• Өнөөдөр 2024-04-20

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ 2000-3000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, ИРГЭД БАНКНААС ЗЭЭЛ АВЧ, ЦАГААН САРТАА БЭЛДЭЖ БАЙНА

2023-01-28,   1070

              Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор бид цагаан идээний үнэ ханштай танилцахаар Баянзүрх захыг зорилоо. Биднийг очиход, тус захад хүний хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Зорьсон ёсоороо бид цагаан идээний тасгаар орж, ааруул, сүү, өрөм, зөөхий, шар тос зэрэг иргэдийн түлхүү худалдан авалт хийдэг бүтээгдэхүүний үнэ ханшийн үнийг асуув. Иргэдийн зарим нь худалдагчаас үнэ асуух, цагаан идээний амталгаа хийх зэргээр үйлчлүүлж байсан бөгөөд худалдан авалт хийж байгаа нь цөөн байв.

             Энэ талаар Баянзүрх захын сүү, цагаан идээний худалдагч Б.Цэцэг “Өмнөх онтой харьцуулбал энэ онд цагаан идээ харьцангуй элбэг байгаа ч худалдан авалт муу байгаа. Малчдын гар дээрээс бид үнэтэй авдаг. Тийм учраас үнэ жаахан нэмэгдсэн. Өдийд уг нь цагаан идээний худалдаа ид өрнөж, цагаан идээний наймаа эрхэлдэг бидний хувьд энгийн үеэс илүү орлоготой байдаг. Энэ жилийн хувьд харин борлуулалт муу байна”  гэв. Ингээд бид цагаан идээний үнэ ханшийн ханшийг сонирхлоо.

           Баянзүрх захад, литр сүү, тараг 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин ааруул килограмм нь 22 мянган төгрөгөөс эхэлж байсан бол шар тос 30 мянган, зөөхий 25 мянга, аарц килограмм нь 6000,  бяслаг килограмм нь 28 мянга, ээзгий 18.000 төгрөгөөр тус бүр худалдаалж байлаа. Худалдагчийн хэлж буйгаар цагаан идээний үнэ аймаг, аймгаасаа хамааран өөр байдаг байна. Улаанбаатар хотоос хол орон нутгаас авчирч байгаа цагаан идээний хувьд тээврийн зардлаас хамааран илүү үнэтэй байдаг гэнэ. Үргэлжлүүлэн бид Баянзүрх зах худалдааны төвөөр үйлчлүүлэгчээс цагаан идээний үнэ ханш ямар байгаа талаар тодруулсан юм. Нэрээ нууцлахыг хүссэн иргэн “Цагаан идээ худалдан авахад харьцангуй үнэтэй байна. Тухайлбал, Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн сар шинийн өргөтгөсөн худалдаан дээр очсон. Тавгийн ааруул 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Ер нь үнэтэй байна. Хэдийгээр зах зээл ч гэсэн ард түмнийхээ амьдралд ойрхон сэтгэл санаатай нийцүүлж үнэ ханш нь боломжийн хэлбэлзэлтэй байвал зүгээр байна.” гэв.

      Цаашлаад бид 21 аймаг есөн дүүргийн сар шинийн үзэсгэлэн худалдааг сонирхохоор  Дүнжингарав худалдааны төвөөс цаана байрлах  Шинэ 100 айл худалдааны төвд хүрэв. Биднийг очиход үзэсгэлэн худалдааг өргөн дэлгэр зохион байгуулж байгаа ч хотын төвөөс зайдуу учир хүн бага байгаа нь ажиглагдаж байлаа. Энэхүү худалдаа нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд борлуулагчдаас түрээс авахгүй байгаагаараа онцлог байна. Тиймээс цагаан идээ, мах, сүү, ааруул, ээзгий, болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй гэдгийг худалдаачид онцолж байв. Сүү, сүүн бүтээгдэхүүнээс гадна баярын дээл, хувцас, сар шинийн тавгийн идээний хэрэглэл ч дэлгээтэй харагдлаа.

   Эхлээд бид цагаан идээний тасгаар орлоо. Тус үзэсгэлэнд хорхой ааруул нэг килограмм нь хорин мянгаас хорин найман мянга, литр айраг 6000-7000 , аарц нэг бөмбөлөг нь 5000-6000, өрөм хорин таван мянга, шар тос гучин мянга, ингэний хоормог арван найман мянга төгрөгөөр худалдаалагдаж байлаа.

      Ааруул хэлбэр хийц болон ямаа болон үхрийн сүүгээр хийснээс шалтгаалан  үнийн хувьд зөрүүтэй байв. Үзэсгэлэнд Баянхонгор, Архангай, Булганы цагаан идээ түлхүү харагдаж байсан бөгөөд хэрэглэгчид худалдан авалт хийхдээ өөрсдийн амталгаанд тохируулан сонголт хийж байлаа.

-АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГААН ИДЭЭНИЙ ХУДАЛДАГЧ Б.ДАВААЖАРГАЛ: ҮНИЙН ХУВЬД ЗАХААС ХЯМД БАЙГАА-

          Архангай аймгийн худалдагч М.Даваажаргалаас цагаан идээний үнийн талаар тодруулахад “Энэ жил баруун чиглэлийн  Архангай, Баянхонгор аймгийн зуншлага сайн байсан болохоор цагаан идээ элбэг байна. Үнийн хувьд захаас хямд байгаа. Энэ жил цагаан идээний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулбал 2000-3000 төгрөгөөр өсжээ. Би Архангай аймгийн Чулуут сумаас цагаан идээгээ борлуулахаар зорьж ирсэн. Цагаан идээний үнэ өссөн болоод тэр үү, эдийн засаг муу байгаагаас шалтгаалсан уу худалдан авалт илт буурсан байна” гэв. Цагаан идээний наймаачдын зүгээс үнэ болоод үйлчлүүлэгчдийн худалдан авалтын талаар ийн өгүүлж байв. Харин иргэдийн хувьд худалдагчаас үнэ асуугаад, “Пээ, ямар үнэтэй юм бэ. Энэ жил цагаан идээний үнэ ингэж нэмэгдээ юү” гэх нь ч байв. Зарим нь үнэ асуугаад л өнгөрч байгаа нь харагдсан юм.

          Бид үзэсгэлэн худалдааг сонирхохоор ирсэн зарим иргэдтэй яриа өрнүүллээ.

-ИРГЭН У.БАТБОЛД: БАНКНААС ЗЭЭЛ АВЧ Л САР ШИНИЙН БАЯРТАА БЭЛДЭЖ БАЙНА-

           Иргэн У.Батболд “’Цалин хаана ч хүрэхгүй байхад тавгийн идээ, сүү цагаан идээний үнэ үнэхээр үнэтэй болжээ. Банкнаас зээл авч л сар шинийн баяртаа бэлдэж байна. Түүнээс зээлгүйгээр шинэлэх боломж алга. Танаад, танаад 2.000.000-3.000.000 төгрөгөөр шинэлнэ. Тэгэхээр сарын 1.000.000 төгрөгийн цалин хаана ч хүрэхгүй байна. Үнийн хөөргөдөл ихтэй байгаад маш их бухимдаж байна. Ядуу улс тэгсэн хэр нь маш олон баярыг өргөн тэмдэглэх юм” гэв.

-ХАМГИЙН ЖИЖИГ ТАВГИЙН ААРУУЛ 160.000 ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА-

    Мөн үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлж байсан нэгэн иргэний хувьд “Хамгийн жижиг тавгийн ааруул гэхэд 160.000 төгрөг гэж байна. Гайгүй таваг засахыг бодсон ч том тавгийн ааруул 300.000  төгрөг гэж байна. Ийм өндөр үнээр тавгийн идээ худалдан авалт хийхэд хүндрэлтэй байна. Хэвийн боовны үнэ тэнгэрт хаджээ. Ямар худалдан авалт хийхээ мэдэхгүй эргэлзэж л явна. Өмнө жил тавгийн идээгээ 200.000 төгрөгт под хийлгээд засдаг байсан ч энэ жилийн үнийн хөөргөдлийг хараад уулга алдаад л явж байна даа’’ гэв.

    Ийнхүү зах,худалдааны төв болон 21 аймаг, есөн дүүргийн цагаан идээний үзэсгэлэнгээр ороход аймаг, сумдын цагаан идээний үнэ өнгөрсөн жилээс нэмэгдсэн байна. Баянзүрх захад  борлуулагдах цагаан идээний үнээс үзэсгэлэн худалдааны үнэ арай татуу байгаа ч иргэдийн худалдан авах чадвар буурчээ. Энэ талаар иргэдийн зүгээс өнгөрсөн жил 200 мянган төгрөгөөс эхлэн сар шинийн тавгийн идээгээ бэлддэг байсан бол энэ жил үнэ нь өсөж, ааруулаар идээ засахад бэрх байгааг ярьж байв.

           Аймаг, сумдын зуншлага тарга тэвээргээс хамааран цагаан идээний ханш тогтворгүй хэлбэлзэж байдаг. Таван хошуу малаас гарган авдаг үндэсний хэрэглээг зах зээлд нийцээгүй өндөр үнээр худалдаалдгийг иргэд шүүмжилдэг. Гэсэн ч нөгөө талдаа цагаан идээгээ боловсруулж, хэдэн мянган километрийн цаанаас шатахууны үнэ, тээврийн зардлаа өгөөд нийслэлийг зорин ирсэн малчдын хөдөлмөр ч бий.

 Б.Сантэргэл


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ 2000-3000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, ИРГЭД БАНКНААС ЗЭЭЛ АВЧ, ЦАГААН САРТАА БЭЛДЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-28 11:17:31
    Зочин: Юмны үнэ өндөр, үнэ хөөрөгдөж байхад Цагаан сараа боломжийнхоо хэмжээнд л тэмдгэлцгээье л дээ. Заавал бусдыг дуурайж том ууц, өндөр боов засаж яах вэ дээ. Халуун өрөөнд 3-4 хонож муудсан бөөн өөхөө өөрсдөө идээд л элэг ходоодны өвчтэй болж байгаа юм. Орчин үе, хөгжлөө дагаад Цагаан сараа арай хялбаршуулсан байдлаар тэмдгэлцгээье ээ МОГОЛЧУУД минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-28 11:12:17
    Гутмаар юм: Малчид арай дэндүү юмаа. Тэгээд бас банкны зээл тэглэ, өвс тэжээл өг гээд хотын татвар төлөгчдын мөнгөөр л харж ханддаг биз дээ. Цагаан идээ хямд байдаг бол Цагаан сар тэмдэглэхэд өөр юм хэрэггүй шүү дээ. Өдөр тутмын хүнсэндээ ч гэсэн хэрэглэхэд гадны өндөр үнэтэй тээвэрлэдэг хүнснээ с дээр эрүүл хүнс. Даанч малчид минь дэндүү юмаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188