• Өнөөдөр 2024-05-17

МОНГОЛЫН САЙХАН ДУУ ХООЛОЙТОЙ НЭВТРҮҮЛЭГЧИД

          Монголын урлаг болон телевизийн салбарт төдийгүй ард түмний сэтгэлд ховор сайхан дуу хоолойгоороо хоногшин хайрлагддаг эрхмүүдээс онцлон хүргэж байна.

 

-НҮРГЭЛСЭН ХООЛОЙТ НЯМЫН ДАГИЙРАНЗ-

        Монгол Улсын Ардын жүжигчин Нямын Дагийранзын дуу хоолойг  мэдэхгүй хүн түүний амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан он цагт нь лав үгүй байх. Одоо харин төдийлөн мэдэхгүй байж болох юм. Түүний дахин давтагдашгүй дуу хоолой Монголын урлагт ёстой нэг нүргэлж байсан юм билээ. “Тунгалаг тамир” киноны цахиур Төмөрөөс эхлэн дуу хоолойгоо хүргээгүй уран бүтээл, домог туульс, магтаал ховор. Тэр домог хайлж, эсвэл аль нэг киноны дуунд дүр оруулсан л бол сонсоход, эрхгүй дотоод ертөнцөд том, том чулууд нурж байгаа мэт мэдрэмж төрдөг. Эсвэл ямар нэгэн зүйл нүргэлэн, түрж байгаа мэт. Хийморь сэргээм хачин сайхан эр баргил хоолой гээч. Уран бүтээлийг нь үзсэн хэн бүхэн “Энэ Дагийранз гуай байна” гэж бороошсон тэнгэрт аянга цахилах мэт хүчтэй баргил хоолойг нь таньж, үгээ олж ядан автан суудаг. Н.Дагийранз  Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд анхлан урлагт хөтөлсөн нь ээж нь гэдэг. Түүний ээж их сайхан дуулдаг нэгэн байсан бөгөөд “Эр бор харцага” дууг хачин сайхан дуулдаг тухай нь ч ярьдаг. Тэр ч утгаар Н.Дагийранз гуайн дуулсан анхны дуу нь “Эр бор харцага” аж. Эр хүний шинж төрх, ааш араншингийн ерөнхий төлөв, хүнд байх дүн нурууг тэр ер ээжийнхээ аяладаг эл дуунаас л мэдэж авч, ой тоондоо бэхэлсэн гэмээр. Хачин сайхан нүргэлсэн хоолойтой хүний үйлдэл болоод үг хүртэл уужим, тэнүүн, цэгц шулуун байдаг гэмээр. Урлагт тэр дуу хоолойгоороо ч, жүжигчнийхээ хувьд ч тулхтай, өмөг түшиг дүүрэн нэгэн байсныг олон уран бүтээлээс нь бэлхнээ харагддаг.
 
    “Бүлээн нурам” киноны Агчин, “Хонины найр” киноны Бадрах, “Хүний мөр” киноны Чулуун, “Уул усны үр сад” киноны Жунай, “Бушхүүгийн үлгэр” киноны өвгөн гээд түүний бүтээж, амилуулсан дүр олон. Тэр дундаа ““Хонины найр” киноны Бадрахийн зан ааш өөрийн минь унаган зан төрхтэй төстэй. Би эл кинонд өөрөөрөө л тоглосон” хэмээн өөртэйгээ хамгийн ойр дүрийнхээ тухай ярьсан байдаг. Киноны уран бүтээлээс гадна “Хөхөө намжил”, “Говь магтаал”, “Уулган шарын домог”, “Яриг цагаан ингэний сариг цагаан ботго” зэрэг олон ч бүтээлийг дуу хоолойгоороо амилуулсан байдаг.
 
“Тунгалаг тамир” киноны цахиур Төмөрийн дуулдаг “Эрдэнэ засгийн унага” дууг Дагийранзыг дуулахад Р.Доржпалам найруулагч ихэд баярлаж, шууд гүйж очоод тэвэрч байсан гэдэг. 
 
   Цахиур Төмөрийн хачин сайхан дуулдаг чинь угтаа манай Дагийранз гуайн дуу хоолой гэдгийг мэдэхгүй хүмүүс ч бий. Тэр ийм л эгэл энгийн эр баргил хоолойтой амь халуун уран бүтээлч байжээ. Түүний дуу оруулалт, дуу хоолойгоор нь бүтсэн уран бүтээлийг сонссон уран бүтээлчид эрхгүй зураг, кинотой зүйрлэн ярьдаг. МУГЖ Н.Батцэцэг “Нэг орой Н.Дагийранз гуайгаар “Уулган шарын домог” хайлуулах гээд гадаа сандал тавиад, томчууд орж, гараад хөл хөдөлгөөн болов. Дагийранз гуайн хөмсөг, сахал нь сэвэлзээд их сүртэйг хэлэх үү. Тэгээд түүнийг домгоо хайлах нь яг л кино шиг сэтгэлд хөвөрч гарлаа. Урьд өмнө би үлгэр, домог бишгүй сонсож байсан ч  ингэж дотор нь орж, сэтгэл шархирч байгаагүй санагдана” гэж ярьсан байдаг.
 

- РАДИОГИЙН "АЛТАН ХООЛОЙТ" ГУНГАА ЦАГААН-

     МҮОНРТ-ийн нэрт нэвтрүүлэгч Сандагийн Гунгаа хэмээх эрхэм бол Монголын баргил хоолойтнуудын манлай. Радиогийн “Алтан хоолойт” ч гэдэг. Түүний тухай мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд нь “Гунгаа уншина гэж ярьж байгаа юм шиг л уншдаг хүн байлаа. Зан ааш гэж хүний хайлан. Ямар ч хүнтэй их сайхан харилцана. Юм ярьж байхад нь хажууд нь сууж байгаа хүн босоод явдаггүй л ярьдаг хүн байсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Нэрт нэвтрүүлэгч Л.Гүнсэн анхлан С.Гунгаатай нэг өдөр нэг тушаалаар ажилд орж байсан тухайгаа мөн ярьсан байдаг. Их сайхан хоолойтой, радиогийн оргилуудыг уншдаг нэгэн байж.  Тэр бол өдгөө бидний хайрлаж, хүндэлдэг олон ч нэвтрүүлэгчийн багш нь. Тэр дундаа Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол гуай бол түүний жинхэнэ гарын шавь. Нэвтрүүлэгчийн а үсгийг нь зааж, сургаж, өөрөөрөө үлгэрлэж байж. МҮОНРТ гэх айлын олон ч уран бүтээлчийг тэр өлгийдөн авч, нэвтрүүлэгчийн зэрэгт хүргэж, нэвтрүүлэгч гэх орон зайг тэлж, өргөсгөж, цаашлах зам мөрийг нь тавьжээ. Тэгэхээр сайхан хоолойтнуудын тэргүүн эгнээний нэвтрүүлэгчдэд Гунгаа нэвтрүүлэгчийг дурдахгүй байхын аргагүй.

-ДҮҮРЭН НЭВТРҮҮЛЭГЧ-

         Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол нэвтрүүлэгчийг мэдэхгүй хүн үгүй. Монголын радиогийн “Алтан хоолойт” Гунгаагийн шавь болж, нэвтрүүлэгч болж байсан гэдэг. Тэрбээр эфирт гарахын өмнө радиод таван сар цаг агаарын мэдээ уншсан байна. Ингээд 1989-1990 онд шинэ он солигдохын өмнөхөн Монгол телевизийн эфирээр хөтөлбөр зарлаж, анх удаа эфирт гарч эхэлсэн гэдэг. Тэрбээр “Би дунд сургуулийн дөрөвдүгээр ангид байхаасаа л нэвтрүүлэгчийн ажлыг сонирхсон. 06:00 цагт босож, радиогоо нээн, мэдээгээ тэмдэглэн авна шүү дээ” хэмээн ярьсан байдаг.
 
Том алаг нүд, сайхан төрхтэйгээс гадна дуу хоолой нь эрхгүй телевизийн салбарт шижир алт мэт тунарч, эрхгүй сайхан нэвтрүүлэгчдийн эгнээний том авьяастан.
 
   Түүнээс гадна нэвтрүүлэгч болохын өмнө Кино драмын ангид жүжигчидтэй ч хамт сурч байж. Тухайн үед тайзны ярианы хичээлийг Ардын жүжигчин П.Цэрэндагва зааж байсан байна. Тэрбээр Д.Цоодол нэвтрүүлэгчид “Нэвтрүүлэгчээр шалгуулж, үз. Чи чадна” гэж урам өгч, анхлан телевизийн салбар руу орох суурийг нь тавьжээ. Ингэж л радиод орж, С.Гунгаа багшийнхаа шавьж болж, СГЗ Батбаяр нэвтрүүлэгч Москвагийн радиод гурван жил ажиллах болж, оронд нь ажиллах болсон гэдэг. Үүнээс хойш тэр МҮОРНТ гэх айлаас салшгүй явсаар, өдгөө монголчуудын хайртай нэвтрүүлэгч болсон. Түүнийг хүмүүс нэвтрүүлэгч гэхээс төдийлөн мэддэггүй нэг зүйл нь “Сэтгэлд шингэсэн он жилүүд” баримтат кинонд залуу жанжин Лхагвасүрэнгийн дүрд тоглосон байдаг юм. Монголчууд түүний эргэ баргил хоолойгоор олон ч мэдээ, сурвалжилга, мэдээллийг сонсож, "Ээ мөн ч сайхан хүнгэнэсэн хоолойтой юм даа" гэж эрхгүй автдаг. Тэр бол МҮОНРТ-ийн дүүрэн нэвтрүүлэгч. Ер нэвтрүүлэгчийн шалгуурт бүрэн дүүрэн нийцсэн, дүр төрх, дуу хоолой, ааш араншингаараа ч дүүрэн, халгиж, цалгисан их уран бүтээлч. 
 
-ЯСНЫ ТЕЛЕВИЗИЙН ХҮН-
 
         МҮОНРТ эмэгтэй нэвтрүүлэгч олон бий. Түүний дотроос зайлшгүй онцлох ёстой хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Отгон. Багаасаа Радио сонсож өссөн түүний хүсэл мөрөөдөл эрхгүй радио руу хөтлөгдөж, явах зам жимээ тэр эрт сонгосон байж. Анх ажлын гараагаа эхлэн шалгуулж байхад нэрт нэвтрүүлэгч С.Гунгаа “Ажилд ороход бэлэн хүүхэд байна” гэж хэлсэн нь ихээхэн урам зориг нэмж, тэр эрчээрээ ажлаа хийдэг байсан тухайгаа ярьсан байдаг. Сайхан хоолойтой сайхан эмэгтэйг хүмүүс андахгүй. Тэрбээр “Хөдөө гэлтгүй хотынхон ч таньдаг. Заримдаа таксинд суугаад явахаар жолоочид “Та нэвтрүүлэгч үү” гэж асуудаг. Улсын баяр наадмыг олон жил хөтөлсөн болохоор нээлт, хаалтын өмнө, хойно сурвалжлагчид ярилцлага их авна л даа. Тэгэхээр царай төрхөөр ч нэлээд танина” хэмээн ярьсан байдаг. Ингэж радио хэмээх их айлд өсөж, торниж, бичиж, унших бүх төрөлд нь хөвөрч ажилладаг ясны телевизийн хүн байж. Өдгөө бол залуу уран бүтээлчиддээ өөрийн арвин туршлагаасаа хуваалцаж, зааж, зөвлөж, дагуулан үлгэрлэх "ээж" нь болжээ. Нэгэн цагт алтан үеийн нэвтрүүлэгч ахмадуудаасаа суралцаж явсан тэр өнөөдөр харин тэднийхээ насан дээр ирсэн нь цаг хугацааны галт тэрэг хурдлан давхиж, нэг л мэдэхэд амьдрал хэмээх уулын орой дээр нь гарчээ. Түүний дуу хоолой цаанаа нэг уярам зөөлөн мөртлөө мөн л хүнгэнэж, хамаг бүхнийг хамж, хумьж, сонсоод уйдамгүй. 

-ТӨРИЙН ДУУ ХООЛОЙ-

      Тэр монгол хүн сансарт ниссэн, Эрдэнэт хот байгуулагдсан, Оюун толгойн орд нээгдсэн зэрэг улс нийгмийн үйл явдал, гавьяа бахархал бүхнийг дуу хоолойгоороо, нэвтрүүлэгч гэх ховор сайхан мэргэжлээрээ дамжуулан хүргэж, цаг үеийн гэрч болсон авьяастан. Түүнээс гадна Москвагийн радиод ч нэвтрүүлэгчээр ажиллаж, хил давж дуу хоолойгоо хүргэсэн нэгэн. Хамгийн гол онцлог, сонин содон зүйл нь тэр бол баримтат киноны тайлбарыг уншсан нь. Ингэж түүх, нийгмийн гэрч хийсээр тэр МҮОНРТ-д ажиллаж, дуу хоолойгоороо үзэгчидтэй уулзжээ.
 
     Монгол Улсад телевиз үүсэн байгуулагдахад анхны нэвтрүүлэгч нь байж, 40 гаруй  жил төрийн их баяр наадмыг хөтөлж айл бүрийн хойморт олон жил тухалж, бас он удаан жил радиод ажиллаж төр түмэндээ танигдсан “Төрийн дуу хоолой” мөнөөс мөн билээ. Монголын радио хөгжөөд 85 жил болоход 59 жилд нь түүхийг нь бичсэн гэдэг. Түүх болоод төрийн үймээн, их бүтээн байгуулалт, халуун үйл явдал бүхнийг өөрийн дуу хоолойгоороо зарлаж, хэн ч сонсоход нэн таатай, тун ойлгомжтойгоор өгүүлнэ. Түүний дуу хоолойгүйгээр төрийн баяр наадмын нээлт, алив нэгэн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг төсөөлөшгүй.

МОНГОЛЫН САЙХАН ДУУ ХООЛОЙТОЙ НЭВТРҮҮЛЭГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 18:13:12
    Зочин: Гайхалтай шижир алт шиг хүмүүсдээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188