• Өнөөдөр 2025-11-17

АРД ТҮМЭНДЭЭ ИРНЭ ГЭХ АМЛАЛТТАЙ МАН-ЫН ИХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД…

2025-11-17,   150

       МАН-ынхан өнгөрөгч амралтын хоёр өдөр хуралдаж, шинэ даргаа сонголоо. Гол нь, саарал ордон, сошиал ертөнцийг дамжин хоёр сар гаруй үргэлжилсэн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн албан ёсоор эцэслэлээ, хагарал хуваагдалгүй боллоо гэж харагдуулах нь МАН-ын Их хурлын гол зорилго байв. Нөгөө талаас, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэн нэр дэвших нь, 2028 оны УИХ-ын сонгуулийг хэн удирдах нь энэ Их хурлаас тодорхой болов. 
 
МАН-ын хамгийн залуу дарга Н.Учрал
         
       МАН-ын даргын төлөө хоёр сар гаруй “зодолдсон” Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хоёр “сайн дур”-аар нэрээ татсан. Ингэснээр МАН-ын даргад Н.Учрал, Г.Тэмүүлэн, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нарын нэр яригдаж эхэлсэн. Өөрөөр бол, МАН-ын даргад өрсөлдөж асан Д.Амарбаясгалан өөрөө биш ч, өөрийн төлөөллийг МАН-ын даргад нэр дэвшүүлж, Г.Занданшатарын талын нэр дэвшигчийн эсрэг сөргүүлэн зүтгүүлнэ гэх таамаг байсан. Гэвч МАН-ын Их хурал эхлэх мөчид Удирдах зөвлөлөөс Н.Учралыг ганцааранг нь нэр дэвшүүлэв. Харин заалнаас МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч асан Б.Лхагважав дэвшиж, Н.Учралтай өрсөлдсөн. Ингээд МАН-ын Их хуралд оролцогчдын 94.9 хувь нь Н.Учралд саналаа өгснөөр тэр МАН-ын шинэ дарга болов. Ямартай ч МАН доторх жигүүр, фракциуд энэ удаад Н.Учралыг дуу нэгтэйгээр сонголоо гэсэн үг. Үнэхээр МАН дотроо хагарал хуваагдалгүй болж эвлэлдэн нэгдсэн үү, эсвэл ард түмэнд тэгж харагдуулахыг хүссэн үү гэдэг нь удахгүй харагдаж эхлэх биз. 
 
        МАН-ын дарга Н.Учрал 1987 онд төрсөн. Анх 23 настайдаа МАН-д элсэж, 16 жилийн дараа буюу 38 настайдаа МАН-ын даргаар сонгогдлоо. Ингэснээр Н.Учрал 1990 оноос хойших МАН-ын хамгийн залуу дарга гэх тодотголыг авч байна. 
 
Сонирхуулахад, МАН-ын даргаар Ө.Энхтүвшин ердөө жил гаруйхан ажиллаад буусан бол Н.Энхбаяр бүхэл бүтэн найман жил буюу хоёр сонгуулийн жил дамнан ажиллаж байв. 
 
Ерөнхий сайд Г.Занданшатар сэтэртэйгээ, сэнтийтэйгээ үлдэв
 
         “Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэх МАН-ын дүрэм нь даргын төлөөх тэмцэл, дотоод зөрчилдөөнийг хурцатгасан. Жишээ нь, “Гудамж”-наас Ерөнхий сайд болсон Г.Занданшатарын хувьд МАН-ын дарга болчихвол Ерөнхий сайдаараа бардам үлдэх боломжтой болно гэж бодсон. Тиймдээ ч МАН-ын даргын төлөө Д.Амарбаясгалантай ач тач үзэлцсэн.  
 
Тэгвэл сая МАН-ынхан Их хурлаараа дүрмийн том өөрчлөлт хийнэ, өөрөөр бол өнөөх  “Намын дарга Ерөнхий сайд байна” гэх заалтыг өөрчилнө гэж яригдаж байсан ч хэвээр нь үлдээв. Гэхдээ Их хурлын үеэр МАН-ын шинэ дарга Н.Учрал “Г.Занданшатарыг танхимыг тогтвортой ажиллуулна” гэж мэдэгдсэн. Ингэснээр Н.Учрал МАН-ын дарга болсон боловч Ерөнхий сайд болохгүй, харин Г.Занданшатарын Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо. Анхнаасаа Н.Учрал “ах нар”-аасаа Г.Занданшатарын Засгийн газарт гар хүрэхгүй байх “даалгавар” авч, МАН-ын даргад ганцаараа нэр дэвшиж сонгогдсон гэсэн үг. Нөгөө талаас, МАН-ынхан Ерөнхий сайд Г.Занданшатарыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сойно гэх таамаг бий. Тиймдээ ч МАН-ын дарга Н.Учрал дотоод дүрмээ дагахгүйгээр Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар нь үлдээх, 2027 он хүртэл тогтвортой ажиллуулах “төлөвлөгөө”-гаа танилцууллаа гэсэн үг. 
 
       Харин МАН-ын дарга Н.Учрал өөрөө УИХ-ын дарга болох хувилбартай орж иржээ. Гэхдээ Н.Учрал Ерөнхий сайд огт болохгүй гэсэн үг биш, харин “тохироо” ёсоор хоёр жилийн дараа болно. Дээр дурдсанчлан, 2027 он хүртэл Г.Занданшатар Ерөнхий сайдаар, Н.Учрал УИХ-ын даргаар ажиллана. Улмаар Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид нэр дэвших үед Ерөнхий сайдын халааг Н.Учрал авна гэсэн үг. Товчхондоо, МАН-ынхны Их хурлаараа хэлэлцэж тогтсон гол тохироо нь энэ гэж хэлж болох юм. 
 
Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж буй. Уг хурлаар МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, намын дотоод бүтэц зохион байгуулалт, гол нь УИХ-ын даргын томилгооны асуудал яригдана. Бид тухай бүрд мэдээлэх болно. 
 
 
 

АРД ТҮМЭНДЭЭ ИРНЭ ГЭХ АМЛАЛТТАЙ МАН-ЫН ИХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД…
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188