• Өнөөдөр 2024-04-27

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Ээжгүй өдрүүдийн жавар

2022-12-30,   3494

      “...Ээж хот руу ажил хийхээр явсан. Их мөнгөтэй болчихоод өндрөөс өндөр гацууранд өнгө, өнгийн бөмбөлөг өлгөж гэрээ чимэглэнэ. Тэгээд ээж бид хоёр шинэ жилээ хамт тэмдэглэнэ. Ээж л хурдан ирээсэй” гэж бэтгэрэн ярьсныхаа дараа гэрт нь зочилсон өвлийн өвгөнд сэтгэл нь тогтож ядна. Энэ үед бяцхан хүү инээдээр тасарсангүй. Жавар сийгсэн бор гэрийн мухар хүүгийн инээдэнд бүлээцэж, цасан охидын дуу тодхон сонсогдоно. Хүү өвлийн өвгөнийг харсан даруй дулаан хөнжлөөсөө үсэрч босоод өвөр дээр нь суулаа. Бээрсэн гараараа арай ядан өвгөний сахлыг сонирхон илж, цасан охидыг шохоорхон харна. Түүнд бэлдсэн ууттай бэлгийг анзаарах ч сөхөөгүй өвөөд мөрөөдлөө хэлж, хүслээ аминчлан шивнэнэ. Гэвч тор дүүрэн амттан хүүд тийм ч чухал биш гэнэ. Гагцхүү шинэ жил болоход зургаан хоног үлдсэн тул ээжийгээ амжиж ирэхийг хүлээн, уйлахдаа уйлж, тайтгарахдаа тайтгарсаар идэр есийн эхний долоо хоногтой золгосон нь энэ... 

-ӨВЛИЙН ӨВГӨН ЖИНХЭНЭ ЮМ БАЙНА. ИД ШИДТЭЙ БАЙХ-

      Хунгарласан цас гишгэх аргагүй зузаан, хүйтэн жаварт тэсэхийн аргагүй эл өдөр буйдхан газрын ойр хавь шуурганы чимээнээс өөр аниргүй. Салхинд даруулж нурсан модон хашаанд ганц бор гэр цухуйх бөгөөд яндангийн үзүүрээс утаа гарах үгүйтэй. Бид ийн “Лантуун дохио ТББ”-ын найм дахь жилдээ зохион байгуулж буй “Ид шидийн уут” аяны багийг дагаж үүрийн гэгээнээр буйд газрын хүүхдүүдийг зорин ирсэн нь энэ юм. 

      Багийнхан ид шидийн уутанд бяцхан хүүхдүүдийн мөрөөдлийг дүүргээд аялгуу дуу, амар мэндийг эрэн гэрийн хаалгыг татлаа. “Өвөө ирлээ, өвөө ирлээ” хэмээн угтах хүүхдүүдийн баяр хөөр хэсэгтээ намдсангүй. Харин биднийг очихоос хэдхэн цагийн өмнө аав, ээж нь олон хоног эзгүй байж ирээд хүүхдүүдтэйгээ уулзаад байгаа гэнэ. Баяр давхцаж, сэтгэл нь хөөрсөн бяцхан хүү аавынхаа энгэрээс холдож чадахгүй, өвлийн өвгөн рүү хаа нэг харцаа эргүүлнэ. Аав нь “Миний хүү өвлийн өвгөн ирлээ. Итгэхгүй байгаа юм уу. Очоод жинхэнэ байна уу харчихаад ир” гэхэд өнөөх бяцхан хүү хөлийн хурдаар угаалтуурт ирж,  нүүрээ сайн гэгч угаачихаад өвлийн өвгөн рүү дөхлөө. Цэвэрхэн болчихвол өвөөд таалагдаж бэлэг авна гэж бодсон хүү ид шид байдаг гэдэгт итгэсэн бололтой, өвөр дээр нь тухлан суугаад сайтар ажиглав. Удалгүй хүү дулаан бээлий, амттан дүүрэн бэлгийг эгчийнхээ хамт өвлийн өвгөнөөс аваад магад урьд нь мэдэрч байгаагүй аз жаргалыг олсоор аав, ээж рүүгээ очив. Хүү бэлгээ авсан даруй аав руугаа тэмүүлж “Өвлийн өвгөн жинхэнэ юм байна. Ид шидтэй байх” хэмээн зөөлөн шивнэлээ. Түүний мөрөөдөл сая нэг биелэх шиг болов. Ингээд бид эхний айлын бяцхан мөрөөдлийг биелүүлчихээд “Баяртай хүүхдүүд минь. Хүрэх газар олон, баярлуулах хүүхэд их учир өвлийн өвгөн аав нь явлаа” гэсээр гэрээс гарахад эгч, дүү хоёр гараа даллан хоцорлоо. 

       Ид шид түгээгчид “Хэн нэгэн, хаа нэгтээ бэлэггүй үлдчих вий. Дутаж байгаа аз жаргал, итгэл найдвараа ид шидийн уутнаас л аваасай” гэсэн бодол тээж хаалга бүрээс хүүхдийн дуу хоолойг чагнан алхсаар байв. Учир нь ид шид байгаа газар хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтайгаар шинэ оноо угтах нь чухал. Ингэх зуур тэд дараагийн айлыг сонголоо. Цасан шуурга өдөржин шуурч байсан тул энэ гудамжинд амьдардаг хүүхдүүдийн ихэнх нь гэрээсээ гарч зүрхэлсэнгүй. Тиймээс бид тэдний мөрөөдлийг гэрт нь хүргэх үүрэгтэй. 

-ТАНЬ ШИГ ЦАСАН ОХИН БОЛООД ОЛОН ХҮҮХДИЙГ БАЯРЛУУЛМААР БАЙНА-

         Харин энэ удаа гурван ачынхаа хамт амьдрах эмээ болон тэдний авга ахынд орлоо. Гэрийн баруун орон дээр асаргаанд байгаа авга ах дүү нарынхаа хамт зурагт ширтэн хэвтэнэ. Харин эмээ нь биднийг инээд алдан угтсан юм. Энэ үеэр хоёр дүүгээсээ урьтаж өвлийн өвгөнийг харсан ах гэрт  нь ямар нэгэн итгэмээргүй зүйл тохиолдоод байгааг гараараа дохиж дүү нараа харуулав. Өвлийн өвгөн өвөр дээрээ ах, дүү хоёрыг авч суухад охин дүү нь цасан охины зүг алхаж түүний гарыг атгана. Сайртах дөхсөн бяцхан гар нь гадаа огт гараагүй учир дулаан илчээрээ цасан охины гарыг дулаацуулж байгаа нь энэ.

     “Би тань шиг цасан охин болоод олон хүүхдийг баярлуулж болох уу. Хамт явж болох уу” гэх мэтчилэн охин өөрийн мөрөөдөлд хүрэх замыг асууж ярилцлаа. Бяцхан охины мөрөөдөл хэзээ нэг өдөр өөрөө гэрт нь ирнэ гэдгийг тэр мэдэрч байсан ч байж мэднэ. Тиймдээ ч олдсон цаг хугацаанд цасан охины дэргэдээс огт холдсонгүй. Ингээд өвлийн өвгөн бэлэг тараах мөчид хоёр хүү шинэ гуталтай боллоо. Хуучирч гандсан гутлаа тэр даруй тайлаад шинэ гутлынхаа эргэн тойронг ширтэж “Агаа энийг хардаа. Энэ гутал надад гоё харагдаж байна уу. Жоохон томдоод байх юм” гэхэд “Хоёр оймс давхарлаад өмсчихвөл зүгээр ээ. Дараа жил ч гэсэн өмсчих. Хөл нь ахиж даарахгүй” гэв. Ах дүү хоёр дэндүү дотно. Нэгэн зэрэг шинэ гутлаа өмсөж дуусаад бие биенийгээ шохоорхон инээлдэнэ. Ах Алтанхуяг “Би уяач болох мөрөөдөлтэй. Ирээдүйд том уяач болчихоод дүү нартаа хамгийн сайхан амьдралыг бэлэглэнэ. Би өвөл болсноос хойш хоёр дүүгээ даарах вий гэж их санаа зовсон. Ээж самарт яваад удаж байгаа болохоор би л хоёр дүүгээ асрах хэрэгтэй. Эмээд орлого байхгүй учраас бид заримдаа мөнгөгүй болдог. Гэхдээ ээж удахгүй ирээд мөнгө өгнө” гэлээ. Дүү нарынхаа төлөө санаа зовох наймдугаар ангийн хэрсүү хүү өдөр хоногийн ихэнхийг дүү нартаа зориулна. Тэр хайрлаж, энэрэх, жаргал, зовлон бүрийг хэдийнээ үзжээ. Энэ үед охин бэлгэнд авсан шинэ өмдөө хуучин өмдөндөө давхарлаж өмсөөд эмээдээ очлоо. “Эмээ энэ надад яг таарч байна. Гоё байгаа биз” гэх мэтчилэн бяцхан аз жаргалаа эмээтэйгээ хуваалцах аж.  

-ААВ ХАЯААД ЯВСАН Ч БИ ГЭРИЙН ЭЗЭН ШИГ БАЙЖ ЧАДНА-

         Өвлийн өвгөн, цасан охид, цасан шуургыг ч үл тоон алхсаар айл, айлын хаалгыг тогшихдоо эзэнгүй газартай учирч байсан нь ч цөөнгүй байлаа. Гэвч огт шантарсангүй. Тэдний эрэл хайгуул, чин сэтгэл зогссонгүй. Ингэж явсаар хуучны гэмээр модон байшинд амьдран суух өнөр бүлтэй бид таарлаа. Хаалгаар орвол цовоо дуутай нэгэн охин өвлийн өвгөнийг угтаж, шууд л өвөр дээр нь гараад суучихав. Түүнийхээ дараа хамгийн сайн мэдэх дуугаа дуулж, авьяас бүрээ зочдын өмнө танилцуулсан юм. Үүний хариуд өвлийн өвгөн тор дүүрэн бэлэг, гутлын хамт хүүхдүүдэд өглөө. 

     Энэ үед охин “Та манайхаар дахиад хэзээ ирэх вэ. Хэрвээ ирвэл би хүлээж байя. Хурдан ирээрэй” гэв. Сэргэлэн цовоо нүдэнд нь цав суугаагүй бяцхан охины хүсэл, мөрөөдөл үзэл бодол хэний ч тааварлашгүй нандин аж. Харин охины ахыг Мөнхбаяр гэдэг. Тэрбээр олон жилийн өмнө моринд өшиглүүлсний улмаас зүүн нүд нь хараагүй болоод удаж байгаа. Гэвч амьдралаа авч явах цорын ганц эр хүн нь учраас насандаа баймгүй бүхнийг даван туулж яваа бяцхан хүү юм.  Аавыгаа орхиж явснаас хойш гэрийнхээ бүхий л ажил хөдөлмөрт гар бие оролцдог тэрбээр төрөөд удаагүй ээждээ хоол хийж түүнийхээ хажуугаар хараагүй эмээгээ асардаг гэнэ. “Зав олдвол найзуудтайгаа тоголдог. Гэхдээ би ихэнхдээ завгүй байдаг л даа. Гэрийнхээ ноён нуруу гэж өөрийгөө боддог. Би л байхгүй бол энэ хэд маань хэцүү. Аав хаяаад явсан ч би гэрийн эзэн шиг байж чадна. Дүү нараа сайн хүн болгож хүмүүжүүлж, мэдлэг боловсролоор дутаахгүй өсгөнө. Би үүний төлөө хичээх болно оо” гэлээ. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дэрвэж явсан бяцхан хүү тэр нэг өдөр нэг нүд нь хараагүй болсон ч урьдыхаас илүү эрч хүчтэй болж өөрийгөө хурцалсан байна. Ингээд биднийг хаалгаар гарахад өнөөх охин дүү нь ахынхаа хамт “Маргааш ирээрэй” хэмээн чанга дуугаар захисаар үлдсэн юм.

-ЭЭЖ БИД ХОЁР ШИНЭ ЖИЛЭЭ ХАМТ ТЭМДЭГЛЭНЭ. ЭЭЖ Л ХУРДАН ИРЭЭСЭЙ-

          Харин энэ айлаас хоёр айлын зайд байх нэгэн хашаанд үеэлтэйгээ хоёул гэртээ үлдсэн нэгэн хүү “Ээж хот руу ажил хийхээр явсан. Их мөнгөтэй болчихоод өндөрөөс өндөр гацууранд өнгө, өнгийн бөмбөлөг өлгөж гэрээ чимэглэнэ. Тэгээд ээж бид хоёр шинэ жилээ хамт тэмдэглэнэ. Ээж л хурдан ирээсэй” гэж бэтгэрэн ярьсныхаа дараа гэрт нь зочилсон өвлийн өвгөнд сэтгэл нь тогтож ядна. Энэ үед бяцхан хүү инээдээр тасарсангүй. Жавар сийгсэн бор гэрийн мухар хүүгийн инээдэнд бүлээцэж, цасан охидын дуу тодхон сонсогдоно. Хүү өвлийн өвгөнийг харсан даруй дулаан хөнжлөөсөө үсэрч босоод өвөр дээр нь суулаа. Бээрсэн гараараа арай ядан өвгөний сахлыг сонирхон илж, цасан охидыг шохоорхон харна. Түүнд бэлдсэн ууттай бэлгийг анзаарах ч сөхөөгүй өвөөд мөрөөдлөө хэлж, хүслээ аминчлан шивнэнэ. Гэвч тор дүүрэн амттан хүүд тийм ч чухал биш гэнэ. Гагцхүү шинэ жил болоход зургаан хоног үлдсэн тул ээжийгээ амжиж ирэхийг хүлээн, уйлахдаа уйлж, тайтгарахдаа тайтгарсаар идэр есийн эхний долоо хоногтой золгосон нь энэ. 

     Хөр цасан дунд аж төрөх хэсэгхэн энэ газарт хүүхдийн инээд үргэлж цангинаж байхыг бид хүслээ. Мөрөөдөл, итгэл найдвар дүүрэн богцоо ачсаар сүүлийн замдаа орох зуур баруун гараараа байн байн чихээ даран дулаацуулах охин, дүүгээ хөтөлсөөр бидний замд таарав. Элэгдсэн гутал нь нэвт сийгж, хацар нь хөлдөх шахсан хоёр хүүхэд ээжийнхээ эзгүйд дэлгүүр ороод буцаж байгаа гэнэ. Бид сүүлчийн богцноосоо дулаан малгай, ороолттой хамт бэлэглэж, эгч дүүсийг жаварт булаалгахаас урьтсан юм. “Ээж ирэх болоогүй. Би дүүдээ амттан яваад явж байгаа юм. Та нарт баярлалаа ах, эгч нараа” хэмээн гайхахын зэрэгцээ баярлан инээмсэглэх охин эргэн эргэн харсаар цааш одлоо. 

    Ээжгүй өдрүүдийн жавар, аавгүй шөнүүдийн завсар хэчнээн аймшигтай болохыг мэдэрсээр хоног өдрийг өнгөрөөх хонхорын хүүхдүүд. Тэдний гар, чих, хацар гээд бүгд дулаацаж болох боловч ээжгүйгээр эзгүйрсэн зүрх сэтгэл нь хэзээ ч гэсэлгүйгээр хөлдөж болохоор байлаа.  Харин ид шидийн уут тэдний зүрх сэтгэлийг бага ч болов бүлээцүүлж, хором бүрийг нь үнэ цэнтэй болгож чадсан юм. Ид шидийн уутнаас өгсөн шинэхэн бэлэг бүр хүүхдэд шинэ ертөнцийг нээх шалтгаан болж байлаа. 

 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Ээжгүй өдрүүдийн жавар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-29 06:34:37
    Байнгийн уншигч: Баярлалаа. Сайхан нийтлэл байна. Сэтгэлийн утас хөвөрдсөн нийтлэл уншсандаа баяртай байна. Ганц нэг үг үсэг найруулгын алдааг эс тооцвол тун зүгээр. Харин ийм төрлийн зургууд болон газар байршил нэрсийг онцлоод дэмий байх. Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 17:08:21
    zochin: ymar chechuu um be bur nulims garlaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 17:08:21
    zochin: ymar chechuu um be bur nulims garlaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 17:08:21
    zochin: ymar chechuu um be bur nulims garlaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 17:08:19
    zochin: ymar chechuu um be bur nulims garlaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 12:45:31
    Тандагч: Сайн байна уу? Нийтлэл дээрээс хаяг байршил болон хүмүүсийн нэрсийг устгаад өгөөрэй. Үе тэнгийнхний гадуурхалтанд өртөх аюултай байдгаас гадна тэдгээр хүүхдүүд өөрсдөө олоод уншвал эвгүй сэтгэгдэл төрөх болов уу. Баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 10:46:55
    uyanga : bitshan vrs bvgd ayulgvi az jargaltai bgaasai tednii jargltai ineed itgel dvvren harts hezeech bvv dundraasai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 08:59:56
    Urnaa: Mundag hamt olond amjilt
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188