• Өнөөдөр 2024-05-18

ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГ, КОМПАНИ “ШАГЛАДАГ” УБЕГ-ЫНХНЫГ ШАЛГААЧ, ХУУЛЬ ЗҮЙН САЙД АА

2022-04-28,   1514

        “Алтан дорнод Монгол” ХХК-ийн эзэн Т.Ганболд болон иргэн Х.Янжингаажид нарын салалтын хэрүүлээс нийгмийн анхаарлыг хамгийн их татсан нэг асуудал нь “Тэдний гэрлэлтийн гэрчилгээ Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас устсан” эсэх асуудал байв. Тодруулбал, иргэн Х.Янжингаажид “Ганболдоос салах өргөдлөө өгмөгц тэрбээр уурлаж, өс санан УБЕГ, түүний архив, ТҮЦ машины лавлагаанаас бид хоёрын 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг устгуулсан байсан” гэж өөрийн цахим хаягаараа мэдэгдсэн. Улмаар УБЕГ-аас энэ асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийж “Иргэн Ганболд 2021 онд гэрлэлтийн бүртгэлээ хүчингүй болгуулах гомдол гаргасан. Үүний дагуу бүртгэлийн байцаагчийн шийдвэр, дүгнэлт гарч хүчингүй болгосон. Тухайн гэрлэлт нь бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, зөрчилтэй байсан” гэх тайлбар өгөв.
 
Өөрөөр хэлбэл, УБЕГ-аас иргэн Х.Янжингаажидын “Гэрлэлтийн гэрчилгээг устгасан” гэдэг мэдээллийг үгүйсгэх мөртөө “Хүчингүй болгосон” гэж хүлээн зөвшөөрөв. Тухайлбал, гэр бүлийн хоёр хүн иргэний үнэмлэх болон гарын үсгээрээ баталгаажуулж бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээг таван жилийн дараа Т.Ганболдын хүсэлтээр “Бичиг баримт дутуу буюу хууль бус байсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосноо хүлээн зөвшөөрөв. Уг нь хуулийн дагуу бол хосууд гэрлэлтээ цуцлуулах бол шүүхэд хандах ёстой. Гэтэл Т.Ганболд болон Х.Янжингаажид нарын гэрлэлтийн бүртгэлийн хувьд Т.Ганболд шүүхэд биш УБЕГ-т гомдол гаргаад л гэрлэлтийн гэрчилгээгээ хүчингүй болгуулчихсан гэж олон нийтэд ойлгогдож байна. 

       Хамгийн ноцтой нь, хэн дуртай нь УБЕГ-т гомдол гаргаад хувийн мэдээлэл, гэрлэлтийн гэрчилгээ, аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллээ устгуулчихдаг юм уу. Аливаа иргэн, аж ахуйн нэгжийн нийгмийн, эрх зүйн харилцаа УБЕГ дахь лавлагаа, архивын мэдээлэлд түжиглэн явагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хаана, хэний хүүхэд болж төрсөн, хэнтэй гэрлэсэн, хэдэн хүүхэдтэй, хэдэн компани байгуулсан, ямар хөрөнгөтэй, хэзээ нас барсан гээд тухайн хүний төрөхөөс үхэх хүртэлх бүх мэдээлэл УБЕГ-ын бүртгэлийн сан, архивт хадгалагдаж, хамгаалагдаж байдаг, ард түмэн тэгж л ойлгодог. Гэтэл тухайн хүн УБЕГ-т явж очоод, гомдол гаргамагц хүссэн мэдээллийг нь хүчингүй болгож өгч болох юм уу. Хүчингүй болгох гэдэг бол устгах гэдэгтэй утга нэг ойлголт. Чухамдаа хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг шалгах ёстой. Энэ бол зөвхөн Т.Ганболд болон Х.Янжингаажид нарын салалтын хэрүүлийн ч асуудал төдий биш нийт иргэдийн хувийн мэдээлэл хамгаалагдаж чадаж байгаа эсэх асуудал юм.  

Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбоотой, тус газрын улсын бүртгэгч, байцаагч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй, хууль бус, хуудуутай асуудал гарч байгаа нь анх энэ удаа биш юм. Улсын бүртгэлийн байгууллага өөрөө ужгирсан, бугшсан олон асуудалтай, авлига “цэцэглэсэн” газар гэхэд нэг их буруудахгүй. Тэгвэл УБЕГ-тай холбоотой маш ноцтой нэгэн баримтыг дэлгэж байна. 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙЦААГЧ НАР ТАМГАНЫ ТҮЦ-ИЙНХЭНТЭЙ ХУЙВАЛДАЖ КОМПАНИЙН БИЧИГ БАРИМТ “ШАГЛАДАГ” УУ

        Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдээр компанийн тамга тэмдэг хийнэ, компанийн бичиг баримтууд бүрдүүлж өгнө гэсэн бичигтэй  хэд хэдэн ТҮЦ байдаг. Тэд шинээр компани, ТББ байгуулж байгаа хүмүүст түргэн шуурхай үйлчилж, тамга тэмдэг гаргаж өгөхөөр тус газрын хаяаг бараадан оршин байгаа мэт өнгөн хэсэг дээрээ харагдана. Хэн ч хаанаас нь харсан тийм л чиглэлтэй мэт. Тэнд Шүрэн тамга, Тод  тамга, Хас тамга гэх мэтчилэн 4-5 газар үйл ажиллагаа явуулж байна. 
       Тэгвэл дээрх ТҮЦ тамга үйлдвэрлээд сууж байдаг газар биш аж. Тэнд жинхэнэ хор найрагдаж, төрийн ажил бүрэн утгаараа тэр дотор явагдаж байдаг гэвэл та итгэх үү. Тус газруудын ажилтан өглөө эрт ажилдаа ирнэ. Жижигхэн амбаартаа хэсэг сууж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүмүүс орж гарах хөдөлгөөн нэмэгдээд ирэхээр жинхэнэ ажилдаа орцгооно. Бүртгэлийн газрын үүдэн дээр нь зогсчихоод “Компанийн бичиг баримт хурдан шуурхай бүрдүүлж өгнө. Шуурхай гаргана” гээд зөрж өнгөрөх хүн бүрт хэлнэ. Бүр цагдаагаар хамгаалуулсан төрийн байранд орчихсон, шатан дээр зогсоод өндөр дуугаар хашхирахаас наагуур  “Бичиг баримтаа гаргуулахгүй юм уу. Бид найдвартай гаргана шдээ. Энд оочерлож цаг алдаж яах гээд байгаа юм. Дүү нь гэрлийн хурдаар л гаргачихдаг юм” гээд л хэн нэгнийг ятгана.
 
Анзаарч ойлгоогүй хүнд бичиг баримт бүрдүүлж өгөх гээд байгаа юм шиг санагдана. Бичиг баримт нь буцаагдсан, удаан оочерлож буй хүмүүс арга буюу тэдэнд ханддаг. Гэвч үнэн хэрэгтээ тамга тэмдгийн үйлдвэр нэртэй тэр ТҮЦ, Улсын бүртгэлийн мэргэжилтэн хоёр холбоотой байдаг бөгөөд иргэдийн бичиг баримтыг буцаах, удаан оочерлуулах замаар залхааж, улмаар компанийн бичиг баримт хурдан бүрдүүлж өгөх нэрээр луйвар хийдэг ажээ. Цагдаагаар хамгаалуулсан төрийн байгууллагын өмнө “Компани гаргаж өгнө” хэмээн зөрж өнгөрсөн хүн бүрт хэлж зогсох хүмүүс камертай дөхөж очмогц архины шагчид мэт зугтах аж. 

КОМПАНИ БАЙГУУЛАХААР ОЧСОН ИРГЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙЦААГЧ НАР ХҮНД СУРТАЛ ГАРГАХ ЗАМААР ЗАЛХААЖ, АРГАА БАРСАН ИРГЭД ТАМГАНЫ ТҮЦ-ИЙНХЭНД ХАНДАЖ, “ХУУЛЬ БУСААР” КОМПАНИЙН БИЧИГ БАРИМТ ГАРГУУЛДАГ

        Хэргийн гол зангилаа энд байгаа юм. nргэн материалаа бүрдүүлэхээр очиход “Таны компанидаа авах гэж байгаа нэр энд алга. Та бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн байна. Дахиад бүрдүүл, хуулийн дагуу дүрэм журамд нийцүүлж  бичиг баримтаа бүрдүүл” гээд л бөөн сүр дуулиан болно. Байн, байн буцааж, цаг хугацааг нь барна. Бүр заримдаа бичиг баримтыг нь  хүлээж авах мэргэжилтэн нь “дотоод ажилтай” гэх нэрийн дор ор сураггүй алга болчих нь энүүхэнд. Ингэж төрийн хүнд сурталд орсон иргэн бичиг баримт гаргаж өгнө гэсэн хүмүүст хандана. Ингэхдээ мэдээж илүү зардал гаргаж мөнгө төлнө. Төлсөн мөнгөний тодорхой хувийг өөрийн хамсаатан улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтэн рүү  өгнө. Ингээд ногоон гэрлээр асуудал шийдэгдэж, бичиг баримт илбийн юм шиг маш хурдан гараад ирнэ. Тамга тэмдгийн үйлдвэрийнхэн үйлчлүүлж буй хүмүүсдээ “Улсын бүртгэлийн мэргэжилтнийг сайн таньдаг, оочер дараалал бидэнд хамаарахгүй,мөнгө өгөөд л бичиг баримтыг тань шууд гаргана” хэмээн ам бардам хэлэх аж. Ингэж л авлигын сүлжээ бэхжиж, мөнгөний их урсгал энд явагдаж байна. Хэдийгээр хэдэн сая төгрөгөөр хэмжигдэх авлигын гэмт хэрэг биш ч гэсэн сар бүр тэд тооцоо нийлж, мөнгө төгрөгөө өгч авалцдаг гэдгийг нэгэн эх сурвалж хэлж байсан юм. 
 
Уг нь бол журмандаа компани бүртгүүлэхэд шаардагдах хугацаа нь хоёр хоног байдаг. Гэтэл улсын бүртгэгч нар оочер дараалалд зогсож буй хүмүүсийг нэр давхацсан, элдэв төрлийн бичиг баримт дутуу шалтгаанаар буцаасаар энэ хугацааг уртасгадаг. Харин тамга тэмдгийн ТҮЦ-үүдэд мөнгөө төлсөн хүмүүсийн компанийг бол хоёр хоног, ахиу мөнгө төлвөл өдөрт нь ч гаргаад өгдгийг харж болох юм. Ийм ил цагаан луйвар явагдаж байхад УБЕГ-ын дарга нь хуулийн этгээдийн бүртгэл цахимд шилжсэн, компани байгуулж буй иргэд нэрээ цахимаар захиалж байгаа, манай хашаанаас гаднах тамга үйлдвэрийн үйл ажиллагаа бидэнд хамаагүй гэсэн тайлбар өгч байна.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙЦААГЧ, ТАМГАНЫ ТҮЦ-ИЙНХЭН ТАТАН БУУГДСАН, ХУРААГДСАН КОМПАНИУДЫГ 400 МЯНГААС 15 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ҮНЭ ХҮРГЭЖ ЗАРДАГ ГЭВ

        УБЕГ-ын мэргэжилтэнүүд, тамга тэмдгийн үйлдвэрүүдийн өөр ноцтой асуудал нь компанийн бичиг баримт дамлан худалдаалах гэмт хэрэг. Тодруулбал, улсын хэмжээнд 194 мянган компани бүртгэлтэй байдаг гэх бөгөөд тодорхой шалтгааны улмаас татан буугдаж байгаа компаниуд ч хэдэн зуугаараа байдаг гэх. Тэгвэл татан буугдаж, бичиг баримт нь хураагдсан компаниудыг өнөөх тамга тэмдгийн ТҮЦ-нийхэн дамлан худалдаалдаг ажээ. Мөнгөний дэв шүглэж, авлигын гэмт хэргийн сүлжээг бий болгосон гэмт хэрэгтнүүдийн бас нэгэн мөнгө олох хэрэгсэл нь энэ болдог байна. Мэдээж улсын бүртгэлийн мэргэжилтнүүд татан буугдсан компанийн хуучин бүртгэлийн нэрийг нь солино. Тамга тэмдгийн ТҮЦ-нийхэн цааш нь борлуулах үүрэгтэй гэнэ. Монгол иргэний нэр дээрх компанийн бичиг баримт 400 мянган төгрөг, Хятад хувь эзэмшигч дээр гаргуулахад 15 сая төгрөг байдаг аж. Яг л хар зах дээр зарагдаж байгаа юм шиг бүхэл бүтэн компанийн ил цагаан наймаа тэнд өрнөдөг ажээ.
 
Компани байгуулах, компани зарах нь ингэж хар захын бизнес болж, гудамжинд гарсан учраас дурын нэг хятад иргэн монгол хүний нэр бариад үнэ цохиод компани худалдаад авах боломжтой гэсэн үг. Иймдээ ч БНХАУ-ын иргэд сүүлийн жилүүдэд хэдэн арван компанитай болсон байна. Гадаад, дотоод гэж хоёр чиглэлттэйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой   компаниудыг энэ мэт хууль бус наймаачдаас хэд хэдээр нь худалдаж аваад үйл ажиллагаа явуулж байна. Гадаад худалдаа, зам засвар, барилга, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ гээд хятад эзэдтэй компаниудын гар хүрээгүй салбар, оролцоогүй тендер гэж өнөө цагт үгүй болсон нь УБЕГ-ыг тойрсон тамга тэмдгийн үйлдвэр нэртэй компани дамлагчид, таван төгрөгний хонжоо хайсан төрийн албан хаагчдын хууль бус үйлдлээс эхлэлтэйг эндээс харж болох юм. Тиймээс хууль хяналтынхан энэ асуудлыг анхааралдаа авч, шалгах ёстой юм. 
 
 

ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГ, КОМПАНИ “ШАГЛАДАГ” УБЕГ-ЫНХНЫГ ШАЛГААЧ, ХУУЛЬ ЗҮЙН САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-30 03:35:22
    Иргэн: Хууль зүйн сайд нь шалгуулах нь уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 10:11:45
    иргэн: Хууль зүйн сайд яахыг харая , худлаа ярихаас хэтрэхгүй байхаа даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 08:42:44
    Zochin: Dijital Mongol l geed baidag. ********, alban tushaaliin khergee buuruuliya gej.bodoj bgaa bol iimerkhyy byrtgeliin ajil, ocher dugaar avdag bykh ajliig on line-aar khiideg bolj bolno doi. Er n' khyn khynteigee kharitsaad irekheer l avaa uguu, khynd surtal ikhesdeg shyy dee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188