• Өнөөдөр 2026-08-22

Богд хан ууланд экологийн гарц байгуулах санамж бичиг байгууллаа

     Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах нь чухал байгаа билээ. Зэрлэг амьтдын амьдрах орчны тасалдлыг бууруулах, дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөллөөс үүдэх үхэл, хорогдлыг бууруулах зорилго бий. Экологийн гарц байгуулах зорилгоор БОУАӨЯ болон “Эн Си Ди Групп” хамтран ажиллах Санамж бичгийг өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 22-ны өдөр байгууллаа.

    Богд хан уул бол дэлхийн хамгийн эртний дархан цаазат газруудын нэг бөгөөд "ЮНЕСКО"-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн байгалийн онцгой үнэ цэнтэй экосистем юм. Хотжилт, зам, дэд бүтцийн хөгжил нэмэгдэхийн хэрээр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж, нүүдэл шилжилтийн зам нь тасалдах болсон. Ялангуяа халиун буга, бор гөрөөс, цагаан зээр зэрэг туруутан амьтад авто болон төмөр зам, хашаанд хаагдах, осолдох зэрэг эрсдэлтэй тулгарч байна.

   Иймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүрхрээгийн ам, Чандманы ам орчимд экологийн гарц байгуулахаар төлөвлөсөн. Арга хэмжээг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нээж үг хэллээ.

    Тэрбээр “Экологийн гарц гэдэг нь зөвхөн амьтдыг ослоос хамгаалах, нүүдлийн замыг чөлөөлөх байгууламж биш юм. Энэ бол хотын хөгжил ба байгаль хамгааллын хооронд зөв зохицол байж болохыг харуулсан бодит шийдэл юм.  Дэлхийн олон улс, тухайлбал Канад, Нидерланд, Австрали зэрэг орон авто замын дээгүүр болон доогуур экологийн гарц байгуулснаар амьтдын нүүдэл шилжилтийг чөлөөлж, зам тээврийн ослыг эрс бууруулсан сайн туршлагатай.

    Эдгээр байршлыг эрдэмтдийн судалгаанд үндэслэн сонгосон бөгөөд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Төлөвлөлтийн энэ үе шатанд зэрлэг амьтдын хамгаалал болон иргэдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагыг зэрэг хангасан шийдлийг тусгах нь чухал юм” гэлээ.

     Богдхан ууланд 41 мянга гаруй га талбай бүхий Богд хан ууланд 54 зүйл хөхтөн, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Экологийн гарц байгуулснаар амьдрах орчны хуваагдлыг бууруулах, зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийг сэргээх, ус болон тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх, экологийн коридорыг хамгаалах, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр зэрэг эрсдэл үүссэн үед амьтад аюултай бүсээс шилжин гарах боломжийг бүрдүүлэх юм.

 


Богд хан ууланд экологийн гарц байгуулах санамж бичиг байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188