• Өнөөдөр 2025-04-02

Г.ОТГОНЦЭЦЭГ: Казахстан Улс руу явсандаа харамсах сэтгэл надад төрж байгаагүй

2023-03-07,   11129

   Казахстан Улсын гавьяат тамирчин, Рио 2016 олимпын хүрэл, дэлхийн аваргын 2017, 2019 оны хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр их дуулга тэмцээний дөрвөн хүрэл, гран при тэмцээний таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв. Г.Отгонцэцэг Эргэлт.мн сайт, “Монголын жүдо академи”-аас хамтран хүргэж байгаа “JUDO TALK” подкастын дугаарын зочноор уригдан ярилцсан юм.

-Та зодог тайлж, эх орондоо ирээд багш, дасгалжуулагчийн ажилд шилжсэн.

Өөрийн клубээ хэзээ нээв ээ?

-Манай клуб 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр үүд хаалгаа нээсэн. Хичээллэгсэдийн бараг 80-90 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа. Надад охидуудтай ажиллах нь илүү амар, ойлголцож чадаж байгаа юм шиг санагдаад байгаа. Охидууд хүний үгийг тэвчээртэй сонсдог. Эрэгтэй хүүхдүүдийг бодвол илүү хүлээн авах чадвартай, адтай сэргэлэн цовоо юм билээ. Эмэгтэй дасгалжуулагч учраас эцэг, эхчүүд охидуудаа их авчирч өгдөг. Тамирчин байхдаа зөвхөн би л, миний бэлтгэл гэж өөрийгөө боддог байжээ. Харин одоо бол би гэдэг хийрхэл байхгүй болсон. Өөртөө ч цаг, зав гаргаж чадахгүй шахам боллоо. Анх багшилж эхлэхэд их стресстдэг байв. Харин одоо хамгийн их аз жаргалыг мэдэрдэг болсон. Анх эхэлж байсан үеийг бодвол одоо хүүхдүүд зүгшрээд, би ч тэдэнтэйгээ хэрхэн ажиллах арга барилаа олоод их сайхан болж байгаа.

-Хэдэн багш, дасгалжуулагчтай ажиллаж байгаа вэ?

-Туслах ганцхан эрэгтэй багштай. Хүүхдүүдтэйгээ би өөрөө, өдөр болгон тулж ажиллахыг чухалчилж байгаа. Эцэг, эхчүүд, хүүхдүүд ч ялгаагүй жүдогийн секцэнд ороод шууд л барилдаад эхэлнэ гэсэн бодолтой байдаг юм билээ. Миний гол баримтлаж байгаа арга барил болохоор хүүхдүүдийг хөдөлгөөний эсвэлтэй болгох, жүдогийн мэндлэх хүндлэх, дорно дахины ёс уламжлалыг зөв суулгаж өгөх. Жүдо бөхөд дур сонирхолтой болгохын тулд жүдо бөхийн эхний хичээлүүдийг  хөдөлгөөнт тоглоомын аргаар явуулахыг чухалчилж байгаа.

Зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ утас, дэлгэцний хамаарлаас холдуулах зорилгоор, хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг харгалзан үзэхгүйгээр  хүчээр авчирч өгдөг. Тэр хүүхдүүд эхний үедээ дургүй шахам явдаг байв. Харин одоо жүдо бөхдөө дур сонирхолтой болж, бэлтгэлээ нэг ч өдөр таслахгүй явдаг болсон. Бэлтгэлийн цаг дуусаад дараагийн ээлж орох болчихоод байхад заалнаасаа гарахгүй. Бараг л хүчээр хөөж гаргах шахуу юм болно.

-Та анх жүдо бөхөөр хэдий үед хичээллэж эхлэв. Жүдогоор хичээлэх шалтгаан юу байсан бэ?

-Би жүдо бөхөөр 2007 оны сүүлээр хичээллэж эхэлсэн. Тэр үед 15  настай байсан. Тухайн үед жүдо бөхөөр хичээллэж, олимп, дэлхийн аварга болох зорилгогүй. Зүгээр л ангийнхаа охиныг дагаад түүнд хань болох л гэж орсон. Эхний үед секцний хүүхдүүдтэй тоглож, наадах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн явдаг байлаа. Яваандаа нэг мэдсэн чинь жүдод дур сонирхолтой болж, энэ спорт руугаа уусаж шингээд орчихсон. Хүнийг үнэлж, дэмждэг газраас хүн холдож чаддаггүй юм билээ. Хичээж байгаа хүний дэргэд дэмжиж байгаа хүн байх хамгийн сайхан. Багш бидэнд их урам өгч, дэмждэг байлаа. Тэр үгэнд нь урамшиж, хөөрч догдлоод илүү ихийг сурахыг хичээж, тэмүүлдэг болчихсон. Ер нь өөртөө, өөрийн хүч, нөөц боломжид итгэх, итгэлийг жүдогоос сурсан.

-Анх жүдогоор хичээллэх тухайн үед хөгжилтэй тохиолдол гарч байв уу?

-Хөгжилтэй явдал гэвэл анх намайг секцэнд ордог өдөр хэвтээ барилдаан гээд тэгснээ босоо барилдаан гээд байна. Би бүр гайхаад самбо, жүдо гэсэн яагаад хэвтээ, босоо барилдаан болчихвоо гэж бодлоо. Тэгээд л найзаасаа нөгөө самбо бөх гэдэг чинь аль юм бэ гэв. Одоо барилдана. “Хэвтээд өвдөг дээрээ барилдаад байгаа нь самбо бөх.  Босож зогсоод эхэлж барилдахыг нь жүдо гэдэг юм аа” гэж тайлбарлаж байна. Би найзынхаа хэлсэнээр “Сууж барилдахыг нь самбо, босож барилдахыг жүдо гэдэг юм байна” гээд ойлгож байж билээ.

-Анх 2007 онд секцэнд орсон гэлээ. Бээжин 2008 оны олимпоос Н.Түвшинбаяр аваргыг алтан медаль хүртэхэд хэр их баярлав аа?

-Баярлалгүй яах вэ. Гэхдээ олимпын аварга Н.Түвшинбаяр ахыг огт  мэдэхгүй. Зүс танихгүй байсан үе. Н.Түвшинбаяр ахыг олимпын аварга болох тэр үед манай секцнийхэн Хандгайтад бэлтгэлд гарсан байв. Би ангийнхаа охинд “Би Н.Түвшинбаяр ах шиг Монголын анхны олимпын аварга эмэгтэй тамирчин болно оо” гэж мөрөөдлөө хэлж байсан. “Амны билгээс ашдын билиг” гэгчээр Монголынхоо төдийгүй Казахстан Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын анхны олимпын медалийг хүртсэндээ баярладаг.

-Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдах шийдвэрийг хэрхэн гаргав. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хүчин зүйл юу байв аа?

-Мэдээж тэр үед маш хүнд шийдвэр байсан. Монгол Улсынхаа иргэншлээ солиод Казахстан Улсын иргэн болно гэдэг амаргүй санагдсан. Казах руу явах хамгийн том шалтгаан гэвэл мэдээжийн хэрэг олимпын наадам. Олимпын наадамд орох, олимпын аварга болох мөрөөдөлдөө хүрэх зорилго байсан учраас Казахстан Улсыг зорьсон. Одоо эргээд харахад тэр сонголт маань маш зөв шийдвэр байжээ. Хэзээ ч надад Казахстан Улс руу явсандаа харамсах сэтгэл төрж байгаагүй. Жүдо бөхөөр хичээллээд сурч мэдсэн зүйлээ нээж, гаргах боломжийг Казахстан Улс надад олгосон. Тэнд очоод өөртөө ямар их нөөц боломж байгаад мэдэрсэн. Өөрийгөө шинээр нээсэн гэж боддог.

-Тэнд очоод анх удаа Казахстаны улсын аваргад орохдоо Монгол Улсынхаа төрийн далбааг кимоныхоо дотоод энгэр хадаад орж байсан гэв үү?

-Монгол хүн гэсэн бахархал, эх орноо гэсэн бодол, нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч гэсэн бидний сэтгэл дотор маш том орон зайг эзлэн, хэзээ ч бөхөхгүйгээр бадамлан дүрэлзэж байдаг юм билээ. Казахын улсын аварга шалгаруулах тэмцээнд орох үед Монголын далбаатай байж болохгүй гэхээр нь дотоод энгэртээ нуугаад хадсан. Яг зүрхэн тушаа газар, зүрх рүүгээ далбаагаа харуулаад кимонынхоо дотоод энгэрт оёсон. Төрийнхөө далбааг зүрхэндээ, энгэртээ тэвэрч байгаа юм шиг тийм нэг таатай, бахархалтай, халуун дулаахан, дотно гоё мэдрэмж төрдөг юм билээ. Дотоод энгэр лүүгээ харах болгонд  төрийн далбаа маань нүдэнд тусаад сайхан санагдаж байсан.

-Д.Энхбаатар багштайгаа цуг явсан нь маш том өмөг түшиг болж дээ?

-Өө тэгэлгүй яах вэ. Хэрэв би ганцаараа явсан бол тийм том амжилтуудыг гаргаж чадахгүй байсан. Багш миний барилдааны бүх зүйлд үнэлэлт, дүгнэлт, анализ хийж, зөвлөгөө өгдөг байсан. Намайг ялагдчихаад уйлж, унжаад, сэтгэл санаагаар унах, гутрах үед багш сэтгэл санааг өргөнө. Дэмжиж, аргадах үедээ аргадаж, загнах үед зандарч, аль болох хүнд байдлаас хурдан гаргадаг байв. Бүх зүйлийн хэм хэмжээ, донжийг тааруулан өгдөг байлаа. Үргэлж уурлаад загнаад байхгүй. Дандаа аргадаж эрхлүүлээд байхгүй. Тэнцвэртэй байлгаж чаддаг байсан. Хүний нутагт байгаа надад эх орон, ээж, аав гээд бүх л дутагдаж байгаа зүйлийг багш маань нөхдөг байсан даа.

Одоо би хүүхдүүдтэй ажиллахдаа яг л тэр Энхбаатар багшийн арга барилаар явахыг хичээж байгаа. Багш зөвхөн надтай тулж ажиллаж байсан болохоор их хэрэгтэй зөвлөгөө, сургамжийг захиж хэлнэ. Тэр бүх захиас зөвлөгөө нь одоо хүртэл надад хэрэг болсоор л байна.

-Рио 2016 олимпын өмнө хэр догдлол хүлээлттэй байв. Олимпоос медаль хүртэнэ гэдэгтэй хэр итгэлтэй байсан бэ?

-Олимпын наадамд элдэв янзын ямар нэгэн бодол, тэмцээний айдсын мэдрэмж байгаагүй. Өөртөө, өөрийн хүчиндээ бүрэн итгэлтэй байсан. Олимпын өмнөх тэмцээнүүдэд жингийнхээ шилдгүүдийн ихэнхийг нь хожоод үзчихсэн байсан. Олимпын аварга болох том зорилго тээж очсон. Гэхдээ нэг л болгоомжлол байв. Риогийн олимпод оролцож буй тамирчдаас  нэг тамирчинд хоёр дараалаад хожигдсон юм. Тэр л тамирчныг багш минь та битгий сугалаарай гэж хүртэл хэлсэн. Тэгээд багшид амжилт хүсээд явуулсан чинь нөгөө бөхийг чинь сугалчихлаа гээд ирж билээ. Бид хоёрын барилдаан таардаггүй юм. Тэгсэн тэр бөхөө сугалж, олимпын эхний тойрогт таарчихсан.

Багштай ярилцаж, барилдааны тактикаа боловсруулаад, барьцыг нь өгөхгүй, мэхийг нь хийлгэхгүй хорино гэж ярилцсан. Маргааш нь дэвжээнд гараад нөгөө унадаг мэхэндээ орж унаад вазари  алдчихсан. За одоо өнгөрсөн, үүнийг хожихоос өөр сонголт байхгүй гээд дайрсан. Арай гэж түүнийг хожиж аваад сэтгэл түрхэн зуурч гэсэн амарч билээ.

Би Риогийн олимпод Японы тамирчинд хожигдсон. Уг нь вазари үнэлгээгээр тэргүүлж явсан юм. Гэтэл сүүлийн нэг минутын барилдаанд хожигдсон. Тэр их харамсалтай барилдаан болсон. Өмнө нь би түүнийг хоёр удаа ялж байсан юм. Түүнд ялагдчихаад дэвжээнээс бууж ирээд уйлсан. Багш “Юу гэж уйлаад байгаа юм бэ чи. Дараагийн тойргийн барилдаандаа анхаарлаа хандуул. Уйллаа гээд ялалт авчихгүй. Нэгэнт л өнгөрсөн барилдааныг одоо битгий бод” гээд хатуухан хэлсэн. Багшийн тэр хатуу үг ялагдлын шокноос намайг хурдан гаргасан л даа.

Би олимпын хүрэл медаль хүртчихээд эхэндээ их голонгүй байсан. Олимпын алтан медаль л авах байсан юм гээд чамлах сэтгэл төрж байв. Гэтэл олимпоос медаль найдвартай хүртэнэ гэж миний бодож, таамаглаж байсан  шилдэг тамирчид эхний тойрогтоо ялагдаж медалиас мултрахыг хараад өөрийн эрхгүй, “Хөөх олимпоос медаль авах чинь  ийм хэцүү, амаргүй зүйл байдаг юм уу” гэж бодсон шүү. Ямар азаар би олимпын хүрэл медаль хүртвээ гээд хожим, хойно л баярлаж билээ.

-Хамгийн дурсамжтай, мартагдашгүй тэмцээний барилдааныг онцлон нэрлэхгүй юу?

-2016 оны Парисын гранд слам тэмцээн байна. Тэр тэмцээнд би түрүүлж байлаа. Тухайн үед миний чансааны оноо тэглэгдсэн байв. Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдсан анхны их дуулгын тэмцээн. Чансааны ямар ч оноогүй болохоор шидэгдэж маш олон хүнд барилдаан хийсэн. Олон хүчтэй өрсөлдөгч нарыг ялж түрүүлсэн болохоор хамгийн сайхан дурсамжтай санагддаг. Японы дэлхийн аварга Конда Ами, өмнөх олимпын медальтай хоёр бөхийг ялсан. Аваргын төлөө Уранцэцэгтэйгээ таарч хожсон.

Тэр тэмцээн миний өөрийн хүчиндээ итгэх итгэлийг сэргээн, хурцалж өгсөн. Би Монгол Улсын иргэншлээс хасалт хийлгээд Казахстан Улсын иргэн болох гээд материалаа өгөөд найман сар хүлээсэн. Аль ч улсын иргэн биш болохоор найман сар ямар ч тэмцээнд оролцох боломжгүй байлаа. Жаахан хошигноод хэлбэл найман сарын хугацаанд энэ дэлхийн иргэн биш болсон доо. Хаана  ч харьяалалгүй, аль улсын иргэн биш. Сул чөлөөт хүн болсон. Астанагийн ДАШТ болохоос долоо хоногийн өмнө Казахстан Улсын иргэн болж байлаа.

Монголынхоо тамирчидтай найман сар уулзаагүй байж байгаад ДАШТ дээр уулзсан. Би ердийн үед 51-52 кг байдаг юм. Гэтэл Казахстанд очоод тураад 46 кг-тай болчихсон. Манайхан бүр гайхаад “Өө чи чинь, хүний нутаг ирж тураад, бүр жижигхэн хар юм болчихсон байна шүү дээ, Өдөр, шөнөгүй кросст гүйгээд байдаг юм уу” гээд бөөн инээдэм болж билээ. Өмнө нь би 48 кг руу 3-4 кг хасаж ордог байсан юс. Тэгсэн чинь 48 кг-даа хүрэхгүй, 46 кг болчихоор жижиг харагдахгүй яах вэ. Би өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд туртлаа  тэгэж л их бэлтгэл сургуулилалт хийдэг байж дээ.

-М.Уранцэцэг аварга та хоёр олон жил дотоодын болон гадаадын  тэмцээнд өрсөлдөгчид байж, бие, биенээ хурцалж, ирлэн өгч байлаа. Та хоёр дэвжээ дээр өрсөлдөгчид хэдий жирийн үед сайхан харилцаатай найзууд биз?

-Би жүдо бөхийн Улсын шигшээ багт 2012 онд орсон. Лондон 2012 олимпын наадамд Урнаагийн бэлтгэл хангагчаар оролцож байлаа. Урнаагийн олимпын наадамд барилдаж байгаа, бусад орны шилдэг бөхчүүдийн барилдааныг хараад маш өндөр сэтгэгдэл төрсөн. Тэр үед өндөр зэрэглэлийн тамирчны бэлтгэл хангагч болж, шигшээ багт орсон нь надад том боломж юм байна гэдгийг ойлгосон.

Урнаагийн барилдааныг харж, түүнээс дүгнэлт хийж, маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Хэдийгээр бид дэвжээн дээр өрсөлдөгчид гэсэн, энгийн үед сайн найзууд. Хэн, хэнийхээ барилдааныг мэддэг болохоор  тэмцээн дээр таарахдаа учиргүй бие, биенийгээ  цэвэр савж, ялаад байдаггүй. Гол төлөв нэмэлт цаг сунгасан барилдаанд, торгуулиар ялалт шийдэгддэг. Гэхдээ бид арван жил хамт бэлтгэл хийхдээ хэзээ ч хоорондоо, бэлтгэл дээр барилдаж байгаагүй. Мэх л давтдаг байсан.

-Тамирчны замнал шулуун дардан замаар явдаггүй. Та олон сорилт бэрхшээлийг даван туулсан биз?

-Олон сорилт бэрхшээлтэй тулгарч байсан даа. Иргэншлээ сольсон, хэл соёл, зан заншил, шашин  өөр шинэ хамт олон дунд орж, дасан зохицох саад бэрхшээлийг биеэрээ туулсан. Бүхнийг дахин шинээр эхлэх тийм амар байгаагүй. 2018 онд аав маань гэнэт л нэг өдөр бурхан болсон нь надад маш хүнд цохилт болсон. Намайг анх жүдо бөхөөр хичээллэх үед ганцаараа миний талд зогсож дэмжсэн хүн. Олимп, дэлхийн медальтан болоход сэтгэлийн урам дэм хайрлаж байв. Аавын нөмөр, нөөлөг, тэр том орон зай гэнэт л алга болчихоор үнэхээр шоконд ордог юм билээ. Миний өөртөө итгэх итгэл хүртэл унтарсан. Аавыгаа өнгөрсний дараа бүх зүйл утгагүй мэт санагдах болсон. Тэр хүнд байдлаас болж 6-7 сар огт бэлтгэл хийж чадахгүй байв.

Дэлхийн аварга болохоос хоёр сар бэлтгэлдээ хүчээр орсон. Өмнөх шигээ эрч хүчтэйгээр аавыгаа бодож, өөрийгөө сэргээхийг эрмэлзэн бэлтгэлээ базаахыг хичээсэн. 2018 оны дэлхийн аваргаас би өөрийгөө медаль хүртэнэ гэж огт бодоогүй. Бэлтгэл 6-7 сар тасарсан, ямар ч формгүй байсан л даа. Гэтэл 2018 ДАШТ-ээс медаль хүртчихлээ. Би “Аав маань л надад дэлхийн аваргаас медаль хүртэх эрч хүчийг хайрлаж дээ.Тэрнээс биш. Би өөрийн сайндаа авсангүй дээ” гэж хүртэл бодсон. Медалиа гардаж аваад буухдаа “Аав маань тэнгэрийн орноос охиныгоо харж байгаа байхдаа” хэмээн бодсон шүү.

 -Та өсвөрийн тамирчдад  захиж хэлэх ямар зөвлөгөө байна вэ?

-Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх хэрэгтэй. Авьяас,чадвартай хүүхдүүд олон байдаг ч амжилтад хүрсэн нь цөөн байдаг. Тэд юун дээр алдаад байна вэ гэвэл, миний бодлоор сахилга бат, хөдөлмөрч зан чанар дутагднаас болоод байгаа юм шиг санагддаг. Зорилгоо ухамсарласан, тууштай хөдөлмөрч хүн л амжилтад хүрнэ. Авьяасыг тордохгүй, хөдөлмөрөөр өнгөлөхгүй бол зэврээд л үгүй болно.

Хүмүүс хүүхдээ шалгуулъя, манайх бөхийн удамтай гээд л ирэх нь бий. Би тэр хүүхдийг хараад “Аан энэ хүүхэд бөх болох юм байна. Энэ хүүхэд бөх болохгүй” гээд хэлж мэдэхгүй. Эцэг, эхчүүд хамгийн гол нь хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Огт барилдах сонирхолгүй хүүхдийг бөх болгон гээд шахаад байж болохгүй. Ер нь спортоор хичээллэх, тамирчин болох хоёр нэг зоосны хоёр тал шиг ойлголт. Тамирчин болох зорилго тавьсан бол хүүхдүүд хамгийн түрүүнд сахилга баттай байх ёстой. Аливаа зүйлд хариуцлагатай хандаж, тууштай байж сурах хэрэгтэй. Тухайн хүүхдийн амьдарч өссөн орчин, гэр орон, эцэг, эхийн харилцаа, хандлага хүүхдийн төлөвшил, хүмүүжилд маш чухал нөлөө үзүүлдэг юм билээ. Амжилт гаргахын гол үндэс миний бодлоор сахилга бат л гэж хэлнэ.

Манай клубийн гол эрхэм зорилго бол зөв төлөвшил, хүмүүжилтэй, ёс суртахуунтай, зөв дадал, зуршилтай, бие бялдрын хүмүүжилтэй, эрүүл чийрэг иргэнийг бэлтгэхэд чиглэгдэж байгаа.  Заавал хүүхэд болгон олимп, дэлхийн аварга болох албагүй. Жүдогийн спортоос хүүхдүүд маш олон эерэг зүйлийг сурч, нийгэмдээ хэрэгтэй хүн болон гарах ёстой. Жүдо бөхөөр хичээллэснээр бусдыг хүндэтгэж, хүндлэн, сонсож чаддаг, зөв дадал хэвшилтэй болж төлөвшинө. Эрүүл  чийрэг, бие бялдартай болно. Үүний дараа л олимп, дэлхийн аварга тамирчин аяндаа төрнө.

-Та чөлөөт цагаараа, зав гарсан үедээ гэр бүлээрээ юу хийх дуртай вэ. Нөхрийгөө танилцуулахгүй юу?

-Тамирчин байх үед бол чөлөөт цаг гарвал амрахыг  л боддог байлаа. Залуу насны хөгжилтэй аялал, зугаалга тэр бүхнээс ер нь хол хөндий байв. Харин одоо зав чөлөө гарвал аль болох гэр бүлтэйгээ гэртээ байхыг чухалчилдаг. Түүхийн ном унших дуртай. Казахстанд байхад  нэг удаа таксинд суув. Жолооч  “Чи аль улсаас ирсэн бэ” гэж асуув. Монгол гэсэн чинь “Аан Чингис хаан, Чингис хаан манай Казахын хаан ” гэлээ.  Би бүр гайхаад, за яах вэ. Дараа  Монголын түүхийн ном уншиж байгаад  тэр таксины жолооч ахтай таарахдаа  Чингис хаан Монгол хүн шүү” гэж хэлнэ дээ, хэмээн бодсон. Тэр бүхнээс үүдээд Монголын үнэн бодит түүхийн номыг сонирхож унших дуртай болсон. Сүүлийн үед хүүхдүүдтэй ажиллаад, ном унших завгүй болоод түр зуур хөндийрөөд байгаа.

Манай нөхөр спортын хүн л дээ. Тэшүүрийн спортын дасгалжуулагч. Улсын шигшээ багийн дасгалжуулагч хийж байсан. Одоо харин “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Харин би нягтлан мэргэжилтэй. Манай ээж татварын байцаагч мэргэжилтэй. Би ээжийн үгэнд орохгүй жүдогоор барилдсан. Харин ганц удаа ээжийнхээ үгэнд орж ЭЗДС-ийг төгссөн.  Ээжийн нягтлан бол гэж хэлсэн, тэр үг одоо хүртэл надад хэрэг болж, ач тусаа өгч л байна. Намайг нягтлан мэргэжилтэй болохоор шигшээ багийн баяр, ёслолын мөнгө, төгрөг хураах, цуглуулах бүх ажлыг надад хариуцуулдаг байлаа. Намайг Казахстан явснаас хойш нэг ч тамирчны төрсөн өдрийг тэмдэглээгүй гэсэн. Мөнгө хураадаг, цуглуулдаг хүн байхгүй болсон болохоор аргагүй байх л даа. Би зодог тайлсны дараа нягтлангаар ажиллана гэж бодсон. Байнгын хөдөлгөөнтэй, сууж сураагүй надад үргэлж суугаад байх нь огт таарч, нийцэхгүй юм билээ. Суугаа ажилд дасан зохицох үнэхээр хэцүү байсан.

-Монгол Улсад сүүлийн жилүүдэд жүдо бөхийн олон клуб нээгдэж байна. Монголын жүдогийн багш, дасгалжуулагчдын заах арга барил ямар түвшин байгаа гэж боддог вэ?

-Сургалтын чанар сайжраасай гэж боддог. Тухайн хүүхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээ зориулаад ирж байгаа. Чадваргүй багш хүүхдүүдийг хохироож, үр дүнгүй байдалд хүргэх бий дээ гэж эмзэглэдэг. Дасгалжуулагч хүн бусдын эрүүл мэндээр, туршилт хийж, тоглож болохгүй. Харин Жүдо бөхийн холбооноос сүүлийн жилүүдэд багш, дасгалжуулагчийн ур чадварыг дээшлүүлэх олон сургалт явуулж байгаа нь маш зөв алхам мөн. Багш нар холбооны сургалт, семинарт байнга хамрагдаж, илүү ихийг сурч, боловсрох ёстой. Ингэж байж бүгд сайжирч, нийтээр хөгжинө.

-Какахстаны жүдо бөхийн хөгжил хэр түвшинд хүрсэн байна вэ?

-Казахстанд жүдо бөхөөр хичээллэгсдийн тоо маш  их. Би анх очоод их гайхсан. Тийм олон хүн жүдогоор хичээллэдэг гэж бодоогүй. Казахууд ийм олон жүдочинтой байж надаар яадаг байна аа гэж хүртэл бодсон шүү. Зөвхөн өсвөр үеийн охидын шигшээ багийн цугларалт гэхэд 70-80 тамирчин гарч байсан. Харин манай Монголын шигшээ багийн цугларалтад 20-25 эмэгтэй бөх гардаг шүү дээ. Казахууд үндэсний Күрэш барилдаан дээрээ суурьлан жүдо бөхийг хөгжүүлж байгаа юм билээ. Тийм болохоор хав золгосон барилдаанаас тонгорох мэхийг сайн хийдэг. Казахын жүдочид өөрийн гэсэн өвөрмөц барилдааны онцлогтой шүү. Ер нь өөрийн үндэсний бөхөө жүдо бөхтэй холбож хөгжүүлж байгаа улс орнууд том амжилт гаргадаг юм шиг санагддаг. Манай бөхчүүд ч гэсэн ялаагүй гадны жүдочдыг хав золгосон барилдаанд илүүрхдэг нь монгол үндэсний бөхтэй холбоотой байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Г.ОТГОНЦЭЦЭГ: Казахстан Улс руу явсандаа харамсах сэтгэл надад төрж байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-17 23:29:00
    нараа: хөгийн харийн угаадас долоосон золбин янхан бузрын гичий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 15:14:53
    Цахлай: Бас л домогт эмэгтэй шүү. Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 15:14:52
    Цахлай: Бас л домогт эмэгтэй шүү. Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 15:14:50
    Цахлай: Бас л домогт эмэгтэй шүү. Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 15:43:39
    Но: Хасагаас хэдэн халтар цаас аваад бүр царай алдчихжээ! Тас хар царай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-09 20:33:24
    Зочин: Мундаг бүсгүй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-08 01:28:18
    Чингис хаан: Золбин гичий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-07 17:28:27
    zochin: Отгонцэцэг мундаг эмэгтэй шүү, нэг удаа эмнэлгийн гадаа таарахад танихгүй мөртлөө надад хэтэрхий тулгаж тавьсан 2 машины хоорондуур гарахад тусалсан, тэгэхэд олимпийн медаль авсан байсан. Их даруухан, тусч охин байсан, амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188