• Өнөөдөр 2025-04-20

Эдийн засагч Н.Энхбаяр: Манай улс Голланд өвчтэй

2020-11-09,   1658

Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Манай улсын уул уурхайн салбар одоо ямар түвшинд байгаа болон хэдэн жилийн туршлагатай орон бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Манай улсын уул уурхайн салбарын туршлага бага. Гадаад худалддааны экспортын тоон мэдээллийг харвал 2006 он хүртэл уул уурхайн салбараас зөвхөн зэсийн баяжмал, жонш, газрын тос гурвыг л экспортолдог байсан. 2006 оноос хойш дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш хоёр дахин өссөн. Тэр үеэс манай улсын коксжих нүүрсний экспорт нэмэгдэж эхэлсэн. Улмаар Тавантолгой, МАК, Нарийнсухайт зэрэг нүүрсний ордууд эргэлтэд орсон. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн гэрээ 2009 оны аравдугаар сард зурагдаад, 2013 оны долдугаар сар орчимд ил уурхайн олборлолт эхэлсэн. Тэгэхээр 2007, 2008 оноос манай улсын экспортод уул уурхай мэдэгдэхүйц орон зай эзэлж эхэлсэн гэсэн үг. Үүнээс өмнө “Эрдэнэт” үйлдвэр, “Говь” ХК, АПУ-Зүүнхараагийн “Спирт бал бурам” ХХК гурав улсын төсвийг бүрдүүлдэг гол компани байлаа. Тэр үед архины онцгой албан татвар өндөр хувьтай байсан. Дээрээс нь манай улсын эдийн засаг маш бага байсан учир зарим жилд улсын төсвийн орлогын 30 орчим хувийг архины онцгой албан татвар бүрдүүлсэн. Энэ нь 1990-ээд оны сүүлч, “Эрдэнэт”-ийн зэсийн үнэ буураад 1997, 1998 оны үед тэтгэврээ өгч чадахгүй хоёр, гурван сар хүлээгддэг байсан үе. Их хурлын гишүүд хөдөө орон нутгаар явахад иргэдийн хүсдэг зүйл нь ерөөсөө л цалин, тэтгэврээ авмаар байна гэдэг байсан. Өөр бодох зүйл байхгүй. Зам, гэрэл цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудал ярьдаггүй байсан. Тэр үеэс хойш эдийн засаг гурав дахин өссөн.

Тэгэхээр манай улс уул уурхайн салбарын баялгийн менежментийн 12 орчим жилийн туршлагатай. Энэ хугацаанд бидний сайн сурч чадахгүй байгаа зүйл бол уул уурхайн салбараас олж байгаа орлогыг зөв захиран зарцуулах, баялгийн менежмент юм. Энэ талаарх зөвлөгөөг ОУВС, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага манай улсад өгч байгаа. Эдгээр байгууллага дэлхийн улс орнуудыг орлогын менежмент, уул уурхай, түүнийг даган хөгжиж байгаа салбарууд гэх мэт аль аль талаас нь судалдаг. Ялангуяа ОУВС-ийн уул уурхайн баялгийн менежментийн чиглэлийн судалгаа маш их бий. Африк, Зүүн өмнөд Азийн орнууд, Латин Америк, өндөр хөгжилтэй цөөн хэдэн улс буюу Австрали, Норвеги, Саудын Араб, Скандинов гэх мэт  40 гаруй улс орныг уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай гэж үздэг. Тэдгээр улсын эдийн засаг түүхий эдэд тулгуурласан мөртлөө баялгийн менежмент нь сайн, яаж цаашаа авч явах гэдгээ маш сайн ойлгосон улс орон. ОУВС эдгээр улс орны туршлагад тулгуурлан аль нь хөгжиж байгаа оронд хэрэг болох вэ гэдгийг судлаад, заавар зөвлөмж, хуулийн төсөл хүртэл гаргасан.

-Манайд хэрхэн зөвлөсөн байдаг вэ?

-2010, 2011 оны үед ОУВС яг энэ чиглэлээр манай улсад зөвлөгөө өгсөн. Тухайн үед Чилийн Сангийн сайдын зөвлөх асан Эрик Парадо манай улсад хоёр удаа ирж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн санааг гаргасан. УИХ-ын гишүүдэд хүртэл “Чили Улс уул уурхайн бүх баялгаа төсвийн орлогод хийдэггүй, тусгай санд байршуулдаг. Зэсийн үнээ олон жилийн дундажаар тооцдог. Түүнээс дооших хэсгийг төсөвтөө аваад, илүү гарсныг нь хуримтлуулдаг” гэж танилцуулга хийсэн. 1990-2000 он хүртэл Чили Улс өнөөх хуримтлалаа бий болгож, огт зарлага гаргаагүй. 2000 оноос хойш ОУВС Чилийн сангийн туршлагад тулгуурлаж зөвлөмж гаргасан. Түүнийг хэрхэн зарцуулах талаар дүрэм, журмаа тухай бүр засаад явж байгаа. 2014, 2015 оны үед ОУВС Чилийн жишээнд тулгуурлаж бусад улс оронд авах туршлага юу байна вэ гэдэгт дахин зөвлөмж  гаргасан. Тэр нь “Эхлээд баялгийн сан байгуулж, хуримтлал бий болго. Баялгаа бүгдийг нь зарлагадаж болохгүй. Яагаад гэвэл түүхий эдийн үнэ уналт, өсөлттэй байна. Өсөлттэй үед нь баялгаа зарлагадвал унах үед нь эдийн засаг чинь хумигдаж, хямралд орно” гэж зөвлөсөн.

Тэгэхээр түүхий эдэд тулгуурласан 40 гаруй орон бүгд уналттай, өсөлттэй замаар явж байгаа. Эдгээр улсын эдийн засаг нь төрөлжөөгүй хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, экспортын орлогынх нь 70, 80-аад хувь нь уул уурхайгаас хамааралтай. Хоёрдугаарт, эдийн засаг нь төрөлжөөгүй. Уул уурхайн салбараасаа хамааралтай болоод бүх ажилчин, хөрөнгө оруулалт нь зөвхөн уул уурхайдаа төвлөрчихсөн. Үүнээс гарах арга зам олохгүй бол хамгийн аюултай нь эдийн засаг нь уналт, өсөлттэй буюу хямралтай байна. Хоёдугаарт, эдийн засаг нь тэлэхгүй. Үүнийг олон улсын байгууллагуудын эрдэмтэн, судлаач судалж үзээд “Тухайн улс дунд орлоготой орны түвшинд байгаад л байдаг. Мөнгө орж ирвэл үр ашиггүй хөрөнгө оруулалт хийгээд, халамж болгоод идэж дуусдаг. Дараагийн хөгжил нь бий болдоггүй гэж тодорхойлсон. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд эхлээд хуримтлал бий болгож, эрсдэлгүй бол. Эрсдэлтэй үед хуримтлалаасаа нэг л удаа хэрэглэ” гэж ОУВС-гаас зөвлөсөн байдаг. Жишээлбэл, 2014, 2015 оны үед Чили Улсын эдийн засаг төсвийн алдагдал руу орсон. Тэр үед ганцхан удаа баялгийн хуримтлалын сангаасаа аваад төсвийн тогтворжуулалт хийж, алдагдлаа нөхсөн. Манай улс шиг гаднаас өндөр хүүтэй зээл аваагүй. Өнгөрсөн 30-аад жил Чили Улсын баялгийн хуримтлалын сан дэлхийд тавт орсон. Нэгдүгээрт, Норвегийн сан, тэгээд Саудын Араб, Катар, Кувейт гээд Чилийн сан орно. Тэгэхээр төсвийн тогтворжуулалтын сангийн хуулиа олон жил мөрдөж байж хуримтлал бий болж байгаа.

Гэтэл харамсалтай нь, манай улс энэ хуулиа бий болгочихоод эдийн засаг гайгүй үедээ эвдчихсэн. Угтаа бол бага ч хамаагүй хуримтлуулж сурах ёстой. Мөнгө орж ирэхээр нь зарчихдаг. Энэ байдлаар яваад байвал манай улсын эдийн засаг төрөлжихгүй. Манай улсын эдийн засгийн бааз суурь нь бага учир гаднын хөрөнгө оруулалт ирэхгүй. Олон улсын түвшинд хөрөнгө оруулагчийг дөрөв ангилдаг. Нэгдүгээрт, тухайн улс оронд түүхий эд гэх мэт баялаг нь байвал түүнийг дагасан хөрөнгө оруулагч, хоёрдугаарт, зах зээл хөөсөн, гуравдугаарт, ашиг олох зорилготой хөрөнгө оруулагч. Дөрөв дэх нь, үр ашиг, технологийн давуу тал дагасан хөрөнгө оруулагч гэж ангилна. Манай улсын хувьд 2000 оноос хойш одоог хүртэл орж ирж байгаа бүх хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайд түшиглэсэн. Гадаад улс орны хувьд манайхаас ашиг олж болох ганцхан салбар байгаа нь уул уурхай. Бусад салбар нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй. Манайд юм бүтээгээд, худалдая гэхээр тээвэрлэлтийн зардал нь маш өндөр. Тэгэхээр ойрын жилүүдэд лав өөр салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй л болов уу. Тиймээс уул уурхайн салбарт байгаа боломжоо үр ашигтай хуваарилж, бусад салбараа төрөлжүүлэх алхамаа хийхгүй бол одоо байгаа зарчмаараа идэж, уугаад л яваад байвал эрсдэлтэй. Зэсийн үнэ 7000-8000 болонгуут төсвийн зарлага, халамж нэмээд орон нутагт музей, бассейн, бөхийн өргөө, хуримын ордон барьдаг. Манайх шиг эдийн засаг нь савлагаатай орон улсын төсвөөр тийм бүтээн байгуулалт хийж болохгүй.

Ийм байдлаараа байвал эдийн засаг нь томроод байдаг, хэрэглээ нь гоё болж, машинаа солиод, байшин нь шилэн болоод байгаа ч амьдралын чанарт юу ч өөрчлөгдөхгүй.

-Сүүлийн мэдээллээр уул уурхайн салбар улсын төсвийн хэчнээн хувийг бүрдүүлж байна вэ?

-Сүүлийн 10 гаруй жилд уул уурхайн салбар улсдаа маш их хөрөнгө өгч, эдийн засгийг 2-3 дахин ихэсгэлээ. 2020, 2021 оны төсөвт уул уурхайн салбараас олох орлогыг Сангийн яам гурван их наяд гэж тооцлоо.

Манай улсын төсвийн орлого хамгийн ихдээ 11 их наяд төгрөг. Үүний 30 гаруй хувь нь уул уурхайн салбарын орлого. Түүнчлэн нийт экспортын 90 хувь нь уул уурхай.

Үүнээс гадна ноолуур гэх мэт хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр манай улсад өөр гадагшаа худалдаж байгаа зүйл бараг байхгүй. Хөдөө аж ахуйн салбараас хөгжүүлэх гээд байгаа мах, арьс, шир бүгдийг нь экспортлоод 100-150 сая ам.долларт хүрнэ. 2018 онд билүү дээ, хамгийн ихдээ 190 сая ам.долларт хүрсэн байх. Тэгэхээр бидний яриад байгаа эдийн засгаа төрөлжүүлье, эцсийн бүтээгдэхүүн гаргая гэдэг нь холын мөрөөдөл. Банк, улсын төсөв хоёр Монгол Улсад хөрөнгө оруулалт авчирч байна. Өөр ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Ийм байхад бусад салбар хөгжих ямар ч боломж байхгүй. Тэгэхээр баялгийн менежментээ дахиад цоо шинээр харах хэрэгтэй.

Манай улс 1990 оноос хойш Дэлхийн банк, ОУВС-тай гишүүн гээд 30 жил хамт явлаа. Манай улсын бүхий л хүнд хэцүү цагт тусласан, хамгийн ойр байсан байгууллага гэвэл Японы Засгийн газар, ОУВС, Дэлхийн банк. Энэ гурав байгаа болохоор манай улс өдий зэрэгтэй явж байгаа. Эдгээр байгууллага манай улсын нөхцөл байдлыг маш сайн мэддэг учир ийм арга замаар яв гэдэг зөвлөмж өгсний дүнд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн зарчим гэдэг зүйл бий болгосон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн цаад санаа нь төсвийн дүрмийг дагах юм. Олон улсын түвшинд төсвийн гурван зарчим байгаа. Нэгдүгээрт, төсвөө алдагдалгүй батлах, төсвийн тэнцлээ зохистой байлгах, зарлагаа хэт хөөрөгдүүлэхгүй байх, хуримтлал бий болгох. Хоёрдугаарт, гаднаас зээл авахдаа ямар үнэ өртөгтэй авах вэ гэдгийг бод гэсэн утгатай зээлийн зарчим.

Манай улс орон нутагт 2-3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Мөн сүүлийн хоёр жилд Яармаг, Сонсголон, Замын цагдаа, Баянзүрх гээд дөрвөн гүүр шинээр барилаа. Эд нар бүгд Хятадын Засгийн газрын зээлээр боссон. Тэр зээл хүүтэй мөнгө шүү дээ. Их хэмжээний мөнгийг хүүтэй авахын оронд хөрөнгө оруулалтын зөв хуваарилалт байсан бол ядаж талыг нь дотоодын төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөөр хийж болох байсан. Өөрт байгаа мөнгөө орон нутагт соёлын төв барьчихаад дараа нь гүүр барих хэрэг боллоо гэнгүүт маш өндөр хүүтэй мөнгө авчихдаг. Тэр гүүр хурдны зам, цахилгаан станц биш учир буцаагаад мөнгө өгөхгүй. Нэг авууштай нь дэд бүтэц сайжирч байна. Гэхдээ дэд бүтэц сайжруулахын төлөө өндөр хүүтэй мөнгө зээлж болохгүй. Жишээлбэл, замын цагдаагийн гүүр ямар ч ач холбогдолгүй, хот төлөвлөлтийн алдааны улмаас барьсан гүүр. Хот төлөвлөлтөө буруу хийснийхээ төлөө дахиад мөнгө төлж байна.  Тэгэхээр гаднаас авч байгаа зээлийг бага байлгахын тулд төсвөө дунд хугацаагаар төлөвлөөд зарлагаа хэт хөөрөгдөхгүй байх ёстой. Төсвийн бодлого ингэж явах ёстой.

2019 оны улсын төсөв 2020 оны сонгуулийг угтаж, наймхан сарыг харж, тооцоолсон. Улсын төсөв бол нэг жилийн бодлого. Гэхдээ тэр нэг жилийн бодлого нь алсыг харсан байх ёстой. 2019 оны төсөв УИХ-аар ороод, баталж байхад нь эдийн засгийн өсөлт буруу, хэт өөдрөг байна гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Тэр үед төсвийн орлого, зарлага хоёуланг нь хоёр их наяд төгрөгөөр өсгөсөн байсан. Уг нь бол манайх түүхий эдэд тулгуурлаж, түүнийхээ үнэ ханшаас хамаарч унаж, босож байгаа замаар явж байгаа улс шүү дээ. Найман сарыг биш түүнээс илүү алсыг харсан эдийн засаг унах нь тодорхой байсан. Манай улсын эдийн засгийн цикл гурван жил болоод дөрөв дэх дээр нь дандаа уналттай байгаа. Унах гэж байгаа үед нь шийдвэр гаргагчид сонгуулиа хараад эдийн засаг найман хувь өснө гээд төсвийн орлого, зарлагаа хоёр их наядаар өсгөчихсөн. 2020 оны үр дүн нь 11 их наядаар баталсан төсвийн орлого, 13.8 их наядаар баталсан төсвийн зарлага одоо хоёулаа алдаатай. Төсвийн зарлагыг тэгж ихээр нэмэх ямар ч шаардлага байгаагүй. Энэ нь эргээд улсаа өрөнд оруулаад байгаа маш буруу бодлого.

-Дэлхий банкнаас манай улсыг уул уурхайгаа улс төртэй хутгаж байгааг хэлсэн шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-ОУВС ялангуяа Дэлхийн банк 2010-аад онд энэ тухай олон удаа хэлсэн. Монгол Улс Голланд өвчин рүү орж байна гэж. Энэ бол ганц, хоёрхон өдрийн дотор шийдэгдэх асуудал биш. Одоо манай улс Голланд өвчтэй. Бүр суурь өвчин болчихсон. Урьд нь мөнгөгүй тарчигхан эдийн засагтай байсан бол одоо мөнгөтэй мөртлөө суурь өвчин нь Голланд өвчин. Энэ өвчин зөвхөн төсөв санхүүгийн асуудал биш. Улсын төсвийг захиран зарцуулах эрх, эрх мэдэл цөөн хүний гарт очихоор түүн дээр нь тоглолт хийдэг. Жишээлбэл, зэсийн баяжмал ч юм уу, ямар нэг түүхий эдийн үнэ өслөө гэж үзье. Түүнээс нэг их наяд төгрөгийн орлого ороод ирлээ. Тэгэнгүүт 100 сая төгрөгийг нь халамж гэж тараагаад, үлдсэнээр нь үр ашиггүй хөрөнгө оруулалт хийчихдэг. Иргэд өнөөх 100 саяыг нь аваад халамж, цалин өссөн, амьдрал сайхан болж байна гээд баярлаад сууж байдаг. Үүнийг олон улсын байгууллагууд Голланд өвчин гэж хэлээд байгаа юм. Энэ байдал удах тусмаа засаглалыг муутгадаг.

Уг нь бол Монголбанк, Сангийн яам эдийн засгийн төлөвлөлтийн байгууллагаа сонсож, түүнийхээ дагуу өнөөх гүүр, цэцэрлэгээ барих уу гэдэгт зөв хуваарилалт хийх ёстой. Ерөнхийдөө гэнэт олдсон мөнгө бидний засаглалыг муутгадаг, баялгийн менежментийг буулгадаг, төсөв муутгаж, өр үүсгэдэг гэх мэт бүх юмны эх суурь болж байгаа. Баялгийн хараал гэж байдаг. Яг түүнтэй адил зүйл. Нэг талаараа гэнэт их хөрөнгөтэй болно гэдэг харахад сайхан боловч цаагуураа тогтолцоогоо эвдэж байна гэсэн үг.

-Судлаачид Хятад Улс нүүрсний хэрэглээгээ багасгана гэж үзэж байгаа. Тэгвэл манай улсад Хятадаас өөр ямар зах зээл байж болох вэ?

-Ойрын тав, зургаан жилдээ Хятадаас өөр зах зээл манайд байхгүй. Ойрын хоёр жилд манай улсын гадаад зах зээлд нөлөөлөх гурван том хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт Хятад Улс 14 дүгээр таван жилийнхээ төлөвлөгөөг ирэх гуравдугаар сард батална. Уг төлөвлөгөөнд хоёр эргэлт гэдэг бодлого танилцуулна. Нэг нь гадаад зах зээл рүүгээ экспортоо урамшуулах, нөгөө нь дотоодынхоо эдийн засгийг урамшуулах замаар тэтгэе гэсэн ийм хоёр бодлого барина. Энэ бодлого хэр идэвхтэй хэрэгжих вэ гэдгээс хамаараад Хятадын ган болон нүүрсний хэрэглээний аль нь өсөх вэ гэдэг асуудал яригдана. Гэхдээ энэ нь эргэлзээтэй. Яагаад гэхээр Хятадын эцсийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг хоёр том зах зээл нь хойд Америк болон Европ. Энэ хоёр зах зээл нь ковидын улмаас хэзээ хилээ нээх нь тодорхойгүй байгаа. Хилээ нээсэн ч ковидын улмаас хүндрэлд орсон үедээ эдийн засгаа дэмжиж, хөрөнгө оруулалт хийгээд дэд бүтцээ хөгжүүлэх үү, төмөр зам барих уу гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр гангийнх нь борлуулалт өсөх үү, үгүй юү гэдэг Хятадын хувьд мөн л эргэлзээтэй. Дотооддоо борлууллаа гээд үзэхэд бас нэг тал бий.

14 дүгээр таван жилийнхээ төлөвлөгөөнд оруулсан дотоодын эдийн засгаа тэтгэх бодлогын нэг сөрөг үр дагавар нь манайтай залгаа нүүрсний баялаг ордтой Өвөрмонгол,  Шаньси мужид уул уурхайгаа дэмжих гэж байгаа. Өмнө нь хааж байсан жижиг уурхай буюу дотоодын олборлолтоо дэмжээд ажлын байр үүсгэнэ. Хятадын сүүлийн хоёр жилийн дэд бүтцийн төлөвлөгөөг харахаар хоёроос гурван хүнд даацын төмөр зам барьсан.

Нэг нь Баотоугийн /Өвөрмонголын Бугатын/ төмөрлөгийн үйлдвэрээс урагшаа Гуанжоу орчим руу тавьж, 2019 онд ашиглалтад оруулсан төмөр зам. Тэрний хүчин чадал нь 200 сая тонн нүүрс тээвэрлэх чадалтай.

Тэгэхээр хойд нутагт байгаа эрчим хүчний болон коксжих нүүрсээ дотоодын төмөр замаар илүү хурдтай тээвэрлээд өмнөд бүсийнхээ эрчим хүчний нөөцийн нэлээд хэсгийг хангах бололцоотой болсон. Урьд нь Австрали, Индонезийн нүүрсээр хангадаг байсан бол одоо дотоодод байгаа нүүрсээ өмнөд бүс рүүгээ татах боломжтой болж байгаа. Тэгэхээр Өвөрмонгол, Шаньси мужийн нүүрсний уурхайнуудын зах зээл нь нээгдэж байна гэсэн үг. Ингэснээр манай улсын нүүрсийг импортлох нэг их шаардлага бий болохгүй болов уу гэсэн бас нэг эргэлзээ байгаа.

 


Эдийн засагч Н.Энхбаяр: Манай улс Голланд өвчтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188