• Өнөөдөр 2024-05-04

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ХАГАС ЦАГИЙН БОРОО 282 ИРГЭНИЙГ УСАНД АВТУУЛЖ, ТАВАН ИРГЭНИЙ АМИЙГ АВЧ ОДЛОО

2023-08-07,   4039

          “Хэдхэн минутын дотор гэрийн тэг дундуур нь татсан шавартай ус ороод ирсэн. Хамаг тавилга байрнаасаа хөдлөөд буйданд даруулчих шахсан. Гэрээсээ гарах гэхээр үерт урсчих гээд гэртээ үлдэхээр тавилгад дарагдаж, живж үхчих гээд айхтар юм боллоо. Арай гэж гэрээсээ охин, ээж хоёрыгоо гаргаад хажуу айлынхаа байшингийн дээвэр дээр зургаан цаг тусламж ирэхийг хүлээж, бороон дунд үерийн усаар жолооч нь автомашинтайгаа, гэр нь бүтнээрээ урсахыг харж зогслоо” хэмээн хоолой зангируулан ярих бүсгүйг Н.Алгирмаа  гэдэг. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод ээж, ах,  эгч болон хүүхдүүдтэй нь гурван айл болон амьдардаг. Үерийн усны улмаас гэрээсээ өмссөн хувцастайгаа гарсан тэд өнөөдөр түр хорогдох байранд байрлаж байна. 

         Н.Алгирмаа бүтэн тавилгануудаа цуглуулахаар гэртээ ирэхэд ах болон эгч нь гэрүүгээ орсон үерийн ус, лаг шаврыг цэвэрлэсээр угтлаа. Бүтэн хэдэн аяга, тавгаа цаана хураалттай хашаан дээрээ эгнүүлж, шаварт хутгалдаж дахин ашиглахын аргагүй болон зүйлсээ ялгаж, хаяхаар гэрийнхээ урд бөөгнүүлжээ. Эгнээ гэрүүдийн захын гэрт түүний эгч гурван хүүхэдтэй өрх толгойлсон Н.Мядагмаа бүсгүй амьдардаг. Гэнэтийн үерээр тэрбээр таван настай хүүхдэдээ өмд ч өмсүүлж амжилгүй гэрээсээ гарчээ. Толгойд нь амьд л гарах ёстой гэх бодол л төрсөн гэнэ. “Би чинь 5-14 насны гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ айлд үлдээчхээд гэрээ янзлах гээд ирсэн юм. Гэхдээ энэ гэрт аваад үлдчихмээр бүтэн, цэвэрхэн зүйл ховор үлджээ. Тухайн үед амьд л гарья гэж бодож байсан болохоор гэрээсээ юм авч чадаагүй. Дахиж л битгий ийм үер болоосой” гэв.

             Үерийн гамшигт өртсөн 21 дүгээр хорооны гудамжинд базсан лааз шиг болсон машинаа чирүүлсэн, унасан хашаагаа зөөсөн, гэрээсээ хувин дүүрэн ус, шороог  хөлсөө бөнжгөнөтөл зөөх иргэдээр дүүрэн. Зарим нь нурж, сүйдсэн гэрээ хараад “Би одоо яана вэ” хэмээн нулимс дуслуулна. Нурсан гэрээс нь урсаад гарчихсан тавилгаа цуглуулах иргэд ч таарч байлаа.

ХҮҮХДҮҮД МИНЬ ГЭРТЭЭ БАЙГААГҮЙД Л БАЯРЛАЖ БАЙНА

        Автобусны буудлаас 100 гаруй метрийн зайд хэдэн талаасаа шороонд идэгдэж, нурсан хашаанд даруулсан гэр бий. Хэзээ мөдгүй нурах дөхсөн гэрийн урьд ногоон модон амбаар шидэгдэж, цаана нь нойл нь урсаад оччихсон байв. Гэрийн эзэд хөдөө явсан учир үерийн үеэр гэртээ байгаагүй аж. Хажуу байшинд ээж нь амьдардаг бөгөөд улаан тоосгон байшингийн цонх хагарч үерийн ус орж иржээ. Гэрийн эзэн Ж.Бүжинлхам “Хүүхдүүд хөдөө яваад гэртээ байгаагүйд нь баярлаж байна. Хашаа цөм цохиод дотроо хүнтэй машинууд урсаад ороод ирсэн. Машинтай урсаж байсан иргэдийг татаж гараад, түр байшиндаа оруулсан. Үерт өртсөн гэрийнхээ хажуугийн лаг шаврыг цэвэрлэж байна. Болгоомжтой цэвэрлэхгүй бол гэрийн урд байсан нойлын дээд хэсэг урсаад явчихсан, бохиртой нүх нь байгаа. Байшин доторхоо цэвэрлээд л байна. Хөргөгч, цахилгаан хэрэгсэл рүү битүү ус орсон ажиллах эсэхийг нь мэдэхгүй юм” гэв. Үерт өртсөн гэрт нь бүтэн зүйл үлдсэн эсэхэд эргэлзэх тэд хоёр давхар байшингийнхаа ус, шаврыг шавхаж дууссан учир хашаанд урсаж орж ирсэн хог хаягдлыг цэвэрлэхээр зэхэж байлаа.

         Хажуу айл нь үлдсэн хэдэн тавилга, гэр бараагаа ачаад хөдлөхөд бэлэн болж байв. Харин хойно нь байх гэрийн эзэгтэй үерийн дараа бүтэн үлдсэн эд хогшлоо ялгаж, гэрийнхээ урд бөөгнүүлнэ. Бүслүүрээ тайлж, далийсан гэрийн цаана улаан контейнер хоёр шонгийн модонд тулаад хазайсан чигээрээ зогсжээ. Д.Шижиртуяа “Үерийн үеэр гэртээ байгаагүй. Гэр бууринаасаа  хөдөлж, урсаагүй байсан бол урсаж ирсэн контейнерт цохиулж, хамаг юм эвдрэх байж. Гэрийн бүх юм норж, зарим нь эвдэрсэн байна лээ. Дотроо дүүрэн дугуйтай контейнерыг урсгасан айхтар үер болж. Манай гэр бууринаасаа дээрээс бүтэн нүүгээд хажуу айлынхаа хашаа руу орчихсон” гэв.

ҮЕРИЙН ҮЕЭР ХААЛГА ОНГОЙХГҮЙ ГАЦААД ГАДНААС  ХҮН ОЙЛГОЖ ӨГЧ БАЙЖ, АМЬ ГАРЛАА

  Үерийн улмаас хамаг айлын хашаа урсаад нурсан, нурах дөхсөн гэрүүд, энэ тэндээ цөм цохиулж эвдэрсэн автомашинууд л үлджээ. Иргэд ч манайх, танайх гэлгүй нэгэндээ тусалж, гэрээ цэвэрлээд завгүй байх нэгэндээ цай, ус дөхүүлнэ.

            Хоёр багана нь тоонотойгоо л босоогоороо үлдсэн гэрийн урд нас дээр гарсан эр жижиг модон сандал дээр сүүдэр бараадан сууна. Гэртээ ганцаараа амьдардаг тэрбээр гэнэтийн үерээс болж хаалга нь гацаад золтой л гэртэйгээ үерт урсчхаагүй гэнэ. Тус хороонд нүүж ирээд жил гаруй болж буй Н.Доржсүрэн “Улаан шороо урсаад ороод ирсэн хаалга гацаад баларч байтал машинтай хүмүүс ирж хаалга онгойлгож өгсөн. Хашаанд байсан машин урсаад гараад явсан. Гэр бүтнээрээ урсаж байхыг хөгшин настай би анх удаа харлаа. Бичиг баримт ил байхаар нь аваад гарсан. Одоохондоо өөр хөрөнгөгүй л хоцорсон байна. Дотроо дүүрэн хүнтэй автобус манай урд талын төмөр хашааг нидрээд өнгөрсөн” гэв.

150 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН БАРААГАА ҮЕРТ УРСГАЧИХЛАА

                Үерт өртсөн айлуудаас гадна ААН-үүд нэлээдгүй хохирчээ. Банканд зээл тавьж түрээсэлсэн дэлгүүр, татсан бараа нь үерийн лаг шаварт урсжээ. Худалдааны зориулалтай гэр ахуйн бараа, сав баглаа боодол хадгалаатай байсан агуулах ус, лаг шаварт автжээ. Агуулахын эзэн үлдсэн хэдэн бүтэн зүйлээ өөд нь татахаар машинд ачиж, хурааж байлаа. “Өчигдөр орой дуудлага аваад өглөө ирсэн. Автомашин, хашааны банз урсаж ороод хаалгыг нь эвдчихсэн байна лээ. Агуулахад байсан бүх бараа үерт автаж, урсаад ашиглахыг аргагүй болжээ. Цөөхөн хэдэн бүтэн зүйлсээ ачиж, цэвэрлэж байна. 150 сая гаруй төгрөгөөр хохирчихлоо” хэмээн тус агуулахын эзэн З.Энхбаяр хэлж байлаа.

                ӨДӨРХӨН ТАТСАН БАРААГАА ОРОЙ НЬ ҮЕРТ УРСГАЧХААД СУУЖ БАЙНА

                Автобусны буудал, төв зам дагуу холбогдох байгууллагууд цэвэрлэгээ, ариутгал хийгээд хөл хөдөлгөөн ихтэй. Зам дагуух дэлгүүр, зоогийн газрууд үерийн усаа шавхаад тун завгүй. “Оюу” хүнсний дэлгүүр үерийн улмаас хөргөгч, хөлдөөгчид нь байсан бүх  бараанууд буудаж, үерийн усанд идэгдсэн гэнэ. Дэлгүүрийн эзэн Ц.Соёлмаа “Дэлгүүр хаах болоогүй болоогүй байсан учраас дэлгүүр дотроо байж байтал нэгэнт ундааны хөргөгчийн цаанаас ус олгойдоод урсаад ороод ирсэн. Хэдхэн минутын дотор дэлгүүр шал усаар дүүрсэн. Хөргөгч дотор үерийн ус ороод өдөр нь ирсэн зайрмаг, бууз, банш хэрэглэж, борлуулахын аргагүй болоод хаячхаад сууж байна. Өдөр нь 400 гаруй мянган төгрөгийн бараа татсан байсан. “Icemark”-ийн зайрмаг ирж амжаагүй байсанд нь үнэхээр баярлаж байна. Хэрэв ирсэн бол дахиад 800 гаруй мянган төгрөгөөр хохирох байж.  Ус орсон хөлдөөгүүрүүд ажиллах эсэхэд үнэхээр санаа зовж байна. Дэлгүүрээ түрээслээд удаагүй учраас үнэхээр яахаа мэдэхгүй хэцүү л байна” гэв.

 

                Дэлгүүрийн цаана “Баян хайрхан” зоогийн газар үйл ажиллагаагаа явуулдаг. Завхан аймгаас хүүхдүүдээ төв газар бараадуулахаар хотод ирсэн хосууд байдаг хэдэн төгрөгөөрөө тус зоогийн газрыг түрээсэлжээ. Өглөө түрээсэлж байгаа зоогийн газрынх нь тавилга эвдэрч, үнэтэй төхөөрөмжүүд рүү нь ус орсон байгааг хараад яах учраа олохгүй хэсэг сандарчээ. Цахилгаан тасарсны улмаас хөлдөөгчид байгаа мах нь муудаж, шуудай төмс, гурил, будаа руу нь ус орж, хаяхаас өөр аргагүй болжээ. Үнэтэй төхөөрөмжүүд нь ажиллахгүй байх вий гэж хамгийн их санаа зовж буйгаа түрээслэгч О.Ариунтуяа хэлсэн юм.  

ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛИЙГ СЭРГЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

                Үерийн дараагаар тог, цахилгаанаа таслуулсан иргэд тог хурдан ирээсэй гэж  хүсэцгээнэ. Энэ тэндгүй гэрлийн болон цахилгаан шон мурийж, хазайж зарим хэдийн цахилгааныхаа утсанд орооцолдон унаж, аюултай нөхцөл байдлыг үүсгэжээ. Цахилгаан сүлжээ түгээх төвийн засварын мэргэжилтэн н.Чогдон хүчдэл үүсгэврийн засварыг хийж байх хоорондоо “Хүчтэй үерийн улмаас цахилгааны хуваарилах самбарыг урсгаж, тулгуур баганыг хугалсан байна. Унасан шонг засаж, цахилгаан залгана. Өнөөдөртөө багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байна” гэв.

                Гэртээ байх боломжгүй, эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай иргэд 127 дугаар сургууль дээр байрлах түр хорогдох байрыг зорьцгооно. Сургуулийн зогсоол онцгой байдал, яаралтай тусламжийн машин байх бөгөөд гадаа талбайд нь иргэдэд туслахаар ирсэн цэргүүд жагсаж байлаа. Сургуулийн дотор тусламж авахаар ирсэн хорооныхоо иргэдийг бүртгэхээр хэсгийн ахлагчид сууна. Спорт зааланд нь эгнүүлэн тавьсан гудас, хөнжил байх бөгөөд биднийг очиход Н.Алгирмаагийн ээж л эмчилгээ хийлгээд амарч байсан юм. Иргэдийг хүлээн авахаас гадна, хорооны ажилчид, эмч, онцгой байдлынхан байрлаж байлаа. Түр хорогдох байранд ажиллаж буй 21 дүгээр хорооны олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Саруулмаа “20-30 минут үргэлжилсэн аадар борооны улмаас засмал зам дагуу уулын үер буусан. Нийт 98 өрхийн 282 иргэн үерийн гамшигт өртсөн. Үерийн дараагаас онцгой байдлын комисстой хамтарч иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажилласан. Хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдтэй холбогдсон. Түр хорогдох байранд үерийн дараа дөрвөн өрхийн есөн иргэн ирж байрласан. Үерт өртсөн зарим иргэд өөр дүүрэг рүү түр шилжсэн байдалтай байна” гэв.

                Харин БЗД-ийн 27 дугаар хорооны Засаг дарга Г.Ганбилэг “Гэнэтийн үерийн дараа хүний амь насыг аврах хамгийн чухал учир хороо, хэсгийн ахлагч нартайгаа үерт өртсөн айлуудаар явсан. Мөн үерийн дараа 105 машин зам хааж, үерт урссан гэсэн тоон мэдээллийн дагуу ачуулж, зам чөлөөллөө. Ингэснээр албаны машин техник орж ирэх боломжтой болсон. Цэвэрлэгээний дараа ариутгалын ажил хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

                МАШИН АЙЛЫН ХАШААНД ТУЛЖ БАЙЖ, ЭСЭН МЭНД МУЛТАРЛАА

                Үерийн улмаас гудамж дагуу автомашинтайгаа урсаж буй иргэдийн талаар бид өмнө нь мэдээлээсэн.  Зам чөлөөлөхийн тулд үерт урссан автомашинуудыг журмын хашаа руу шилжүүлж буй. Үерт автомашинтайгаа урссан Н.Бат-Амгалан “Гурван замын уулзвараас эхлээд уруудаад 500 орчим метр урссан. Гэнэт л үерийн ус орж ирээд хамаад аваад явчихсан. Урсгал дагаад эргэлдээд, энэ тэнд очиж юм мөргөөд их аймар. Нэлээн доошилж байгаад айлын хашаанд тулаад зогсоход нь машинаасаа гарч айлын байшингийн дээвэр бараадсан. Бүтэн үлдсэн юм байхгүй болсон учраас миний машин дахиж засвар авахгүй байх. Амьд гарсандаа баярлаж сууя даа” гэв.

                Ширүүхэн үерийн дараа лаг шавар, бохирт  дарагдсан иргэд орон гэр, орчин тойрноо өөд нь татах гэж хичээж байна. Хуучин байсанд нь оруулах гэсэн айлууд хамаг л аргаа барж, шавхаж, зүлгэсээр сууна. Лаг шаварт сууж, хоол хийж идэх нь байтугай хоног төөрүүлэх ч бэрх харагдах гэрээсээ өөр очих газаргүй иргэд лаа, шүдэнз, бэлэн хоол дэлгүүрээс авсаар гэрийн зүг алхана.  “Хамаг юм чинь урсчихаа юу” хэмээн дооглох мэт асуусан хэрнээ, нураад ирсэн ганц хашааг нь дамжлаад зөөчих сэтгэлгүй эрх мэдэлтнүүдэд тэд итгэхээ больжээ.

 

 

 

 


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ХАГАС ЦАГИЙН БОРОО 282 ИРГЭНИЙГ УСАНД АВТУУЛЖ, ТАВАН ИРГЭНИЙ АМИЙГ АВЧ ОДЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188