• Өнөөдөр 2024-05-04

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: НААДМЫН ДАРААХ НҮД ХАЛТИРАМ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ

2023-07-20,   8235

  Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, Монгол түмэн минь сайхан наадлаа. Сайны хажуугаар саар гэгчээр наадмын өдрүүдэд согтуугаар жолоо барьж, осолд орсон. Морь, мотоциклоос унаж бэртсэн, архидан согтуурсан үедээ нэгнийхээ биед халдсан хүмүүсээр Гэмтэл согог судлалын үндэсний төв дүүрчээ.

            Биднийг үдийн цайны цагийн үеэр очих үед ч эмч, сувилагчид амрах завгүй ийш тийш гүйж байв. Энд тэндгүй уйлагнах хүүхдийн чимээ, ёолох томчууд, гар, хөл, толгойгоо  гипсдүүлсэн хүмүүс харагдана. Харин хүлээн авах тасагт хөнгөн бэртэлтэй болон давтан үзлэг хийлгэж байгаа хүмүүс дугаарлаж, авсан цагийнхаа дагуу үзлэгт хамрагдана.

      Тэднийг ийн ажиглан хүлээлгийн сандал дээр суух зуур яаралтай түргэн тусламжийн машин  дохиогоо хангинуулсаар  эмнэлгийн гадаа зогслоо. Жолооч машинаасаа үсрэх шахам буугаад, арын хаалгыг угз татан нээхэд, түргэн тусламжийн эмч болон  хүүхдээ тэвэрсэн эмэгтэй уйлсаар бууж ирэх нь тэр. Эмч, жолооч хоёр машинаас ухаангүй 30 орчим насны залууг буулгаж ирлээ. Эмнэлгээс түрдэг ор хангинуулсаар хоёр сувилагч гарч ирэн өнөөх залууг нэг орноос нөгөө ор луу шилжүүлэн хэвтүүлээд, дотогш орлоо. Хүүхэд тэвэрсэн эмэгтэй араас нь  хол дээрээ арай ядан тогтож байгаа аятай алхсаар оров. 

      Өнөөх залууг эмч нар амилахуйн тасаг руу оруулж, араас нь эмч, сувилагчид  гүйсээр ороод, хаалгаа хаачхав. Эмэгтэйгээс юунаас болж тухайн залууг гэмтсэн талаар тодруулахад, ““Найзуудтай хөдөө явна” гээд л их л баяртай хэд хоногийн өмнө гэрээсээ гарсан. Гэтэл  хот  руу буцах замдаа осолдсон. Машин жолоодож явсан хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Дөрвүүлээ явсан нөгөө гурав нь хөнгөн бэртсэн гэсэн. Хань минь өрөөл татанхай, эрхтэн дутуу байсан ч хамаагүй, амьд л үлдээсэй л гэж хүсэж байна, би өөр юу ч хүсэхгүй” гэж байлаа.

Бүсгүйг ийн ярих зуур  мөн л амилахуйн тасаг руу орсон хүүгээ хүлээн суух ээжтэй хэсэг хором ярилцлаа. Тэрбээр “Хүү минь энэ хавар л ерөнхий боловсролын сургуулийн дөнгөж төгссөн. Намар их сургуульд сурна, зуны амралтаараа барилга дээр ажиллаж байгаа юм. Сая наадмаар хэд хоног амраад, найзуудтайгаа зугаалгаар явахдаа саваагүйтэж, архи ууж, хооронд маргалдаад ийм зүйл болсон байна. Хүүгээ тохитой томоотой, элдэв муу зүйлээс холуур байгаасай л гэж эгч нь хүсэж явдаг юм” гээд хажуудах залуугаа цохиод, “Энэ л миний хүүг ийм болгосон. Чи, чи л байгаагүй бол миний сайхан хүү ийм болохгүй байсан юм”  гэлээ.  Өнөөх залуу толгойгоо гараараа салаавчлаад,  хий дэмий л хана мөргөж, “Би ийм юм болно гэж бодоогүй шүү дээ. Бурхан минь гуйж байна” гэж амандаа бувтнаж байв.

     Энэ мэт  эрлэгийн элчтэй тэмцэлдэж буй хүмүүс гэмтлийн эмнэлгээр  дүүрэн байлаа. 

   Зөвхөн  наадмын амралтын үеэр л гэхэд улсын хэмжээнд тээврийн ослын шинжтэй  дуудлага, мэдээлэл 972,  зам тээврийн  осол 408 бүртгэгдэж, нийт зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн талаар Тээврийн цагдаагийн газраас мэдээлсэн.  Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн газраас  жил бүр  олон төрлийн уриалга гаргаж байгаа. Мөн улсын чанартай авто замуудад цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж хурд хэтрүүлэх, бүх зорчигч, жолооч нарын хамгаалах бүсийг бүслүүлэх, шөнийн цагт холын гэрлийг шилжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хяналт шалгалтыг тогтмол тавин ажиллаж байна. Гэвч бодит үр дүнд хүрч иргэд  орон нутгийн замд явахдаа анхаарал болгоомжтой зорчиж, хэвшээгүй л байна. Өнгөрсөн жилийн наадмын үеэр л гэхэд зургаан хүн зам тээврийн ослоор нас барж, зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэгдэж байжээ.

     Мөн наадмын үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвд осол гэмтлийн шалтгаанаар хэчнээн иргэн хүргэгдсэн талаар мэргэжилтнээс тодрууллаа.

  Тэрбээр “Наадмын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4797 хүн тусламж үйлчилгээ авсан. Үүнээс зам тээврийн осолд өртсөн иргэд болон морь унасан хүүхдүүд түлхүү ирсэн. Хурдан мориноос унахдаа хажуу талынхаа морьдын хөлд гишгэгдэж, дайруулах тохиолдол элбэг байдаг. Энэ төрлийн гэмтэл нь зам тээврийн осолтой дүйцхүйц хүнд гэмтэл авах магадлалтай.Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь механик гэмтэлтэй байсан байна. Гэмт хэргийн тухайд  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон, түүнээс үүдсэн осол аваарын  дуудлага ирсэн. Ойрын өдрүүдэд сум аймгийн ойн баяр, наадам их болж байгаатай холбогдуулан хурдан морь унаж буй хүүхдүүдэд хамгаалалтын  хувцсыг иж бүрнээр нь өмсүүлэх, голын ай саваар бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байхыг анхааруулж байна. Манай эмнэлэг нислэгийн талбай дээрээ нисдэг тэрэг болон онгоц буулгадаг.  Ингэхдээ хөдөө орон нутгаас хүнд бэртэл авсан, машинаар тээвэрлэх боломжгүй хүмүүсийг тээвэрлэж ирсэн.  Тээвэрлэх өмнө биеийн байдал хүндэрч нас барах тохиолдол ч гарсан. Мөн 54 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй. Гэр бүлийн хүчирхийллээр хэвтэж буй хүмүүсийн хувьд гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд хагалгаанд орох хэмжээнд биш ч тархины битүү гэмтэлттэй байгаа” гэлээ.

           Оройн 17 цагийн үед үзлэгт хамрагдаж буй хүмүүсийн хөл татарсан. Яаралтай түргэн тусламжийн  машинаар хүргэгдэж ирэх хүмүүс тасрахгүй л байлаа. Эмнэлгийн түрдэг ор дахин тачигнан дуугарч, хэсэг хүмүүс орилсоор орж ирэв. Мөн л зам тээврийн осолд өртсөн биеийнхээ ихэнх хэсэгт цусны толботой, амьсгалын аппарат залгуулсан байдалтай 40 гаруй настай эмэгтэйг эмч нар түрсээр мэс заслын тасаг руу орлоо. Ар гэрийнхэн нь хаалга сахин үлдэж, арай настай нь залуучууддаа “Гандан ороод, ном уншуулаад ир. Зарим нь хагалгаанд ороход хэрэглэх зүйлсийг хажуугийн эмийн сангаас аваад ир, дэвсдэг памперс ахиухан аваарай” гэх нь сонсогдов.

   Биднийг амилахуйн тасгаас холдож, гар сарвууны тасагт очиход морь, мотоцикл, өндрөөс унаж аль эсвэл ахуйн ослоор гар, хөл, тархиа бэртээсэн хүмүүс гипсдүүлэхээр урт дараалал үүсгэсэн байлаа.  Ажлын цаг ч дуусаж, нар жаргахын алдад бид ГССҮТ-ээс гарлаа.

    Үргэлж “Яаралтай тусламжийн тасаг” гэх бичгийг нь  уншаад л  дэргэдүүр нь өнгөрдөг  энэ тасагт үхэл, амьдралын мөнхийн тэмцэл ийн өрнөж байдаг аж. Иргэд та бүхэн холын замд явахдаа анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

 


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: НААДМЫН ДАРААХ НҮД ХАЛТИРАМ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-20 19:45:35
    hug: Сайхан сайхан, тосоо гартал алалцаад бай үхэрнүүдээ!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-19 21:53:05
    Temercheder!!!!: Mongolchuud aa!!!neg yheriin eber dorgibol myangan yheriin eber dorgino gedeg biz dee!!!Byh Mongolchyydad nhamaatai zuil,bayar bolohoor arhi darsaa heteryyldegee boli!!!!ene bol gerelt ertenz deer hed naslah be?...gedegtee yag adilhan tylaan bolood baina.Mongol hyn bolohoor jaahan yum yygaad yhaanaa alddag esbel neg ikhe gegeersen hyn sig medemhiirdegee bolichgoo!!!!!yamaan omogtoi deer ni arhi ygaad masin tehnik ynana,ene delhii deer baihgyi abir aransintai,dotooddoo eersdee l baildaad baidag gadnaas dairaad orood irbel ch yach ch chadahgyi elbeger nobsnyyd hyniig gemteedeg hynii ami nasand hyrdeg dee.....ta nariin bayariin teneglel herees heterch baina suu.....Deer ni Demberel gyain helsneer Mongold hiimel,hhisber,engech,hengen hymyys olsirchee!!!!!gedeg ynen syy!!!!!yum l bol?Peespuuktene!!!!!!!!!!!!ta nar hen be?.....yheryyd ee....jaahan hyn sig jinhene hyn sig baichgaa.....gadaad dotoodiin ylger duurialalaas syralzchgaa!!!!!Delhiin sibsegyyd ee...............
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-19 21:52:32
    Temercheder!!!!: Mongolchuud aa!!!neg yheriin eber dorgibol myangan yheriin eber dorgino gedeg biz dee!!!Byh Mongolchyydad nhamaatai zuil,bayar bolohoor arhi darsaa heteryyldegee boli!!!!ene bol gerelt ertenz deer hed naslah be?...gedegtee yag adilhan tylaan bolood baina.Mongol hyn bolohoor jaahan yum yygaad yhaanaa alddag esbel neg ikhe gegeersen hyn sig medemhiirdegee bolichgoo!!!!!yamaan omogtoi deer ni arhi ygaad masin tehnik ynana,ene delhii deer baihgyi abir aransintai,dotooddoo eersdee l baildaad baidag gadnaas dairaad orood irbel ch yach ch chadahgyi elbeger nobsnyyd hyniig gemteedeg hynii ami nasand hyrdeg dee.....ta nariin bayariin teneglel herees heterch baina suu.....Deer ni Demberel gyain helsneer Mongold hiimel,hhisber,engech,hengen hymyys olsirchee!!!!!gedeg ynen syy!!!!!yum l bol?Peespuuktene!!!!!!!!!!!!ta nar hen be?.....yheryyd ee....jaahan hyn sig jinhene hyn sig baichgaa.....gadaad dotoodiin ylger duurialalaas syralzchgaa!!!!!Delhiin sibsegyyd ee...............
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-19 07:36:30
    Зочин: Нисдэг тэрэг, онгоц хоёрын ялгааг хэлж өгөөч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-19 00:41:36
    Эмч: Архинаас бүх болж бүтэхгүй юм болох юмаа. Архи дарсгүй эрүүл саруул баяр тэмдэглэж сурахаас нааш энэ их гэмт хэрэг, осол гэмтэл, өвчин зовлон, үхэл хагацал багасахгүй ээ! Юу үнэн, энэ үнэн. Ойлгож ухаарцгаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 13:26:25
    zochin: Bayar naadmaas bolj gemtej bertej baidag aminaasaa uidsan novshnuud yum daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 12:31:24
    Зочин: Бэртэх гэж наадаггаа болилдоо өөрийгөө хайрлах ухаан хаана явна вэ залуусаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 09:29:57
    Зочин: Замын ослын ихэнхийг том жийптэй дээрэлхүү танхай зэрлэг баячууд баячуудын хүүхдүүдээс болж гаргадаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188