Өглөөний 10:00 цаг: Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв
Бид СХД-ийн өрхийн эрүүл мэндийн төвд очиход жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдээ үзүүлэхээр ирсэн иргэд угтав. Тэднээс хүүхдүүд нь ямар зовууртай байгаа талаар тодруулахад,
ИРГЭН Б.Д: Манай охин дөрвөн нас хүрэх гэж байгаа. Өмнө жилүүдэд харшил гайгүй, өвөл ч ханиад хүрээгүй юм. Тэгсэн саяхан бие нь загатнаад, жижиг улаан юм туурч эхэлсэн. Хажуугаар нь хүүхэд л болсон юм хойно гадаа тоглоод, ханиад хүрчээ. Тэгээд ямартай ч өнөөдөр өрхийн эмнэлэгтэй үзүүлээд, эм бичүүлж авлаа. Маргааш харшлын эмнэлэгт үзүүлэх бодолтой байна.
ИРГЭН М.Б: Хүүхэд маань намар модны үр гарах үеэр л харшлаад байдаг байсан юм. Тэгсэн сая цас арилаад, хогийн ургамал гараад ирсэн чинь харшил нь дахиад хөдөлчихлөө. Уудаг харшлын эмч нь таарахаа болиод, өрхийн эмчээрээ эм бичүүлж авах гэж ирлээ. Гэрээрээ хэд хэдэн хамрын дусаалга, харшлын эм хэрэглэсэн ч үр дүнгүй л байна. Хавар болоод ч тэр үү дархлаа нь суларсан байх. Тиймээс нэмэлт дархлаа дэмжих витамин авах санаатай. Хэд хоног цэцэрлэгээс нь чөлөө авч амрааж байгаад явуулна. Нөхөр бид хоёр ажилтай болохоор ээжийгээ гуйгаад хэд хоног харуулна. Жаахан хүүхэд болохоор зовиуртай шаналаад, уйлагнаад байх юм.
.jpg)
Бид Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгээс гарч Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийг зорьсон юм. Тус эмнэлгийн хоёрдугаар давхарт байрлах хүүхдийн тасгаар ороход мөн л үзлэгийн дарааллаа хүлээж, хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд байлаа. Иргэдийн эмнэлгийн туслалцаа, зөвлөгөө авах эхний цэг нь харьяа дүүргийн өрхийн эмнэлэг байдаг. Тэд өрхийн эмнэлгээсээ бичиг авч, дүүргийн эмнэлэгт үзүүлэн хэвтэн эмчлүүлэх эсэхээ шийддэг байна. Эмч нараас хүүхдүүд голчлон ямар шинж тэмдэгтэй илэрч байгааг тодруулах гэсэн боловч үзлэгийн цагаа авсан иргэд дүүрэн байсан учир бид эндээсээ Арьс өвчин судлалын үндэсний төвд очлоо. Биднийг өдрийн 13:00 цагийн үед очиход харшлын тасагт үзүүлэхээр иргэд дугаарлаж байлаа. Иргэд харшлын тасагт үйлчлүүлэх гэж багадаа долоо хоног хүлээж байгаа аж. "Эмч ээ манай хүүхдийн биеэр улаан юм туураад, хоолой нь загатнаад байна. Өмнөх харшлын эм нь намдааж чаддаггүй ээ, өөр эм бичүүлэх гэсэн юм. Өөр юмнаас нэмж харшлаад байх шиг байна" гэх эцэг, эхчүүдийн дуу тасралтгүй сонсогдоно.
Үзлэгийн цагаа хүлээн хүүхдээ тэврэн сууж буй Б.Нямцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Манайх гурван хүүхэдтэй. Хоёр том маань ахлах анги, бага хүү таван настай. Эгч нар нь элдэв зүйлээс харшилж байгаагүй. Харин хүү бид хоёр хавар, намар харшлын эмнэлгээс салахаа байсан. Чихэр, ургамал, тоос гээд харшлахгүй юм байхгүй. Уг нь дархлааг нь дэмжиж халуун бүлээн уух юм тогтмол уулгаж, хэрэгтэй витаминуудыг нь өдөр болгон өгдөг юм. Одоо эмчдээ үзүүлээд болохгүй бол эмнэлэгт хэвтүүлэх санаатай байна. Харшил чинь ханиаднаас илүү хүүхэд зовоох юм. Шөнө биеэ маажаад унтахгүй. Үүнээсээ болж их ууртай байдаг болсон.
(1).jpg)
Хаврын улиралд ямар төрлийн харшил голчлон илэрч байгаа үүний шинж тэмдэг болон эмчилгээний талаар Харшлын эмч С.Байгалиас тодрууллаа.
Тэрбээр “Хамар битүүрэх, нүд загатнах, усан нус гоожих, найтаалгах зэрэг зовуурь хаврын саруудад ургамлын тоосны дэгдэлтийн үед илэрдэг. Энэ бол амьсгалын харшлын эхний шинж тэмдэг. V,VI,VII дугаар саруудад харшил нь нь хөдөлдөг хүмүүс модлог ургамлын болон үетэн ургамлын харшилтай хүмүүс байдаг. Харшлаас болоод эмнэлэгт ханддаг бага насны хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.Харшил ер нь удамшдаг атопийн суурьтай өвчин гэж эрдэмтэд ярьдаг. Тухайн харшилтай хүүхдийн эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 25 хувьтай байдаг. Харин эцэг эх нь хоёулаа харшилтай бол хүүхэд нь харшилтай төрөх магадлалтай 50 хувьтай байдаг. Ямар нэгэн гаднын бодисын эсрэг хүний бие махбодын дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил гэдэг. Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтай мөн газар зүйн байршлаас хамааран иргэд ургамлын тоосны харшил, тэр дундаа шарилжны харшилтай байдаг. Жишээ нь шарилжны харшилтай өвчтөнд жил бүр дөрөвдүгээр сарын 5-наас шарилжны харшлаас сэргийлэх өвөрмөц аллерген цацлага, тарилга, хэлэн дор уусгаж уудаг эм хэрэглэдэг. Энэ эмчилгээ нь дархлаа тогтоох эмчилгээ юм. Ингэж 3-5 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэвэл шарилжны харшил эмчлэгдэх боломжтой бөгөөд харшлын гаралтай астма өвчин үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Яг энэ жишээтэй адилхан улирлын бус гэрийн тоос, хачиг, муур, амьтны үсний харшилтай иргэд эмнэлэгт хандаж онош тодруулаад тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Үүний дараа өвчний намжмал үед нь дархлаа эмчилгээг хийлгэнэ. Монгол Улсын эрдэмтэд ургамлын тоосны харшлын өвөрмөц дархлаа эмчилгээг хийдэг болоод олон жил болж байна” гэж байлаа.
.jpg)

1. САЙН УНТАЖ АМРАХ
Нойр дутуу явахад хүний дархлааны тогтолцоо амархан хямардаг. Тиймээс өдөрт 6-8 цаг унтаж амарснаар тухайн өдрийн ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна дархлааны системийг дэмжиж өвчинд амархан өртөхөөс сэргийлж чадна. Зургаагаас бага цаг унтаж, хангалтгүй нойр авах нь сэтгэл гутралд орох магадлалыг хоёр дахин ихэсгэдэг.
2. ЭРҮҮЛ ЧАНАРТАЙ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ
Эрүүл, чанартай хоол хүнс нь дархлааны системийн гол түлхүүр юм. Эрүүл хооллолт нь дархлааны системд шаардлагатай эрчим хүчийг өгөхөөс гадна дархлаагаа хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг микро элементүүдийг авахад тусалдаг. Аль болох шинэ ногоо, пробиотик буюу хүний биед хэрэгцээтэй ашигтай бактерийг агуулсан хүнс, сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бие мах бодийг нян, вирус, мөөгөнцрөөс хамгаалж чаддаг.
3. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
Дасгал хийснээр биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоо сайжирч, түүнийг дагаад дархлааны эсүүд татагдаад өсөөд явдаг. Өдөрт 30 минут биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх нь гадны халдвараас хамгаалахад тусалдаг.
4. УС САЙН УУХ
Дархлаагаа сайжруулах үр дүнтэй аргуудын нэг бол шингэн зүйл сайн уух. Түүнчлэн ус, ногоон цай, аньс, чацарганы шүүс зэргийг тогтмол хэвий хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус ууж болохгүй.
5. Д ВИТАМИНЫГ ХАНГАЛТТАЙ АВАХ
Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмждэг чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем амархан муудан сульдаж эхэлдэг. Д витамины өдрийн хэрэгцээгээ авахын тулд та нүүр, гараа 20 минут наранд гаргахад л хангалттай. Түүнчлэн малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс авч болдог.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД МОДЛОГ УРГАМЛААС ХАРШИЛЖ, ӨВЧИЛЖ БАЙНА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |