• Өнөөдөр 2024-05-16

“НҮҮРСНИЙ ХЭРЭГ”-Т ШАЛГАГДАЖ БУЙ УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН ӨМНӨГОВЬ ДАХЬ “АНГИЙН МАФИ”

2023-02-18,   1350

       Ардын намынхнаас “Нүүрсний хэрэг”-т холбогдож, АТГ-ын хаалга сахиж буй нэр бүхий найман гишүүн бий, одоогоор. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар. Түүнийг АТГ-аас “Нүүрсний хэрэг”-т нэр цохсоны дараа “Өмнө нь Өмнөговийг удирдаж байсан гэдэг утгаар улс төрийн зорилгоор өөнтөглөж байх шиг байна. Нүүрсний хэрэг надад хамаагүй” гэж өөрийгөө өмгөөлсөн. Хэдий тэр “хулгайд хамаагүй” хэмээн мэлзэж, “гүтгүүлсэн” мэтээр гүрийж байгаа ч холбоотой гэдгийг нь батлах хөдөлшгүй баримтууд нь гарч ирсээр байна. Тодруулбал, Н.Наранбаатар Өмнөговьд дөрвөн жил засаглахдаа дураараа дургихыг харин ч нэг үзүүлжээ. Үндсэндээ, Өмнөговийг өөрийн компани мэтээр ашиглаж, албан тушаал болгонд арван жилийн ангийнхнаа томилж, тэр байтугай “Таван толгой” ХК-ийг ч ангийнхнаараа удирдуулж, аалзны тор мэт сүлжээ үүсгэсэн байсныг АТГ-ынхан хөвөрдөж эхэлсэн байна. Түүний байгуулж, базаж байсан энэ сүлжээг бид “ангийн мафи” гэж нэрлэлээ. 
 

Н.НАРАНБААТАР АНГИЙНХАА ГУРВАН НАЙЗЫГ ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НЭГ НАЙЗЫНХАА ААВЫГ СУМЫН ЗАСАГ ДАРГА БОЛГОЖ, ГУРВАН НАЙЗЫГАА ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛЖЭЭ 

     УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 1992 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын ЕБ-ын I сургуулийг О.Чинзориг, Л.Уранцэцэг багштай ангид төгссөн. Хожим, Н.Наранбаатар 2016-2020 онд Өмнөговьд засаглахдаа арван жилийн ангийнхаа зургаан найзыг дэргэдээ авч, албан тушаалд томилж, “ангийн мафи”-ийг байгуулжээ. Өмнөговь аймгийг ангийнхнаараа нийлэн удирдаж, өрөм болгоныг нь хамах Н.Наранбаатарын том төлөвлөгөө бүтэн дөрвөн жил хэрэгжсэн байгаа юм. 
 
Тодруулбал, 2016 оны Орон нутгийн сонгуулиар Н.Наранбаатар Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргын хувиар хэн, хаанаас нэр дэвшихийг зурсан. Энэ “дархан” эрхээ ашиглан арван жилийн ангийн найз С.Мөнхбаяр, Д.Батзориг, С.Цэрэнбаяр болон Б.Алимаагийн аав О.Бадарч нарыг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч болгожээ. Улмаар Өмнөговь аймгийн Засаг дарга болсныхоо дараа ангийн найз С.Мөнхбаярыг Засаг даргын орлогч, “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Д.Батзоригийг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Г.Бат-Эрдэнийг ЗДТГ-ын Боловсрол, соёлын газрын дарга, Ү.Энхцацралыг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Ю.Энхтуяаг Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргаар тус тус томилсон байна. Товчхондоо, Н.Наранбаатар Өмнөговь аймгийг, “Таван толгой” ХК-ийг найзуудтайгаа хамт удирдаж, “хулгай”-гаа хуваалцжээ. 

Н.НАРАНБААТАР БИО ХИМИЧ МЭРГЭЖИЛТЭЙ НАЙЗ С.МӨНХБАЯРЫГАА ОРЛОГЧООРОО ТОМИЛЖ, “ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА БОЛГОЖЭЭ 

      Н.Наранбаатар арван жилд байхдаа ангийнхнаасаа Сумъяаготовын Мөнхбаяр гэгчтэй салж хагацдаггүй сайн найзууд байжээ. Улмаар 2016 оны Орон нутгийн сонгуулиар сайн найз С.Мөнхбаярыгаа ИТХ-ын төлөөлөгч болгосон байна. Улмаар Н.Наранбаатар өөрөө Өмнөговийн Засаг дарга болсныхоо дараа төлөөлөгч С.Мөнхбаярыгаа Уул уурхай, дэд бүтэц хариуцсан орлогчоороо томилж, хар бор хамаг ажлаа хариуцуулжээ. Хамгийн ноцтой нь, Н.Наранбаатар найз, орлогч С.Мөнхбаярыгаа 2017 онд “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож, 2019 он хүртэл хоёр жил удирдуулсан байгаа юм. Хууль хяналтынхан Н.Наранбаатарын “Нүүрсний хулгай”-н хэргийг шалгах явцад хууль бус бүх баримтууд С.Мөнхбаяраар дамжсан нь тогтоогдож байгаа гэх мэдээлэл байна. 
   
Тайлбар: Н.Наранбаатарын ангийн найз, орлогч асан С.Мөнхбаяр
 
    Арван жил тохой нийлүүлэн анд Н.Наранбаатарынхаа ачаар ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болтлоо суга дэвшиж, хариуд нь хууль бус ажлуудыг нь ч хариуцаж байсан гэх С.Мөнхбаяр нь үнэн хэрэгтээ улс төрөөс ч, уул уурхайгаас ч хол мэргэжилтэй буюу био химич мэргэжилтэй нэгэн аж. Тухайлбал, С.Мөнхбаяр нь 1997 онд МУИС-ийг Био химич мэргэжлээр төгсөж, энэ мэргэжлээрээ ЗӨСҮТ-д технологич, эрхлэгчээр ажиллаж байсан ажээ. 

Н.НАРАНБААТАР БИЗНЕСМЕН НАЙЗ Д.БАТЗОРИГИЙГОО ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛГОЖ, “ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЖЭЭ 

       Н.Наранбаатар арван жилийн найз Даргиагийн Батзоригийгоо 2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч болгосон. Улмаар “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилуулсан. Өөрөөр хэлбэл, Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг дарга байхдаа “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийг арван жилийн найз С.Мөнхбаяр, Д.Батзориг хоёроороо дамжуулан удирдаж байсан гэсэн үг. 
 
Н.Наранбаатарын ачаар дөрвөн жил Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр заларч, “Таван толгой” ХК-ийн ТУЗ-д тухалсан Д.Батзориг 2020 оны УИХ-ын сонгуулиар ачийг нь хариулсан. Тодруулбал, Д.Батзориг 2020 оны УИХ-ын сонгуулиар Н.Наранбаатарын Сонгуулийн менежерээр ажиллаж, хувийн компаниудаараа сонгуулийн санхүүжилтийг нь босголцсон. Жишээ нь, Д.Батзориг Н.Наранбаатарт “Жамо гранд трэйвэл” ХХК-иараа 20.0 сая төгрөг, “Нутгийн мана” ХХК-иараа 20.0 хандивлаж, сонгуулийн санхүүжилтийг нь босголцсон баримт бий.  
 
Түүнчлэн, Д.Батзоригийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаанд түүний бизнесүүд өргөжсөн. Жишээ нь, “Жамоторабэрү” ХХК нь Өмнөговьд “Dream Gobi”, Хөвсгөлд “Lake Forest”,  Тэрэлжид “Terelj Hills” гэх тансаг зэрэглэлийн цогцолбор жуулчны баазуудын байгуулан ажиллуулж буй. 

Н.НАРАНБААТАР АНГИЙН НАЙЗ Б.АЛДАРМААГИЙНХАА ААВ, АХМАД НАСТАН О.БАДАРЧИЙГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА БОЛГОЖЭЭ 

     Н.Наранбаатарын арван жилийн ангийн охин Б.Алдармаа нь математикийн багш мэргэжилтэй, Хан-Уул дүүрэгт байрлах “Номын гялбаа” хувийн бага сургуулийн захирлаар ажилладаг. Тэгвэл Н.Наранбаатар найз Б.Алдармаагийнхаа аав Оргодолын Бадарчийг 2016 оны Орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч болгожээ. Улмаар Н.Наранбаатар өөрөө Өмнөговь аймгийн Засаг дарга болсныхоо дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард Оргодолын Бадарчийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар томилсон байна. 
 
    Найзынхаа аав О.Бадарч нь Цогтцэций сумын Засаг даргаар томилсон нь Н.Наранбаатарын том төлөвлөгөөний гол хэсэг гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Таван толгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-иуд болон бусад том уурхайнууд байрладаг. Н.Наранбаатар найз С.Мөнхбаярыгаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар, Д.Батзоригийгоо ТУЗ-ийн гишүүнээр ажиллуулахын сацуу найз Б.Алдармаагийнхаа аав О.Бадарчийг Цогтцэций сумын Засаг даргаар томилсон нь “хулгай”-гаа хэрэгжүүлэх гол схем нь байсан гэж харагдаж байгаа юм. О.Бадарчийн хувьд Цогтцэций сумын Засаг даргаар ажиллах дөрвөн жилдээ хэл аманд багагүй өртсөн. Хамгийн сүүлд, 2020 онд “Эрхэт монгол” группийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяртай хамтран З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК-ийн эсэргүүцсэн жагсаал цуглаануудыг сум, аймагтаа болон Улаанбаатар хотод зохион байгуулж, Н.Наранбаатарыг ачийг хариулсан гэгддэг.  
Тайлбар: Цогтцэций сумын Засаг дарга асан О.Бадарч, Х.Мандахбаяр нар

Н.НАРАНБААТАР ЗАСАГ ДАРГА БАЙХДАА АНГИЙН НАЙЗУУДЫГАА ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛУУЛЖЭЭ 

 
      Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг дарга болсныхоо дараа ангийн охин Үржихийн Энхцацралыгаа ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилж, дөрвөн жил ажиллуулжээ. Ү.Энхцацрал нь 1997 онд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг төгссөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллаж байхад нь Н.Наранбаатар дэргэдээ татаж, дөрвөн жил даргын суудалд суулгасан гэх. Харин Н.Наранбаатарыг УИХ-ын гишүүн болмогц Ү.Энхцацрал ч албан тушаалаасаа буусан. Өдгөө Ү.Энхцацрал Н.Наранбаатарын Өмнөговь аймаг дахь Бие төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Мөн Өмнөговь аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга гэх давхар сэтэртэй юм билээ. 
 
Тайлбар: Баруун гар талаас- Бие төлөөлөгч Ү.Энхцацрал, Н.Наранбаатар нар
     Н.Наранбаатар ангийн охин Юрагийн Энхтуяагаа 2016 оноос Өмнөговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргаар томилж, дөрвөн жил ажиллуулжээ. Улмаар Н.Наранбаатарыг УИХ-ын гишүүн болсны дараа Ю.Энхтуяа нь Өмнөговь аймгийн Аудитын газрын Аудитор болж үлдсэн байгаа юм. Аудитор болсон Ю.Энхтуяа нь үнэндээ Барилгын инженер мэргэжилтэй гэх. 
 
     Н.Наранбаатар ангийнхаа Ганжирваагийн Бат-Эрдэнэ гэх найзыг  Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Боловсрол, соёлын газрын даргаар томилж, мөн л дөрвөн жил ажиллуулжээ. Гэтэл Г.Бат-Эрдэнэ нь Мэдээлэл зүйч мэргэжилтэй нэгэн ажээ. 
 
   Н.Наранбаатарын ангийн найз Содномцэрэнгийн Цэрэнбаяр нь 2016-2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Харин 2020 оноос Өмнөговь аймгийн Аудитын газрын даргын үүргийг гүйцэтгэгч, Тэргүүлэх аудитороор ажиллаж эхэлсэн байдаг. 
 
   Энэ мэтээр “Надад нүүрсний хэрэг огт хамаагүй” гэх Н.Наранбаатар “Таван толгой” ХК-ийг ангийн найзуудаараа дамжуулан удирдаж, аймгаа ч ангийнхантайгаа нийлэн удирдаж байсан нь илчлэгдэж байна. Н.Наранбаатарын байгуулсан энэ сүлжээнд багтсан хүн бүрийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр бол, "Нүүрсний хэрэг"-т шалгагдаж буй Н.Наранбаатарын хөлд асар олон хүн, тэр тусмаа ангийнхан нь чирэгдэж мэдэхээр байна. 
 
Эцэст нь,  урьд нь бид УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн хоёр дүү Нанзадын Наранбат, Нанзадын Очгэрэл нар нь “нүүрс”-тэй хэрхэн холбогддог схемийг илчилсэн. Шатахууны толгой компаниудын нэг “НИК” ХХК-ийг эзэмшиж, удирддаг төрсөн дүү Н.Наранбаттай нь гар, ганзага нийлж явсан С.Энх-Амгалан гэгч нь “Нүүрсний хэрэг”-ээр цагдан хоригдсон “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн “цэрэг” гэх нэг ноцтой схем бий. Нөгөө талд, төрсөн дүү Н.Очгэрэл нь Хонг Конгийн “Аnda investment international” компаниар дамжин Өмнөговийн Баян-Овоо дахь нүүрс угаах үлдвэртэй холбогддог өөр нэг схем ч бий.
 

“НҮҮРСНИЙ ХЭРЭГ”-Т ШАЛГАГДАЖ БУЙ УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН ӨМНӨГОВЬ ДАХЬ “АНГИЙН МАФИ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-16 13:55:45
    Zochin: Bicheed bgaarai. Eren survaljilah setguul zui bh yostoi.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-14 22:33:57
    Нэгийгээ алж тоглох захиалгат тоглоом: Бүүр сайн мэддэг хүн нь захиалж дээ. Атаархсан ккк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188