• Өнөөдөр 2025-05-14

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААРАА ХЭНТИЙ ТЭРГҮҮЛЖ, ХӨРӨНГӨ ЧИНЭЭГЭЭР САНГИЙН САЙД ТОРОЙХ 2024 ОНЫ ТӨСӨВ

2023-11-05,   1628

         Одоогийн парламентын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд хамгийн сүүлчийн төсвийн төслөө хэлэлцүүлэн батлах гэж байна.  Ирэх жилийн төсөв үндсэндээ сонгууль угтсан түүхэнд байгаагүй өөдрөг төсөөлөлтэй төсөв Засгийн газар өргөн мэдүүлсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон байна. Тэр дундаа төсвийн орлого, зарлагыг өөдрөгөөр төсөөөлж, төсвийн алдагдлыг 2.1 их наядаар нэмсэн нь ирэх оны эдийн засагт том дарамт үзүүлж болзошгүй гэдгийг ч судлаачид сануулсаар байгаа юм. Гэвч сонгуулийн жилийн үрэлгэн төсвийн үр ашигтай талаас нь батлах сонирхол Засгийн газарт ч, УИХ-д байхгүй байгаа нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд тойргоо услах ганцхан боломж нь 2024 он болчихоод байгаа учраас аль болох хөрөнгө оруулалтыг нэмэх сонирхол байгаа нь тодорхой.

       Жил жилийн төсөвт тухайн төсвийн захиран зарцуулалт, хөрөнгө оруулалтууд анхаарал татсаар ирсэн. Тэгвэл ирэх оны төсвийг хэрхэн хуваарилахаар болсон талаар мэдээллийг хүргэж байна.

ЦАЛИН, ТЭТГЭВЭР НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ НЭМЖ, УРСГАЛ ЗАРДАЛД  21.3 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

       2024 оны төсвийн төсөлд урсгал зардал чамгүй өндөр дүнтэй орж ирсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилүүдэд халамжийн бодлогыг тэлж, инфляцын хөөрөгдөх хуучин арга барилаас салж чадсангүй эрх баригчид. Тухайлбал, 2024 онд төсвийн нийт урсгал зардлыг 21.3 их наяд гэж тооцоолжээ. Үүний 77 хувийг цалин, тэтгэвэр тэтгэмж эзэлж байна.

    Өөрөөр хэлбэл, 2023 онд хийсэн төсвийн тодотголоор хүүхдийн 100 мянган төгрөгийг хүүхэд бүрд олгох шийдвэр гарч, улмаар тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор илтгэлцүүрээр нэмж,  нийт тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлсэн нь ирэх оны төсөвт урсгал зардал нэмэх шалтгаан болж байна. Улмаар  ирэх онд цалингийн хэмжээг дахин 10 хувиар нэмэгдүүлж орон нутагт ажиллаж байгаа нэмэгдлийг аймгийн төвд 20, сумын төвд 40 хувь болгохоор төсвийн төсөлд тусгажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон байна.

       Боловсролын ерөнхий хууль  Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр гэхэд нийт нэг удаад олгох мөнгөн тэтгэмжид 154.5 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм. Тодруулбал, боловсролын салбарын багш, ажилчид буюу хөдөө нутагт ажиллах хүчний тэтгэмжид 75 тэрбум төгрөг, багш мэргэжлээр суралцагсад олгох тэтгэлэги 13 тэрбум төгрөг, 15-аас дээш жил ажилласан тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа багшийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургахад 7.1 тэрбум, алслагдсан сум, дүүргийн төр захиргааны алба хаагч болон гаалийн байцаагчид таван жил тутамдд олгох мөнгөн дүн 59.4 тэрбум төгрөг болж байгаа юм.

      Улмаар 2024 оноос малчдын нийгмийн даатгал шимтгэлийн 50 хувийг төр даах шийдвэр гаргасан нь нийгмийн даатгалын санд ачаалал өгч, татвар төлөгчдийг бухимдуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ арга хэмжээнд гэхэд 25.1 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Ийм урсгал зардалд ачаалал өгсөн шийдвэрийн жин дарах арга хэмжээг хөдөө орон нутаг, малчид руу чиглүүлсэн нь яалт ч үгүй сонгуулийн төсөв болсон гэж шүүмжлэхээс аргагүй болж байна.

ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ТӨЛВӨРҮҮЛСӨН БОЛ  ӨМНӨГОВЬД ХАМГИЙН БАГА ДҮНТЭЙ БАЙНА

     Жил жилийн төсвийн төслийг хэлэлцүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал гол сэдэв байсаар ирсэн. Өнгөрсөн жилиййн төсвийн төсөлд нэг ч шинэ хөрөнгө оруулалт тусгалгүй он дамнасан хуучин ажлуудаа үргэлжүүлэх шийдвэр гаргасанаар хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багассан. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд  нийт 1025 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Улмаар аймгуудын хөрөнгө оруулалтыг тсөвийг задлаж үзвэл хамгийн их хөрөнгө оруулалтыг Хэнтий аймаг руу төвлөрүүлж, улсын төсвийн хөрөнгөөр Өмнөговь аймагт хамгийн бага төсвийг тусгажээ. Тодруулбал,

Архангай аймаг 310.6 тэрбум

Баян-Өлгий аймаг 146.7 тэрбум

Баянхонгор аймаг 228.8 тэрбум

Булган аймаг 131.0 тэрбум

Говь-Алтай аймаг 158.7 тэрбум

Говьсүмбэр аймаг 99.2 тэрбум

Дархан-Уул аймаг 279.5 тэрбум

Дорноговь аймаг 105.6 тэрбум

Дорнод аймаг 534 тэрбум

Дундговь аймаг 114.5 тэрбум

Завхан аймаг 158.3 тэрбум

Орхон аймаг 115.0 тэрбум

Өвөрхангай аймаг 305.5 тэрбум

Өмнөговь аймаг 39.5 тэрбум

Сүхбаатар аймаг 130.8 тэрбум

Сэлэнгэ аймаг 173.6 тэрбум

Төв аймаг 626.3 тэрбум

Увс аймаг 170.9 тэрбум

Ховд аймаг 372.1 тэрбум

Хөвсгөл аймаг 383.9 тэрбум

Хэнтий аймаг 1.145.5 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхээр хуваарилсан байна. Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтаараа ч Хэнтий аймаг бусад аймгаас хөрөнгө оруулалтын дүнгээрээ хамаагүй өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн өндөрлөгүүдийн төрлөх нутагт хөрөнгө оруулалтыг төвлөрүүлдэг уламжлал арга барил ирэх оны төсөвт ч хэвээр үргэлжлэх нь. Дээрх тоон мэдээллээс харахад улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өмнөх он мөн үеэс эрс өссөн байна. Харин төслийн тоо хэмжээгээрээ Хөвсгөл аймаг хамгийн олон буюу 76 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бол Өвөрхангай аймаг удаалж байна.

САНГИЙН САЙД СОНГУУЛИЙН ЖИЛД ХАМГИЙН ИХ БУЮУ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛНА

      Төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирэх оны төсөвт хамгийн өндөр төсөвтэй нь Сангийн сайд байна.  Тэрбээр нийт 4.6 их наяд төгргөгийг захиран зарцуулахаа бөгөөд 1.2 их наяд нь зээлийн хүүгийн төлбөр, 1.8 их наяд төгрөгийн гадаад зээл тусламжаас санхүүжих зардал багтаж байгаа юм байна. Тэгвэл Сангийн сайдын араас БШУ-ны сайд 4.2 их наяд төгрөгийг захиран зарцуулах эрхээрээ удаалж байна. Үүнээс 3.5 их наяд нь урсгал зардал буюу боловсролын байгууллагын алба хаагчдын цалин хөлсөд зарцуулах тооцоолол гаргажээ.

Хөрөнгө оруулалтын захиран зарцуулах хөрөнгөөрөө Боловсрол шинжлэх ухааны сайд хоёрдугаар эрэмбэлэгдэж байгаа ч ерөнхий боловсролын сургуулийн үдийн  хоолны төсвийг нэмээгүй нь олон нийтийн бухимдлыг түрүүлээд буй. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сурагчдын үдийн хоолонд нэг хүүхдэд 1500 төгрөг төсөвлөсөн бөгөөд хувийн сургуулиудын үдийн хоолны мөнгийг улсын төсвөөс хассан нь олны дунд шүүмжлэл дагуулж байна.

     Харин Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хамгийн бага буюу 11 тэрбум төгрөгийг захиран зарцуулахаар төсөвт тусгасан байна.

ОНЦЛОХ ТӨСӨВ: ЭД, ЭС, ЭРХТЭН СУУЛГАХ ТӨВД 140 ТЭРБУМ, ДЭД СТАНЦ БАРИХАД 130 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨВ

      Ирэх оны төсөвт онцлох гол төсөв нь эрүүл мэндийн салбар хийж буй хөрөнгө оруулалт буюу Эс, эд, эрхтэн суулгах төвтэй болгох ажлыг эхлүүлэх юм байна. Ирэх онд Эрүүл мэндийн салбарт нийт 270 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинэ хөрөнгө оруулалтын ажлыг хийнэ. Үүнээс Эс,эд, эрхтэн шилжүүлэн суулгах 140 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилгын ажлыг эхлүүлэх ба ирэх онд 42 тэрбум төгрөг төсөвлөжээ. Уг төвийн барилгыг 2026 онд хүлээлгэн өгөх тооцоо гаргасан байна. Түүнчлэн Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл үрс" төвийн ажлыг шинээр эхлүүлэх ба нийт 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбум төгрөгийг ирэх онд төсөвлөжээ. Мөн рэх онд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын төслүүдийг эхлүүлэх ба 10 аймагт шинээр дэд станц барих ажлыг эхлүүлүүлэхээр төсөвт тусгажээ.

     Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймагт 130 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд станцийн ажлуудыг ирэх оноос эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн хөдөөгийн алслагдсан 191 багийг харилцаа холбоонд холбох ажлыг үүрэг холбооны оперторуудтай хамтарч эхлүүлэх бөгөөд нийт 20 тэрбум төгрөгийг өртөгтэй байхаар төсөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн ирэх онд “Шинэ Хархорум” хотын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр 30 тэрбумтөгрөг төсөвлөжээ. Энэ мэтээр хөдөө орон нутагт сургуулт цэцэрлэгийн ажлыг үргэлжлүүлэн, автозам завсар, арчлалт үйлчилгээний хөрөнгө оруулалтыг мөн тусгаад байгаа аж.

СОНГУУЛЬД 72.2 ТЭРБУМ, ОЛИМПОД 22.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

       2024 онд УИХ болон Орон нутгийн ээлжит сонгууль болохтой холбоотой зардалд нийт 72.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Тодруулбал УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг, орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцсон байна.

    Түүнчлэн ирэх оны төсөвт нэг удаагийн арга хэмжээнд 2024 оны олимпод Монголын баг тамирчид оролцоход 22.6 тэрбум төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд 9.2 тэрбум төгрөг Геологи, хайгуул судалгааны зардал 40 тэрбум төгрөг зэргээр 2024 онд зарцуулах нэг удаагийн арга хэмжээнүүдэд нийт 232.7 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

 


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААРАА ХЭНТИЙ ТЭРГҮҮЛЖ, ХӨРӨНГӨ ЧИНЭЭГЭЭР САНГИЙН САЙД ТОРОЙХ 2024 ОНЫ ТӨСӨВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 12:20:40
    Зочин: Шүүх, прокуророо ингэж гаргуунд нь хаяад яаж шударга ёсыг тогтоох юм бол? Олигтой цалингүй, ахуй хангамж байхгүй бол мэдлэг, чадвар сайтай хүмүүс ирж ажиллахгүй, одоо байгаа гайгүй гэсэн хэд нь гарч зугтаад үлгэрийн баатрууд орж ирээд самрах юм байна л даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188