• Өнөөдөр 2024-03-29

ЭМЭЭЛТ ЗАХАД ШӨЛНИЙ ХОНЬ 390-500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

2023-05-22,   1667

                  Нийслэлийн иргэд шинэ шөл уухын тулд хагас сая төгрөг зарцуулах хэрэгтэй болжээ. Өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй зүтгэн байж сая хүрэхгүй төгрөгийн цалин авдаг иргэдийн хувьд тийм амарч зүйл биш. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй махны үнэ иргэдийн толгойны өвчин болоод удаж байна. Төр засгийн зүгээс махны үнийг тогтвортойгоор барьдаггүйн улмаас үнийн хөөргөдөл үүсэж, иргэд шөнө ууж чадахгүй байгаа талаараа учирлаж байсан юм. Биднийг Эмээлт захад очиход орон нутгийн дугаартай портер маркийн автомашинууд тэвш дүүрэн хонь ачаад орж байлаа. Олонх нь баруун аймгийн дугаартай бөгөөд амьд малын захад хонио буулган худалдаа хийхээр зэхэх аж. Харамсалтай нь худалдан авалт муутайгаас болоод портер хонийг 4-5 хоногт борлуулж дуусдаг аж. Үүнээс гадна хонио амьдаар нь борлуулж чадахгүй бол ченжүүдэд тал үнээр нь өгч бензин тос аваад нутаг буцдаг байна. Энэ талаар мал борлуулж малчдаас тодруулахад дараах хариултыг өгч байсан юм. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин Э.Амар “Энэ жилийн хавар нэлээд хүндхэн хавар боллоо. Үүнээс болоод төл муу авсан. Дээрээс нь нэмээд хаврын хавсрагд хэдэн ямаа маань бараг л үхээд дууссан. Ноолуур хямд байлаа. Ноолуураараа төлнө гээд банкнаас зээл авчихсан. Гэвч энэ жил банкныхаа өрийг ноолуураараа төлж чадахааргүй болоод гайгүй гэсэн хониноосоо шилээд зарж байна. Уг нь мах гайгүй үнэтэй байгаа хэдий ч  худалдан авалт асар муу байна. Би тав хоногийн өмнө 20 гаруй хоньтой нутгаасаа ирсэн. Энэ байдлаараа удвал хэдэн хонь маань турж үхэх шинжтэй. Тиймээс өнөөдөр зогсоод борлогдохгүй бол ченжид хямдхан хамаагүй өгөөд нутаг буцна” гэлээ. Мөн Завхан аймгийн малчин “Би урд шөнө хотод орж ирлээ. Мах бодож байснаас илүү үнэтэй байна. Ачиж ирсэн хонинуудаа гайгүй үнээр борлуулчих санаатай зогсож байна даа. Хүмүүсийн хэлж байгаагаар худалдан авалт муу байгаа гэнэ. Би дандаа эр хонь ачиж авчирсан. Амьдаар нь зарвал 450 мянган төгрөгөөр болох юм байна. Хэрвээ ченжид өгвөл тал үнээр нь л авна. Тиймээс  зогсож байгаад борлуулна даа. Хэдэн төгрөг нь хэрэгтэй шүү дээ” гэсэн юм. Бид малчид өөрсдөө хонио борлуулдаг амьд малын захаас явж үнийг судаллаа.

ЭМЭЭЛТ ЗАХАД ХОНИНЫ ҮНЭ:

ЭР ХОНЬ: 450

СОЁОЛОН ЭР ХОНЬ: 350-380

ХЯЗААЛАН ЭР ХОНЬ: 300-350

ЭР ЯМАА: 220-250 мянган төгрөгийн үнэтэй байна.

           Малчдын зарж буй хонинуудын үнийг судалж, нааш, цааш холхих иргэд толгой сэгсрэн захаас гарч байсан юм. Бид энэ үеэр шөлний хонь авахаар явж буй иргэдээс тодрууллаа. Иргэд “Махны үнэ үнэхээр өндөр байна. Өндөр настай ээж, аав хоёртоо шинэ шөл уулгах санаатай ирсэн юм. Гэтэл миний мөнгөнд ногоо идсэн шинэ хонины мах олдохгүй бололтой. Өдрөөс өдөрт юмны үнэ өсөж, амьдрах аргагүй боллоо. Үнийн хөөргөдөл хаа сайгүй бий болж, иргэдийн амьдрал муудаж байна. Нэг эр хонь 450 мянган төгрөгөөр худалдаж авлаа гэхэд амийг нь гаргуулж, толгой шийрийг нь хуйхлуулахад бараг 500 мянган төгрөгт хүрч байна. Хагас сая төгрөгөөр шинэ шөл ууна гэдэг үнэхээр аймшигтай. Цалин нэг саяд хүрэхгүй байхад 500 мянган төгрөгөөр нэг хонь худалдаж авна гээд боддоо. Бүгд л өр, зээлтэй ард хормойгоороо урд хормойгоо нөхөж аваа шүү дээ. Ийм байдал удаан үргэлжилбэл яаж амьдарна даа гэж бодож байна. Энэ хонь гэж бодож байсан юм. Даанч мөнгө хүрэхгүй байна. тиймээс мах жижиглэж зардаг газраас таван килограмм мах худалдаж авахаас” гэсэн юм.

   

               Бүгд л өр, зээлтэй ард хормойгоороо урд хормойгоо нөхөж аваа шүү дээ

                Үүний дараагаар хонь худалдаж аваад явж буй өвгөн, эмгэн хоёртой тааралдаж, дараах тодруулгыг авсан юм. Тэрбээр “Өвгөн бид хоёр тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө шинэ шөл уух санаатай хонь худалдаж аваад явж байна. Махны үнэ ер нь буухгүй байх. Цаашдаа ч өссөөр байх биз. Бид 400 мянган төгрөгөөр хонь худалдаж авсан. Төхөөрч, гэдэс дайвар бүтээгдэхүүнийг бэлтгүүлж, толгой шийрийг нь хуйхлуулахад бараг нийт дүн 450 мянган төгрөг болох юм байна. Үнэхээр өндөр дүн шүү. Бид яах вэ залуучууд маань цаашид мах идэх хэцүү л болох нь дээ. Хэрхэн яаж анхаарч, бодлого шийдвэр гаргах юм байгаа юм бол төр засаг маань. Бараг 70 гаруй сая толгой малтай Монгол Улсад мах ийм үнэтэй байна гэдэг бол эмгэнэл юм” гэх хариултыг өгсөн юм.

НЭГ ХОНЬ  25000 ТӨГРӨГӨӨР ТӨХӨӨРНӨ

            Хонь худалдан авч буй иргэдэд хэрхэн төхөөрөх вэ гэдэг асуудал гарч ирдэг байна. Тиймээс Эмээлт захад мал төхөөрөх үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд хонь төхөөрөхөд 25000 төгрөгийн үнэтэй бөгөөд гэдэс дотрыг мөн арилгаад, цэвэрлээд өгдөг аж. Энэхүү газар мал төхөөрдөг иргэд “Сүүлийн үед мал төхөөрүүлэх иргэд хомсдож байна. Бид өмнө нь өдөрт 20 гаруй хонь төхөөрчихдөг байлаа. Энэ жил харин худалдан авалт эрс муудсанаас болоод орлого 70 хувиар багссан. Тиймээс бид орой 06:00 цагаас хойш мал нядалгааны газарт ажилладаг. Тэгж байж л гэр орон, үр хүүхдүүддээ зарцуулах мөнгөтэй болж байна шүү дээ” гэсэн юм.   

Цалин нэг саяд хүрэхгүй байхад 500 мянган төгрөгөөр нэг хонь худалдаж авна гээд боддоо

Махны үнэ болон нийлүүлэлт хэр байгаа талаар ийнхүү сурвалжилсан юм.   томоохон худалдааны төв болох “Эмээлт” захад хонины үнэ тэнгэрт хадаж, иргэд модоо барьж байна. Шөнө шөл уух гэсэн иргэд үнэ дүнг сонсоод толгой сэгсэрч, малаа зарах гэсэн иргэд туураагаад алах шахам үйл явдал Эмээлт захад өрнөж байна.


ЭМЭЭЛТ ЗАХАД ШӨЛНИЙ ХОНЬ 390-500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-22 18:10:47
    sar: яг малчны хотноос эр хоныг шилээд дээд тал нь 250 р л авч байгаа шүү малчнаас гадна орон нутгын чээнж байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-22 13:16:21
    иргэн: Энэ чэнж наймаачид гэж өөрсдийгөө нэрлэсэн цадахаа мэдэхгүй шуналын туламууд 76 тайгаа нийлж ард иргэдээ сөхрүүлж бга шүү. Та нар шиг юмнууд урд хөршид чинь цаазлуулаад байгааг харж л байгаа биз дээ та минь ээ. Та нар нээх хоол болохгүй шүү Монгол хүний хөгийн шуналаа гэж хүний хүүхдийн хоолыг булааж өөрийн хүүхэддээ өгч байга л хэрэг ш дэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188