• Өнөөдөр 2024-10-15

МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙД, ДЭЛХИЙГ МОНГОЛД ЗОРЧУУЛСАН “МИАТ”-ИЙНХЭН

2024-01-20,   1827

-“БУУЖ ЧАДАХ БОЛОВ УУ” ГЭЖ ТҮГШИХ, ӨВДӨГ ЧИЧРЭХ ҮЕ БАЙСАН-

    “Агаарын зам ямар байдаг бол. Нисгэгчид саад бэрхшээлийг хэрхэн даван туулдаг бол” гэх бодол, сониуч зан хүн бүрд төрдөг байх. Нисгэгчид нислэгийн үеэр аянга цахилгаан, аадар бороо, салхи шуурга, шувуун сүрэгтэй “тулгарвал” хэрхдэг болохыг сурвалжлах завшаан сурвалжлагч надад тохиож, монголчуудыг харьд, гаднынхныг Монголд хүргэх, өнөөдрийн байдлаар МИАТ компанийн хамгийн том агаарын хөлөг болох “Хубилай хаан” онгоцоор “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас бид Истанбулыг зорин хөөрлөө. Өөрөөр хэлбэл, Онгоцны нисгэгчийн ажлын өдөр хэрхэн өрнөдгийг, нисгэгчид саад бэрхшээлийг хэрхэн даван туулдагийг сурвалжлах гэж байгаа минь энэ.

Б.ӨНӨБАТ: ААВ ШИГЭЭ НИСГЭГЧ БОЛНО ГЭЖ БОДСОН ЦАГААС ХОЙШ НЭГ Ч УДАА ШАНТАРЧ БАЙГААГҮЙ 

     Монголын үе, үеийн нисгэгчдийг хүмүүс чадал, чансаатайгаар нь үнэлэн шагшин магтацгаадаг. Цаг агаарын аюултай, тайван аль ч үзэгдэлд “МИАТ”-ийн онгоц амжилттай газардлаа” гэх мэдээ зорчигч, угтагч олныг баярлуулдаг. Тэр болгонд монголчууд төдийгүй гаднынхан “МИАТ-ийнхэн мундаг шүү, сайн нисгэгчдээр багаа бүрдүүлдэг” хэмээн ам уралдан гайхан шагшдаг. Тэгвэл тэр чадварлаг нисгэгчдийн нэг, залуу нисгэгчдийн гол төлөөлөл, манай сурвалжилгын гол дүр бол “МИАТ” ТӨХК-ийн Боинг-787-9 Dreamliner онгоцны Агаарын хөлгийн дарга Б.Өнөбат.

   Тэр амьдралынхаа 10 мянга гаруй цагийг буюу ойролцоогоор нэг жил хоёр сарыг агаарт “нисэж” өнгөрүүлсэн нэгэн. Хоногоор тооцвол 420-оод хоногийг тэр онгоцны жолооны ард өнгөрүүлжээ. Энэ хугацаанд онгоцны нисгэгч бүрд тохиолддог байгалийн элдэв үзэгдэл, эрүүл мэндийн асуудал гээд олон саад бэрхшээл тулгарч байсан ч тэр мөн чанар, мэдлэг, жолоодлогын уран чадвараа дайчилж, мэргэжилдээ эзэн болсоор, зорчигчдоо аюул осолгүй тээвэрлэсээр ирсэн нисгэгч билээ.

    Тиймээс олон сайхан мэргэжил дундаас, олон төрлийн жолоочоос яагаад заавал онгоцны нисгэгч хэмээх мэргэжлийг сонгож, өнөөдрийг хүртэл чин зүрх, халуун сэтгэл, амь, амьдралаа зориулж явааг нь түүнээс сонирхон асуусан юм. Тэрбээр “Аав минь онгоцны нисгэгч байсан болохоор би ухаан орсон цагаасаа л Аав шигээ нисгэгч болно” гэж мөрөөдсөн. Мөрөөдлөө нэг ч удаа сольж, өөр мэргэжлээр төсөөлж үзээгүй. Онгоцны нисгэгчээр суралцаж байхдаа ч, нисгэгчээр ажиллаж байхдаа ч шантралгүй өнөөдрийг хүрсэн байна. Би Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийг төгсчихөөд Оросын Иргэний нисэхийн сургуульд хоёр жил суралцаж байгаад Америк руу шилжсэн. Орост нэгдүгээр курсээ төгсчихөөд амралтаараа Монголд ирсэн байх үеэрээ “МИАТ” ТӨХК-аас нисгэгчээр суралцах хүн шалгаруулж авна” гэх зар олж уншсан. Тэгээд 200 гаруй хүүхэдтэй хамт шалгалт өгч, 10 нь тэнцэж байлаа шүү дээ. Одоо тэр арав арвуулаа “МИАТ” ТӨХК-д онгоцны даргаар ажиллаж байна.

   Би 20 настайдаа анх “МИАТ” ТӨХК-д туслах ажилтнаар ажилд орж байлаа. 2010 оноос “Аэро монголиа” ХХК-д 1500 цагийн нислэг үйлдэж, “МИАТ” ТӨХК-д нисэх болзлоо хангаж,  2012 онд нисгэгчийн ажилдаа орж байсан. 2012 оны  нэгдүгээр сараас Боинг-737 онгоцны хамтран нисгэгчийн сургалтад сууж, дөрөвдүгээр сард нь Сөүл рүү бие даасан нислэг хийж байсан түүхтэй. Тэр бол миний мартагдашгүй өдрүүдийн нэг.

2017 онд агаарын хөлгийн дарга болж, зорчигч тээвэрт өдгөө Боинг-737, Боинг-787 онгоцны даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд би есөн өөр төрлийн онгоц жолооджээ” хэмээн инээмсэглээд яриагаа үргэлжлүүлэв. Тэр “Онгоцны нисгэгчид алдах эрх байдаггүй. Алдах л юм бол цаана нь маш том аюултай үр дагавар хүлээж байдаг. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нислэгийн үеэр байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй олон таарч, “Бууж чаддаг болов уу, яадаг бол” гэх үетэй цөөнгүй учирч байсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг хэцүү шүү дээ. Хэдийгээр амжилттай буусан ч өвдөг чичирдэг л юм билээ. Ажлаа, онгоцоо бүрэн мэдэж байгаа ч “Яадаг бол” гэх болгоомжлол эрхгүй төрдөг юм. Сандрах, айх эрхгүй хариуцлагатай мэргэжил юм шүү дээ. Ингээд ярихаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, нэг мэдэхэд би 12 жил нисгэгчээр ажиллачихсан, дараагийн нислэгийн түүхээ бүтээхээр явж байгаа нь надад ч сонин сайхан байна” гэв. Түүний хувьд нислэг бүхэн нь, онгоцны бүхээгт суух мөч бүхэн нь шинэ, анхны нислэг шиг нь давтагдашгүй догдлуулдаг мэт санагдав.

“БОИНГ-787 ОНГОЦ ЦАГТ ДУНДЖААР 5.2 ТОНН ТҮЛШ ЗАРЦУУЛДАГ

     Түүний энэ удаагийн Улаанбаатараас Истанбул хүрэх нислэг цас, бороогүй ч бага зэргийн салхитай таарсан. Салхинаас болж үе үе сэгсрэлт мэдрэгдэж байв. Энэ бол тэдний хувьд энгийн л үзэгдэл, байдаг л нэг нислэг. Агаарын зам яг л шороон зам шиг энхэл, донхолтой юм байна. Салхи сөрж яваа үед онгоцны хурд бага байдаг бол уруудвал дорхноо “сүнгэнээд” ороод ирдэг гэнэ. Онгоц үе үе хүчтэй доргиж байгаа мэт болж, чих “дүнгэнэх” нь агаарын урсгалын сэгсрэлтэй бүсэд орсон гэсэн үг аж. Машинаар бол донсолгоо ихтэй “замаар нисэж” яваагийн шинж.

Бидний зорчиж яваа “Хубилай хаан” онгоц 101 тонн түлшний багтаамжтай аж. Тухайн өдрийн нислэгийн цаг агаарын нөхцөл, ачаа, зорчигчдын олон, цөөнөөс шалтгаалж, түлшээ хэдий хэмжээтэй авахаа тохируулдаг байна. Энэ удаагийн нислэгээр нисэх багийнхан 48 тонн орчим түлш авчээ. Нислэг бүрд эрсдэлт нөхцөлийг тооцоолж, 30 минут илүү зарцуулах түлшээр цэнэглэдэг юм байна.

Тус онгоц өөрөө 130 тонн бөгөөд түлш, зорчигч, ачаатайгаа нийлээд 252 тоннын жинтэйгээр хөөрөх боломжтой байдаг аж. Онгоц хөнгөн мөн өндөрт нисэх тусмаа түлш бага зарцуулдаг бол Боинг-787 онгоц цагт дунджаар 5.2 тонн түлш зарцуулдаг гэнэ.

     Б.Өнөбат нисгэгчийн “Онгоц хөөргөх, буулгах хоёулаа хэцүү. Миний хувьд хөөргөх нь илүү хүнд санагддаг. Машинаар бол хамаг хүчээ авч байгаад огцом газраас буюу зурвасаас хөндийрдөг учир буухаасаа илүү хэцүү. Тиймээс би хөөрөхдөө анхаарлаа илүүтэй бүр илүүтэй төвлөрүүлж, бүх төхөөрөмжөө жигд хянадаг” гэж байсныг нь санав. Хөндлөнгөөс харахад амархан мэт боловч ийм хүнд хариуцлагатай ажлыг өдөр, шөнийн алинд нь ч биелүүлнэ гэдэг бас амаргүй.

БҮХЭЭГИЙН АХЛАХ АЖИЛТАН Л.ОРХОНТУУЛ: 20 ГАРУЙ ЖИЛ “ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ”-ЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААГИЙН ХУВЬД “МИАТ” ТӨХК-ИЙНХНААРАА ҮРГЭЛЖ БАХАРХДАГ

       12:00 ЦАГ Онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хөөрөөд хоёр цаг өнгөрчээ. “Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ онгоцны нисгэгч бүр сайхан нь юм байна” гэх бодол далайн түвшнээс дээш 12.200 метрт Каспийн тэнгис дээгүүр нисэж явахад төрсөн юм. Агаарын температур -62 хэмийг зааж байв. Гэсэн ч 24 хэмийн дулаахан онгоцонд зорчигчид тав тух, догдлолоор дүүрэн байлаа. 68 жилийн түүхтэй “МИАТ” ТӨХК-ийн үйлчилгээ, онгоцны үйлчлэгч буюу бүхээгийн ажилтнуудын харилцаа, хоол, хүнсний чанар жилээс жилд сайжирч, чадварлаг хамт олноор багаа бүрдүүлсэн болохыг зорчигчид сайшаан ярьж байв. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн хамт олон жилээс жилд үйл ажиллагаагаа сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарсаар байгааг бүхээгийн ахлах ажилтан Л.Орхонтуул ярьсан юм.

     Тэрбээр “Би багаасаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байсан. “МИАТ” ТӨХК-д орохын тулд олон шалгуур давж байж, мөрөөдөлдөө хүрсэн. Би 10 мянга гаруй цагийг онгоцонд өнгөрүүлсэн байна. Онгоцны үйлчлэгч болсон эхний жил амаргүй байсан. Зорчигчдод цай, хоол өгөхөд гар чичирдэг байснаа би одоо ч мартдаггүй юм. Бас зорчигчдын дундуур явахдаа хүний хөл дээр гишгэчих вий, онцгүй, эвгүй алхаж харагдах вий гэх мэт олон зүйлд санаа зовдог байлаа. Одоо бол хүмүүсийг онгоцонд орж ирж байгаа байдлаас нь хараад сэтгэл зүй нь ямар онцлогтой хүн бэ, тухайн хүн ууртай байна уу, үгүй юү, ууртай байвал яаж харилцах ёстой вэ гэдгийг хүртэл мэддэг болчихсон байна. “МИАТ” ТӨХК-д 20 гаруй жил ажиллаж байна, эгч нь. Бүх цаг хугацаанд би ажлаараа, компаниараа, хамт олноороо бахархдаг. Бидний ажил олон орны хүмүүстэй харилцах, олон орноор аялах боломжийг олгодог. Бас аялах дуртай хүмүүс онгоцны үйлчлэгч буюу бүхээгийн ажилтан болдог шиг санагддаг. Шинэ, залуу ажилтнууддаа өөрийн чадах, мэдэх бүхнээ зааж, зөвлөхийг хичээдэг дээ. Одоо бол миний амьдралыг ажил мэргэжлээс минь өөр жаргалтай, сайхан болгох зүйл ховор санагддаг” хэмээсээр зорчигчдоос юу уухыг нь асуусаар ажилдаа орсон юм. Бүхээгийн ажилтнуудыг хүмүүс зөвхөн зорчигчдод хоол, цай зөөдөг, орчныг цэвэрлэдэг төдийхнөөр төсөөлдөг. Гэвч тэд хоол, цай зөөхөөс гадна шаардлагатай үед зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэх, ямарваа асуудал тулгарвал зорчигчдыг тайван байлгах, авч болох бүх төрлийн арга хэмжээг авах, авран хамгаалах гээд маш чухал ажлуудыг хариуцдаг учир өөрсдөө сэтгэлзүйн хувьд маш хатуужсан, чадварлаг, мэдрэмжтэй, шалгарсан хүмүүс ажилладаг байна.

ШУВУУНААС БОЛЖ ХӨДӨЛГҮҮР ГЭМТЭХ ТОХИОЛДОЛ БИЙ

     14:00 ЦАГ Зорчигчид дэлгэцээр дуртай кино, нэвтрүүлгээ сонгон үзэж байсан бол  аяллын дундаас олонх нь унтаж, амарч байв. Онгоц далайн түвшнээс дээш 12.500 метрийн өндөрт нисэж яваа учир нисгэгчид онгоцоо бүрэн автомат дээр тохируулчихсан, шаардлагатай нөхцөлд цахилгаан холбоонд хариу мэдэгдэл өгч, системээ хянаж байдаг аж. Агаарын хөлгийн дарга Б.Өнөбат “Бид энэ удаагийн хуваарьт нислэгээсээ 10-15 минут хоцорч хөөрсөн учир хоцорсон цагаа замдаа нөхөхөөр хурдаа нэмчихсэн байгаа. Хурдаа илүү нэмэх боломжтой ч түлш их зарцуулах учир зохицуулах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бага зэргийн салхитай байгаа учир онгоц үе үе сэгсрэлтэд орж байна. Салхи, температурын огцом өөрчлөлтөөс болж онгоц савладаг. Энэ үед хурдаа хасах тохиолдол гарна. Онгоц Үндсэн хоёр дугуйн дээр тоормостой. Урд дугуйн дээр тоормос байхгүй. Салхины хурдны чиг хаанаас байна вэ гэдгээс хамаарч хурд өөрчлөгддөг. Онгоцны зам буюу координатын цэг бүрийг нэрлэчихсэн байдаг учир бид замаас гарах, төөрөх гэх ойлголт байхгүй.

Онгоц хөөрөөд удаагүй байхад шувуу таарах юм бол зугтах боломжтой. Боломжгүй үе бас таардаг учир мөргөхөөс өөр аргагүй. Шувуунаас болж хөдөлгүүр гэмтээд, онгоц буцаад бууж байсан тохиолдол бий” гэв.

     Нислэгийн үеэр хамтран нисгэгч нисч яваа газар орныхоо нислэгийн удирдагчтай холбогдож нэгдсэн систем буюу холбоонд мэдээллээ өгдөг байна. Хэрэв нислэгийн үеэр цахилгаан холбоондоо нисгэгч ямар ч хариу өгөхгүй байвал агаарын хилээр нь дамжин өнгөрч байгаа улсаас байлдааны онгоц нисгэдэг гэнэ. Ямар нэгэн асуудал гарсан байвал аврах зорилготой гэсэн үг. Мөн онгоц хоорондоо хамгийн ойрдоо 300 метрийн зайтай зөрдөг. Харин байлдааны онгоц яг хажууд нь ирдэг гэнэ. Ийнхүү тэрбээр “Нислэгийг зөвхөн нисгэгч хийдэг юм биш. Иргэний нисэхийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байж олон мянган зорчигчийг хүссэн газар нь саадгүй хүргэдэг. Онгоцонд хүн нас барлаа гэхэд мэргэжлийн хүний үзлэгээс өмнө нас барсан гэж дүгнэж болохгүй. Онгоц буутал бүхээгийн ажилтнууд шаардлагатай бүх арга хэмжээг авсаар байдаг” гэсэн юм.

С.ӨНӨБИЛЭГ: ҮҮЛНЭЭС ГАРААД НИСЭХ ОНГОЦНЫ ЗУРВАС ДЭЭР ШУУД БУУХААР ТООЦООЛЖ УДИРДАХ ЁСТОЙ

     15:30 ЦАГ “МИАТ” ТӨХК-ийн хамгийн сүүлд авсан “Хубилай хаан” онгоц нь түлшний хэмнэлттэй, зорчигчдын тав тухыг хангасан өргөн тохьтой, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг юм. Тус онгоц нь 292 хүний суудалтай аж. Онгоцны дарга хамтран нисгэгч хоёрын мэдлэг, мэргэжлийн ур чадвар адил түвшинд байхыг шаарддаг байна. Нэг нислэгт хоёр нисгэгч явах бөгөөд хоёр талын нислэгт ажил үүргээ ээлжлэн гүйцэтгэнэ. Тодруулбал Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгт хөлгийн дарга Б.Өнөбат онгоцоо жолоодох буюу нислэгийн үйл ажиллагааг явуулж, С.Өнөбилэг бичиг цаас, холбоо харилцаагаа голчлон хариуцах бол буцаж ирэх Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгт С.Өнөбилэг нислэгээ хариуцаж ажиллана гэсэн үг юм. Харин Б.Өнөбат онгоцны даргынхаа хувьд эцсийн шийдвэр гаргаж, алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх үүрэгтэй байдгаараа ялгаатай аж. Харин хамтран нисгэгч даргатайгаа ярилцаж шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлэх хэрэгтэй байдаг. Үүнээс гадна хамтран нисгэгч харилцаа холбоо, бичиг цаасны ажлаа амжуулж, хөдөлгөөний удирдагчид хариу мэдэгддэг байна.

      Хамтран нисгэгч С.Өнөбилэг “Нислэгийн удирдагчид самбараас 20-30 онгоц хянадаг. Онгоц болгоны удирдлагын төхөөрөмжүүдийн ажиллах зарчим нь өөр боловч горим ижил. Онгоцонд 5000 орчим функц байдаг. Нисгэгч тэр бүхнийг хянах хариуцлагатай үүрэг хүлээдэг. Онгоцны далавчийг цас, мөстэй байлгаж болохгүй. Онгоц хүндрээд нисэхгүй гэсэн үг.

Нислэгийн явцад цас орох магадлалтай байвал хөөрөхөөсөө өмнө цас тогтоодоггүй шингэн цацдаг. Нислэг бороо, мөндөр, аянга, далайн шуурганаас болж саатах үе бий. Цаг агаарын бүх үзэгдэл үүлний дор болж байгаа. Өндрөөс газардах явцад үүл рүү ороход юу ч харагддаггүй. Үүлнээс гараад шууд нисэх онгоцны зурвас дээр буухаар тооцоолж онгоцоо удирдах ёстой. Мөн кабинд үргэлж хоёр хүн явах ёстой. Нэг нь ариун цэврийн өрөө орох шаардлагатай болсон бол бүхээгийн ажилтныг түр орлуулан кабинд суулгадаг. Мөн онгоцонд нисгэгчид ижил хоол идэж болохгүй. Энэ нь хоолны хордлогонд орох эрсдэлээс сэргийлж байна гэсэн үг” хэмээсэн юм.

ИСТАНБУЛЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД 270 КИЛОМЕТР ЦАГИЙН ХУРДТАЙ БУУВ

    Б.ӨНӨБАТ: СААДГҮЙ БУУГААД АЧААГАА АВАХААР ХҮЛЭЭЖ БАЙГАА ЗОРЧИГЧДЫНХОО ХАЖУУГААР СЭТГЭЛ ТЭНЭГЭР АЛХАХ ХАМГИЙН САЙХАН НЬ

       ТУРКИЙН ЦАГААР 14:00 ЦАГ “МИАТ” ТӨХК-ийн БОИНГ-787-9 загварын “Хувилбай хаан” онгоц Истанбулын нисэх онгоцны буудалд амжилттай газардсан болохыг дуут дохиогоор зарлав. Зорчигчид Б.Өнөбат даргатай Агаарын хөлгийн багийнханд баяр хүргэж, нижигнэтэл алга таших нь тэдэнд урам өгч, ядарсныг нь мартуулах шиг болов. Яг тэр агшинд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” аялгуу эгшиглэж байлаа. Удалгүй зорчигчдыг бүсээ тайлж, онгоцноос бууж болохыг зарлав.

     Биднийг тээш авах цэгт очиход нисгэгчид маань ачаагаа авчихсан биднийг хүлээж байлаа. Б.Өнөбат нисгэгчийн хамгийн жаргалтай мөч бол аль ч орны нисэх онгоцны буудал, тэр дундаа ачаагаа хүлээн авах энэ цэг гэнэ. Учир нь тэрбээр “Ая тухтай нисэж ирсэн зорчигчдоо бүгдийг нь буулгачихаад ачаагаа авахаар зогсоход нь хажуугаар нүүр бардам, сэтгэл тэнэгэр алхах сайхан байдаг” гэсэн юм. Энэ нь түүний ажлын хамгийн сайхан мөч ажээ. Удалгүй нисэх багийнхан ачаагаа авч дуусав. Дүрэмт хувцас, хар пальто, дөрвөлжин хар чемоданаар жигдэрсэн “МИАТ”-ийн нисэх багийнхан Истанбулын онгоцны буудлыг чимэх шиг жавхаатайхан алхацгааж байв. Би ч мөн нисэх багийнхнаар, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийнхнаар бахархаж байлаа. Ингээд удалгүй бид 40 орчим километрийн цаана байрлах зочид буудал руугаа хөдөлсөн юм.

    ТУРКИЙН ЦАГААР 16:00 ЦАГ Истанбулд ойрын өдрүүдэд бороо орсон болов уу гэмээр чийгтэй, сэрүүхэн байв. Есөн цагийн турш тасралтгүй ажилласан нисэх багийнхан ядарсан бололтой, зарим нь гэрийнхэнтэйгээ холбогдож, сайн явж ирснээ дуулгах аж. Истанбул хүртэлх энэ удаагийн нислэг хэрхэн өрнөсөн талаар Б.Өнөбат нисгэгчээс асуухад “Энэ удаагийн нислэг ямар ч бартаа саадгүй, зорчигчид тав тухтай сайхан аялж ирлээ. Тийм болохоор миний хувьд болон манай багийнханд санаа зовох зүйл байсангүй. Онгоц жингээсээ хамаараад 250-300 км/цаг хурдтай газарддаг. Сая 270 км/ цагийн хурдтай буусан. Бидний зогсох ёстой байсан зогсоолоос өмнөх онгоц гараагүй байсан учир богино хугацаанд хүлээсэн. Өөр ямар ч эрсдэлгүй сайхан нислэг болж өнгөрлөө” гэсэн юм.

Б.ӨНӨБАТ НИСГЭГЧ ИСТАНБУЛ ДАХЬ АМРАЛТЫНХАА ӨДӨР ШАЛГАЛТДАА БЭЛДЭЖ, ЦАХИМ ХИЧЭЭЛДЭЭ СУУВ

      ИСТАНБУЛ ДАХЬ НИСЭХ БАГИЙНХНЫ АЖИЛ: Нисэх багийнхны амрах цаг эхлэв. Бүгд өрөөндөө орж, дараагийн нислэг болтол амрах эрхтэй. Бид Истанбулд хоёр хононо. Б.Өнөбат нисгэгчийн хувьд хэдхэн хоногийн дараа дараагийн зургаан сар нисэх эрхээ авах чухал шалгалт өгнө. Шалгалтандаа бэлдэхээс гадна цахим сургалт, хичээлээ үзэж, бэлдсээр амралтын өдрөө мөн л завгүй өнгөрүүлэх аж. Тэд жилд хоёр удаа буюу зургаан сар тутамд шалгалт өгч нисэх эрхээ авдаг байна.

Сургалтын багш нар нь тэднийг онгоц шиг “төхөөрөөмжинд” оруулж, дөрвөн цагийн бүтэлгүй, аюултай нислэг зохион байгуулж, нисгэгчдээс шалгалт авдаг аж. Ард нь сууж байгаад компьютерээс тэднийг удирдаж, онгоцыг масслуулж, гал гаргаж, хөдөлгүүрийг нь унтраах зэргээр сорьдог байна. Нисгэгчид юунаас болж гал гарч, хөдөлгүүр унтарсныг олж тогтоох, аюулыг тооцоолох, ажиллагааг хэвийн болгох, зорчигчдыг эрсдэлд оруулахгүй байх арга хэмжээг яаралтай авах, тийм хэмжээний мэдлэг, ур чадварт суралцах, ур чадвараа харуулах боломж хийгээд сургалт нь энэ аж.

Мөн тэд англи хэлний шалгалт өгдөг байна. Дөрөвдүгээр түвшний англи хэлний мэдлэгтэй бол гурван жил нисэх эрхтэй, тавдугаар түвшний мэдлэгтэй бол зургаан жилийн нисэх эрхтэй. Зургадугаар түвшний мэдлэгтэй бол бүх насаараа нисэх эрх авдаг гэнэ. Мөн жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, хараа, сонсгол гээд бүхий л эрхтнээ шалгуулдаг. Нисгэгчид жилд багадаа гурван төрлийн шалгалт өгч, түүндээ тэнцэж байж нисэх эрхээ авдаг байна. Тийм учраас нисгэгчид нислэгийнхээ хажуугаар англи хэл болон мэргэжлийнхээ хичээлийг байнга давтдаг аж. Хэрэв шалгалтдаа тэнцэж чадахгүй бол дахин сургалтанд суудаг гэнэ.

       Б.Өнөбат “1903 оноос хойш онгоцны дүрэм, журам өөрчлөгдсөөр өндрийн өндөр түвшинд хүрээд байна. Нисэх хүчнийхэн осол бүрээс суралцаж, бид ингэж их шалгуулж байна гэдэг бол өмнөх ослуудаас суралцаж, алдаа бага гаргадаг болж байгаагийн жишээ. Нисгэгчийн зүрх, чих, сонсгол, хараа түрүүлж мууддаг гэж ярьдаг. Нисгэгч хүн эрүүл мэнд муу бол нисэх боломжгүй. Ямар ч мэдлэг, ур чадвартай байгаад нэмэргүй гэсэн үг” гэв. Түүнчлэн “Би эцэг, эхээс гурвуулаа. Хоёр ахтай. Аав нисгэгч байсан болохоор аавынхаа кабинд сууж явах дуртай байсан. Зургадугаар ангийн сурагч байхдаа аавтайгаа хамт Хөвсгөл аймгийн Мөрөн рүү нисэж байснаа хамгийн тод санадаг. Тэр үед онгоцноос илүү аавынхаа дүрэмт хувцасанд дурлаж байсан. Ээж минь онгоцны буудлын сантехникийн инженер мэргэжилтэй байсан нь намайг онгоцны нисгэгч болоход бүр илүүтэй нөлөөлсөн гэж боддог. Багадаа ихэвчлэн онгоц, машинаар тоглодог хүүхэд байсан бол дунд ангид ороод нисгэгч болохын тулд бүх хичээлдээ жигд сайн байхыг ухаарч, математик, хими, физик, биеийн тамирын хичээлдээ илүүтэй бэлдэж, анхаарч эхэлсэн. Онгоцны нисгэгчээр суралцаж байхдаа онгоцоо сэтгэлдээ хүртэл буулгаж чадахгүй байгаадаа харамсдаг байсан. Хичээсээр хичээсээр сайжирсан даа. Аав надад байнга санаа зовж, зөвлөдөг. Нисэхээр явсан үед байнга холбогдож “Сайн явж байна уу, хянуур байгаарай” гэж захидаг. Мөн эхнэртэйгээ “МИАТ” ТӨХК-д дадлага хийж байхдаа танилцсан. Тийм болохоор “МИАТ”, нисэх онгоцны буудал миний амьдралтай салшгүй холбоотой” гэсэн юм.

      ИСТАНБУЛААС УЛААНБААТАР РУУ НИСЭХ ӨДРИЙН 13:00 ЦАГ: Истанбулаас Улаанбаатар хүртэлх энэ удаагийн нислэг шөнийн цагаар таарав. Туркийн цагаар 13:30 цагийн үед онгоцны буудал ирж, нисэх багийнхан ачаагаа өгчихөөд онгоцоо хүлээж авахаар биднээс түрүүлж орлоо. Агаарын хөлгийн дарга Б.Өнөбатын хамтран нисгэгч С.Өнөбилэг энэ удаагийн нислэгийг гардаж гүйцэтгэнэ. Онгоц хөөрөх цаг болсныг мэдэгдэж, бүхээгийн ажилтнууд зорчигчдыг бүрэн суулгаж, бүсээ бүслэхийг зөвлөснөөр Монгол руу нисэх нислэг эхэлсэн юм. “МИАТ” ТӨХК “Хубилай хаан”, “Зүчи”, “Өгөөдэй”, “Хабул” зэрэг хаадын нэрээр нэрийдсэн зорчигч тээврийн долоон онгоц, 80 гаруй нисгэгчтэй аж. “МИАТ”-ийнхан ингэж л сүүлийн үеийн онгоцуудаар орон орны дээгүүр сүлжилдэн нисч байна.

“ТЭНГЭР БҮХЭН ХАРАГДАЖ БАЙГАА ШИГЭЭ ЦЭЛМЭГ БАЙДАГГҮЙ”

     МОНГОЛЫН ЦАГААР 05:00 Мянга мянган нисгэгчийн төлөөлөл болсон “МИАТ” ТӨХК-ийн Боинг-787-9 Агаарын хөлгийн дарга Б.Өнөбат, нисгэгч С.Өнөбилэг нарын ээлжит нислэг амжилттай болж, “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. “МИАТ” компанийн Боинг787-9 онгоцоор ирсэн зорчигчдын ихэнх нь монгол хүн байв. Бид ачаагаа авчихаад нисэх багийнхантай уулзахад Б.Өнөбат нисгэгч “Нисгэгчийн хувьд тэнгэр бүхэн харагдаж байгаа шигээ цэлмэг байдаггүй. Ийм сайхан саадгүй нислэг бол бидний хувьд аз жаргал шүү дээ. Манай багийнхны энэ удаагийн холын нислэг өөрсдөөрөө, мэргэжлээрээ, компаниараа бахархсан бахархал, жаргал дүүрэн нислэг болж өндөрлөлөө” хэмээсэн юм. Нисэх багийнхны нислэгийн тов аль хэдийнэ гарчихсан учир тэд амрахаар, дараагийн нислэгтээ бэлдэхээр гэр, гэр лүүгээ хөдөлсөн юм.

“Жигүүртэн хүрээгүй уулсын

Оргил тэргүүн дээгүүр

Жилдээ хүршгүй газар

Өдөртөө хүрээд ирлээ” хэмээх “Нисгэгчийн дуу” байдаг. Энэ дуу нисгэгч бүрийн хувьд Төрийн дуулал шиг дотно санагдаж, сэтгэлийг нь хөглөдөг байх.

 

 

МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙД, ДЭЛХИЙГ МОНГОЛД ЗОРЧУУЛСАН “МИАТ”-ИЙНХЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-20 23:48:45
    zochin: mundag schuu tanar nis nis bas dachin nis
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-20 10:56:48
    Зочин: Сайн сэтгүүлч сайхан хамт олны тухай амттай бичжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 19:14:53
    Тунгаа : Олон хүнийг хүссэн газарт нь саадгүй хүргээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 19:13:42
    Золоо : Монгол нисгэгчид их сайн гэсээн, өөрсдөө ч бас тэгдэг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 19:13:03
    иргэн: МИАТ-ынхан их сайн нисдэг юм билээ шүү, амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188