• Өнөөдөр 2024-05-17

Г.Ганзориг: Засгийн газраас бүх төрлийн зээл, эдийн засгийн бусад асуудалд нааштай шийдвэр гаргана гэж найдаж байна

2020-11-13,   696

Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ нь иргэд банкны зээлээ төлж чадахгүйд хүрэх, банкуудын зээл муудах өндөр эрсдэл дагуулах магадлалтай юм. Энэ талаар болон хөл хорионы хатуу дэглэм тогтоосноор эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Г.Ганзоригоос тодрууллаа. 
 
-Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байгаа энэ үед эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах вэ? 
 
-Хөл хорио тогтоосон үед үйлчилгээний салбарууд голлон хүнд, хэцүү байдалд орно. Үйлчилгээ гэдэгт зочид буудал, баар цэнгээний газар зэрэг байгууллага багтана. Үүний дараа банк, санхүү гэсэн салбарууд яригдана. Үйлчилгээний байгууллагуудын орлого тасалдаж, зарлагаа төлөхөд хүндрэлтэй болно. Юун түрүүнд аж ахуйн нэгж, компаниудын хувьд зээлийн асуудалтай нүүр тулна. Тодруулбал, орлого нь тасраад, зээлээ төлж чадахаа болибол урт хугацаандаа банкуудын зээл муудаж эхэлнэ. Ингэснээр бааз суурь эдийн засаг нэлээд асуудалд орно гэсэн үг. Гэхдээ тийм байдалд хүрэхгүй болов уу гэж таамаглаж байна. Хатуу хөл хорио тогтоож, бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ байдал 10-20 хоног үргэлжлэх болов уу. Цаашид сунгах магадлал нэлээд өндөр байгаа. Тэгэхээр үйлчилгээний байгууллагууд нэг сар орчим хугацаанд орлого тасарна гэсэн үг. Тухайн компани ямар ч орлогогүй нэг сар орчим байна гэдэг хүнд шүү дээ. 
 
-ААН-ээс гадна иргэдийн орлого тасарч, зээлээ төлж чадахгүйд хүрэх магадлал өндөр байгаа. Энэ тал дээр эдийн засагчийнхаа зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юу? 
 
-Засгийн газар ямар шийдвэр гаргахаас шалтгаалах байх. Хөл хорионы хатуу дэглэмд шилжсэнээр иргэдийн ажил зогсож байгаа. Ингэхдээ иргэд цалинтай байх уу, цалингүй байх уу гэдэг нь одоогоор яригдахгүй байна. Одоо тогтоогоод байгаа карентин буюу ажлын гурав хоногийн хугацаанд цалингүй байх болов уу. Энэ бол хувийн хэвшлийн байгууллагын удирдлагын асуудал. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг дахиад сунгагдвал Засгийн газрын тодорхой шийдвэрүүд гаргах байх. Хэрвээ иргэд удаан хугацаанд цалин, орлогогүй байх юм бол зах зээлд их хэмжээний эрэлт байхгүй болно. Ингэснээр үйлдвэрлэлүүдээ хүртэл хүнд байдалд оруулна гэсэн үг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор Засгийн газраас нааштай шийдвэр гаргана гэж найдаж байна. 
 
-ОХУ-тай хиллэдэг автозамын боомтуудыг хаагаад байгаа. Түүнчлэн иргэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ ихээр авч, нөөцөлж байна. Энэ нь эргээд хүнсний хомсдол үүсгэх эрсдэлтэй юү. Мөн боомтуудыг хааснаар гадаад худалдаанд хэрхэн нөлөө үзүүлэх бол? 
 
-ОХУ-тай хиллэдэг автозамын боомтуудыг хаасан нь зөв гэж бодож байгаа. Манай улс тодорхой хэмжээгээр импортоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулдаг ч гэсэн тэдгээр бүтээгдэхүүнийг дотооддоо их хэмжээгээр үйлдвэрлэдэг болсон. Мөн иргэд их хэмжээгээр нөөцөлж байгаа нь богино хугацааны шоконд орсных болов уу. Тэгэхээр нэг их нөлөө гарахгүй. Гадаад худалдааны хувьд импортод бага зэрэг бууралт явагдах байх. Гэхдээ энэ нь манай улсын хувьд тийм ч муу үзэгдэл биш, харин ч эерэг болов уу. Хамгийн гол нь нүүрс, зэс зэрэг түүхий эд гаргадаг Гашуунсухайт, Цагааннуур зэрэг боомт ажиллаж байгаа учир эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй. Учир нь, тэдгээр боомт манай улсын гол орлого олох суваг шүү дээ. Хэрэв хүнс хомсдох юм бол боомтуудаа түр нээгээд авч болно. 
 
-Хөл хорионы хатуу дэглэмийн энэ үед валютын ханштай холбоотой ямар өөрчлөлт байж болох вэ? 
 
-Төгрөг, ам.долларын ханш нэг хэсэгтээ хэлбэлзэхгүй болов уу. Учир нь, манай улсын гадаад худалдааны тэнцэл сайн байгаа. Импорт өмнөх жилийнх шиг сэргэж чадахгүй байна. Харин экспорт сэргэж эхэлсэн. Ийм учраас манай улсын гадаад худалдааны тэнцэл сайн байгаа. Тэгэхээр ам.долларын орох урсгал сайн байна гэсэн үг. Түүнчлэн төвбанк валютын ханшийг тогтвортой байлгахын тулд сүүлийн хэдэн саруудад зах зээлд валютыг сайн нийлүүлсэн. Тэр ч утгаараа энэ жилийг дуустал валютын ханш хөдлөхгүй гэж таамаглаж байгаа. 
 

Г.Ганзориг: Засгийн газраас бүх төрлийн зээл, эдийн засгийн бусад асуудалд нааштай шийдвэр гаргана гэж найдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188