• Өнөөдөр 2024-04-26

ТЭНГЭР ШҮРГЭМ УУЛСЫНХАА БЭЛД, ТЭНГИСИЙН АНИРТАЙ ДАЛАЙНХАА ЗАХАД ДЭНДҮҮ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА АА, ТЭД

2023-03-11,   3326

                     Наран хэвийж, хүйтэн жавар тачигнасан Ханх сумын зэлүүдийн зэлүүд гудамны анирыг үргээж, нэгэн эр хоёр охиноо хөтөлсөөр айсуй. Айлуудын тооноор гэрэл анивчаад, ноход дуу дуугаа аван хуцалдаж эхэллээ. Их далайн мөсөнд нарны сүүлчийн гялбаа улайран ойж, тэнгэр шүргэм уулсын цаагуур уналаа. Хүчтэй салхинд хашааны банз ганхаж, цахилгаан утас савлан байв. Хонин цагаан үүлсийн заагт хавирган сар ёлтойж, одод бүдэг, бадагхан гэрэлтэх авай. Хоёр охиноо хөтөлсөн эр ойртох тусам цасны чихрах дуун тодорч, тэдний амнаас уур манан савсана. Аавынхаа гараас чанга гэгч зуурсан хоёр охин цуурай хадтал тас тас инээн додигор алхах нь цаанаа л өхөөрдөм. Цагаан гэгээ тасарч, харанхуй нөмрөхийн заагт бид уулзав. Хоёр охиноо хөтлөн яваа энэ эрийг Б.Гантулга гэдэг ажээ. Тэрбээр ажлаа тараад хүүхдүүдээ сургуулиас нь аваад гэрийн зүг гэлдэрч яваа нь энэ. Б.Гантулга сумандаа нийгмийн ажилтны албан тушаал хашдаг байна.

 Цэлийсэн том хашаанд дүнзэн байшин яндангаасаа утаа суунаглууланхан угтлаа.

               Тиймээс сумандаа болох нийгэм, соёлын үйл ажиллагааг хариуцан ажилладаг аж. Түүний ярьж буйгаар сумын төв амар тайван, орой 20:00 цагаас хойш бараг л хөдөлгөөн тасарч, нам гүм ноёлдог гэнэ. Хаа нэг ноход хуцаж, машины дуу л гардаг байна. Жавар тачигнасан хүйтэнд хүүхдүүдийг дааруулчихгүйн тулд хөдөллөө. Оддын доор анир гүмхэн суурин орчлонгийн нэгэн шөнийг угтаж байна. Сум, суурингийн сонин сайхан сонсон алхтал нүд гялбам хурц гэрэлтэй УАЗ 69 машин дэнжигнэн явсаар хажуугаар өнгөрлөө. Цонхоор нь энгэр задгай дээлтэй, халамцуу цээжээрээ гарч ирэн хашхирахад цааш нэг нь гуд татан суулгаж бололтой харагдана. Үүнийг харсан Б.Гантулга цан татсан сахал, хөмсгөө арчаад “Хаа нэг л манай суманд согтуу хүн явж харагддаг. Ихэнхдээ л амар тайван өдөр өнгөрнө. Бүгд л өглөө ажилдаа явж, орой хүүхдүүдээ сургуулиас нь авч, халуун ам бүлээрээ хоолоо идээд нойрсоно. Ер нь бол нэгэн хэвийн амьдрал өдөр бүр угтдаг.  Сонирхолтой содон зүйл болоод байдаггүй ч энэ суурингаасаа бид залхаж үзээгүй. Хөвч тайга, далай ээждээ эрхлэн амьдарч байгаа азтай хүмүүс гэж боддог. Би энэ сумандаа төрж өссөн. Одоо гэр бүлтэйгээ аж төрөн амьдарч байна. Хөвсгөл аймагтаа их сургуулиа дүүргээд, сумынхаа сургуульд Мэдээлэл технологийн багшаар ажиллаж байв. Ний нуугүй хэлэхэд манай сум алслагдмал, эд бүтэц муутай л даа. Намайг бага нийгмийн шилжилтийн эд үе байсан. Тухайн үед хүмүүсийн амьдрал нэлээд хүнд байсан цаг. Тиймээс ээж, аавыгаа дагаад Орос руу гарч бараа таваар оруулж ирнэ. Орост очиж ажил хийнэ. Тэр үед зам харгуй шавар шавхай, намаг ихтэй ёстой хэцүү байлаа. Үүнээс гадна Оросоос нефть орж ирнэ. Түүнийг нь Сүхбаатар хөлөг онгоцоор Хатгал руу тээвэрлэдэг байлаа. Манай аав нефть баазын даргын ажил хийдэг байв. Тиймээс аавыгаа дагаад их явсан. Оросуудтай ч сайхан найзалж, нөхөрлөдөг байлаа. Гэтэл Сүхбаатар хөлөг онгоц тээвэр хийхээ больж, худалдаа наймаа нэг л өдөр зогссон. Тэр цагаас хойш Ханх сум нам гүмхэн суурин болж хувирсан гэхэд болно. Харин  сүүлийн үед аялал жуулчлал сэргэж, сумынхан маань хөдөлгөөн орж хэлэх маягтай байгаа. Хөгжлийн хувьд асар удаашралтай явж байгаа гэж би хувьдаа боддог” хэмээн сонин сайхан хуучилсаар гэртээ ирлээ. Хашааны хаалга нээхтэй зэрэгцээд хоёр охин нь гэр рүүгээ уралдан гүйв. Цэлийсэн том хашаанд дүнзэн байшин яндангаасаа утаа суунаглууланхан угтлаа.

-ХАНИЙНХАА СЭТГЭЛЭЭ ДЭВСЭЖ ХИЙСЭН ХООЛЫГ АМТАРХАН ИДЭЭД УНТДАГ ДАА-   

                     Б.Гантулгынх гэртээ цэмбийтэл цэвэрлэжээ. Гэрийн эзэгтэй С.Хоролсүрэн цай, сүү болж, хоол хийхээр галаа өрдөөд тогоогоо тавилаа. Саяхан л гэртээ орж ирсэн хүүхдүүд хэдийнэ хувцсаа солиод зурагтынхаа өмнө тухлаад амжсан байв. Галын дөлөнд халуу дүүгэх гэрийн цонхоор гадагш харвал хөх тэнгэрт, хонин цагаан үүл хөшиглөжээ. Хөвч тайгын оройд саран ноёлжээ. Далайн жаварт жиндсэн хацар, час час хийж байсан чихний омог халуу оргин байв. Гэрэл анивчлуулан ганц нэг машин холхин цас чихруулж, нохдын дуу цуурайтахаас өөр чимээгүй анир гүмхэн суурин дүнхийнэ. Халуун галын илчинд хоол нүд ирмэхийн зуурт л буцалжээ. Хоол унд болсны дараа бид тухлан суугаад цөөн хэдэн хором ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Ханх сумын хувьд аялал жуулчлал хөгжиж байгаа гэсэн. Тэгэхээр та хоёр жуулчин хүлээн авч, цалингаас гадна орлого олж байна уу?  

                     Б.Гантулга: Бараг л үгүй дээ. Ажил ихтэй болохоор зав гараад байдаггүй. Хааяа нэг боломж гарвал хөтөч хийдэг. Түүнээс биш байнга хийгээд байж чаддаггүй л дээ.

Ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ харна, сургууль нь хүргэж өгнө, хичээлийг давтуулна гээд ажил ихтэй байдаг даа.

                     С.Хоролсүрэн: Хань маань төрийн албанд өдөр шөнөгүй ажиллаж байна. Би харин үсчин хийдэг. Тиймээс цаг зав муутай. Ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ харна, сургуульд нь хүргэж өгнө, хичээлийг нь давтуулна гээд ажил мундахгүй. Гэхдээ цаашдаа үйлчилгээгээ өргөжүүлнэ гэсэн бодол байгаа.

-Сүүлийн үед нийслэлийг зорих залуус олон боллоо. Үүнээс шалтгаалаад орон нутаг боловсон хүчингүй болсон хэмээн шүүмжлэлд өртдөг. Тэгэхээр сумандаа ажиллаж, амьдарч байгаа залуу хүмүүсийн хувьд энэ тал дээр юу гэж боддог вэ?

                     - Б.Гантулга: Бид ер нь хийсвэр сэтгэлгээтэй юм шиг санагддаг. Хотод амьдрал гоё, хаан мэт амьдрах боломжтой” гэж боддог. Би харин тэднээс өөр бодолтой. Хүн сайхан амьдаръя гэвэл хаана ч амьдрал байна. Гол нь хичээх, зүтгэх л хэрэгтэй. Ер нь нийслэлд амьдрал сайхан байна гэж би лав сонсоогүй. Бөөн түгжрэл, бухимдал, хэрүүл маргаан, хулгай дээрэм гээд элдэв зүйл сонсогдох юм. Харин хөдөө бол сайхан. Амар жимэр, бухимдал байхгүй аятай тухтай.  Манай суманд гэхэд л залуучууд ирээд ажиллаж, амьдрах бүрэн боломж байна.

-Орон нутагт залуучууд ажиллах орон тоо байхгүй. Дээрээс нь цалин бага гэж сонсогддог л доо?

                - С.Хоролсүрэн: Бусад газрыг мэдэхгүй ч манай суманд бол элбэг байгаа. Жишээ нь, зуны улиралд жуулчид ирэхэд хоолны үйлчилгээ үзүүлж байгаа газруудад тогооч олдохгүй байна. Мөн сургуулийн түлэх модыг татах гэхээр “Ажилтан олдохгүй байна” гээд сууж байдаг. Энэ мэтчилэн ажил бол зөндөө бий.

-Залуучууд гэснээс та хоёр хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаарч байна вэ. Орон нутгийг сургалтын чанар муутай гэж ярих тохиолдол их байдаг болохоор л асуучихлаа?  

                Б.Гантулга: Би ирээдүйгээ төсөөлөөд бодоод байдаггүй. Яагаад гэхээр нийгмийн хөгжлийн үе шат явдгаараа л явна. Яг нарийндаа бол хоёр хүүхдэдээ зөв хүмүүжил олгох гэж хичээгээд ч чадахгүй л байхгүй юу. Харин хүүхдэдээ чөлөөтэй сэтгэх, аз жаргалтай байх боломжийг л бүрдүүлж чадна шүү дээ. Тиймээс бүгдийг өөрчилж, өөрийнхөөрөө байлгах гээд бол дэмий байх. Тиймээс “Чи энэ сургуульд сурч, тийм мэргэжил эзэмш” гэх мэтээр үглэх нь буруу гэж боддог. Хүүхдүүд маань нас биед хүрээд өөрсдийн амьдралыг сонгоод л явна. Тэр үед тусалж, дэмжих нь л чухал гэж боддог. Ер нь амьдралд чин сэтгэлээсээ хандаж байгаа хүнд боловсролын их багын ялгаа гардаггүй. Үүнээс гадна өнөөдөр цахим орчноор дамжуулан сургалтад сууж мэдлэг боловсролоо ахиулах бүрэн боломж байна. Тиймээс заавал хотод чанартай сургалт, орон нутагт муу гэдэг ойлголтоосоо салах цаг болсон.

 

Тиймээс “Чи энэ сургуульд сурч, тийм мэргэжил эзэмш” гээд үглэх нь буруу гэж боддог. Хүүхдүүд маань нас биед хүрээд өөрсдийн амьдралыг сонгоод л явна

 -Та хоёр анх хэрхэн танилцаж, гэр бүл болж байв. Энэ талаараа сонирхуулж яриач?

             С.Хоролсүрэн: Оюутан байхдаа танилцаж, үерхэж, нөхөрлөсөн. Нэг гэрт орсноосоо хойш хоёр сайхан хүүхэдтэй боллоо. Элэг бүтэн аз жаргалтай амьдарч байна. Хүүхдийнхээ хичээл номыг давтуулж, ажлаа хийгээд  халуун бүлээрээ зурагтаар кино үзэж, амьдралын сайн сайхныг л мэдэрч явна.

-Ханьтайгаа хэрхэн болздог вэ?

            Хоролсүрэн: Бид суурин газрын хүмүүс биш болохоор болзоод яваад байдаггүй. Хэдийгээр манай суманд кино театр байхгүй ч зурагтаар үзэж болж байна. Цэвэр агаар байна. Тэгэхээр хаагуур явж болзох билээ. Бидний амьдрал нийслэлчүүдээс тэс өөр шүү дээ. Өдөржин зам дээр түгжирч бухимдахгүй. Хүсвэл ханьтайгаа хэзээ ч уулзаж болно. Таван минут алхаад л ажил дээр нь оччихно. Хамтдаа цайны цагаар нь гэртээ хоолоо идчихнэ. Тэгэхээр бидний өдөр болгон болзоод байгаа биз дээ.

          Б.Гантулга: Орон нутгийн иргэдэд гэр бүлдээ зарцуулах цаг хангалттай байдаг. Орой хоолоо идчихээд зурагтынхаа өмнө сууж, кино үзнэ. Хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж байхдаа ярилцана. Би мод хагаллаа гэхэд хүүхдүүд маань дөрвөлжинд хийгээд гэртээ оруулна гээд бүгд өдөр бүр хамт байдаг. Үүнээс гадна шагай тоглоно. Далайд очиж мөс мөргөлдүүлж, гулгана зөндөө л зүйлийг хамт амжуулна шүү дээ.

          Ийнхүү ярилцан суутал хоёр охиных нойр хүртсэн бололтой нүдээ нухалсаар ээждээ очин орж засаж өгөхийг хүслээ. Гэрийн эзэгтэй хүүхдүүдээ унтуулж, Б.Гантулга гаднаас мод оруулж, галаа өрдөөд тэд унтахад бэлэн болов. Нохдын дуу намдаж, Б.Гантулгынх гэрлээ унтраахад сумын төв ажин, түжин нойрслоо.

-ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА ТАЙВАН УУГААД АЖИЛ, АЖИЛ РУУГАА ЯВАХ ХОС-

          Гэгээ орохтой зэрэгцээд Б.Гантулга эртлэн бос ч мод хагалах бол гэргий нь гал өрдөж, цай буцалган сууна. Тэд ажлынхаа хувцсыг өмсөж, бэлэн болоод өглөөний цайгаа тааваараа уух аж. Энэ үед наран мандаж, хөшигний завсраар туяа нь гялбалзан байв. Хоёр охиных нь хичээл өдөр ордог болохоор унтаад үлддэг байна. Буйдын буйд, аглагийн аглагт орших энэ айлын амгалан тайван нь яг л нутаг шигээ аж. Нутгийнх нь дүнхийх уулс дүүрэн манантай, тэсгим жавартай өглөө  ажил, ажил руугаа тэд явлаа. Тэд өдөр цайныхаа цагаар гэртээ уулзаж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө. Тэгээд л дахин ажил руугаа. Энэ бол тэдний өдөр бүр давтагддаг үйл явдал. Сумаа алслагдмал, хөгжил муутай гэж тэд голж үзээгүй нь ярианаас нь илт. Харин эндээ, нутагтаа амьдарч буйдаа тэд дэндүү сэтгэл хангалуун байдаг нь хийж буй ажил, төлөвлөж буй бүхнээс нь тодорхой харагдана. 

Өлгөөний наран дээш хөөрч, манант өдөр уул руу сарлаг мацан байна. Ай, Монголын хөдөөд амьдрал ийн тэнүүн дэлгэр өрнөж байна. 


ТЭНГЭР ШҮРГЭМ УУЛСЫНХАА БЭЛД, ТЭНГИСИЙН АНИРТАЙ ДАЛАЙНХАА ЗАХАД ДЭНДҮҮ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА АА, ТЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 16:04:25
    Xanx sum: Xanx sum baigaliin uzesgelent gazar bairladag uvulduu xuiten zundaa dulaaxan gazar daa Tetgevertee garaxaar ene sumand tom saixan dunzen baishin bairiad amidarna gej boddog doo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-07 11:53:13
    Б.Оддд: Аз жаргал хvсье ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-06 23:55:28
    B.Baasanlkham: Ahinha ger bvld az jargal hvsey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-06 21:55:21
    Б.мөнхжаргал: Saixan axiinxaa ger bvld azjargal xamgiin sn sxan bvxniig xvsii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-06 20:55:50
    Д.Отгон-Өлзий: Сайхан гэр бүлд нь аз жаргал хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-06 20:12:32
    ц энхтүвшин : найзынхаа гэр бүлд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-06 19:47:25
    М: Улсдаа тэргүүлэх архичин сум.соц үед онгоцоор архийг нь зөөж өгдөг бсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-06 18:35:54
    А.Лхагвасүрэн: Сайхаан сайхан.Тэр тусмаа Ханх диваажин л гэсэн үг.Гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-05 08:27:02
    сайхан: Сайхаан сайхан ийм л амьдрал гоё шүү энэ жжахан утаатай хотод түгжрэл өвчин зовлон их хэцүүхэн амьдарч байнаа энэ хотынхон
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188