• Өнөөдөр 2024-05-17

ДУРСАХУЙ: Амьдралд ч, сэтгүүлзүйд ч дүрэлзэн асаж, хайрлан нурдаг байлаа, сэтгүүлч Б.Нацагдорж

2022-07-21,   641

    Монголын сэтгүүл зүйг хүмүүний бие гэвэл эл эрхэм лав мөр нь байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Толгой нь биш гэдгийг тодотгож, мөр нь гэдгийг давтан өгүүлье. Хүний мөр гэдэг хүрч үл болом мөртлөө хүний биеийн хамгийн эрхэм хэсэг. Мөрнөөс нь адис авах ч гэж ярьдаг. Тэгэхээр тэр эр хүний гүдэс шулуун чанар, хэзээ ч гээж орхиогүй хүнлэг сэтгэл, гуньж гутрахыг мэддэггүй болов уу гэмээр өөдрөг гэгээн зан чанараа хөлөглөн үргэлж хайж явах, сэтгүүл зүйн эрэлдээ өөрийн бие, сэтгэлээ "хатааж", элээж, холгож явсаар хүмүүний орчлонгоос буцлаа. Магад илүү холын эрэлд гарсан байх аа. Амьдрал гэх оршихуйгаас гарч, гэгээн алсын сонин сайханд үзгээ шүүрэхээр гарсан болов уу.

   Хэнийг хэлээд байгааг улс төр жаахан гадарладаг, цаг үеийн үйл явдлын "салхи шуургыг" мэдэрдэг, өнөөдөр түүний үгүйд бүтээлийг нь гунигтайхан дэлгэж суугаа уншигчид нь таамаглаж байгаа байх. Харин арай наахнуур мэдэх, бараг мэдэхгүй ч байж мэдэх өнөө үеийнхэнд өнгөрснийг үүцэлж, өнөөдрийг тоймлосон түүний бүтээл туурвил, парламентын сэтгүүлчээр ажиллах хугацаандаа бичиж, тэмдэглэж, сурвалжилж үлдээсэн бүтээлийг нь хамтатган уншигч танд эргэн дурсах хувь оногдсон минь энэ. Энэ бол Монголын нэрт сэтгүүлч Бүнчингийн Нацагдорж хэмээх эрхэм.

Энд, энэ ертөнцөд тэр юуг хайж олоод, бидэнд үүрд үлдээгээд явсныг өгүүлэхээр дурсаж сууна. Дурсах гэдэг “Сайн хүн байсан даа” гэж хэлээд л өнгөрөх хөнгөн хуумгай сэтгэгдэл биш. Харин юу бүтээж, үлдээснийг нь ярьж, бүтээлээс нь хариултаа авах л болов уу.

-НАМ, НАМААР НЬ БИЧИЖ ЭХЭЛСЭН ҮЕ-

   Олноо түүнийг Нацагаа ах гэж хүндэлдэг юм билээ. Одоо харин хэн гэх вэ гэж хэсэг бодлоо. Сэтгүүл зүйд нэртэй л явсан юм чинь гээд нэрээр нь өгүүлэхээр шийдэв. Монголын сэтгүүл зүйн толгой, уулаар бол оргил нь гэж хэлж болох Ц.Балдорж гэх эрхэм сэтгүүл зүй хэмээх сэтгэлээрээ шатаж, дүрэлзсэн халуун ахуйд цөөн хэдэн нөхдийг хөтөлж орсны нэг нь тэр. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Б.Нацагдорж Бал  эрхлэгчийн торгон цэргүүдийнх нь нэг байж, бичих, мэдэхийн их эрдэмд түүний үгийг хууль мэт дагаж явж.  Түүнээс урьтаж, бусдын л адил арван жил, их сургууль гэсэн дамжлагаар дамжиж, 1994 онд ОХУ-ын Москва хотын нийгэм, улс төрийн дээд сургуулийг дүүргэсэн түүхтэй. “Үнэн” сониноос ажлын гараагаа эхэлж, өөрийн ч, өрөөлийн ч эрэлд гарсан түүний галыг нь бадрааж, тулгыг нь босголцсон газар бол ар халхын алдарт “Ардын эрх”. Араас нь “Өнөөдөр”, “Парламент” сониныг нь үүсгэлцсэн. Сонин гэж хатуу дэг соёлтой ч хачин дулаан халуун ам бүлд сэтгүүлчээр боловсорч, ажиллаж, өдгөө их бүтээлийнхээ эрлийн эхэнд зогсож байж. Тэрээр Ц.Балдорж даргынхаа тухай “Бал ах минь гал мэт дүрэлзэнэ” тэмдэглэлдээ “ ...Чухамдаа Балын үг бол “Ардын эрх” сонинд хууль байлаа. Тэрээр хэн нэгнийг хатуу шавхуурдан байж онгодыг нь оруулдаг байв. "Хөөе Нацагаа, Мягмарсүрэн, Энхтүвшин, хожмоо Заяабатаа, Даваадоржоо, Аюурзана аа та нар чинь яачихсан үлбэгэр дорой амьтад вэ" гээд нэг тасхийхэд бид аавдаа загнуулсан хүүхэд шиг дорхноо л засал авдаг сан...” гэж хамгийн хайртай ахыгаа, даргыгаа, амьдрал болоод сэтгүүл зүйн гал тогоонд хөтөлсөн эрхэм хүмүүнийхээ талаар дурссан байна лээ. Хожмоо өөрөө ч тэр хүмүүний зам, мөр, зан араншингийн үргэлжлэл болж алхсан.

   Парламентын сэтгүүлч гэх хүндэт албыг хашиж, Монголын парламентад өрнөсөн үйл явдлыг өөрийн ажиллаж байсан он цагтаа лав биччихсэн юм билээ. Түүнийг сэтгүүлч байх үе Монголын парламент дөнгөж үүсэн бүрэлдэж, хөлөө олох гэж дээсний дөрөөн дээр дэнжигнэж, байж. Тийм ч болохоор тэр үү, ёстой л нам, намаар нь нарийн ширийнийг нь ч үлдээлгүй сурвалжилж, бичиж, үлдээж байж.  Үүнийгээ “БНМАУ-ын сүүлчийн өдрүүд”, “Төр эргэсэн өдрүүдийн тэмдэглэл”, “Хүн бүхэн өөрийн түүхтэй түүхээ үлдээх эрхтэй” гэсэн гурван бүлэг сэдвийн дор ярилцлага, тэмдэглэл, хөрөг, сурвалжилгаа ном болгон “боож” архивлан үлдээсэн.

Анхны сонгуулийн амьд гэрч байж, ерөөс БНМАУ-ын сүүлийн өдрүүдийг бүтэн харж, бүртгэн авч, хатуу ч мэдэрч.

     

-АХЫГАА АЛДСАН БҮРХЭГ ӨДРҮҮД БУЮУ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЯЛЖ БАЙВ-

       Үүнийг өгүүлэх ганцхан жишээ бол түүний номд орсон “Ах бид хоёр” тэмдэглэл юм. Ардчилсан хувьсгалын төлөө амиа өгсөн ахынхаа тухай бичсэн нь тэр. Түүний ах Б.Галсандорж ардчилсан хувьсгалын төлөө өлсгөлөн зарлан, жагсаж байсан анхны 13 хүний нэг гэдгийг хэн бүхэн андахгүй мэдэх болов уу. Ахынхаа тухай тэрбээр тэмдэглэлдээ “Ах минь 1996 оны зургадугаар сарын 29-ний шөнө буюу сонгуулийн санал хурааж эхлэхээс хоёрхон цагийн өмнө хорвоог орхин одсон юм...Ах минь эхийгээ зовоож төрсөн шиг, хорвоогоос эхийгээ уйлуулаад одсон. Ээж минь зориг гаргаж саналаа өгөхдөө өөрийн үзэл бодлоо огоорон хүүгийнхээ өмнөөс эвслийн төлөө саналаа өгсөн юм билээ. Одоо бодоход ах бид хоёр хоёр өөр замаар явж иржээ. Хойшид энэ зам нэгдэх эсэхийг хэн мэдлээ. Гагцхүү “Сонгуульд бид яллаа” гэсэн нөхдийнхөө дууг сонсож чадаагүй ахыгаа өрөвддөг юм” гэж бичсэн байдаг. Улс төрийн гэрэл, сүүдэртэй аль ч цаг үеийг алдалгүй буулгаж явсан түүний хамгийн бүрхэг өдрүүд түүний бичиж үлдээсэн “БНМАУ-ын сүүлчийн өдрүүд” бүлэгт тэр чигээрээ үлдсэн нь энэ аж. Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын эхэн үеийн баримт, үйл явдлыг сурвалжилж, түүхийн амьд гэрч болж, хамаг баримтыг газар дээр нь үзэх сэтгүүлчийн хувьд сайхан хувь тохиол ч гэлээ хагацлыг халуун биеэрээ мэдрэх шиг гашуун зүйл байгаагүй л болов уу.

-Төрийн эргэлт ба Орос орны аж байдлын тэмдэглэл ба сонин зүйлийн эрэлч-

      Ингээд дараа нь тэрээр “Төр эргэсэн өдрүүдийн тэмдэглэл”, “Хүн бүхэн өөрийн түүхээ үлдээх учиртай” бүтээлээ бичиж. Ерээд онд гарсан төрийн эргэлт, түүний дараах орос орны аж байдлыг харуулсан бүхнийг тэмдэглэн үлдээж “”Таван мөрний чинадад бичсэн тэмдэглэл”, “Орос орон самуунтай байна”, “Москва уйлдаггүй юм”, “Тэмцлийн дундах Орос орон,Буурал Орхоны хөндийд”, “Цасан далайд бичсэн тэмдэглэл” зэрэг тэмдэглэлүүдийг бичиж үлдээсэн байна.  Түүнээс хамгийн сонирхолтой бөгөөд жинхэнэ чихээрээ сонсож, хөлөөрөө алхаж, мөрдөж, мөшгиж, хөөсөн бүтээл нь “ОНГОЦ МАРЗ УУЛАНД СҮЙРЧЭЭ”, “МОСКВАГИЙН ИРГЭН ЛАТВИ ГАРАЛТАЙ СКУЙНЫШ МАРЗЫН СҮЙРЛИЙГ ТАВАН КМ ЗӨРҮҮЛЖ ТААСАН” гэх сурвалжилгууд. Редакцын даалгавраар баруун аймагт болсон зудыг сурвалжлаад буцахдаа алга болсон онгоцод чих тавьж, тийш очин нөхцөл байдлыг тандаж л дээ. 15 хоног үргэлжилсэн эрлийн тухай, эрж байх зуурт үзмэрч, лам нар хэрхсэн тухай ч өгүүлсэн. Тэгэхдээ  онгоцны сүйрлийг таван км зөрүүлсэн тухай бичиж байсан юм билээ. Энэ тэргүүтэй сонин содон, хаана л халуун цэг байна давхиад очдог нэгэн байж. “Цасан далайд бичсэн тэмдэглэл” гэх ерээд оны үеийн зудад нэрвэгдсэн аймаг, орон нутгийн нөхцөл байдлыг сурвалжилсан тэмдэглэл зэргээс харахад юмсыг их өөриймчилж, мэдэрч буулгадаг байсан болов уу гэмээр. Ингээд харж, мэдэрч, хүрч, зорьсноо бичиж тэмдэглэхээс гадна амттай, амьд ярилцлагуудыг ч хийсэн байдаг. Онцолж дурдваас, Н.Энхбаяртай хийсэн  “Би зэмлүүлдэг ээжтэй, ажил ихтэй тул бага загнуулдаг”, дипломатч П.Шагдарсүрэнтэй хийсэн “Маршал Орос руу түлхүүрээ үлдээгээд явсан юм” тэргүүтэй ярилцлага, “Элбэгдорж бол үүрээ зассан салхич шувуун”, “Эрийн зоригтой, эхийн сэтгэлтэй төрийн түшээ” зэрэг хөрөг тэмдэглэл нь одоо ч уншихад баримт дүүрэн дурайж буй.

       Түүний тэмдэглэл, сурвалжилга, ярилцлага бол ерээд оны сэтгүүлчийн өөрийн нүдээр харж, хөлөөрөө хүрч бичсэн жинхэнэ амьд халуун түүхийн баримт бөгөөд тухайн үед төр түшилцэж, түүх бүтээж явсан эрхмүүдийг ч онож буулгаж, үзэл бодлыг нь тэр чигээр нь үлдээсэн болов уу.

Ерөөс тэр хамгийн ээдрээтэй, салхи шуургатай цаг үед улс төр, нийгмийн эрчлээстэй үед тэр парламентын сэтгүүлч хэмээх хоёрхон үгээс бүтсэн даруухан мандатыг зүүж, болж байгаа үйл явдлыг алдахгүй тэмдэглэж, хурц харж дундуур нь туучиж иржээ.

     Үлдээсэн бүтээл, сурвалжилж тэмдэглэсэн нь нэгэн он цаг атал гавьяа шагнал гэж гавиагүйг уншигч та гайхаж байгаа болов уу. Үнэнч шударга, эрс шулуухан, зорьсондоо, эхлүүлсэндээ, эрхэлсэн ажил хөдөлмөртөө цэгц үнэн зүтгэсэн болохоор утга учиргүй гавьяа шагналын мэхэнд бүдэрч, будилаагүй гэдгийг мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс болон ойр дотнынхон нь батлан өгүүлдэг юм билээ. Ойрын нэг жишээ гэхэд түүний номын өмнөтгөлд үг өрсөн дотно найз нь С.Батбаатар “ ЗХУ-д төр эргэж, Б.Ельцин цагаан ордон руу гаа танкаар буудаж байхад тэр дунд хар толгойтой, хар толгойтой цорын ганц монгол сэтгүүлч дарийн утаа үнэрлэн гүйж явсан нь Нацагаа байв. 1993 онд баруун аймгуудад аймшигт зуд тохиоход цасан галавь хучигдсан уул тал, цөхөрч эмтэрсэн малчдын дунд найз маань очиж, бодит байдал газар дээрээ хэчнээн гаслантай болохыг нүдэнд үзэгдэж, гарт тэмтрэгдтэл бичиж байв даа. Марз ууланд нисэх онгоцны аймшигт осол болоход Монголын сэтгүүлчдээс хамгийн түрүүн Нацагааа сүйрлийн газарт очиж, харуусал эмгэнэл, хайрлал хүндлэл шингэсэн мөрүүдийг сонины хуудаснаа хэлхэж байлаа” хэмээн найзыгаа, эрхэм сэтгүүлчийн тухай өгүүлсэн байгаа юм.

 

   Монголын сэтгүүл зүй хэмээх их айлд парламентын хэмээх тодотголтой Б.Нацагдорж гэх сэтгүүлч “од” гэрэлтэн гийж, эрж хайсаар дараагийн эрэлдээ хэдийнэ гарчихжээ. Түүний эрэл тэнд ч "үргэлжилнэ".


ДУРСАХУЙ: Амьдралд ч, сэтгүүлзүйд ч дүрэлзэн асаж, хайрлан нурдаг байлаа, сэтгүүлч Б.Нацагдорж
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188