• Өнөөдөр 2024-05-17

ТАВАН ӨӨР ЗОРИЛГОТОЙ ТАЛБАЙН ЖАГСААЛ

2022-12-17,   1638

         ...“Хөх дээлтэй, саарал малгайтай эгч талбайгаас гараад өгөөч ээ. Энэ хүнийг гарга ард түмэн. Дараа нь тэр ягаан курткатай эгчийг, мөн хар хувцастайг ахимаг насны эмэгтэйг талбайн энэ цэгээс яаралтай гарга. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол битгий ир. Арван өдөр нойр, хоолгүй жагсаж байгаа залуучуудыгаа муухай харагдуулаад байна” хэмээн Төв талбайн төв цэгээс тайван жагсаалыг эхлүүлсэн залуу цагаан хоолойгоор хашхирлаа. Ажаад харвал, 30-50 насны согтуу гурван эмэгтэй жагсаж байгаа залуучуудын дунд ороод бужигнуулсан бололтой. Тэд “Энэ хэсэгт та хэдтэй хамт зогсож яагаад болдоггүй юм бэ, шоучдаа. Амьдрал хэцүү байгаа учраас бид жагсаалд нэгдэх гэж ирлээ. Гэхдээ дуулж хуурдаж, наргиж цэнгэж тэмцдэггүй юм аа, та нар шиг” гээд л агсам тавиад байх. Төд удалгүй хоёр цагдаа ирээд “Талбайг чөлөөлөөд гэртээ харьцгаана уу. Маргааш эрүүл болсон үедээ ирээд тэмцээрэй, таны эрх шүү дээ” гээд учирлаж, учирлаж арга ядахдаа ойлголцож чадалгүй хоёр эмэгтэйг хэлтэс рүүгээ аваад явлаа.

     Уг үйл явдлыг Сүхбаатарын талбайн төв цэг буюу жүжигчин У.Цогтбаяр, хувцсаа тайлж, тэмцсэн Л.Дашням, 17 настай жагсагч Г.Мөнхбаяр, Үндсэний телевизд болсон хэлэлцүүлгийн үеэр уйлаад байсан ногоон дээлтэй эмэгтэй, ярилцлага авсан сэтгүүлчийнхээ гарыг дулаацуулсан Б.Бат-Очир тэргүүтэй жагсаалыг эхлүүлсэн тэмцэгчдийн тэмцлээ өрнүүлж байгаа хэсгээс харсан юм. Тэд Чингисийн хөшөөний харалдаа, шатны урд талд “үүр”-ээ засжээ. Нэг үгээр бол жагсаалын төв цэг нь энэ. Жагсаалд нэгдэж байгаа иргэдийн 50 орчим хувь нь дээрх залуусыг хүрээлж, үгээ хэлж, уухай түрлэг хашхирч, эрх баригчдаас “Нүүрсний хулгайчдаа үнэнээр нь зарлаж, хариуцлага тооцож, тогтолцоогоо өөрчилж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчилт оруулахыг шаардаж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байв.

Л.БАЯРМАА: ҮР ДҮН ГАРТАЛ ТЭМЦЭНЭ

         Энэ талаар иргэн Л.Баярмаа хэлэхдээ “Жагсаалыг эхлүүлсэн залуучуудтайгаа 10 өдөр жагсаж байна. Оройдоо гэртээ харьж байгаа. Харин манай зарим нь гэртээ харихгүй, хүйтэн шалан дээр 10 хоног тэмцэж байгаа шүү дээ. Бид нүүрсний хулгайтай холбоотой бүх хүний нэрийг зарлуулж, шийтгэлийг нь хүлээлгэх хүртэл тэмцэнэ. Мөн авлига, албан тушаалтай холбоотой хуульд өөрчлөлт оруулахаар шаардлага хүргүүлсэн байгаа. Бидний хүссэнээр хуульд өөрчлөлт орох юм бол тэр нь жагсагчдын хувьд нэг амжилт юм. Урьд нь хөөн хэлэлцэх хугацаатай,  3-5 жил хорьдог эсвэл 40 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байсан бол хуульд өөрчлөлт оруулснаар эд хөрөнгийг нь  хурааж, 15-18  жилийн ял оноодог болж өөрчлөгдөнө. Бид жагсагчид биш, эх орныхоо ирээдүйн төлөө тэмцэж байгаа тэмцэгчид юм. Үзэл бодлоороо нэгдсэн залуусыг хагаралдуулж, тараан бутаргах хүсэл олон хүнд байх шиг байна. Гэхдээ би тэмцлээсээ ухрахгүй. Үр дүн гартал тайван замаар жагссаар, тэмцсээр байх болно. Харин эх орноо гэсэн сэтгэлтэй иргэдийгээ бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэлээ.

АРД ТҮМНИЙ ИХ ХУРЛЫГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛЖ, УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАРААНА

         Тэдний байгаа хэсгийн урдхан талд буюу Сүхбаатарын хөшөөний хойд хэсэгт жагсагч Х.Бээжин тэргүүтэй иргэд жагсаж байна. Энэ хэсэгт 30-40 орчим иргэн байх аж. Тэд Ард түмний Онц их хурлыг яаралтай хуралдуулахаар зэхэж, гарын үсэг цуглуулж байгаа гэнэ.

Энэ талаар гарын үсэг цуглуулж байгаа иргэнээс тодруулахад “Хүн болгон л эрвийх дэрвийхээрээ эх орныхоо төлөө жагсаж, тэмцэж байна. Бидний жагсаалд хөдөө орон нутгийн иргэд хандаж байгаа. Бид иргэдтэйгээ нийлээд Ард түмний Онц их хурлыг яаралтай хуралдуулж, Засгийн газар, УИХ-ыг тарааж, эрдэмтэн багш нартаа төрийн эрх барих боломжийг олгоно. Шаардлагатай бол бүх эрх баригчдийг тараана. Төрийн дээр ард түмэн байдаг юм шүү. Одоо бид эх орныхоо эзэн нь байх цаг нь болсон. Ийм учраас иргэдийгээ гарын үсгээ яаралтай зурж, бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэв.

Түүнийг ингэж ярихтай зэрэгцээд, 60 орчим насны эмэгтэй “Хойд Солонгосын Ерөнхийлөгч шиг ганц хүн Монголд хэрэгтэй байна. Тийм хүн манай улсад байна уу. Тэгвэл энэ бүх хулгай арилж, зөв тогтолцоотой болно” гэв. Хариуд нь гарын үсэг цуглуулж буй залуу “Харин тийм ээ, эгч минь. Тийм хүнийг л олохын төлөө бид энд зогсож байна. Олдох байх аа. Тэгж байж хэдүүлээ сайхан амьдарна шүү” гэлээ.

Эндээс харахад уг хэсгийн жагсагчдын хүсэл нь Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг хүсэж байж магадгүй бололтой. Тэд үргэлжлүүлэн гарын үсгээ цуглуулаад талбайн нөгөө хэсэг рүү явлаа.

“ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХӨӨ БОЛЬЦГООЁ”

        Төв талбайн зүүн хэсэгт цахилгаан хөрөө тачигнаж, төрийн албаныхан мөсөөр бүтээн байгуулалт хийж байгаа харагдана. Тэд жагсаал зохион байгуулж иргэдийн аль хэсэгт ч багталгүйгээр ажлаа хийн тонгочиж байсан юм. Харин тэдний хажуухан талд ногоон дээлтэй, хар ороолттой 40 орчим насны эрэгтэй “Зээлээ төлөхөө зогсооцгооё” хэмээн уриалж, тав, зургаан залуутай хамт зогсож байлаа.

Тэрбээр хэлэхдээ “Шударга ёс гэж байхгүй болсон учраас зээлээ төлөхөө болих нь зүйтэй. Нүүрс хулгайлсан мөнгөөрөө иргэдийнхээ зээлийг төлж, өрнөөс гаргаж өгнө биз. Би ийм зорилготойгоор уриа, лоозон бариад зогсож байна. Иргэдийг мөн уг саналыг хүлээн авч, надтай нэгдэнэ гэж итгэж байна. Монголчууд аль болгон дээрэлхүүлж, өрөнд дарагдаж амьдрах ёстой юм бэ. Гэтэл төрийн эрх мэдэлтай, албан тушаалтай хүмүүс нь бидний мөнгөөр туйлж байна шүү дээ” гэлээ.

Харин түүний хажуухан талд 15 настай дөрвөн хүү “Ахын зөв өө. Шударга байх хэрэгтэй” хэмээн хашхирч, нэг нэгнийхээ араар нуугдаж зогсоно. Тэднээс хэзээ Төв талбайд ирсэн талаар асуухад “Бид коллежид сурдаг юм. Манай сургуулийнхан хичээлээ тараад өдөр болгон ирдэг. Бид даарах хүртлээ зогсож байгаад гэр рүүгээ явдаг юм. Харин гэр маань хол учраас амралтын өдрүүдэд ирж чадахгүй байгаа. Биднийг яг ид залуу байхад энэ төрд байгаа шуналтай бүх дарга нар байхгүй болчихсон байгаасай гээд жагсаж байна” хэмээн инээмсгэлэв.

Талбайн энэ хэсэгт 12-16 настай, ерөнхий боловсролын сургуулийн сурагч олон байлаа. Тэд хөлөө хүйтэн газар үе үе тогшиж, гараа хавсарган дулаацуулж, чихээ дарж, хацраа нэг нэгэндээ нааж байсан юм.

ШҮҮХ, ПРОКУРОР АЖЛАА ШУДАРГА ХИЙХ ХҮРТЭЛ ЖАГСАНА

       Биднийг ийн зогсож байхад Сүхбаатарын талбайн зүүн хэсгээс “Шүүх, прокурор ажлаа хий. Шүүх, прокурор ажлаа хий” хэмээн уриа лоозон барьж, голынхоо дуугаар хашхирч байгаа иргэдийн цуваа ирж байгаа харагдлаа. Тэд Төрийн ордныг тойрч, эсэргүүцлээ илэрхийлээд жагсагчдын байгаа хэсэгт  ирж байгаа нь энэ гэнэ.  

    Төд удалгүй цуваагаар ирж байгаа иргэдийн тэргүүн хэсэгт явж байсан ногоон дээл, шар пүүз өмсөж, хар цүнх үүрсэн 25 орчим насны залуу чанга, чанга дуугараад нэгийгээ загнаад явчихлаа. Очоод харвал микрофоноо булаацалдсан бололтой нэгэнтэйгээ маргалдаж байв.

Ногоон дээлтэй залуу “Иргэн бүр үгээ хэлж, тэмцэлд нэгдэхийг бид хүсэж байгаа. Амбицлаад байгаадаа энд ирээгүй юм. Гэтэл нэгдэж чадахгүй, хүний үг хэлэх эрхийг хүртэл хасаж байна. Микрофоноо ганцаараа барьчихаад өгөхгүй” хэмээн уурлаж байна. Харин түүнийг тойрон зогссон иргэд “Мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн үгийг сонсъё. Эрүүгийн хуулийн 22.1 хэрхэн өөрчлөх, тийм боломж байгаа эсэхийг сонсмоор байна. Жагсаалд явж байхад хуульч үгээ хэлье гэсэн шүү дээ. Тэр хуульч яасан бэ” хэмээн дуугарав.

Тэдний Эрүүгийн хуулийн 22.1 буюу хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэхийг эсэргүүцэж, тэмцэж байгаа гэнэ. Энэ талаар иргэн О.Дэмбэрэлсайхан “Бид хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа. Хуулиа өөрчлөхгүй бол хулгайчаа бариад ямар ч нэмэргүй. 40 сая төгрөгөөр торгуулаад гараад ирнэ шүү дээ. Бид шүүх, прокурорыг хэн нэгэнд худалдагдахгүйгээр ажлаа шударга хийхийг шаардаж, жагсаж байна. Ажлаа шударга хийх хүртэл нь жагсана” гэлээ.

Мөн талбайн зүүн хэсэгт хоол тарааж, иргэдэд халуун уух зүйлсээр үйлчилж байгаа үйлчилгээнийхэн байх аж. Талбайд тэмцэл өрнүүлж байгаа  иргэдийн хэн нь ч очоод идэж, уух боломжтой байна лээ. Түүнчлэн иргэдэд хөл, гар дулаацуулагч тарааж, хог түүж байгаа иргэн ч цөөнгүй байв.

ҮГ ХЭЛЭХГҮЙ ХЭСЭГ БУЮУ АЖИГЛАЛТЫНХАН

        Талбайн энд, тэнд ганц, хоёроороо яваа хүмүүс зогсож байгаа харагдана. Тэднээс “Үзэл бодлоо илэрхийлэх үү” хэмээн асуувал зугтааж, эсвэл “Хэлэх үг алга” хэмээн хариулж байлаа. Харин зарим нь “Дулаан гэртээ хэвтэж байхаар жагсаж байгаа иргэдэд хань болохоор ирлээ. Одоо яг ямар шийдэлд хүрэх юм бол” гэв.

       Мөн талбайн эргэн тойрон байх үйлчилгээний газруудаар орвол утсаа барьж, цонхоор өндөлзөж, талбайд юу болж байгааг шууд дамжуулалтаар үзэж байгаа олон хүн байв. Бид Сүхбаатарын талбайн зүүн хэсэгт байрлах Туушин зочид буудал, баруун талд байрлах “GS25” болон бусад түргэн хоолны газруудаар орох дээрх үйл явдлыг харсан юм.

      Биднийг “GS25” дэлгүүрээс гарч явахад Төв талбайн гол хэсэгт тэмцэж байгаа хэсгээс “Иргэдээ, хулгайд эд зүйлээ алдав аа. Сая нэг эгч хулгайд утсаа алдчихлаа гэж байна шүү. Бас архи тараагаад байгаа хүмүүсээ болиод өгөөч ээ. Архидан согтуурсан хүмүүс гэртээ харьцгаа. Битгий энд ирж залуучуудыг турхи л даа. Мөн иргэдээс “Мөнгө тарааж байна” гэсэн мэдээлэл ирж байна. Мөнгө тарааж байгаа иргэдийг харсан хүн байвал надад ирээд хэлээрэй. Баримтыг нь аваад ирээрэй. Хэдүүлээ тайван, зөв жагсах хэрэгтэй шүү. Мөн залуучуудаа яг одоо утсаа аваад, ойр тойрныхон руугаа залгаад, ирж тэмцэхийг уриалаарай” хэмээв. Л.Дашнямыг ийн хэлээд дуусахад араас нь таван бөө хэц, хэнгэрээ цохиод явж байгаа харагдана лээ.

Төв талбайд хоёр хоногийн өмнө ийм дүр зураг өрнөлөө.

 


ТАВАН ӨӨР ЗОРИЛГОТОЙ ТАЛБАЙН ЖАГСААЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-16 13:27:38
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ИРГЭД ЗӨВХӨН ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА БИШ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ТОМООХОН СТРАТЕГИЙН ОРДООС ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ . ТӨР ЭНЭ БОЛОМЖИЙГ ЯАРАЛТАЙ ЭДЛҮҮЛЭХИЙГ 3.3 САЯ ИРГЭН ШААРДАЖ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-16 13:25:54
    1072 ш хувьцаа эзэмшигчид : НОГДОЛ АШИГ АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-16 13:25:30
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ОНООС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ 3.3 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ШААРДАЖ БАЙНА
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188