• Өнөөдөр 2026-03-19

СЭЛГЭЭНИЙ САЙДУУДААР НАМУУДАД ӨРӨӨ ТӨЛЖ БУЙ ХҮЧГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР

2026-03-19,   128

         Хаврын улс төр халуурч эхэлсэн энэ цаг үед Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраасаа “шүд сулгалж”, хоёр сайдаа төрхөмд нь буцаалаа. Өөрөөр хэлбэл, хаврын чуулган нээхтэй зэрэгцээд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар “давхар дээл”-ээ тайлах хүсэлтээ хүргүүлснээ мэдэгдсэн. Улмаар Б.Чойжилсүрэн сайдыг ХҮН намын гишүүн Б.Найдалаагаар, П.Наранбаяр сайдыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар солих шийдвэр гарч, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.


    Өнгөрсөн хугацаанд Г.Занданшатарын Засгийн газраас хамгийн их хэл ам дагуулж, сайдынхаа чихнээс хонх уясан хоёр сайдыг чөлөөлж, халаа сэлгээ хийхээр болоод байна. Хэдийгээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж байгаа ч үнэндээ хэдэн сарын өмнөөс тэднийг чөлөөлөх асуудал яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Эрчим хүчний сайдад салбартаа үүссэн асуудлыг шийдвэрлэх 100 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч байсан удаатай.  Үнэндээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нэрээр Эрчим хүчний сайдын хөлд Боловсролын сайд П.Наранбаяр “чирэгдлээ”.

         Гэвч нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр Засгийн газрын халаа сэлгээ “бай”-гаа оносон эсэхийг олон нийт дэнслээд эхэлсэн байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд сайдын суудлаас салдаггүй, “давхар дээл”-нд дуртай, Монголын төрөөс албан тушаалын авлагатай юм шиг явж ирсэн гэхэд хилсдэхээргүй нэгэн.

       Түүний хувьд 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдохдоо Байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, Боловсролын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан намтар зузаантай парламентын хууччуулын нэг. 2024 онд сайдын суудлаас буухдаа Төрийн гурван өндөрлөгийн нэг рүү зүтгэх санаатай хойш суусан гэдгийг ч улс төрийн хүрээлэлд жиг жуг гэлцдэг. Үнэндээ өнгөрсөн намрын МАН-ын зодооны эхлэлийг тавьсан хүмүүсийн нэгээр нэрлэгддэг нь ч нууц биш. Угтаа бол түүнийг УИХ-ын даргын суудалд очно гэх яриа халуун намрын улс төрийн нэг сенсаци байлаа. Ийн УИХ-ын даргын суудалд горилж байсан ч, намаасаа дэмжлэг авч чадаагүйнхээ хариуг Боловсролын сайдаар нөхөж байгаа бололтой.

        Харин ХҮН намынхан Боловсролын сайдаар туг тахиж, оронд нь УИХ-ын гишүүн Б.Найдалааг сайдын суудалд зүтгүүлснээр  Эрчим хүчний салбарт “эзэн” суухаар боллоо. Үндсэндээ Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний салбарт алтгаад алдсан “ашиг сонирхлоо” гүйцэлдүүлэхээр намдаа хамгийн ойрын хүн болох Б.Найдалааг Боловсролын сайдаар сольсон гэж харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Т.Доржханд Эрчим хүчний Үндсэний хороог даргалж байгаад Үндэсний хороодыг татан буулгаснаар атгасан боломжоо алдсан. Гэвч суусан газраасаа шороо атгаж сурсан түүний хувьд Үндэсний хороог даргалсан хэдхэн сарын хугацаанд эрчим хүчний салбарт хамгийн олон инженер томилж амжсан залжин нэгэн. Өөрөөр бол, өнгөрсөн хугацаанд Т.Доржхандын “тавиул”-ууд төрийн өмчит эрчим хүчний компаниудыг менежер сэтэртэйгээр удирдаж ирсэн. Жишээ нь, “ДЦС-3” ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлт хариуцсан менежерээр ХҮН намын УЗ-ийн гишүүн, Т.Доржхандын зөвлөх Ш.Энхтуулын нөхөр М.Ангараг, Дотоод үйл ажиллагаа хариуцсан менежерээр ХҮН намын гишүүн Д.Бат-Эрдэнэ, “ДЦС-4” ТӨХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежерээр ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Чинзориг, “Багануур” ХК-ийн Бүтээмж хариуцсан менежерээр Багануур дүүргийн ХҮН намын хорооны дарга Д.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны даргаар 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшээд унасан Л.Жамбаа гэх мэтээр томилогдсон байдаг.

       Засгийн газарт танхимаа бүрдүүлэх бүрэн эрх нь Ерөнхий сайдад бий. Гэвч Г.Занданшатарын танхим сэлгээний суудлаар дүүрч, намуудад өрөө төлж байгаа нь илэрхий байна. Нэмээд намынхаа даалгаврыг  дуулгавартай биелүүлсэн дараагийн ээлжнийхнээ “хоолонд” нь оруулж эхэлсэн гэхэд ч хэлдэхээргүй томилгооны хийж байлаа.

      Тухайлбал,  Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарыг улс төрийн зодооны эхлэл үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар солих шийдвэр гаргаж байгаагаа Ерөнхий сайд танилцуулсан. Улмаар УИХ-ын дарга огцорч, Засгийн газар тогтож үлдсний араас Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж байлаа. Түүний араас танхимын зарчимаасаа ухарсан гэх шалтгаанаар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар томилсон билээ. Улмаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдснөөр Г.Занданшатарын Засгийн газрын Тэрргүүн Шадар сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ-ын дарга болж, түүний албан тушаалаас нь чөлөөлсөн. Ингээд Н.Учралын албан тушаалд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг томилж, түүний оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилоод байна. Энэ мэтээр Г.Занданшатарын Засгийн газар зургаан сарын хугацаанд танхимдаа багагүй халаа сэлгээ хийсэн ч Г.Занданшатарын гэх харъяалалтай тун цөөхөн хүн байгааг дурдах нь зүйтэй биз ээ.

 

         

 


СЭЛГЭЭНИЙ САЙДУУДААР НАМУУДАД ӨРӨӨ ТӨЛЖ БУЙ ХҮЧГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188