Барилгын “сезон”-ы үе эхэлчихээд “100 айл” худалдааны төвөөр хөл хөдөлгөөн тасрахгүй бужигнаж өгч байна. Нэг үеэ бодвол “Гипсэн хавтан байна уу”, “Рейк байна уу”, “Эмульс байна уу” гэхэд нь толгой сэгсэрдэг, “Байхгүй” гэж зандардаг байснаа больчихож. Харин худалдааны төвүүдээр тасарчихсан, олдохгүй байсан материалаа явж явж олоод ирсэн ч үнийг нь л сонсоод буцаж байгаа хүн олон байна.
Өнгөрсөн амралтын өдрөөр “100 айл” худалдааны төвд очлоо. Долоо хоногийн олонх өдөр түм түжигнэж, бум бужигнаж байдаг “100 айл” өнөө хэвэндээ. “Маргааш ажиллахгүй юм чинь” гээд бүр ч хөл хөдөлгөөн ихтэй болчихож. Тус төвийн “Жоби”-гоос эхлүүлээд хэд хэдэн худалдааны төвөөр ороод гарлаа. Ороод гарч ирэхийн хооронд л бродюр дээр суучихсан хижээл насны халамцуу эрчүүд Хийх юм байна уу, ахын дүү”, “Юм зөөх гэж байгаа юм уу” гээд хэд хэд асуух. “Үгүй ээ” гэхээр жуумалзаж, муухай харчихаад цааш эргээд “Ачаа ачна” гэсэн самбартай “Амьжиргаа цагаан”-уудын нэгнийх нь хажууд очоод толгойгоо нэг талынх нь цонхоор оруулчихаад чанга чанга инээлдээд ярьж гарав.

“100 айл”-д худалдан авагчгүй төв гэж алга. Нэг лангуун дээр л хэд хэдээрээ зогсчихоод л бараагаа аваад гарч байна. Харин зарим нь “Хэд гэж байна вэ” гээд асуучихаад л лангууны дэргэдээс гарч явах. Бараа, материалын таталт, иргэдийн худалдан авалтын талаар асуухад “Жоби” төвд худалдаа эрхэлдэг Т “Худалдан авалт муу байна. Өнгөрсөн 3-4 дүгээр сард худалдан авалт маш муу байсан. Чи харж байгаа биз дээ. Хүмүүс ингээд үнийг нь асуугаад л худалдаж авч чадахгүй гарч байна. Харин худалдаж авч байгаа нэг нь хэд хэдээр нь гээд маш багаар л авч байгаа” гэлээ. Худалдагч бид хоёрыг хэдэн үг сольж дуусахын завдалгүй нэг залуу орж ирээд обойны үнэ асуучихаад толгойгоо сэгсрээд гарч байх аж.
Харин “Жоби”-гоос холгүйхэн байх жижиг барилгын төвд худалдаа эрхэлдэг А “Манайх нэг үеэ бодвол бүх бараа, материалаа татаад авчихсан байгаа. Гэсэн ч борлуулалт муу л байна. Ер нь жил жилийн хавар худалдан авалт багасдаг л даа. Гэхдээ энэ жил арай л муу байна” гэж ярьж байна. “100 айл”-ын худалдааны төвүүдэд худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар гаднаас бараа, материалаа татах асуудалгүй болсон гэнэ. Сүүлийн үед төгрөгтэй харьцах юанийн ханш бага зэрэг буурсныг дагаад ачааны ханш унасан нь бараа материалын таталтад эерэгээр нөлөөлж байгаа аж.

“Жоби”-гоос хойш явах замд байдаг “К” төвийн үүдэнд нэг эр авсан бараа, материалаа ачааны машин дээр ачиж байв. Ачилтын машиныхаа жолоочтой “Үгүй мөн, гайгүй олоод авчихлаа. Энэ нэг муу хэдэн хавтангийн үнэ барагдахааргүй болж алах юм болов уу гэсэн, бас ханатай. Байгаа мөнгөөрөө ер нь бүтээчихлээ” гэж ярьж байна. “100 айл”-ын худалдааны төвүүдээр орж, материал худалдаад гарч байгаа хүмүүс үнэ, олдцын тал дээр ч ам сайтай байх. Хотын төвийн ойролцоо байдаг хоёр өрөө байрандаа дотор засал хийх гэж байгаа гэх Батзориг “Сарын цалингаа цуглуулж байрныхаа заслыг төлөвлөж хийх чанга л юм байна. Гэхдээ өмнө нь бага сагаар материалаа авч л байсан. Өнөөдөр хоёр сая гаруй төгрөгөөр бараа, материал авлаа. Дахиад ч авахаар байгаа” гэлээ. Мөн Налайх дүүрэгт орших хашаа, байшиндаа засвар хийж байгаа гэх Энхтөгс “Гурван өрөө байранд дотор засал хийж байгаа. Одоогоор таван сая төгрөгөөр бараа, материал авсан байна. Нэг үеэ бодвол барилгын материалын үнэ багассан ч яг ингээд худалдаж авахаар үнэтэй л байх шиг” гэж байна.

Цар тахлын хөл хорионоос хойш хил хаалттай байх үеэр бараа материалын хэд дахин “нугарч” байв. Харин одоо нэг үеэ бодвол, барилгын материалын үнэ “хөөсрөхөө” больж, тогтворжоод байгааг ч худалдагч, худалдан авагчид хэлж байна. “100 айл”-ын худалдааны төвүүдээр хамгийн эрэлттэй байдаг барилгын материалуудаас:
Худалдагчдын хэлж буйгаар барилгын бараа, материалын үнэ 10-15 хувь буурсан гэнэ. Зарим материал 30 хувь хүртэл буураад байгааг хэлж байна. Мөн хил гаалийн асуудал цэгцэрснээр барилгын материалууд БНХАУ-аас гэхэд долоо хоног, БНСУ-аас 14 хоногийн дотор ирдэг болсон аж.

Буцах замдаа барилгын материалын дэлгүүрээ хаах гээд хамаг бараагаа ил гаргаад тавьчихсан зарж байхтай таарлаа. Материалуудаа ил гаргаад тавьчихсан болоод ч тэр үү хүмүүс шавчихаад худалдагч нь бололтой саравчтай малгай, ногоон хантаазтай эрийн тал талаас юм асуугаад суулгах ч үгүй байх аж. Хүмүүс нэг нэгээрээ цуварч ирээд “Паркет байна уу”, “Эмульс байна уу” гэх. Өнөө хааж байгаа дэлгүүр хамагхаа худалдаад дуусаж байгаа бололтой “Байхгүй” л гэж байна.
Бараа, материал үзэж сонирхсон хүмүүс нэг нэгээрээ цуварч яваад цөөрөхөөр нь өнөөх эрээс яагаад дэлгүүрээ хаах болсныг нь асуувал “Коронавирусийн үеэс хойш дөнгөн данган л ажиллуулж байлаа. Сүүлдээ бараа, материал зарагдахгүй, барааны үнэ, тээврийн зардлаа ч нөхөж чадахгүйд хүрсэн. Одоо үүнийгээ болиод өөр мөнгө олох юм хийе гэж бодож байна. Тэгэхгүй бол ч одоогийн нийгэмд өөрөө амьдарч, гэр бүлээ ч тэжээнэ гэдэг хэцүү болж дээ” гэлээ.

| СУРВАЛЖИЛГА: Барилгын материалын үнэ буусан ч иргэдийн худалдан авах чадамж муу байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |