“Хаан банк” Хаттори Жүничи гэх шинэ эзэнтэй болоод буй. Өмнөх эзэн буюу тус банкны 60 хувийг эзэмшиж ирсэн Хедио Савада өөрийн хувьцаагаа зарахаар болсноо зарлаж, манай улс төр, бизнесийн бүхий л томчуудын хойноосоо гүйлгэсэн. Тухайн үед түүний хувьцааг авах гэж “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Баян” Р.Базар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Г.Занданшатар гээд олон ч хүн гүйсэн гэлцдэг. Эцэст нь Хедио Савада өөрийн хувьцаагаа элэгт нэгт Хаттори Жүничид зарсан. Хувьцаа шилжих шийдвэр 2021 оны долдугаар сард гарч, албан ёсоор өнгөрөгч 2022 оны тавдугаар сард албажиж, есдүгээр сард нь “Хаан банк”-ны эцсийн өмчлөгчөөр Япон Улсын иргэн Хаттори Жүничиг бүртгэсэн. Шинэ эзэн Хаттори Жүничи худалдаж авсан 60 хувийн хувьцааныхаа 4.7 хувийг банкны ажилтнуудад шилжүүлж, баяраа хуваалцсан. Өдгөө “Хаан банк”-ны 55.3 хувийг “Эйч эс холдингс” компани буюу Хаттори Жүничи, 40 хувийг “Таван богд трейд” ХХК буюу Ц.Баатарсайхан, түүний эхнэр Д.Хулан, 4.7 хувийг тус банкны ажилтнууд эзэмшиж байна.
Тэгвэл “Хаан банк”-ны шинэ эзэн Хаттори Жүничи нь Монголд “Хаан банк”-ны хамтрагч “Таванбогд трейд” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханаас гадна бас нэгэн бизнесийн хамтрагчтай. Тодруулбал, Хаттори Жүничи “Хаан банк”-ны 60 хувийг худалдаж авахтайгаа яг зэрэгцээд “Бэрх-Уул” компанид хөрөнгө оруулалт хийж, Раднаагийн Бадрах гэгчийг уул уурхайн бизнесийн хамтрагчаа болгосон байдаг. Хамгийн ноцтой нь, Хаттори Жүничигийн уул уурхайн хамтрагч Р.Бадрах гэгч нь улс төрийн томчуудтай ихээхэн холбоо сүлбээтэй, нүүрсний хэд хэдэн уурхайтай нэгэн ажээ. Хамгийн том банк гэгддэг “Хаан банк”-ны хамгийн том хувьцаа эзэмшигч нь “нүүрчид”-тэй, нэр бүхий улстөрчидтэй холбоотой байх нь хэр зохимжтойг уншигч та тунгаах биз.
“ХААН БАНК”-НЫ ШИНЭ ЭЗЭН ХАТТОРИ ЖҮНИЧИ МОНГОЛ ДАХЬ ХАМТРАГЧААРАА РАДНААГИЙН БАДРАХ ГЭГЧИЙГ СОНГОСОН НЬ
Хаттори Жүничи “Хаан банк”-ны 60 хувийг худалдаж авахтайгаа яг зэрэгцээд манай улсад “Ваёо флюорит” ХХК-ийг байгуулсан. Улмаар “Ваёо флюорит” ХХК-иараа дамжуулан “Бэрх-Уул” компанид хөрөнгө оруулж, 2021 оны долдугаар сарын 16-нд “Бэрх-Уул” компанийн Гүйцэтгэх захирал Амарсайханы Даваажав, ТУЗ-ийн дарга Раднаагийн Бадрах, ТУЗ-ийн гишүүн Бадрахын Наранзаяа нарыг “Ваёо флюорит” ХХК-ийнхаа хувьцаа эзэмшигчээр нэмж, албан ёсоор бизнесийн хамтрагчид болсон байдаг.

Хаттори Жүничи нь Раднаагийн Бадрахын “Бэрх уул” компанид хөрөнгө оруулсан шалтгаан нь, тус компани Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байх MV-000166 дугаартай, 57.3 га талбай бүхий Дэлгэрхааны орд, MV-010965 дугаартай, 38.7 га талбай бүхий Баянхааны орд, мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байрлах MV-004590 дугаартай нүүрсний Чандганы тал ордыг тус тус эзэмшдэг. Энэ ордуудаас Хаттори Жүничи MV-000166 дугаартай, 57.3 га талбай бүхий жоншны Дэлгэрхааны ордыг сонгож, өөрийн байгуулсан “Ваёо флюорит” ХХК-даа шилжүүлж авсан. Ингэхдээ Хаттори Жүничи, Раднаагийн Бадрах нар “Ваёо флюорит” ХХК-иараа Дэлгэрхааны ордод гурван жилийн хугацаанд Баяжуулах үйлдвэр тэргүүтэй бүтээн байгуулалт хийж, цаашид 15 жилийн хугацаанд олборлолт явуулахаар тохиролцсон бөгөөд олборлосон жоншоо Япон руу гаргахаар төлөвлөсөн гэх мэдээлэл бий.
Өөрөөр хэлбэл, Хаттори Жүничи Монголд банк санхүүгийн салбарт “Хаан банк”-ийг, уул уурхайн салбарт “Бэрх уул” компанийг зэрэг эзэмшиж эхэлсэн гэсэн үг. Илүү сонирхолтой нь, Хаттори Жүничи өнгөрөгч 2022 оны наймдугаар сард “Дефакто” Д.Жаргалсайханд ярилцлага өгөхдөө “Миний гол зорилго банк биш, жонш” гэж ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Хаттори Жүничигийн гол хамтрагч нь Ц.Баатарсайхан мэт харагдавч үнэн хэрэгтээ Р.Бадрах болж таарч байна.
Тэгвэл Хаттори Жүничигийн уул уурхайн салбарын хамтрагч буюу “Ваёо флорид” ХХК-ийг хамтран эзэмшигч, “Бэрх уул” компанийн ТУЗ-ийн дарга Раднаагийн Бадрах гэгч нь баялаг намтартай нэгэн ажээ.
“ХААН БАНК”-НЫ ШИНЭ ЭЗЭН ХАТТОРИ ЖҮНИЧИГИЙН УУЛ УУРХАЙН ХАМТРАГЧ РАДНААГИЙН БАДРАХ ГЭЖ ХЭН БЭ
“Бэрх уул” компанийн ТУЗ-ийн даргаас Хаттори Жүничигийн “Ваёо флорид” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон Раднаагийн Бадрах нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. Түүний аав Ц.Раднаа нь хөнгөн атлетикийн тамирчин бөгөөд Дэлхийн гурван удаагийн аварга буурай бий. Хамгийн сүүлд 2019 онд 85 насандаа ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-д түрүүлж, хэвлэлийн эхний нүүрүүдэд гарч байлаа.
Р.Бадрахын хувьд 1988 онд Киевт Усанд сэлэлтийн багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн. Төгсөж ирээд төв бассейнд ажиллаж, Монголын усанд сэлэлтийн анхны шигшээ багийг бүрдүүлсэн. Өөрөө анхны усан спортын мастер цолтой, өөрөөсөө хойших спортын мастеруудыг цөмийг нь дасгалжуулсан, усан спортын төрөлд хэдэн зуун шавьтай, “Усны Бадрах” гэх хочтой нэгэн.
Түүнчлэн Р.Бадрах 1991 онд “Монголын усан спорт сонирхогчдын холбоо”-г үүсгэн байгуулж, удирдаж байсан. Тус холбоог хожим Сангийн сайд асан Ч.Улаан удирдаж байсан бол одоо “АПУ”-гийн эзэн П.Батсайхан удирдаж буй.
Р.Бадрах 2000 оны эхээр усны спортоо орхиж, уул уурхайн бизнест болон улс төрд хөл тавьж, мөн уяач болсон. Тухайлбал, уул уурхайн салбарт “Хүрээ дэл” ХХК, “Хүрээ дэл майнинг” ХХК, “Чингисийн хар алт” ХХК, “Латераль” ХХК, “Мальф рюорит” ХХК-иудыг байгуулсан. Улс төрийн хувьд, тэр 2008-2012 онд Ардчилсан намаас Өмнөговь аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Уул уурхайн бизнес хийж, улс төрд орсныхоо дараа тэр уяач болсон бөгөөд “Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны хүндэт гишүүн, Аймгийн алдарт уяач цолтой.
ХАТТОРИ ЖҮНИЧИГИЙН ХАМТРАГЧ Р.БАДРАХЫН НҮҮРСНИЙ УУРХАЙНУУД
Хаттори Жүничи, Р.Бадрах нартай “Ваёо флорид” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон, “Бэрх уул” компанийн ТУЗ-ийн гишүүн Бадрахын Наранзаяа нь түүний охин ажээ. Б.Наранзаяа нь Р.Бадрахын бусад уул уурхайн компаниудыг ч удирддаг аж. Тухайлбал, Р.Бадрахын “Хүрээ дэл майнинг” ХХК, “Хүрээ дэл” ХХК, “Латераль” ХХК, “Чингисийн хар алт” ХХК-иуд нь Б.Наранзаяагийн нэр дээр бүртгэлтэй байдаг ажээ.
Хамгийн ноцтой нь, Б.Наранзаяагийн эзэмшиж буй “Хүрээ дэл” ХХК, “Хүрээ дэл майнинг” ХХК, “Чингисийн хар алт” ХХК-иуд нь Дорноговь, Өмнөговь аймгуудад нүүрсний уурхайнууд ажиллуулдаг юм байна. Жишээ нь, “Хүрээ дэл” ХХК нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт байх Эрдэнэбулагийн нүүрсний ордыг эзэмшдэг. “Чингисийн хар алт” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт “Алаг толгод” гэх нүүрсний уурхай ажиллуулдаг ажээ. Мөн “Чингисийн хар алт” ХХК нь уурхай дээрээ нүүрс угаах үйлдвэртэй юм байна.
ТАЙЛБАР: Р.БАДРАХЫН "ЧИНГИСИЙН ХАР АЛТ" ХХК-ИЙН ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЖАРГАЛ СУМЫН НУТАГТ БАЙХ НҮҮРСНИЙ УУРХАЙ
ХАТТОРИ ЖҮНИЧИГИЙН ХАМТРАГЧ Р.БАДРАХЫН УЛС ТӨР, БИЗНЕСИЙН ХОЛБООТНУУД
Хаттори Жүничигийн хамтрагч Р.Бадрахын улс төр, бизнесийн холбоотнууд олон ажээ. Энэ удаад заримаас нь танилцуулъя.
“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ БА Р.БАДРАХ
“Нүүрсний хэрэг”-т нэр холбогдож, яллагдагчаар татагдаад буй гэх “Ажнай” хочит УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Р.Бадрах нар нэг нутаг, нэг намынх, нэг холбооных гэдгээс гадна бизнесийн холбоо хамаарал ч байдаг аж. Р.Бадрах 1991 онд “Монголын усан спорт сонирхогчдын холбоо”-г байгуулж, тус холбооныхоо нэрээр усанд сэлэлтийн тэмцээн уралдаанд зохион байгуулж, гадаадын тэмцээнүүдэд оролцоход нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ивээн тэтгэдэг байжээ. Дараа нь Р.Бадрах “Хүрээ дэл” ХХК-иараа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн тал хувьцааг нь эзэмшдэг “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдаж авах, олборлолтыг нь хийх зэргээр хамтарч байж. Хожим нь, тэд хамтдаа морь уядаг болсон бөгөөд Р.Бадрах, Д.Бат-Эрдэнэ хоёрын адуу Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт хамт байдаг гэх. Гэх мэтээр тэдний холбоо үргэлжилнэ.
Р.БАДРАХ БА УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМЫН ААВ Ч.ЧИНБАТ
Р.Бадрахын охин Б.Наранзаяагийн эзэмшдэг “Хүрээ дэл” ХХК нь албан ёсны цахим хуудас дахь танилцуулгадаа “Эрдэнэбулагийн нүүрсний уурхайг манай охин компаниудын нэг “Болд фоарда” ХХК хариуцаж ажиллуулдаг” гэж дурдсан байдаг. Тэгвэл “Хүрээ дэл” ХХК-ийн охин компани гэх “Болд фоарда” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шэн Янь Жун Бао” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, “Мөн “Шэн Янь Жун Бао” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй бас нэг компани болох “Жунхао вэйеэ” ХХК нь “Хүрээ дэл” ХХК-ийн MV-017007 дугаартай, 816.6 га талбай бүхий “Хүрээ дэл-1” ордыг эзэмшдэг аж. Эндээс, Б.Наранзаяагийн “Хүрээ дэл” ХХК нь БНХАУ-ын “Шэн Янь Жун Бао” ХХК-тай хамтрагч “Болд фоарда” ХХК, “Жунхао вэйеэ” ХХК-иудыг эзэмшдэг болж таарч байна.
.JPG)
Хамгийн ноцтой нь, “Шэн Янь Жун Бао” ХХК нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чойжамцын Чинбаттай хамт “Ундрах говь” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Ч.Чинбат, Р.Бадрах нар хамтрагчид болж таарч байна. Илүү ноцтой нь, тэдний хамтарсан “Ундрах говь” ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс “Цагаан дэл” хилийн боомт хүртэлх 270 км автозамыг концессоор барихаар Засгийн газартай гэрээ байгуулсан байдаг.
Түүнчлэн, Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт “Хүрэн шанд” нэртэй асар том нүүрсний уурхай ажиллуулдгийг ч дурдах нь зүйтэй биз ээ.
Р.БАДРАХ БА Ч.ХҮРЭЛБААТАР, Ц.ЦЭРЭНПУНЦАГ
Р.Бадрах нь усан спортоо орхисныхоо дараа өөрийн шавь нартайгаа хамтран бизнес хийж эхэлжээ. Тухайлбал, Р.Бадрах 2005 онд Насанбатын Наранбаттай хамтран “Төв Азийн эрдэнэ” ХХК-ийг байгуулжээ. Насанбатын Наранбат нь Р.Бадрахын анхны шавь бөгөөд усанд сэлэлтийн спортын мастер цолтой ажээ. Р.Бадрах Монголын усан спорт сонирхогчдын холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа шавь Н.Наранбатыгаа Нарийн бичгийн даргаараа ажиллуулж байсан аж. Улмаар тэд “Төв Азийн эрдэнэ” ХХК-ийг байгуулж, хамтран бизнес хийж эхэлжээ. Тэгвэл Р.Бадрахын шавь, "Төв азийн эрдэнэ" ХХК-ийг хамтран эзэмшигч Н.Наранбат нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг болон ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатартай нартай холбогддог ажээ.
Тухайлбал, Н.Наранбат нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай хамтарч 2013 оноос спортын “SPS” сувгийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байжээ. Одоо энэ сувгийг Ц.Цэрэнпунцагийн охин Ц.Пүрэвжаргалд шилжүүлсэн. Харин Н.Наранбат, Ц.Цэрэнпунцаг хоёр “Эс Пи Эс спорт академи” ХХК-ийг хамтран эзэмшиж байна.
Түүнчлэн, Н.Наранбат 2019 онд Р.Ганболдтой хамтран “Руссо моторс” ХХК-ийг байгуулж байжээ. Мөн Н.Наранбат, Р.Ганболд нар “Скайтел” компани, “Юнивишн” компанид хамт ажиллаж байсан хамтрагчид аж. Тэгвэл Р.Ганболд нь УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хадам ах юм. Магад, Ч.Хүрэлбаатар “Хаан банк”-ны 60 хувийн хувьцаа зарагдах үед Хедиа Савада руу захидал бичсэн зэргээр хамгийн их хэл ам хийж, Төрийн ордны индрээс хүртэл “Хаан банк”-ны хувьцааг ярьж явсных нь шалтгаан энд нуугдаж байж болох юм. Нөгөөтээгүүр, Ч.Хүрэлбаатар төрсөн ахад нь “Хаан банк”-ны 40 хувийг эзэмшигч Ц.Баатарсайхантай хамтарсан компани ч байдгийг сануулах нь зөв байх.
Энэ мэтээр “Хаан банк”-ны шинэ эзэн Хаттори Жүничигийн уул уурхайн хамтрагч Р.Бадрахын холбоотон, хамсаатнууд цааш үргэлжилнэ. Бид дараагийн дугаартаа Хаттори Жүничигийн талаар болон Р.Бадрахын талаар илүү ноцтой баримтуудыг үргэлжлүүлэн хүргэх болно.
“ХААН БАНК”-НЫ ШИНЭ ЭЗЭН ХАТТОРИ ЖҮНИЧИГИЙН ХАМТРАГЧ Р.БАДРАХЫН ХОЛБООТНУУД БА НҮҮРСНИЙ УУРХАЙНУУД |
|