• Өнөөдөр 2024-03-29

БНМАУ БОЛОХ МАН-ЫН ЗАХИАЛГА БУЮУ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД БОЛОВСРУУЛСАН Н.ЭНХБАЯРЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ

2023-01-28,   1181

-Н.ЭНХБАЯР АРДЫН НАМД НАЙР ТАВИХДАА АРД ТҮМНИЙХЭЭ “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЯСЫГ БАРЬЧИХЛАА”-

         Нийгэм хаашаа эргэх гээд байна даа. Арай гэж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Үндсэн хуультай болоод ердөө 30 жил болж, ард түмэн хөлөө олох гээд дэнжгэнэж байхад дахиад л эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ нэмэгдүүлэхээр, Үндсэн хуулийг шинэчлэхээр зүтгүүлж эхэллээ. Ингэхдээ бүүр хуучин нийгэм рүүгээ ухарч, Бүгд Найрамдах Монгол Улс болж ч мэдэхээр нөхцөл хэдийнээ бүрджээ. Одоогоос 30 жилийн өмнө социалист нийгэм бидэнд хэрэггүй юм байна гээд Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн нэршлээсээ татгалзан, Ардчилсан Монгол Улс болж байсан түүхтэй. Харамсалтай нь, ердөө 30 жилийн дараа энэ үзэл санаанаасаа “ухарч”, шинэ Үндсэн хуулиа “үгүйсгэж”, хуучин Бүгд найрамдах социалист улс болох бэлтгэлээ хангачихжээ, манай эрх баригчид.

       Тодруулбал, Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг томилогдож, өнгөрсөн долдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулсан байна. Уг ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж, боловсруулсан хуулийн төслөө өчигдрөөс олон нийтэд мэдээлж эхэллээ. Ингэхдээ тэд ард түмэнд нээлттэй болгохоосоо өмнө элчин сайд нар руу илгээсэн гэх.

           Үндсэн хуульд гар хүрэх талаар эрх баригч намынхан удаа дараа мэдэгдэж байсан ч, шинэ Үндсэн хуультай болох гэж байгааг ард түмэн битгий хэл хууль санаачлагчид ч мэдсэнгүй. Угтаа бол МАН төрийн эрхийг урт удаанаар, дангаараа засаглах хүслээсээ огт ухрахгүйгээр, давуулан биелүүлэх ажлаа шуурхайлж эхлэв бололтой. Эрх баригч намынхан өнгөрсөн хугацаанд төрийн эрхэнд хоёр удаа олонх болж, Засгийн эрхэнд дангаараа ноёрхсон ч, тэд эрх мэдэлдээ сэтгэл дундуур байгаагаа энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажуулж, дараагийн нүүдлээ хийх бололтой.

        Угтаа бол 1992 оны шинэ Үндсэн хууль нэг нам дангаараа ноёрхох боломжийг хязгаарлаж, үүргээ биелүүлж байгаа нь МАН-ын одоогийн эрх мэдэлтнүүдэд таалагдаагүй гэж харж болохоор байна. Иймд эрх баригчид олонхоороо төрийн эрхийг барьж байгаа энэ цаг хугацаандаа эрх мэдлээ нэмэх дараагийн алхам руугаа ханцуй шамлан, яаравчлан орох нь.

          Хэдийгээр Үндсэн хуульд гар хүрэх эрх мэдэл тэр чигтэй ард түмний мэдэлд байгаа ч, эрх баригчид хуулийн дээгүүр “гишиглэхээс” ч буцахгүй, олонхоороо хүч түрэн хууль батлах болсон нь нууц биш юм. Угтаа бол Үндсэн хуулийн шинэчлэлийг нийтээрээ эсэргүүцээд ч хүч хүрэхгүй байх нөхцөлийг өнгөрсөн хугацаанд эрх баригчид хангалттай хийсэн гээд хэлчихэд буруудахгүй. Тиймдээ ч шинэ Үндсэн хуулийг МАН “захиалж”, гурван сарын хугацаанд хуулийн төслөө боловсруулан,  өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд хуулийн төсөл боловсруулагчид Ерөнхий сайдад Тавдугаар Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан байгаа юм.

        Эрх баригч намынхан Үндсэн хуульд гар хүрэхдээ гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар дурдаж байв. Гэвч Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон зүйл заалтыг задалж үзвэл засаглалын хувьд ч, үзэл суртлаараа ч нэлээд том өөрчлөлт орох нь тодорхой байна.

          БНХАУ-ын Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны долдугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг, түүнд дэмжлэг үзүүлэх эрдэмтдийн баг сонгодог парламентын засаглалыг төгс төгөлдөр хэлбэр, утга агуулгын шүтэлцээнд нь иж бүрэн байдлаар тусгасан Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулсан болно хэмээн тусгажээ.

        Үндсэн хуулийн шинэчилсэн бүтэц нь таван бүлэг, зургаан зүйл, 397 заалтаас бүрджээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хууль нь зургаан бүлэг, 70 зүйлээс бүрдэж байгаа юм.

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ЗАРЧИМ БОЛ АРД ТҮМНИЙ БАЙГУУЛСАН, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛ МӨН

Үндсэн хуулийн шинэчилсэн төслийн Нэгдүгээр бүлэгт Монгол Улсын бүрэн эрхт байдлын тухай тусгасан байна.

Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.1, 1.1-т Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 1.2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг

1.    Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, нэгдмэл эрх зүйт засаг төр бүхий Бүгд найрамдах улс мөн

2.    Бүгд Найрамдах Улсын зарчим бол ард түмний байгуулсан, ард түмний төлөө, ард түмний засаглал мөн

3.    Монгол Улсын нутаг дэвсгэр үл хуваагдах бөгөөд зөвхөн засаг захиргааны нэгжид хуваарилагдана хэмээн өөрчилсөн байна.

            Үндсэндээ одоогийн Үндсэн хуульд тусгасан 2.2 дахь зүйл заалт болох Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэснийг “Монгол Улсын нутаг дэвсгэр үл хуваагдах бөгөөд..” хэмээн нэгтгэсэн байна.

          Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэх зүйл заалтыг Монгол Улсын нийт иргэн Монголын ард түмэн байна. Монгол Улсын засаг, төрийн бүх эрх мэдлийн анхдагч эх сурвалж нь Монголын ард түмэн мөн бөгөөд засаг төрийн үүсгэн байгуулагчийн эрхээ өөртөө байнга хадгална... Монголын ард түмэн засаг төрийн үйл хэрэгт, шууд болон шууд бус оролцоно хэмээн томьёолжээ.  Энэ мэт өөрчлөлтийг хууль боловсруулагчид  Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний болон хүний аюулгүй байдлыг бататгахтай холбоотой тусгасан хэмээн тайлбарлаж буй.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ ҮНДСЭН ХУУЛИАР ЗОХИЦУУЛЖ, ШАТАЛСАН ТАТВАРТАЙ БОЛНО

         Шинэ Үндсэн хуулийн зургадугаар зүйлд эдийн засагтай холбоотой хэд хэдэн нэмэлт зүйл, заалт шинээр оруулсан байна. Энд анхаарах хэд хэдэн асуудал буй. Тухайлбал, өмчийн харилцааг Үндсэн хуулиар зохицуулж, экспортын чиг баримжааг чухалчилсан, зах зээлийн эдийн засагтай байна гэх зүйл заалт ч оруулсан байх.

Үүний нэг нь 6.8-т Татварын шинээр бий болгох, өөрчлөх, хүчингүй болгохдоо зөвхөн хуулиар тогтоох бөгөөд хүн амын төлбөрийн чадварыг харгалзан татварын шатлалтай болгох тогтолцоотой байна хэмээн тусгажээ.

ГАДНЫН УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ БОЛОН АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН ЗҮЙЛ ЗААЛТ

       Шинээр боловсруулсан Үндсэн хуулийн долдугаар зүйлд байгалийн баялагтай холбоотой шинэ заалтуудыг тусгасан байна. Тухайлбал, 7.2-т Байгалийн баялгаас орж ирсэн бүх төрлийн орлогыг нийт иргэдийн хамтын өмчлөлийн Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн арвижуулж, ногдол ашгийнх нь тодорхой хэсгийг иргэн бүрт тэгш, шударга хуваарилж болно гэж заажээ. Үндсэндээ байгалийн баялагтай холбоотой шинэ зүйл, заалт нэмсэн гэсэн үг.

      Түүнчлэн гаднын иргэд газар эзэмшүүлж, ашиглуулахтай холбоотой шинэ зүйл заалт, тусгаж, томьёолсныг энд сануулах нь зүйн хэрэг биз ээ.

      Тодруулбал, уг хуулийн төслийн 7.4-т Иргэн хувийн өмчийн газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын байгууллага, гадаадын өмчийн  оролцоотой, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулж болно хэмээн тусгажээ.  

        Одоогийн мөрдөж буй хуулиар гаднын иргэнд газар өмчлүүлэх болон эзэмшүүлэхийг бүрэн хориглосон байдаг. Үндсэн хуулийн 6.3-т энэ талаар Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно хэмээн заажээ.

УЛСЫН ДАЛБААНД ӨӨРЧЛӨЛТ ОРЖ, СОЁМБО ТЭМДГИЙГ ГОЛ ХЭСЭГ БАЙРЛУУЛНА

         Үндсэн хуулийн арванхоёрдугаар зүйлд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн хэмээгээд 12.5-т Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна хэмээсэн байдаг. Тэгвэл шинэ хуулийн төсөлд Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны дундах хэсгийн хөх дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна гэжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВАН ЖИЛЭЭР НЭГ УДАА ПАРЛАМЕНТААС СОНГОДОГ БОЛНО

       Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байхаар тусгасан бол шинэ хуулийн төсөлд таван жилээр нэг удаа парламентын гишүүд сонгодог байх зохицуулалтыг тусгажээ.

    Тодруулбал, уг хуулийн төслийн  25.4-т Улсын Их хурал, Улсын Бага Хурлын нийт төлөөлөгч, гишүүнээс бүрдсэн бүрэлдэхүүний ердийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгосонд тооцно хэмээн тусгасан. байна.

    Үүнээс гадна одоогийн мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг ахлах үүрэг хүлээсэн байдаг. Тэгвэл шинэ хуулийн төсөлд ҮАБЗ-ийг Ерөнхий сайд ахлах талаар тусгасан байгааг энд сануулах нь зүйтэй биз ээ. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн дараагийн зүйл заалт нь Ерөнхий сайд парламентыг тараах эрхтэй байхаар тусгажээ. Зайлшгүй нөхцөл байдал үүсэхэд Парламент Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд парламентыг тараах шийдвэр тус тус гаргаж болно хэмээн заажээ.

ХОЁР ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛЖ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

          Түүнчлэн шинэ хуулийн төсөлд хоёр танхимтай парламент байгуулах талаар тодорхой зүйл заалтуудыг нэмсэн байна. Ингэхдээ 75, 165 гишүүнтэй хоёр танхимт парламент байгуулна. Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно. Өмнө нь Монгол улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд хийж байсан хүмүүс ард түмнээс сонгогдохгүй шууд томилогдож гишүүн болно гэх заалт тусгаад байна.

         Ингэхдээ Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь Үндэсний Их хурал байна. Үндэсний Их хурал нь Улсын бага хурал, Улсын их хурлаас бүрдэнэ. Хууль тогтоох эрх мэдэл нь хууль батлах болон хууль ёсорхон батлах эрх мэдлээс бүрдэх бөгөөд УБХ нь хууль баталж, УИХ соёрхон батална гэсэн байна.

        Шинэ Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг задлан үзвэл олон өөрчлөлтүүдийг тусгасан байна. Үүнээс анхаарах зүйл заалтыг товч дурдлаа. Үндсэндээ Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч  Н.Энхбаяр Ардын намд найр тавихдаа ард түмнийхээ “эрх чөлөөний ясыг” барьж мэдэхээр байна


БНМАУ БОЛОХ МАН-ЫН ЗАХИАЛГА БУЮУ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД БОЛОВСРУУЛСАН Н.ЭНХБАЯРЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-28 18:20:08
    Иргэн: Энийг шоронд нь хатаах байсан юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-28 10:08:53
    Зочин: Улсын нэр, билиг тэмдэг гээд еерчлен гэж юу байсан юм бэ?!! Ардад хайртай нам « ард» угээ хасахаар шийдэж. Мэргэжлийн эрдэмтэн судлаачид ажилласан гэдэг итгэмээргуц юм болж. Энгийн зуйл: уг усгийн алдаа гээд л.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-26 16:18:31
    Хөтөл Ш.Жамбал: Шинэ хуулийн төсөлд 2 танхимт парламенттай байхаарт тусггасан нь зөв. Тэр Ерөнхийлөгч ЕС хийж байсан хүмүүс УИХ -н гишүүн шууд болдог заалтыг хасах хэрэгтэй. Манйх шиг 6-20 сарын хооронд ЗГ нь огцордог улсад байж болохгүй .2 ,3 жилийн дараа УИХ-н сонгууль явуулах шаардлагагүй нөхцөл үүснэ. Үүний оронд Н.Энхбаяр бүх насаараа парламентийн гишүүн байна гээд заачихвал яасан бэ ? Ерөнхийлөгч, ЕС УИХ -н 15 гишүүн томилдог байж болохгүй. Хувийн УИХ-н гишүүдтэй байж ерөөс болохгүй. Мөд хувийн армитай болно . Ер нь томилогддог УИХ БХ-н гишүүн байж болохгүй.Ийм ҮХ-н төслийг хүлээн зөвшөөрч болохгүй.МАНдангаараа ҮХ-д гар хүрч болохгүй. Сөрөг үр дагавар их байх болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-26 13:08:16
    Zochin: Amarbayadgalan ZG-aas Yndsen khuuliig shineer bolovsruulakh tukhai yu ch yariagyi gd bsan vhin Erunkhii said n' shinechlen nairuul gd zakhiramj gargachikhsan l um bna sh dee. Byyr urdaas kharj bgd tsavchikhgyi khudlaa yaridag ulsuud shyy. Iim yos zyigyi, khudalch nukhdyyd l khulgai khiij, ard tymnii bolomjiig boomilj suudag shyy dee. Iim baliar yumbuudiig turuus zailuulakhgyi bol uls ornooroo, ard tymneeree or murgyi ustakh um bna l daa.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188