УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй УИХ бүрдлээ. Холимог тогтолцоогоор сонгууль явуулж, 48 гишүүнийг жагсаалтаар сонгосон. Таны хувьд МАН-ын жагсаалтын эхний тавд эрэмбэлэгдэж, гишүүнээр сонгогдсон. Яагаад улс төрд орох болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Би багш мэргэжилтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж, гишүүнээр сонгогдсон. Олон хүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар болон нийгэмд тулгамддаг асуудлыг зааж, ойлгуулж, сургалт, судалгаа хийдэг. Үүнийгээ бодлогын түвшинд хүргэж ажиллах нь зүйтэй юм байна гэж бодсон. Би “Энэ удаагийн сонгуулиар л улс төрд оръё” гээд гэнэт шийдчихсэн юм биш. Миний улс төрд идэвхтэй оролцож эхэлсэн үе бол 2020 оны сонгууль байсан. Тухайн үед би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон В.Ойдов гэдэг залуутай 25/1 зарчим буюу улстөрчид, сонгуульд нэр дэвшигчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хэр анхаарч хөнддөг юм бэ гэдэг жижиг хэмжээний сошиал контент хийсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах талаар иргэд ч үзэл бодлоо илэрхийлж, талбай дээр хүртэл жагсаж байсныг санах байх. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн маш том амлалт өгсөн. Тодруулбал, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг багтаана гэсэн. Үүний дараа улс төрийн намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд 126-д багтах ёстой юм байна гэж анхаарч, идэвх нэмэгдэж эхэлсэн.
Энэ амлалтыг өгөх үеэр би Энэтхэг Улсын сайн дурын байгууллагаас дэмжлэг хүсэхээр нэг судалгааны ажил хийж байсан юм. Тухайн үед Энэтхэг, Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 600 хиймэл хөлний хэрэгцээ бүхий бодит хүсэлт байвал Монголд ирээд иргэдэд хийж өгнө гэсэн юм билээ. Ингээд хиймэл хөл хийлгэх хүсэлтэй иргэдийн талаарх судалгааг хариуцаж хийж өгөөч гэсэн хүсэлт надад ирсэн юм. Би өөрөө хиймэл хөлтэй. Хөл бол гутал шиг байнга солигдож байдаг. Би 30 жил хөл дээрээ унаж босож яваа учраас чанартай хөл Монголд байдаггүйн зовлонг мэднэ. Ингээд тухайн судалгааг хийхийг зөвшөөрсөн юм.
Тэр үед надад маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хандаж байсан. 600 байтугай 700, 800 хүнээс хүсэлт ирсэн. Хөлнөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүн надад хандаж байлаа. Тэр үед Монгол Улс тусгаар тогтносон, хуультай орон байж яагаад ийм олон хүний эрх зөрчигдөж байгаа юм бэ, яагаад энэ хүмүүсийн талаарх тоо судалгаа нээлттэй биш байгаа вэ гэдэгт эмзэглэл төрсөн. Ингээд мэргэжлийн судлаачид шийдвэр гаргах түвшинд хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын амлалт бодит санагдсан учраас зорилтот бүлгийн иргэдийн дуу хоолой, гүүр нь болох гэж улс төрд орохоор зориглосон юм.
БИ ӨӨРӨӨ ХҮНД ЭЭЛГҮЙ ТОГТОЛЦООНЫ ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧДЫН НЭГ
-УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ та өөрөө өгсөн үү, намаас санал тавьсан уу?
-Би өөрөө хүсэлт өгсөн. Гэхдээ би тэр үед нам бус байсан. Би иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, зорилтот бүлэгт чиглэсэн асуудалд нэлээд анхаарал хандуулж ажилладаг юм. МАН-ын дэргэдэх Социал демократ монголын залуучуудын холбооноос нийгэмд, залуучуудад, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн маш олон ажил хийдэг. Тэр клубээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар мэтгэлцээн зохион байгуулж, намайг урьж оролцуулсан юм. Тухайн үед маш олон салбарын төлөөлөл болсон залуучууд улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр маш олон судалгаа, баримттай саналуудыг хэлэлцсэн. Би тэндээс л социал демократ үзэл санааны талаар ойлголттой болж, шийдвэр гаргах түвшинд оролцох шаардлагатай юм байна. Ядаж ИТХ-д нэр дэвших хэрэгтэй юм байна гэдэг сэдэл авсан гэж хэлж болно. Мөн Ерөнхий сайдын энэ амлалтын дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болдог маш олон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас УИХ-ын сонгуульд оролцооч гэсэн хүсэлтүүд ирсэн. Энэ нөхцөлүүд, дээр нь надад ирсэн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлууд намайг энэ сонгуульд нэр дэвшихэд гол нөлөө үзүүлсэн.
Хэрвээ бид энэ удаагийн Үндсэн хууль, тогтолцооны өөрчлөлтийн ач холбогдол, үнэ цэнийг нийгэмд ойлгуулж чадахгүй бол эргээд маш том сөрөг үр дагавар гарна.
-Анхдугаар чуулган нээлтээ хийснээс хойш сар орчим болох гэж байна. Одоо чухам юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Юун түрүүнд хөгжлийн бэрхшээлийн асуудлаар нийгэмд шийдвэрлэгдээгүй олон асуудал байгаа тул өөрчлөлт хийх нь зүйтэй. Би хөгжлийн бэрхшээлтэй олон хүний төлөөлөл болж сонгогдсон. Тэдний асуудлыг бодлого боловсруулах түвшинд судалгаа шинжилгээтэй ярьж, үүнийгээ хамгаалж чаддаг байх ёстой. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд "Бидний төлөөлөл энд байгаа шүү" гэдэг итгэл, найдвар өгөх үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа.
Өнөөдөр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн маш их дүрэм журам, хууль байгаа. Гэтэл анхан шатанд хэрэгжээд эхлэхээрээ алдаа гардаг, хэрэгждэггүй, зөрчилддөг зэрэг олон асуудал тулгарч байгаа юм. Тиймээс яг тухайн бүлгийн төлөөлөл бодлого гаргах түвшинд ажиллавал амьдралд илүү ойр шийдвэр гарах юм. Хэдийгээр ганц хоёрхон хүн парламентад ороод энэ бүх асуудлыг нэг дор шийдчихгүй ч эхлэлийг нь зөв тавьчих юм сан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бодлогын түвшинд олж хардаг, тэдний эрх зөрчигдөхгүй байхад төр ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ гэдгийг нь ойлгуулчих юм сан гэсэн зорилгыг тавьж байна. Чуулганы хуралдаан завсарласан энэ хугацаанд салбар бүрийн төлөөллүүдтэй уулзаж, иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч байна.
Би дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэлтгүй, ахмад настнуудын нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Надад өмнө нь цуглуулсан маш олон судалгаа бий. Энэ дата дээрээ тулгуурлаад эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр ажиллана.
МАН-ын мөрийн хөтөлбөрт зорилтот бүлгийн иргэдэд зориулсан зургаан асуудлыг тусгасан. Тухайлбал, хүртээмжийг сайжруулах, хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлийн асуудлыг бие даан хөгжүүлэх ангиллыг Монголд нэвтрүүлэх зэрэг мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаа ажил хэрэг болгох судалгааг хийх юм. Мөн олон улсын туршлагыг судлахаас гадна өмнө нь манайд хэрэгжүүлж байсан сайн туршлагуудыг үргэлжлүүлэх, юун дээр алдаж, юун дээр оносон бэ гэдгийг эргэж харах, төрийн залгамж чанарыг үргэлжлүүлэхэд анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
УИХ-Д НИЙГМИЙН ТЭГШ ХАМРУУЛАЛТ, ТЭГШ ХҮРТЭЭМЖИЙН ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛАНА
-Манай улс халамжийн бодлого ихтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллах таатай орчин бүрдүүлж чадахгүй байна гэх шүүмжлэл байдаг ч ажил хэрэг болж чаддаггүй. Үүнд ямар гарц, шийдэл байгаа вэ?
-Халамж их байна гэдгийн цаана төсвийн мөнгөн дүн байна. Хүүхдийн мөнгө гэхэд л нэг талаараа халамж, нөгөө талаараа хуримтлалын өв сан болоод холилдоод байдаг. Дэлхийд олон улсын ангилал гэж байдаг. Хүн өдөр тутмын амьдралд бие даан хөгжихөд 13 үйлдэл шаардлагатай байна гэж үздэг. Тухайн 13 үйлдлээ бие дааж хийж чаддаг байвал хүн нийгэмд тодорхой хэмжээгээр ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэж үзэж болно. Гэтэл манайд ийм систем нь байхгүй. Үүнийг тодорхой болгочихвол аль нь халамж хүртэх вэ, аль хөдөлмөрийг эрхлэх боломжтой вэ гэдэг ялгаа гарч ирнэ. Дээр нь хөдөлмөр эрхлэхэд таатай орчинг нь бүрдүүлээд өгчихвөл халамжийн хэмжээ багасаж болно. Өөрөөр хэлбэл, шат довжоо багатай, нийгэмд хэн нэгний тусламжгүйгээр ажил эрхлэх боломжтой бол заавал халамж авах гээд байх шаардлагагүй.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх эрх зүйн орчин байдаг ч хэрэгжих шатандаа алдаа гардаг гэдгийг та хэлсэн. Үүнийг амьдрал дээр биелдэг, хэрэгждэг байхад юунд анхаарах шаардлагатай байна вэ?
-НҮБ-ын конвенц байдаг. Хөгжлийн бэрхшээлийн асуудлаар НҮБ манайд хэд хэдэн зөвлөмж хүргүүлсэн байдаг. Тэр зөвлөмжөө дагаж ажиллах нь Засгийн газрын үүрэг. Ирэх намрын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамгаалах шинэ хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Тэр төсөлд хүрээмжтэй холбоотой олон заалт хасагдаж, Саадгүй байдал хүртээмжийн тухай хууль руу орж байгаа юм. Тэгэхээр манайх хууль, эрх зүйн шатандаа харьцангуй сайн ажлууд хийж байгаа. Хамгийн гол нь хуультай уялдаж гарах дүрэм журам, түүнийг дагасан төсвийн асуудал байна. Тиймээс Засгийн газраас төвсийн төсөл өргөн мэдүүлэхэд хүртээмжийн төсвүүдийг анхаарч, шаардаж ажиллахыг зорьж байна.
Би УИХ-д Нийгмийн тэгш хамруулалт болон тэгш хүртээмж гэх лобби бүлэг байгуулан ажиллахаар болсон. Дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэд бус, нийгмийн бүх бүлгийн хүртээмжийн асуудлыг хөндөх юм. Үүнд улс төрийн намын гишүүд маш идэвх, санаачилгатай нэгдэж байна. Энэ лобби бүлгээрээ дамжуулж, төсөвт шаардах асуудлаа салбар бүрд ярих юм. Тун удахгүй чуулганы хуралдаан эхлэхээр бид лобби бүлэг санаачилсан талаараа бичиг өргөн барина. Түүнчлэн би Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдаж байгаа.
-Энэ парламентад эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн. Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар хүчтэй дуугарах болов уу гэсэн хүлээлт иргэдэд байна. Та энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Би парламентын үйл ажиллагаанаас гадна “Лантуун дохио” ТББ болон иргэний нийгмийн байгууллагуудтай байгуулсан хүүхэд хамгааллын лобби бүлэгт байдаг. Үүгээрээ дамжуулж хүүхэд хамгааллын асуудалд анхаарна. Ялангуяа хүүхдийн үл хайхрах, сэтгэл зүйн хүчирхийллийг илүү анхаарч ажиллана. Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлуудад шийдэл хайна.
Би эрх ямба эдлэх гэж биш, ард түмэнд “үйлчлэх” гэж УИХ-ын гишүүн болсон. Тиймээс дөрвөн жилийн хугацаанд хариуцлагатай ажиллана.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
О.САРАНЧУЛУУН: БИ ЭРХ ЯМБА ЭДЛЭХ ГЭЖ БИШ, АРД ТҮМЭНД “ҮЙЛЧЛЭХ” ГЭЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН |
|
2025-03-31 13:55:25
2025-03-31 13:36:36
2025-03-31 13:23:33
2025-03-31 12:56:49
2025-03-31 12:47:05
2025-03-31 12:40:00
2025-03-31 12:27:19
2025-03-31 12:15:20
2025-03-31 12:00:58
2025-03-31 12:00:00
2025-03-31 11:52:52
2025-03-31 11:03:43
2025-03-31 10:52:10
2025-03-31 10:24:18
2025-03-31 10:13:48
2025-03-31 10:08:15
2025-03-31 09:52:02
2025-03-31 09:45:03
2025-03-31 08:57:45
2025-03-31 08:35:14
2025-03-31 08:27:32
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-30 16:39:21
2025-03-30 16:32:40
2025-03-30 15:41:24
2025-03-30 14:55:33
2025-03-30 14:45:38
2025-03-30 13:34:33
2025-03-30 12:53:42
2025-03-30 11:09:50
2025-03-30 09:41:01
2025-03-30 09:26:36
2025-03-30 09:12:37
2025-03-30 09:06:33
2025-03-30 08:58:56
2025-03-30 08:54:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |