• Өнөөдөр 2024-05-05

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ДҮРЭМГҮЙ НОМЫН САНГИЙН ДЭГТЭЙ УНШИГЧИД

2023-12-30,   2264

                          “Чиний уншиж байгаа номыг би дараа нь уншина шүү, харин чи минийхийг уншаарай” гэх бага насны хоёр хүүгийн яриа номын сангийн хаалганы хажуугийн сандал дээрээс сонсогдоно. Номын сангийн хаалганы урд багачууд хэн ч хэлээгүй байхад гутлаа тайлж, эгнүүлэн өрчхөөд өөрсдийн үлгэрийн ертөнц рүү гүйнэ. Энд хэн ч тэднийг чимээгүй, номхон сууж зөвхөн номоо унш гэж шаардахгүй. Хүсвэл тэд хэвтэж, сууж, алхаж байхдаа ч ном уншиж болно. Монголд анх удаа чимээтэй номын сан нээлтээ хийлээ. Уламжлалт номын сангийн жишгийг хассан энэ газарт хөгжим тоглож, ном уншиж, зурагт ном будаж болно. Хүсвэл хаана ч  хэвтэж, суугаад ном унших боломжтой. Эцэг эхчүүд нь хүүхдээ хүлээнгээ кофе уух, интернэт орох, ажлын уулзалтаа ч хийж болно. Хүсвэл тэд хүүхдийнхээ ертөнцөөр хамтдаа аялж, тэдэнд ном уншиж өгч, хамтдаа зураг зурж болно. Бяцхан уншигчдыг хэн ч “ном унш, уншсан номоо буцаагаад тавь” гэж хэлээгүй ч тэд номынхоо хуудас бүрийн хайрлан эргүүлж, уншиж дуусан номоо буцаагаад байсан газарт нь тавина.

н.ОЮУН-ЭРДЭНЭ: ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАМТДАА ИРЭХ НОМЫН САНТАЙ БОЛЛОО

                Хүүхдүүд чөлөөтэй гүйж, газарт хэвтээд өнхөрсөн ч болохоор цэлгэр хэрнээ тухтай орчинд ном уншиж, цагийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжийг Nepko Kids компанийнхан чимээтэй номын сангаараа бүтээжээ. Төрөл бүрийн номын тойруулан өрж, зөөлөн дэвсгэр, тухтай сандал гээд хүссэн номоо дуртай газартаа суугаад, хэвтээд унших боломжтой аж. Насны хязгаарлалтгүй номын санд дүүгийнхээ хажууд зурагт ном уншиж өгөх хүү, хүүхэдтэйгээ зэрэгцэж хэвтээд ном унших эцэг эхчүүд, хамтдаа суугаад комик номынхоо баатрын талаар чөлөөтэй ярилцах уншигчид тус номын санг дүүргэж байв. Гол нь энд хэн ч тэднийг “Чимээгүй бай, битгий ярилц, сандал дээр суу” гэж хэлэхгүй аж. Бага насны хүүхдэдээ үлгэрийн ном уншиж өгч, зургийг нь зааж ярилцах бүсгүйг н.Оюун-Эрдэнэ гэдэг. Тэрбээр гурван хүүхдийн ээж бөгөөд багш мэргэжилтэй. Хүүхдүүдээ номын санд суулгаж, ном уншуулах дуртай тэрбээр гэр бүлээрээ хамтдаа ирээд ном унших боломжтой номын сан нээгдсэнд баяртай байгаа гэнэ. “Би хүүхдүүдээ номд дуртай болж, ном их уншиж, хорвоотой танилцаасай гэж хүсдэг. Тэр утгаараа номтой холбоотой өдөрлөг, номын сан орох дуртай. Хүүхдүүдэд зориулсан чимээтэй номын сан нээгдсэнийг мэдээд өнөөдөр гэр бүлээрээ үйлчлүүлж байна. Уутнаасаа ч гараагүй шинэ ном олон байгаа нь сайхан санагдлаа. Зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй хамт ирсэн эцэг эхчүүд ч ном унших боломжтой юм байна. Хоёр том хүүгээ дагуулаад номын сан орохоор нялх хүүхэд тухтай байх орчингүй хэцүү байдаг байсан юм. Энд бол бага хүүгээ орхигдуулалгүйгээр хамтдаа цагийг үр дүнтэй өнгөрүүлж болохоор болжээ” гэв. Мөн  хүүхдүүдтэйгээ ирсэн эцэг эхчүүд ийм сайхан номын сан дахиад олон нээгдээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлж байсан юм.

А.ОРГИЛ: ЗӨӨЛӨН САНДАЛ ДЭЭР ХЭВТЭЭД НОМ УНШИХ ХАМГИЙН ГОЁ САНАГДСАН

                Үслэг гадаргуутай ширээн дээр суугаад ном уншиж дууссан хүү жижиг шилэн өрөөнөөс гарч, хуйлаастай байх бууддаг номыг татаж өнгө бүрээр ялган анхааралтай гэгч нь будаж эхлэв. Хажуугийнх нь ширээн багачууд шатар тоглож, шоо эвлүүлнэ. Харин давхар бүр дээр нь ном эгнүүлэн өрсөн хажуугийн сандал дээр комик ном унших хүү номынхоо дараагийн цувралыг авахаар явлаа. Түүнийг А.Оргил гэх бөгөөд чөлөөтэй гүйж болох номын сантай болсондоо баяртай байлаа. “Би уг нь ном унших их дуртай. Гэхдээ нэг газартаа сууж ном уншихаар нойр хүрээд байдаг юм. Зөөлөн сандал дээр хэвтээд ном унших хамгийн гоё санагдсан. Миний унших дуртай, уншихыг хүсэж байсан олон ном байна. Дараа дахиад ирж болох эсэхийг ээжээсээ асууна” гэв.

                А.Оргилтой адилхан ном бүрийг сониучирхан харж гартаа 2-3 ширхэг ном барьсан хүүхдүүд энд олон үзэгдэнэ. Дөнгөж орж ирсэн хүүхдүүд номын санг нэг тойрч гүйчхээд бусдын адил сонирхолтой санагдсан номоо аваад өөрт харагдсан тухтай газартаа хэвтээд ном уншиж эхэлнэ. Охинтойгоо номын санг сонирхоод орж ирсэн ч охин нь ном уншаад суучихсан тул хүлээхээр шийдлээ хэмээн ярих Н.Насанбат “Охинтойгоо гадуур алхаж байгаад тохижилт нь гоё харагдсан учраас орж ирсэн юм. Хүүхдүүдтэй адилхан бужигнаад гүйх байх гэтэл үеийнхээ ном уншиж байгаа хүүхдүүдийг хараад ном уншаад суучихлаа. Гэртээ харих шинж алга. Манай охин арван настай. Охиныгоо ингэж анхааралтай, ном дуртай уншиж байгааг анх удаа харж байгаа учраас түр саатаж байна” гэсээр өөртөө ном авахаар номын зүглэлээ.

Б.ЦОЛМОН: ХҮҮХДҮҮД НЭГНИЙГЭЭ НОМ УНШИЖ БАЙГААГ ХАРААД НОМ УНШИХ СЭДЭЛ АВДАГ

                Чимээтэй номын санг санаачилж, байгуулсан Б.Цолмон хүүхдүүдэд Nepko Kids хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номоо танилцуулахаас гадна бусад орны хүүхдүүдтэй адил цагаа зөв боловсон тухтай орчинд өнгөрүүлдэг байгаасай гэсэн  бодлоос “Чимээтэй номын сан”-гийн эхлэл тавигджээ. Тэрбээр “Найзууд, хамтрагчидтайгаа нийлж чимээтэй номын санг нээлээ. 18500 ширхэг номтойгоор номын сангаа нээсэн. Цаашид 30000 номтой болохоор зорьж байгаа. Мөн цахим номын санг байгуулж, компьютер байрлуулсан. Оксфорд болон гадаадын хэд хэдэн номын санд очоод номын сан ямар гоё байдгийг харж, монгол хүүхдүүд ч тийм сайхан орчинд ном уншаасай гэж хүссэн. Найзуудтайгаа хамтран хэрэгжүүлдэг “Magic box” номын санг ажиллуулсан туршлагаараа тус номын санг нээсэн. Хүүхдүүдэд номын сан, тухтай ном унших орчноор их дутагдаж байгаа. ЕБС-ийн  дийлэнх сурагчид асран хамгаалагчийнхаа ажлыг тарах хүртэл цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх газаргүй. Гэртээ ганцаараа байх нь тийм ч аюулгүй сонголт биш шүү дээ. Үүнээс болж гарах эрсдэлийг бууруулах зорилготой. Манайх голомт банктай хамтарч номын сангийн карт гаргаж байгаа. Номын сандаа орж ирээд картаа уншуулах үед эцэг эхийн гар утсанд мэдээлэл очно. Ингэсээр эцэг, эхчүүд хүүхдээ хаана байгааг нь мэдэх боломжтой болж байгаа юм. Мөн гэртээ хүүхэд хараад үлдэх сонголтын халж, эцэг эхчүүд сэтгэл тайван ажлаа хийж боломжийг нээж байгаа. Манай номын сан өдөр бүр 8-20 цагийн хооронд ажиллана. Чимээтэй номын санд бүх насны хүүхдүүд суух боломжтой.Гэхдээ долоогоос доош насны хүүхдүүд харгалзах хүний хамт ирнэ. Хамт ирсэн эцэг эхчүүд ч ном уншиж, судалгааны ажлаа хийх боломжийг бүрдүүлсэн.

Номын сангийн сарын хураамжаар зөвхөн ном уншихаас гадна номын сангаас явуулах сургалтад суух эрхийг давхар авах юм. Нэг жил манай номын сангаар үйлчлүүлсэн хүүхдэд 200 ном уншуулсан байх зорилго тавьж байгаа. Сургалтууд аравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Хүүхэд номд дуртай болж, ном уншиж эхэлснээр бүх хичээлдээ жигд сайжирдаг. Хүүхэд хүүхдэдээ хамгийн том багш, үлгэрлэгч нь байдаг. Хэдий чимээ шуугиантай байсан ч ном уншихыг хүссэн хүүхэд орчноос бүрэн тасарна. Ном уншиж байгаа найзыгаа хараад ном уншмаар санагдана. Хамтдаа даалгавраа хийж, ном унших орчин энд бүрдүүлсэн. Номын санд тогтмол гурван ажилтан болон сэтгэл зүйч ажиллана. Номын сангийн номыг нуруугаар нь эгнүүлэн өрсөн байдаг бол манай номын сангийн номууд бүгд нүүрээрээ харж тавигдсан байгаа. Гүйж явсан хүүхэд номын нүүр зургийг хараад унших сэдэл төрнө шүү дээ. Сургуулиудтай хамтарч номын санг нь зориулалтынх нь номоор тохижуулж өгнө. Мөн дараагийн салбар номын сан нээхийг зорьж, бодож байгаа” гэв.

                Гурван давхар барилгын дээд давхарт номын сан байрлаж хүүхдүүд цангинатал инээлдэж, ном уншиж, нөхөрлөх бол хоёр давхарт нь сүлжээ дэлгүүр, сууж хоол идэх боломжтой сандлыг байршуулжээ. Харин үүдний хэсэг, нэг давхрыг амьд ногоон ургамал, алтан загас, тоть, тогос шувуу угтана. Энд эцэг эхчүүд суугаад ажлаа амжуулах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна, хүүхдүүдийг байгаль орчин, амьд ургамал зөв харьцах дадлыг суулгахаар байгуулсан аж. Дүрэмгүй, чимээтэй номын санг хөндлөнгийн нүдээр харахад хүүхэд бужигнаж, шуугилдсан газар мэт харагдана. Гэхдээ дотор нь ороод харвал хүүхэд бүр өөрсдийн үлгэрийн ертөнцдөө жаргалтайгаар оршиж, номоо шимтэн уншиж байгаа нь харагдах ажээ. 

БАЙРЛАЛ: ХУД, 17 хороо, Их Монголын гудамж, Sky Garden Residence хотхон дах Winter Garden -ийн 2 давхарт


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ДҮРЭМГҮЙ НОМЫН САНГИЙН ДЭГТЭЙ УНШИГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-12 10:09:36
    Narantuya: Huuhduudteigee ochij uzmeer sanagdlaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-05 06:56:47
    Жавзан: Маршийн гүүрний баруун хойно байсан. Маш хөөрхөн газар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-05 04:34:44
    Д.Хияа: Энэ найдвартай,амар,амгалан бүрдсэн, гайхалтай,бахархалтай сайхан орчин нь,өнөөгийн Монголын хөгцөрсөн,үмхийрсэн ялзралыг,ариусган,анхилуун агаараар сэлгэн,аз жаргалант бүрдүүлсэнээр ашид дэлгэрэн,түгэн,бэхжих болтугай! гэж ерөөн бэлэгшээж,,Монголынхоо ирээдүй ,үр хүүхдийнхээ төлөө хүн 1 бүр тус дэмээ нэмэрлэм, санаа,сэдлийг бадраасан,сайн сайхан үйлсийг бүтээж чаджээ!Үүнийг бүтээн,босгосон ХҮН,хамт олонд гүн талархалаа илэрхийлье!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 16:07:52
    zochin: Ene xuu ontsgoi uvurmuts olon taliin uilchilgeetei nomiin san baiguulsan mundag zaluusdaa bayarlasan talarxsanaa daxin danxi xelmeer baina Ta nariin ajil uilsd amjilt xusie Nomiin tsagaan buyan delgerex boltugai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 14:18:26
    зочин: сурвалжлага юм бол хаана байрлаж байгааг нь эхлээд бичиж бгаарай. хаана байгаа нь мэдэгдэхгүй зүгээр л төлбөртэй зар сурталчилгаа хийчих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 12:35:33
    Цэцэнмаа: энэ байрлал нь хаана юм бол
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188