• Өнөөдөр 2024-04-20

ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ НУРАХ ДӨХСӨН ГЭР, ХОГОНДОО БАРИГДСАН ТЭРЭЛЖИЙН АМРАЛТЫН ГАЗРУУД ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛЖ БАЙНА

2023-05-06,   11594

СӨЖҮ, ПИВОНД ХАЛАМЦСАН ЗАЛУУС ХООЛОЙГОО СӨӨТӨЛ ДУУЛЖ, БҮЖИГЛЭЖ БАЙВ

        Төгсөх ангийн 10 гаруй хүүхэд сөжү, пиво тулгацгааж, тас, тас хийтэл хөхрөлдөх аж. Согтууруулах ундаандаа халамцсан залуус хөгжмөө улам чангалж, сүүлийн үеийн хип хоп дуунуудыг хоолойгоо сөөтөл дуулж, бүжиглэж тэр хавийг доргиож эхлэв. Тэдний дундаас биеийн тамирын хар цамцтай, тайрмал үстэй охины дуу улам чангарч, эвсэлтэй нь аргагүй бүжиглэж байгаа харагдана. Тэд хоёр, гурван дуу дараалан дуулчихаад пивонуудаа дахин тулгацгааж, чанга, чанга ярих юм. Тэдний инээд ер тасрахгүй. Удалгүй хоёр охин нэг хөвгүүнтэй хамт бусдаасаа тасарч, сөжү, ундаагаа бариад гол руу дөхөж суув.Тэд бие биедээ сэтгэлийн үгээ хэлж, нэгнийгээ уучилж байгаа аятай эсвэл бусдаасаа нууцалж чухал юм ярьж байгаа аятай сууцгаана. Тэд ууж байгаад газар тавьсан сөжү, ундаагаа бариад найзууд дээрээ очиж, дуулж байсан дууг нь үргэлжлүүлж, хүч нэмэх нь тэр. Харин голын нөгөө талд 30 гаруй насны гурван залуу машинаасаа гадуур хувцсаа авч өмсөөд тухтай нь аргагүй завилж суугаад пивоо ууцгаана. Нөгөө талын охид, хөвгүүдийг бодвол чимээ багатай. Тэд байсхийгээд л тамхиа сорж, ишийг нь хааш нь хамаагүй шидлэх юм. Энэ бол Тэрэлжийн амралтад ирсэн хүмүүсийн төлөөлөл.

     Нар бууж, Тэрэлжид сэрүүн орохтой зэрэгцээд амрагчид нэмэгдэж, гол дагуу хэд хэдээрээ бөөгнөрч суух нь сууцгааж, алхах нь алхацгаах аж. Голын дагуу яваа хүмүүс ямар нэгэн согтууруулах төрлийн ундаа барьсан байх юм. Тэдний ийнхүү наргиж байгаа газар бол Тэрэлжийн “UB-2” амралтын газраас хойш байрлах Хагийн хар гол. Тэрэлжид байрлах гэр амралтын газрууд ихэвчлэн “UB-2” амралтын газраас хойших бургасан дунд эгнэсэн байх юм. Биднийг замд явахад зарим амралтын газар гэрээ барьж, хашаагаа цэвэрлэж байгаа харагдав. Жил бүрийн өдийд зам дагуух худалдаа наймаа дэлгэрч, амралтын газрууд үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Урин дулааны улиралд нийслэлчүүдийн хамгийн их очдог газар бол Тэрэлжийн амралт. Дулаан орох тусам Тэрэлжийн амралтын газрын эрэлт нэмэгдэж, захиалга ихэсдэг учир жилээс жилд төлбөр нь нэмэгддэг тухай иргэд ярьдаг. Харин энэ жил Тэрэлжийн амралтын газрууд ямар үнэтэй байгааг сурвалжлахаар ирсэн нь энэ.

ТЭРЭЛЖИД НУРАХ ДӨХСӨН, АРХИНЫ НЭХҮҮН ҮНЭР ШИНГЭСЭН ГЭР 100-120 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

        Тэрэлжийн гэр амралт руу явах замд “гэр” хэмээх пайз дээрээ хадсан цэнхэр, хар, саарал өнгийн "приус" маркийн гурван машин цувраад зогсож байв. Хамгийн эхэнд зогсож байсан цэнхэр машины дэргэд очиход 40 гаруй насны эмэгтэй цонхоо буулгав. Амралтын гэр нь хаана, хэдэн төгрөг болохыг асуутал “Манай амралтын гэр хэдхэн метрийн цаана замынхаа баруун талд байгаа. Хоногийн 100 мянган төгрөг. Гэр авна гэвэл дагуулаад явъя” гэв. Бид километр гаруй яваад Тэрэлжийнхний сумын төв хэмээн нэрлэдэг хэд хэдэн дэлгүүртэй сууринд ирэв. Нэгэн навсгар  хашааны булан эргэтэл 10-аад морь хашааны хойно уяатай байв. Морьдын эзэн бололтой улаан хүрэн нударгатай дээл, саарал хүрэм, шовгор малгайтай ахимаг насны ах охиныхоо юм уу, дүүгийнхээ юм уу дотнын хүнийхээ духан дээр үнсээд гаргаж өгч байгаатай таарав. Харин хойд талынх нь дэлгүүрээс гурван залуу архи, пиво барьчихсан гарч ирэх нь тэр. Тэрхүү суурингийн хашаануудад ихэвчлэн "ЗИЛ-131" болон "УАЗ-69" маркийн автомашинд байх нь самарчид болон нинжа нар түгээмэл байдгийг илтгэж байв. Тэрэлжийн төвөөс гарангуут Хагийн нуур тогтуухан. Түүгээр гарч чадалгүй жолоочид машинаа орхиод голын цаана бургасан дунд байрлах амралтын газрыг зорьсон бололтой. 10 гаруй эзэнгүй машин нуурын эргээр эгнэсэн байх юм. Харин том, өндөр машинтай жолооч нар  нуураар саадгүй гарч байлаа. Харин бид гүүрээр нуур гаталж, гэр амралтын газруудын хамгийн наад захад байрлах “Заан залуудай” амралтын газрын үнийг  асуулаа. Тэднийх гэрүүдээ цэвэрлээд дөнгөж дууссаж байв. Гэвч цэвэрлэсэн  гэрт ороход архины нэхүүн үнэр хамар сэтэлж, хогийг нь шүүрдэж, ширээг нь арчсан ч цаанаа л нэг навсгар, тохьгүй нь илт байв. Дөрвөн ортой гэр 100 мянга, шовгор нь 120 мянган төгрөгийн үнэтэй байв. Тэдний тогооч нь ажиллаж эхлээгүй байгаа учир амрагчид өөрсдөө хоол, цайгаа хариуцах гэнэ. Харин хойд талынх нь хашааанд тэднийхээс тод хэд жил шүүрдээгүй тоос, тортогт дарагдсан навсгар бор гэр хоёр, гурван гэр түгжээтэй байв. Мөн амрагчид авдаг бололтой утасны дугаараа бичиж үлдээсэн байвч, урагдаж унаад аль нь мэдэгдэхээргүй болсон байх аж.

-ТЭРЭЛЖИЙН ҮНЭТЭЙ АМРАЛТЫН ӨРӨӨ 950 МЯНГААС ЭХЭЛДЭГ-

       Харин амралтын газрын стандартын шаардлага хангасан амралтын газрын гэр гаднах байдал орчноосоо эхлээд арай цэвэрхэн. Би амрагчдын сайн мэдэх “UB-2”-өөс урагш байрлах гэр бүлийн “Жигүүр амралт” гэх амралтын газрын үнийг асуухаар оров. Хашаандаа хэд хэдэн хүүхдийн тоглоомтой, талбайтай,  10-аад гэр, шовгор байв. Тоглоомын талбайгаар нь хүүхдүүд дүүрэн. Тэд энгийн гэрүүдээс арай өөр мөн цэвэрхэн боловч архины үнэр арилаагүй. Тэдний гэр хоногийн 250 мянга, нэг өрөө нь 950 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин түүнээс хойш байрлах “Red rock” амралтын газар нь хашаандаа хөл бөмбөгийн талбайтай, усан бассейнтай, толгоомын талбай томтой юм. Ихэвчлэн мөнгөний бололцоотой болон гадаадын иргэд амардаг гэх. Тэднийх амралтын өрөөнүүдээс гадна үйл ажиллагаа явуулж болох хурлын заал, хүлээн авалтын танхимтай. Тэдний гэр болон ганц хүний өрөө нь 500 мянга, дөрвөн хүний гэр 350, гэр бүлийн өрөө 400, энгийн өрөө 300 мянган төгрөгийн үнэтэй байв. Зуны дунд сар буюу наадам, амралтын саруудад амралтын газрын хоногийн үнэ нэмэгддэг байна.

-НУТГИЙН МАЛЧИН Ё.ЖАРГАЛСАЙХАН: АМРАЛТААР ИРСЭН ХҮМҮҮС АГСАМНАЛДАЖ, ЗОДОЛДОЖ, НЭГНИЙГЭЭ МАШИНААР ТУУЛГАЖ, АЛЧИХ ГЭЭД ХЭЦҮҮ-

        Хөл, хөдөлгөөн ихтэй Тэрэлжийн ойролцоо амьдардаг малчид тавдугаар сараас арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл тайван амьдарч, санаа зоволгүй амарч чаддаггүй гэнэ. Зуны цагт амрагчид нэртэй архидахаар ирсэн хүмүүс тэднийг унтуулдаггүйгээс гадна хонь малаа дураар нь бэлчээх ч боломжгүй болгодог гэдэг. Тэрэлжийн ойролцоо амьдрахад нөхцөл байдал ямар байдаг талаар нутгийн малчин Ё.Жаргалсайханаас тодрууллаа. Тэрбээр “Би Туулын хойд хөвөөгөөр нутаглаад 60 гаруй жил болж байна. Манай энд жил бүр амралтын газар нэмэгдэж түүнийхээ хэрээр хөл хөдөлгөөн нэмэгдээд замбараагаа алдаж байна. Энэ долоо хоногоос эхлээд хотынхон Тэрэлжийн амралт, Туулын хөвөөгөөр дүүрч байгаа. Тэд зүгээр ч нэг агаарт гараад явахгүй. Хогоо суусан газраа хаячихаад л яваад өгнө. Туул голд нутгийн бид хогоо хаяхгүй шүү дээ. Тэгээд зогсохгүй уусан архиндаа халамцсан залуус агсамналдаж, хэрэлдэнэ. Зарим нь нэгнийгээ машинаар туулгаж, элдээд, орилж, хашхиралаад ер амраагүй. Бас уул, усыг минь бараадаж ирсэн бөө нар хэнгэрэг юугаа нүдэж, хашхиралдаад хэцүү. Заримд нь хэлэхээр ад болохоос дээрдсэн зүйлгүй байдаг даа. Байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулах амралтын газрын хэмжээ хязгаар гэж байна уу. Малчин бид газрын гэрчилгээгүй, түр өмчлөх, мал аж ахуй эрхэлж бичиг баримттай. Хэзээ мөдгүй шинэ амралтын газар барих зорилгоор биднийг “Газар чөлөөлөх шаардлагатай. Хурдан нүү” гээд хөөж мэдэхээр байна.

-ТЭРЭЛЖИД ХҮН АМИНЫ ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ГАРАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙДАГГҮЙ

         Тэрэлжид байрлах амралтын газруудад жил бүр хүн амины ноцтой гэмт хэрэг гардаг. Тухайлбал, 2021 онд “Мөнх-Тэрэлж” хэмээх амралтын газар 18-23 насны 20 гаруй залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэж, нэгнийхээ аминд хүрсэн байдаг. Тухайн үед цар тахлын улмаас олон нийтийн цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаггүй байв. Гэвч амралтын газрууд нууцаар ажиллаж, заримынх нь үйлчлүүлэгчид архидан согтуурч, хүн амины хэрэгт холбогдож байсан. Мөн хүн амины хэрэг гарахгүй ч гэлээ улсын байгууллагуудын мэргэжилтнүүд амрахдаа архидан согтуурч, нэгнийгээ зодож, танхайрсан зэрэг асуудлууд тасардаггүй билээ. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл, өнгөрсөн хоёрдугаар сард АМГТГ-ынхан цасны баяр тэмдэглэхээр Тэрэлжид очсон байдаг. Тухайн үед тэдний Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан шинэ ажилтнаа дарамталж, зодсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв.Энэ мэт согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрдэг, зоддог байдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. 

ГЭР АМРАЛТЫН ГАЗРУУД БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БОЛОН ӨСВӨР НАСНЫ ОХИДООР ӨГӨӨШ ХИЙЖ ЗАЛИЛАГСДЫН ҮҮР БОЛЖ БАЙНА

      Улаанбаатар хотын Саппоро, Сансар, 13 дугаар хорооллын автобусны буудлаар зогсдог биеэ үнэлэгчид болон баарныхан дулаан орохоор Тэрэлжийн амралтын газруудыг эзэгнэдэг гэх. Ялангуяа “UB-2” амралтын газраас хойших гэр амралтын газруудыг биеэ үнэлэгчид нүхэлдэг гэнэ. Тиймээс Тэрэлжийн "савдаг"-ууд буюу тэнд очиж архидан согтуурагсад сурчихсан эрчүүд навсгар, заваан байсан ч хамаагүй үнэтэй гэр түрээсэлж, хоноглодог байна. Тэрэлж болон бусад төвлөрсөн хүн ихтэй амралтын газруудаар өсвөр насны охидууд эрчүүдтэй нийлж, бусдыг залилж, айлган сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхдэг хэрэг түгээмэл гардаг байна. Тухайлбал, охидууд хаана ямар хүмүүс байгааг судалж, тохиролцоод онилсон эрчүүдээ чихдэж, гэрт нь болон машинд нь дагуулж ордог байна. Удалгүй тэднийг холоос харж байсан сүлжээний ах нар нь орж ирж “Миний охинд, миний дүүд дарамталж, агуулж явлаа. Цагдаад хэлнэ, цагдаа дуудна” хэмээн айлган сүрдүүлж, “Цагдаад хэлүүлэхгүй гэвэл мөнгө өг” хэмээн залилдаг байна. Тиймээс эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулж, хаана, юу хийж байгааг нь нягталж, тэдэнтэй ярилцаж байхгүй бол санамсаргүй байдлаар буруу замаар орж, бусдад барьцаалагдаж, гэмт хэргийн холбогдогч болчихсон байх вий.

ХОГОО ЦЭВЭРЛЭЖ СУРЧИХААД АМРАЛТЫН ГАЗАР ОЧДОГ, АЯЛДАГ БОЛЦГООЁ, МОНГОЛЧУУД АА

        Байгалийн цогцолбор бүхий Хэнтий нурууны өвөрмөц газрын нэг болох Тэрэлжид зай завсаргүй амралтын газар барьж, байгалийг нинжа нартай ялгаагүй сүйтгэж, бохирдуулж дуусах  нь. Тэрэлжид ирсэн амрагчид уусан, идсэн болгоныхоо сав, цаасыг суусан газраа задгай хаядаг хэвээрээ байна. Тэдний эл задгай хаясан архи, пивоны жил, чихэр, бэлэн хоолны цаас үзэсгэлэнт байгалийн гол, усыг бохирдуулж,  судаг болгоноор дүүрэн байх аж. Зарим нь хогоо шуудайлдаг ч зам дагуу амыг нь задгай хаячихаар шуудайлаагүйтэй яг адил, салхинд хийсээд дуусдаг байна. Амрагч, аялагчид хогыг нь хэн, хэзээ цэвэрлэнэ хэмээн найдаж, байгалиа хайрлах өчүүхэн сэтгэл төрөхгүйгээр хаа хамаагүй хаяж чаддаг юм бэ. Ядаж хогоо цэвэрлэж сурчихаад амралтын газар очдог, аялдаг болцгооё, монголчууд аа.


ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ НУРАХ ДӨХСӨН ГЭР, ХОГОНДОО БАРИГДСАН ТЭРЭЛЖИЙН АМРАЛТЫН ГАЗРУУД ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 19:17:12
    Иргэн: Хотынхон ч угаасаа хогчингуудшдээ. Хоттоо л нэг их соёлтой хулгайчууд болж жүждэг хогонцорууд. Хөдөөг бол жинхэнэ бузарлаж байгаа юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 17:20:22
    Зочин: !!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 14:09:36
    Зочин : Одоо энэ сургуулиуд бас болимоор юм .Эцэг эхчүүдээс мөнгө авч ихэвчлэн л Тэрэлж явлаа гэнэ Энэ түмэн хүний хөл болсон хогийн газар луу хүүхдүүд авч яваад л Тэрэлж гэж энэ муухай газар луу хүмүүсээ битгий явж бай !! Шар өвчины үүр !! Монгол өргөн уудам газар нутагтай арай өөр эрүүл газар очиж салхилж бай !Энийг бичсэн хүнд БАЯРЛАЛАА !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 11:33:21
    Зочин: Тэрэлж гэж Нэрнээс цаашгүй энд тэндгүй хог овоорсон хогийн цэг болсон газар бна билээ гол дагаж амарч архидачихаад хогоо тэр чигт нь хаячихаад явдаг машинуудыг яалтай билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 11:02:09
    ,одхүү: Хогоо багаажиндаа хиигээд хогиин савтаи газар хаяж болдогүи л юм байхдаа идэж ууж чадсан шигээ хог бас цэвэрлээд аваад явж болно шүү дээ араил биш юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 11:01:43
    Иргэн: Стандарт гэж байх ёстой үүнийг хариуцсан газар нь хэрэгжүүлэх цаг болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 10:49:39
    Зочин: Аялал эуулчлалын холбоо билүү нэг том дугарсан хүмүүс бх шиг байсан даа ийм амралтын гэх нэртэй газруудыг хардагүй анхаардаг үгүй байж бас хөгжил яриад сууж байхаасаа ичмээр юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 10:47:48
    sayana: amraltiin gazar gexed xetv de aridalt bie vnelegch narin oromj nertei amralt bxa arai dendvv yum bnle amrax bish baliar yumnudin dund amrax gej ochcon ulcud nerewted taardag shv onstgvi bolcon bnle
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 10:46:16
    Иргэн: Ийм газруудыг шалгадаг цэгцэлдэг байгууллага байдагүй юм уу. Ийм байж яаж аялагчид жуулчид авна гээд сурталчилаад байдаг бна. Ухаанд ухана ишиг ухархайд нь мөс хөлдсөн хүмүүс яахаараа энэ замбараагүй амралтын гэх газруудад зөвшөарөл олгоод ажиллуулэ бга хүмүүс нь ийм байлгаад байж болдог бна. Хууль дүрэм журам стандарт хариуцлага гэж байдагүй юм уу. Аялал жуулчлал манайд ойрын жилүүдэд лав хөгжихгүй болтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 08:06:04
    Зочин: Жинхэнэ заваан бүдүүлэг зэрлэг хүмүүс ирнэ. Тамхины иш хогоо хаях энүүхэнд баасаа нойлын цаасанд ороогоод орон доогуур хаядаг хүмүүс бна .Хөгшинөө мэдэхгүй эр эмгүй ухаан мэдрэлггүй архидна агаарт гарна гэхээр архидна гээд ойлгочихсон хүүхдээ дагуулж ирсэн байж хэлэх хэлэхгүй үг хэлнэ аймаар улс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 18:07:45
    irgen: Tereljiin ter havid bol gishgeh gazargui ********.********.bolovson 00 shiidej chadahgui baij 400 say juulchin gj shugelddeg iim ******** uud bdg.Tend suuh.amrah gazargui bolsoon.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 13:42:17
    Zochin: Hamag muu muuhaigin uur bson gazar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 09:24:46
    Зочин: Энэ хорвоогийн зэрлэг бүдүүлгийн туйл гэж үүнийг хэлнэ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 13:19:47
    Зочин: Хог хаясан бол торго эдийн засгийн арга хэмжээ авах хэрэгтэй. Гэр хоногийн 300,0 к арай арай гэхэд дэндүү эмх замбараагүй хогийн цэг шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-01 09:58:00
    Жинхэнэ: Балиар хүмүүс
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188