруулах Ажлын хэсгийн ахлагч, Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч, Монголын спортын барилга, байгууламжийн холбооны Ерөнхийлөгч гээд олон “сэтэртэй” яваа. Эерүүлж бодвол, ганцхан хүнд л төрийн ажлын хүнд хэцүүг үүрүүлээд байгаа ч юм шиг. Гэхдээ үнэндээ, ганган хүнд гархи нэмэр гэдэг хэлц илүү зохих байх л даа. 
 
Гол нь, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад З.Энхболд Тамгын газрын даргаар нь ажиллаж, хамаг л хар бор ажлыг нь нугалдаг, өмнөөс нь нийтийн өмнө гарч дуугардаг байв. Сүүлдээ З.Энхболдын байр суурь уу, Х.Баттулгын байр суурь уу гэдэг нь, З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уу, эсвэл УИХ-ын дарга хэвээрээ байгаа юм уу гэдэг нь ялгагдахаа больсон юм даг. Нэг талаасаа Х.Баттулгын орон зайг З.Энхболд булааж байгаа маягийн, эсрэг утгаараа хамаг л болж бүтэхгүй, хэл амтай ажлыг нь хариуцдаг, товчоор бол Х.Баттулгын нохойд барьдаг модны ажлыг нь З.Энхболд гүйцэтгэж байгаа харагддаг байв. 
 
          Тэгвэл энэ дүр зураг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоёрт давтагдаж байх шиг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч өөрөө тодрох дуртай юм, томрох ч дуртай юм. Засгийн газраас ямар л Ажлын хэсэг байгуулна, ахлагчаар нь Х.Нямбаатарыг томилчих юм. Засгийн газартай хэн “заргалдана”, хариуг нь Х.Нямбаатар л барьж байх юм. Зарим үед хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь Хууль зүйн сайд Х.Нямбаатарынх уу, хувь Х.Нямбаатарын үг уу, эсвэл Засгийн газрын, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь уу гэдэг нь ялгагдахаа больчих гээд байдаг боллоо.

Өөрөөр бол, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нохойд барьдаг мод болж хувираад, ард нь Л.Оюун-Эрдэнэ нэр цэвэр үлдэж байгаа юм л даа. Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя гэдэг шиг л. Х.Нямбаатар өөрийгөө Л.Оюун-Эрдэнийн дэргэд Шихихутагийн дүрээр өөрийгөө төсөөлж байж болох ч, үнэндээ олон нийт түүнийг Л.Оюун-Эрдэнийн жадны үзүүр, сумны занги, хатуугаар хэлбэл “Ордны тайган” гэж хараад байгаад л гол учир байгаа юм. 

 
Тэгвэл, өнгөрсөн хэсэгхэн хугацаанд Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн өмнөөс хэрхэн дуугарч, хэл амыг өөртөө “шингээснийг” харъя. 
 
1. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас томилсон Оюу толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Оюутолгой" төслийн нэмэлт хэлэлцээртэй холбоотойгоор бичлэг хийж илгээсэн. Хариуд нь Х.Нямбаатар “Иргэн Ч.Сайханбилэгийг ярьсан ярилцлагыг би сонссон. Их л сандарсан хүний яриа байна лээ. Өөрөөр хэлбэл, харийн нутагт, харийн компанийн “пи-ар”-ыг хийж байгаа, нэг тийм ядмагхан, өөрийгөө өмөөрсөн хүний яриа гэж би харж байгаа. Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хэлэлцээрийн ширээний ард суугаад зургаан сар болж байна. Бага багаар ахиц гарч байна. Ойлголцож байгаа зүйл олон байгаа, бүр ойлголцохгүй зүйл ч байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асны ярьж байгаагаар “Ер нь их зөв зүйтэй зүйлийг бид найман жилийн өмнө эхлүүлжээ” гэж байна лээ. Би энэний яг эсрэг бодолтой байдаг. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө гэрээ бол Оюутолгой төслөөс монголын хүртэх үр өгөөжийг эрс муутгасан гэрээ, төлөвлөгөө юм” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд байсан хүнийг “Иргэн” гэж томьёолох нь хуулийн талаасаа зөв байж болох ч Монгол төрийн залгамж талаасаа үл хүндэтгэлийн хэлбэр юм л даа. Өөрөөр бол, Х.Нямбаатар асар “том” дуугарч байна гэсэн үг. Бас Х.Нямбаатар энэ мэдэгдлийг хийх үеэрээ "асан, агсан" гэх хоёр үгийг мэдэн будилж, хольж сольж харагдсан. Хууль өөрөө ганц цэг, ганц үгнээс болж бүтнээрээ хувирдаг байтал Хууль зүйн сайд нь санамсаргүйгээр, эсвэл санаатайгаар "амьд, үхсэн" гэх хоёр үгийг хольж, солиод байж болохгүй л дээ. 
 
2. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас авлигын индексийг бууруулах 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ахлагчаар нь томилсон. Ингээд Х.Нямбаатар ахлагчтай тус ажлын хэсгийнхэн долдугаар сарын 6-нд Дорноговь аймагт очиж, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр тэргүүтэй зургаан албан тушаалтныг сүр дуулиантайгаар баривчилж, халаа сэлгээ хийгээд буцдаг байдаг. Тухайн үед ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Засгийн газар Замын-Үүдийн мафитай хатуу тэмцэж, цаашид төрийн албанд тогтсон хүн суртлыг арилгана” хэмээн сүржин гэгч нь мэдэгдэж байв. Харамсалтай нь, Х.Нямбаатарын энэ баривчилгаа “спорт загасчлал” байж, баривчлагдсан албан тушаалтнууд нь цөм суллагдаж, зарим нь ажил үүргээ ердийнх шигээ гүйцэтгэж эхэлсэн. Түүнээс хойш Х.Нямбаатарын авлигыг бууруулах ажлын хэсгийнхэн өөр хаа нэг газар баривчилгаа хийсэнгүй, Замын-Үүдийн “мафи” ч тэгсгээд мартагдаж орхисон. Замын-Үүдийн төрийн албан хаагчдыг “МАФИ” гэж тодорхойлчихоод тэмцсэн ч юмгүй, тэгсгээд хаячихсан нь өөрөө Х.Нямбаатарыг хий “том” дуугарсныг илтгэж байгаа хэрэг л дээ. 
3. Өнгөрсөн нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаас огцрох саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах үйл явц амаргүй байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагч надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авдаг байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтаас эсрэг зогссон. Тэгж байж авлигын тухай, шүүхийн тухай хуулиа баталж чадлаа. Цаашид эдгээр хуулиуд Монгол Улсад шударга ёсыг тогтооход тодорхой алхам болно гэж итгэж байна. Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалын хувьд эхэндээ ард түмний эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо хүргэх гэсэн алхам байсан. Харамсалтай нь энэ жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглаж, үндэсний эв нэгдлийг сарниулах оролдлого болгосон гэдгийг Хууль зүй, дотоодын хэргийн сайдын хувиар хариуцлагатай мэдэгдэж байна” хэмээн мэдэгдсэн. “Төрийн ордны зүүн жигүүр шүүгч ирж, Х.Баттулгаас хэнд хэдэн жилийн ял өгөх тухай даалгавар авдаг” гэх түүний эл мэдэгдэл тухайн үедээ дуулиан тарьсан. Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдахад Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар улиран томилогдож, журам ёсоор Х.Баттулгад бараалхсан. Энэ үеэр Х.Баттулга “Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ, яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гурван давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын хууль зүйн сайд биш” хэмээн “загнаж”, Х.Нямбаатар харц гудайн зогсож байв. 
             Яах вэ, жижигхэн тосгоны тоост гудамжинд тоглож өссөн үеэл нь Ерөнхий сайд байхаар өөрийн эрхгүй омогших мэдрэмж төрөөд, хэнд ч хамаагүй томорч, хэний ч өөдөөс цоролзох зүрхтэй болдог л байлгүй. Бас жадны үзүүр, сумны занги, нохойд барих модыг нь хийгээд ч болов улс төрийн урт холын замд хамт явахыг бодох нь улстөрч хүнд байх л амбиц байх. Гэхдээ шунал ихэдвэл шулам болохын үлгэрээр, Л.Оюун-Эрдэнийг хэт их төлөөлөх гэж, хар бор, хэл амтай ажлыг нь нугалах гэж хэт их хичээснээрээ эргээд түүнээс “уяатай” нэгэн болчихвий л гэж...
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жадны үзүүр, сумны занги Х.Нямбаатар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188