• Өнөөдөр 2024-05-03

Б.ЭРДЭНЭТУУЛ: ТҮҮХИЙН ХИЧЭЭЛЭЭР 800 ОНОО АВСНАА ДУУЛААД ААВ, ЭЭЖДЭЭ БАТАЛГАА ӨГЧ ЧАДАХ НЬ ГЭЖ БАЯРЛАСАН

2023-06-19,   5384

           Түүхийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авсан Б.Эрдэнэтуултай ярилцлаа. Тэрбээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн сурагч юм.

-Түүхийн хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авсанд баяр хүргэе. Анхнаасаа өндөр оноо авах итгэлтэй байсан уу, 800 оноо авснаа сонсоход ямар санагдсан бэ?

         -Баярлалаа. Анхнаасаа л “За түүхийн хичээлд л өндөр оноо авья” гэж зорьж бэлдсэн. Тэгээд шалгалтаа өгөөд гарч ирэхэд 100 онооноос 96 оноо авснаа хараад “Ингээд л 800 оноо авах өнгөрч, ээж, аав, багшийнхаа итгэлийг алдлаа” гээд сэтгэл гонсгор харьсан. Гэхдээ хэмжээст оноо гараагүй байсан учраас тэр өдөртөө аав, ээжийнхээ дуудлагад хариу өгөлгүй эцсийн хариу гарахыг хүлээсэн. Харин хэмжээс оноогоо сонсоод, “Аав, ээждээ баталгаа өгч чадах нь” гэж баярлан санаа амарсан. Найзууд ч “800 авч чадлаа, одоо болсон” гэж надаас дутуугүй баярлан тэвэрч байсан.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчдын ангидаа ЭЕШ-д бэлдсэн зургаас... 

-Яагаад түүхийн хичээлдээ 800 оноо авахыг зорьсон бэ?

         -Би сургуулиа төгсөөд гадаадын сургуульд сурахыг хүсдэг. Тэгээд аав, ээждээ энэ саналаа хэлэхэд, тэд “Манай хүүхэд монголдоо сайн хувиар авч чадахгүй юм байна, чадваргүйдээ гадагшаа явж байгаа юм байна” гэж ойлгоод байсан. Тиймээс аав, ээждээ баталгаа өгөх хэрэгтэй юм байна гэж ойлгоод, ЭЕШ-даа 800 авах боломжтой хичээлийг судалж өгөхөөр зорьсон. Мөн арван жилдээ л түүхээ судлахгүй бол дахиж гүнзгийрүүлж үзэх боломжгүй гэх үүднээс түүхийн хичээлийг сонгож бэлдсэн.

-Айлын хэд дэх хүүхэд вэ, аав, ээж нь шалгалтдаа 800 оноо авахад хэрхэн хүлээж авсан бэ, тэд одоо бүрэн итгэлтэй болсон байх?

            -Айлын зургаа дахь хүүхэд. Гэр бүл минь сурах бүх орчин ахуйгаар дэмжиж, хичээлээ хийх боломжоор бүрэн хангаж өгдөг. Хичээлээ хийгээд сургууль дээрээ хоноход ч огт загнадаггүй, “Юмаа л сайн хий” гэдэг. Тийм болохоор 800 оноо авахад их баярласан, би ч надад итгэсэн итгэлийг нь алдаж, талаар болгоогүйдээ их баяртай байгаа.

      -Орон даяар "Түүхийн хичээлийн 800 оноог Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн сурагч авлаа" гээд аймаг, сумынхаа нэрийг давхар дуудууллаа, Дэлгэрхангай сумын сургуулиас ч эрдэмтэн, зохиолч, урлаг соёлын олон алдартан төрсөн байдаг даа?

              -Манай сургууль бол 101 жилийн түүхтэй, Монголын анхны гурван сургуулийн нэг. Олон сайхан алдартан төрсөн сургуулийнхаа нэгэн төлөөлөл болоод нэрээ дуудуулж байгаадаа сэтгэл бахдам байна.

-Хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ, ямар аргаар хэрхэн бэлдэв?

          -Цагаан сарын дараагаас бэлдэж эхэлсэн. Гуравдугаар сард аймгийнхаа түүхийн олимпиадад оролцож, аймагтаа нэгээр гарч ирээд, улсад оролцох эрх авсан. Тиймээс монгол болон дэлхийн түүхээ хамтат нь гүнзгий судалж, уншиж бэлдсэнээр улсад дэд байрт орсон. Улсын түүхийн олимпиадад ороход 800-900 үгтэй түүхийн сэдэвтэй эсээ бичих нь голлон чадвар шаардаж байсан. Шалгалтын хувьд нарийн бэлдэх арга тактик гэж байгаагүй. Аль болох бүгдийг нь судлахын тулд л хичээж байсан. Арай хүүхдүүдийн мэддэггүй байж магадгүй нэг арга бол би хариултаа асуулт болгож тэмдэглэж авдаг байсан. Тухайлбал, “Хубилай хаан дөрвөлжин бичгийг хэнээр зохиолгосон бэ” гэх байдлаар асуултдаа хариулж тогтоож байсан. Нийтдээ давхцаагүй тоогоор 10 мянга гаруй асуулт өөрөөсөө асуух байдлаар бэлдсэн.

-Мэргэжлээ сонгосон уу?

         -Одоогоор тогтож сонгосон мэргэжил байхгүй. Хийж үзээгүй, хараагүй, сонсоогүй зүйл олон байна. Яг энэ зүйлийг л 10,20 жил уйдахгүй хийж чадна гэсэн итгэлтэй зүйлээ хараахан олоогүй байгаа.

-Хэдий мэргэжлээ сонгоогүй ч хүүхэд бүр “Би том болоод тийм хүн болно” гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Чиний хувьд ямар хүн болно гэж боддог байсан бэ?

        -Тав, зургаа настай байхдаа ерөнхийлөгч болно гэж боддог байсан. Одоо харин ямар мэргэжил сонгож, ямар хүн болох тухай бодож л байна.

-ЭЕШ-д бэлдэж байгаа хүүхдүүд юун дээр илүү анхаарах ёстой гэж бодож байна вэ?

          -Сургуулиа төгссөн ах, эгч, дээд ангийн төгсөгчид дүү нартаа “ЭЕШ бол аз” гэж хэлж, ойлгуулдаг нь их буруу ойлголт санагддаг. Манай улс бусад орны ЭЕШ-ын хувьд харьцангуй хялбар байдаг, хоёрдугаарт ЭЕШ өгч байгаа хүүхдийн тоо цөөн учир өрсөлдөөн бага. Тэгэхээр хүүхдүүд ЭЕШ-д хугацааг нь тулгаж бэлддэг нь хамгийн том алдаа гэж боддог. Түүнээс миний хувьд хоёр хичээлээр ЭЕШ өгч, нэг нь сайн, нөгөө нь дунд зэргийн үнэлгээтэй байсан учир “Ийм зүйлд анхаараарай” гэх зөвлөгөө өгч чадахгүй. Харин түүхийн хичээлээр ЭЕШ өгөх гэж байгаа бол бүлэг сэдвээр нь судлах нь зөв байдаг. Тэгээд ер нь хүүхэд бүрийн сурах арга барил, ойлгодог ойлгоц ондоо учир өөртөө тохирсон арга барилаа олох нь л чухал. Надад гэхэд асуултын арга их зохидог, үг цээжлэхдээ карт ашиглаж цээжилдэг. Энэ аргаараа түүхийн хичээлээ мөн давтсан.

-Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Түүхээ судалж байхад “Бид чинь ийм агуу түүхтэй улс юм байна” гэдэг мэдрэмж төрсөн байх. Ер ямар санагдсан бэ?

         -Түүхийн хичээлээ судалж байхад хамгийн түрүүнд “17 жил түүх судлаагүй, түүхийн мэдлэггүй юу хийж байсан юм бэ” гэж бодогдсон. Тэгээд “Монголдоо амьдрахгүй гадагшаа л явбал амьдрах юм байна, эвдрэлгүй сайхан замаар явж, эрүүл утаагүй орчинд амьдрах юм байна” гэж боддог байсан бодол түүхээ судалсны дараа өөрчлөгдсөн. Учир нь, ямар олон хүн  амиа зольж, тэмцсэнээр өдгөө Монгол Улс оршин тогтносон юм бэ гэдгийг түүхээ уншиж мэдсэн болохоор хандлага минь өөр болж, гудамжаар явж байхдаа зам муухай байвал “Энийг ингээд л шийдвэл болчих юм байна шүү дээ" гэж хэрхэн өөрчилж, шийдэх вэ гэх гарц гаргалгааг хайж, өөрийн зүгээс бага ч болов хувь нэмэр оруулах сан гэж боддог болсон. Тиймээс гадаад руу явж сурч ирээд эх орондоо өөрийн хийж, өөрчилж чадах бүхнийг хийнэ гэж бодож байгаа.

-Залуу хүний хувьд өнөөгийн нийгмийн төрх байдлыг хэрхэн харж байна вэ?

            -Бид 30 гаруй жилийн өмнө хүний эрх, эрх чөлөөг дээлдэг ардчилсан нийгэмд шилжсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар олон хүний эрх зөрчигдөж байна. Ихэнх хүнээс “Нийгэм ямар байна вэ” гэж асуувал, “Болохгүй, бүтэхгүй, зээлээс зээлийн хооронд амьдрал хэцүү байна” гээд л эхэлнэ. Мэдээж асуудал их байгаа. Гэхдээ нэг удаа ч гэсэн бид өөрсдөө юуг нь болохгүй, бүтэхгүй болгож байгааг харах хэрэгтэй. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл нийгэм өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол нийтийн эзэмшилд миний эрх гээд зогсож байдаг омог бардам монголчууд шүү дээ, бид. Гэхдээ “2050 он Монголын хөгжлийн оргил үе” гэж зөгнөсөн Ванга эмээгийн зөгнөл биелнэ гэдэгт итгэдэг.

-Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ, юу хийх дуртай вэ?

         -Хөдөө сумын хүүхэд болохоор айхтар өөрийгөө хөгжүүлээд байгаа зүйл байхгүй. 12 жил бүтэн суралцсан. Түүнээс сумын сургуульд  өөрийгөө хөгжүүлэх дугуйлан секц бага байдаг. Жилдээ нэг урлагийн үзлэг, спортын тэмцээн болно. Харин ном унших дуртай. Энэ л миний өөрийгөө хөгжүүлж байгаа гол зүйл. Цаашид олон гоё хүмүүсийн хүрээлэлд орж, сонирхлоо тэлнэ гэж боддог.

-Суралцахад хамгийн идэвхтэй цаг нь аль үе вэ?

        -Олимпиад болон ЭЕШ-д бэлдэх үедээ өглөө 05:07 цаг, өдөр 14:00-16:00 цагийн хооронд унтаж, нойроо авч байсан. Үлдсэн цагт нь хичээлээ хийж, найзуудтайгаа ихэнх цагийг өнгөрөөнө. Хамгийн идэвхтэй цаг гэвэл шөнийн цаг л юм байна, шөнө л их сайн төвлөрдөг. Сургууль дээрээ жижүүрээс нуугдаж хононо шүү дээ, сүүлдээ бүр жижүүр "Ангид хүүхэд үлдсэн байна уу" гэж шалгадаг болсон байсан. Ингэж л нуугдсаар овоо зүйл хийж амждаг байлаа.

-Найз болон бусад хүн зан чанарыг нь илүү тодорхойлж хэлэх байх, ямар зан чанартай гэж хэлдэг вэ?

       -Найзууд маань намайг хэнтэй ч эвийг нь олж харилцаж, учрыг нь олж чаддаг зан чанартай гэж хэлдэг.

-10 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна, төлөвлөж, хүсэж зорьж байгаа зүйлээ жагсааж бичдэг үү?

               -Арван жилийн дараа 28 настай Эрдэнэтуул гэдэг хүний хувьд аль хэдийнэ бакалавр, магистрын зэргээ хамгаалсан байна байх. Арван жил гэхээр урт мэт сонсогдож байгаа ч үнэндээ хэдхэн өвөл, зун болоод л дуусах хугацаа. Тиймээс өнөөдрийн сонголтын үр дүн ирээдүйд гарах учир зөв сонголт хийхийг хичээдэг. Тухайн үед мөн зорьсон зүйлдээ хүрсэн байвал хэд хэдэн хүнд хүртээлтэй зүйл хийнэ гэж боддог. Иймд зорилгоо нууц хэвээр нь үлдээмээр байна.

-Ярилцсанд баярлалаа, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

           -Баярлалаа, танд мөн ажлын амжилт хүсье.   


Б.ЭРДЭНЭТУУЛ: ТҮҮХИЙН ХИЧЭЭЛЭЭР 800 ОНОО АВСНАА ДУУЛААД ААВ, ЭЭЖДЭЭ БАТАЛГАА ӨГЧ ЧАДАХ НЬ ГЭЖ БАЯРЛАСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 22:14:52
    Anthropology: MUIS-n Anthropologyd suraad, masteraa Cambridge hiigeesei gej husmeer ohin bna… Cambridge masterdaa MUIS-n Anthropology tugsugchdiig naashtai awdag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 14:08:17
    Зочин: Мундаг байна , баярихүргэе. Харин тэр Ванга манга гэсэн худал балай зүйлээс хол яваарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 10:47:25
    [email protected]: Амжилттай сайн өгч шалгалтаа, амьдралын алтан шар зам тань өлзийтэй байх ерөөл дэвшүүлье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 09:38:10
    Хишигцэцэг: Зорилготой мундаг охинд баяр хүргэж цаашдынх нь сурах их үйлсэд нь Амжилт хүсье.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188