• Өнөөдөр 2024-03-29

ХҮҮХДҮҮД ЮУ ХҮСДЭГ ВЭ: "Шидтэн байдаг бол би усан бассейн нээгээд өгөөч гэж хэлмээр байна"

2021-06-01,   1414

Хүүхдийн цагаахан инээд хөөр, баяр баяслаар цалгисан, хамгийн аз жаргалтай мөч нь магадгүй өнөөдөр биз ээ. Тэд зөвхөн энэ өдөрт л зориулж өөрт байгаа хамгийн гоё хувцсаа өмсөөд, хийхийг хүссэн зүйлээ хийж, нандин дурсамжаа бүтээдэг билээ. 

Эцэг, эх томчууд заримдаа хүүхдээ анзаарахгүй өнгөрөөх нь бий. Тэгвэл хүүхдүүд юу бодож, юу хүсэж мөрөөддөг талаар бид сонирхлоо. Хүүхэд бүр өөр өөрийн аз жаргалтай цаг үеийнхээ дурсамжаас хуваалцаж, шидтэнд хэлэх хүслээ дайсан юм.
Томчуудын анзааралгүй үлдээдэг хүүхдийн ертөнцөөр аялж, цаашлаад хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хамтдаа бүтээгээрэй.

Д.ДҮҮРЭНЗАЯА: БИ ТОМ БОЛООД ААВ ШИГЭЭ МУНДАГ ХҮН БОЛЖ, ОЛОН ХҮНД БЭЛЭГ ӨГНӨ

Намайг Дэлгэрхүүгийн Дүүрэнзаяа гэдэг. Би 2012 оны наймдугаар сарын 31-нд төрсөн, найман настай. Би гуравдугаар ангид сурдаг. Одоо хичээл амарчихсан дүү нартайгаа тоглоод гэртээ байж байна. Зуны амралтаараа хөдөө очиж, амардаг. Дулаахан болохоор явах гээд хүлээж байна. Би амралтаараа дугуй унаж, найзуудтайгаа тоглох дуртай. 
Би хүүхдийн баяраа ихэвчлэн гэр бүлтэйгээ хамт тэмдэглэдэг. Бид зусландаа очиж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлдэг юм. Энэ жил аав “Хүүхдийн баяраа хойшлуулдаг юм билүү” гээд ярьж байсан. Коронавирус аюултай учраас ийм шийдвэр гаргаж байгаа гэсэн. Гэхдээ би бэлэг авмаар байна. Би тоглоом, мөнгө авмаар байгаа юм. Ааваасаа авсан мөнгөөрөө би ээжид бэлэг авч өгнө. 
 
Миний бодлоор аз жаргал гэж гэр бүлтэйгээ хамт байх. Би аав, ээж, ах, дүү нартайгаа гэр бүлээрээ байхдаа хамгийн аз жаргалтай байдаг. Бас аав, ээжийгээ намайг үнсээд, хайртай гэдэг үгийг хэлэхээр маш их баярладаг. Том болоод би аав шигээ мундаг хүн болно. Аавынхаа мэргэжлийг өвлөж, олон хүнд бэлэг өгнө. Шидтэн байдаг бол би усан бассейн нээгээд өгөөч гэж хэлмээр байна. Би  бассейнд явмаар байна.
 
М.ХАТАН-ЭРДЭНЭ: БИ ТОМ БОЛООД ХҮМҮҮСИЙГ ЭДГЭЭДЭГ ЭМЧ БОЛНО
 
Намайг Мөнхтөрийн Хатан-Эрдэнэ гэдэг. Ам бүл зургуулаа амьдардаг. Би найман настай, гуравдугаар ангийн сурагч. Гэртээ ээж, аав, эгч, хоёр дүүтэйгээ хамт байдаг. Удахгүй хөдөө өвөө, эмээгийндээ очиж амрах гэж байгаа.
Хүүхдийн баяраа би ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг дээ. Манай ээж цэцэрлэгийн багш. Хүүхдийн баяраа би гэр бүлтэйгээ салхинд гарч тэмдэглэдэг. Гол дээр найзуудтайгаа тоглоно. Бас дүүгээ хардаг. Надад жил бүр аавын ажлаас бэлэг өгдөг. Бас ээж, аав надад даашинз өгсөн. Тэр л миний хамгийн гоё бэлэг байсан даа.
 
Энэ жил гэртээ баяраа тэмдэглэх байхаа. Би хүүхдийн баяраар дугуйтай тэшүүр авахыг хүсэж байна. Амралт эхэлчихсэн учраас найзуудыгаа санаж байна. Манайхтай ойрхон байдаг Хонгороо, Сондор гэдэг хоёр найз маань нүүчихсэн. Одоо би Амикатай л найзалж байна.  Би том болоод хүмүүсийг эдгээдэг эмч болно. Тэгээд коронавирусийг эмчилмээр байна.
 
Э.УНДРАХ: ЭНЭ ЖИЛ БИ ХҮҮХДИЙН БАЯРААР УСАН БУУ АВМААР БАЙНА
 
Сайн байна уу. Намайг Энхбаатарын Ундрах гэдэг би найман настай. Хичээл амарчихсан учраас би гэртээ найзуудтайгаа тоглоод байж байна. Энэ жил гадаа хүйтэн бас коронатай байгаа болохоор гэртээ ихэвчлэн цагийг өнгөрөөж байна.
Би хүүхдийн баяраа хөгжилтэй, гоё тэмдэглэдэг. Дулаахан өдөр гадаа усан буугаар байлдаж, янз бүрийн хөгжилтэй тоглоом тоглодог. Би өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар хамгийн гоё байсан. Манайд миний таньдаг хүмүүс ирээд надад зөндөө их бэлэг өгсөн. 
 
Би том болоод юу болохоо сайн шийдээгүй байгаа. Гэхдээ би математик, биеийн тамирынхаа хичээлд дуртай. Бас зурах, дугуй унах дуртай.  Чөлөөт цагаараа би байгалийн янз бүрийн юм зурдаг юм. Энэ жил би хүүхдийн баяраар усан буу авмаар байна. Бас хүүхдүүдэд бэлэг өгмөөр байгаа. 
 
Аз жаргалыг би ээж, аавыгаа баярлуулах гэж боддог. Би ээж, аавыгаа зөндөө баярлуулсан гэж бодож байна. Олон болохоор сайн бодож чаддаггүй ээ. Ээж, аавдаа би дандаа хайртай гэж хэлдэг. Тэгэхээр хоёулаа их баярладаг. Найзууддаа хүүхдийн баяраа сайхан тэмдэглээрэй гэж хэлмээр байна. 
 
Д.БУЯНЗАЯА: ХҮҮХДИЙН БАЯРААР ЭЭЖДЭЭ ДААШИНЗ АВЧ ӨГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
 
Сайн уу. Намайг Д.Буянзаяа гэдэг би долоон настай. Өнгөрсөн жил сургуульд орсон. Сургуульд орох гоё байсан. Гэхдээ коронавирус гээд би сургуульдаа бүрэн сууж чадаагүй. Цахимаар хичээлээ үзсэн. 
Гадаа гарч чадахгүй байгаа болохоор хаяа утсаар тоглож байгаа. Гэхдээ утсаар их тоглож болохгүй. Нүдэнд муу. Тэгээд хаяа манай үеэлүүд гэрт ирж, хамт тоглодог юм. Би том болоод барилгачин болно. Яагаад гэвэл зөндөө олон гоё байшин барьдаг учраас энэ мэргэжлийн гоё гэж боддог.  Хүүхдийн баяраа ихэвчлэн аав, ээжтэйгээ л тэмдэглэдэг. Аав,ээж надад бэлэг өгөөд зуслан дээр очдог. Энэ жил гэртээ тэмдэглэнэ. Би энэ жил хүүхдийн баяраар ээждээ даашинз авч өгөхийг хүсэж байна. Миний бодлоор аз жаргал гэж эрүүл саруул байх. Бас ээжийгээ баярлуулах. 
 
А.ХУВЬЗАЯА: АЗ ЖАРГАЛ ГЭЖ МИНИЙ БОДЛООР ЭЭЖ, ААВТАЙГАА ХАМТ БАЙЖ, НАЙЗУУДТАЙГАА ЭВТЭЙ ТОГЛОХ
 
Намайг Алтансүхийн Хувьзаяа гэдэг. Би 10 настай. Ирэх намар тавдугаар ангид орно. Би хүүхдийн баяраа ихэвчлэн үеэлүүдтэйгээ тэмдэглэдэг.
Бид нар гадуур гарч, цагийг хөгжилтэй өнгөрөөдөг юм. Энэ жил корона гарсан учраас хашаандаа дугуйгаа унаад тэмдэглэнэ дээ. Хүүхдийн баяраар авч байсан хамгийн гоё бэлэг дугуй байсан. Энэ жил би нэг их олон зүйл хүсээгүй. Гэхдээ ээж, аав бэлэг өгөх байх. 
 
 
Би том болоод багш болохыг хүсдэг. Манай аав дуу, хөгжмийн багш учраас энэ мэргэжил надад гоё санагдсан. Би аав, ээжтэйгээ гадуур гарч зугаалахыг хүсэж байна. Бас өөр газар амьдармаар. Гэрт амьдрах гоё ч гэсэн байранд байвал илүү гоё гэж боддог. 
 
Аз жаргал гэж миний бодлоор ээж, аавтайгаа хамт байх, найзуудтайгаа эвтэй, найртай тоглох. Миний хувьд аав, ээжтэйг парк явж, хамт тоглосон тэр үе хамгийн аз жаргалтай байсан. Би том болоод аавдаа машин авч өгөхийг хүсдэг. Харин ээждээ гэрийн үйлчлэгч авч өгмөөр байна. Найзууддаа хүүхдийн баярын мэнд хүргэе. Аав, ээждээ хайртай шүү.
 
Г.ГЭГЭЭНХҮСЛЭН: БИ ЭЭЖ, ААВЫГ УУРЛААГҮЙ БАЙХАД АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ
 
Намайг Гэндэндоржийн Гэгээнхүслэн гэдэг. Би таван настай. Дондогмаа цэцэрлэгт сурдаг. Удахгүй нэгдүгээр ангид орно. Би багштайгаа найзуудтайгаа уулзалгүй зөндөө удаж байгаа учраа тэднийг маш их санаж байна. Би хүүхдийн баяраа бэлэг аваад л тэмдэглэдэг. Би бас өвлийн өвөөгөөс бэлэг авсан. Тэр л миний хамгийн гоё бэлэг байсан.
Эмээ миний хүүхдийн баярын бэлгийг аваад өгчихсөн. Хоёр гоё даашинз гэрт байгаа. Би ягаан өнгийн даашинзанд дуртай. Маргааш эмээгийн өгсөн даашинзыг өмсөөд баярлана даа. Бас аниа надад том самбар авч өгнө гэсэн. Харин ээж, аав гутал авч өгнө.
 
Би том болоод хүүхдийн шүдний эмч болно. Нэг удаа ээжтэйгээ би шүдээ янзлуулахаар эмнэлэгт очсон юм. Тэр эмнэлэг гоё байсан учраас би эмч болохоор шийдсэн. Тэгээд бас би шүдээ янзлуулахдаа уйлаагүй. Бас би шидтэний хувцастай болохыг мөрөөддөг.  Би аз жаргалыг амьдрал гэж боддог. Гэхдээ би ээж, аавыг уурлаагүй байхад аз жаргалтай байдаг.
 

ХҮҮХДҮҮД ЮУ ХҮСДЭГ ВЭ: "Шидтэн байдаг бол би усан бассейн нээгээд өгөөч гэж хэлмээр байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188