• Өнөөдөр 2024-05-08

УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ ИРГЭДЭД 20 МЯНГАН ТӨГРӨГ ТАРААСАН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ

2023-04-04,   1034

    УИХ-ын гишүүн Д.Батлутыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн гэв үү. Тодруулбал, авлига, албан туушаалтай холбоотой  өргөдөл, гомдлыг тойргийнх нь иргэдээс хууль хяналтын байгууллагад хүргүүлж, шалгуулахаар болсон гэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ ИРГЭДЭД ДУГТУЙТАЙ МӨНГӨ ТАРААСАН ГЭВ

     Эх сурвалжийн мэдээлснээр “УИХ-ын гишүүн Д.Батлут өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймгийн иргэдэд дугтуйдаа мөнгө тараасан. Тэрбээр сар шинийн мэнд дэвшүүлэх нэрийн дор иргэдэд хахууль өгч байгаа зураг нь баримтаар байгаа юм байна лээ. Мэндчилгээ дэвшүүлж байгаа нэрийн дор иргэд, сонгогч нартаа дугтуй дугтуйгаар нь мөнгө тараагаад гишүүд ч улаан цагаандаа гарч байна. Орхон аймагт чиглэсэн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт байхгүй хэрнэ мөнгө тарааж байгаа нь иргэдэд таалагддаггүй байна. Энэ бол иргэдийн сонголтыг эрх мэдэл, мөнгөөр худалдаж авах гэсэн бохир арга. Сонгууль болохын өмнөх жилүүдэд амьгүй гишүүд амь орж, тойргоо мөнгөөр усалж байна шүү дээ. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгах нь зүйтэй. Дээрээс нь мөнгө авсан иргэд буцааж өгөөд, хууль хяналтын байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Ядарсан иргэдээ доромжилж байна. Эсвэл хэдэн төгрөг тараасныг нь үнэн шударгаар хэлэх ёстой. Иргэд үүргээ биелүүлж, авлигын эсрэг дуугарах хэрэгтэй” гэлээ.

      Уг мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Батлутын хууль бус үйлдлийг шалгаж эхэлсэн бололтой. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 20-нд тойрогтоо ажиллахдаа иргэдэд мөнгө тараасан гэнэ.

       Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “УИХ-ын гишүүн Д.Батлут тойргийнхоо иргэд, сонгогчдод зурагт мэндчилгээ, өөрийнхөө хийсэн ажлын тайлан, 20 мянган төгрөг тараасан байна лээ. Хахууль өгч байгаа энэ үйлдлийг нь иргэд зургаар баримтжуулж авсан байсан. Энэ бол баримтгүй гүтгэлэг биш, баримттай хахууль маш ноцтой асуудал. Хууль хяналтын байгууллагынхан тойргийнхоо иргэдийг мөнгөөр хуурч, хахууль өгсөн гишүүдийг шалгаасай билээ. Засгийн газрын Шүүр ажиллагааг УИХ-ын гишүүдээс эхлүүлэх нь зүйтэй. Гишүүд нь авлига өгөөд, сандал суудлын төлөө одооноос бэлдэж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр хажуудах хүмүүсээс л ажиллагаагаа эхэлж, цэвэрлэх хэрэгтэй байна. Д.Батлут 20 мянган төгрөгөөр л өөртөө давуу байдал олгож байна” гэсэн юм.

 

МАН-ЫНХАН СОНГОГЧДОО 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮНЭЛДЭГ БОЛОЛТОЙ

       МАН-ыхны мөнгө тараасан асуудал Бүлгийн даргаар нь тогтохгүй нь. Д.Тогтохсүрэн гишүүний араас УИХ-ын гишүүн Д.Батлут дөрөө харшуулаад орж ирж байгаа бололтой. Тэдний араас дахиад ч гишүүд нэмэгдэж магадгүй.

      Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх үеэрээ ахмад настнуудад дугтуй тараасан бичлэг нь цахим сүлжээнд цацагдсан байдаг. Эл асуудалд тэрбээр “Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллах үеэрээ Монгол ёсоор тав, зургаан ахмадад 20 мянган төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Ардчилсан намынхан бичлэг хийгээд мөнгө тараасан гэж бичиж байна. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гээд олон нийтийн дунд мөнгө өгсөн. Тараах мөнгө надад байхгүй, энэ нь тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй ч зүйл биш. Авлигатай тэмцэх газраас намайг дуудсан зүйл алга, өгвөл өгнө л биз. Санаа зовох зүйл алга” гэж хээв нэг хариулаад амжсан.

      Эх баригч намынхны иргэдээ 20 мянган төгрөгөөр үнэлдэг бололтой. “Хэдэн төгрөг байсан бэ” гэж асуухаар “Хууль ёсны биш, ердөө 20 мянган төгрөг байсан” гэж хариулж хууль хяналтын байгууллагынхныг, Монголын ард түмэнтэй хамт доромжилж байна.

20 МЯНГАН ТӨГРӨГ ТАРААСАН ГЭХ УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ ГЭЖ ХЭН БЭ

       УИХ-ын гишүүн Д.Батлутын талаар мэдээлэл хайвал хамгийн түрүүнд зодоон хийж, танхайрсан бараан түүх нь гарч ирдэг ажээ. Тодруулбал, Д.Батлут 2014 оны нэгдүгээр сард Орхон аймгийн МАН-ын хорооны дарга болжээ. МАН-ын хорооны дарга болсныхоо дараахан Д.Батлут “Яахаараа намайг тоодоггүй юм” хэмээн агсарч “Надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож хүнд гэмтээсэн гэнэ. Хохирогч Э нь тархины суурь ясны гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан гэх мэдээлэл байна.

            Тэрбээр Архангай, Орхон аймгийн ерөнхий боловсролын сургууль, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, цахилгааны инженер, Удирдлагын академи, төрийн удирдлага чиглэлээр суралцжээ.

        “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан,  “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, НАМЗХ-ны дарга, Орхон аймгийн МАН-ын дарга, Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байжээ.

ХОМ: Д.БАТЛУТ 25 АДУУ, 84 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

          УИХ-ын гишүүн Д.Батлут жилийн 48.9 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 36.2 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин нэг автозогсоол, нэг орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд үнэлэгдэх үнэ нь 180 сая төгрөг гэнэ. Тэрбээр 20 сая төгрөгөөр үнэлэгдэх “Toyota Prius XW50” машинтай аж. Сонирхуулахад, тэрбээр 2021 онд “Приус-50” маркийн автомашиныг 20 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн 37 сая төгрөгөөр үнэлэгдэх таван хошуу малтай ажээ. Тодруулбал, адуу-25, үхэр-16, ямаа-60, хонь-70 гэнэ. Харин 1.5 сая төгрөгийн үнэтэй, эзэмших эрхийн 0.14 га газартай аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 84.9 сая төгрөгийн хадгаламжтай бол Төрийн банкнаас авсан 20 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.


УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ ИРГЭДЭД 20 МЯНГАН ТӨГРӨГ ТАРААСАН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188