• Өнөөдөр 2024-04-26

ХАЛУУН ААРЦАНД БҮЛЭЭЦЭЖ, ХАТУУ ҮГЭЭР ТЭМЦСЭН ЖАГСАГЧИД

2022-12-11,   570

       Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатрын талбайд тав дахь өдрөө үргэлжиллээ. Тухайлбал, өнгөрсөн өдрийн жагсаалд давхардсан тоогоор 500 гаруй иргэд цугларч “Нэрсийг зарла” “Ажлаа өг” “Хариуцлага тооц” “Гарч ир” гэх мэтчилэн уриа, лоозон барьж шаардлага тавьсаар өнөөдрийг хүрэв. Гэвч жагсаалын эхний өдрөөс л халуун аарцанд дугаарлаж, хүйтэн жаварт "нүдүүлсэн" ард иргэд хоолойгоо сөөтөл тэмсэн ч хэзээ үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Иргэдээр таавар таалгахаа боль. Засгийн газар яаралтай нүүрсний хулгайчдын нэрсийг зарал” гэж хууль хяналтын байгууллагыг шаардсан даруй Ерөнхий сайд иргэдийн өмнө сая нэг гарч ирсэн юм. Гэвч энэ нь тэмцэгчдэд хангалттай биш байв. “Бид ийм нийгэмд амьдармааргүй байна” “Мөнгөө эргүүлээд авъя” “Ирээдүй минь мөхөж байна” гэх зэргээр иргэд шаардлага нэхэн тэмцсээр байсан юм. Ингэж саарал ордны өмнө тэмцлийн дуу хадсан залуусын тав дахь хоног хэрхэн өрнөж байгааг бид сурвалжиллаа. 

ИРГЭН Б: УЛСТӨРЧИД НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ БИДНИЙ ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛСАН

    Сүхбаатарын талбайд 12:00 цагт эхэлсэн иргэдийн жагсаал Төрийн ордныг нар зөв тойрсоор үргэлжилж байлаа. Талбайн зүүн хэсэгт хэн нэгэн халуун аарц түгээж, иргэд дугаарлан зогсож байгаа харагдана.  Цагаан хоолойгоор “Хөрөнгийг нь хураа” гэж шаардсан залуус тэргүүн эгнээндээ төрийн далбаагаа барьж, түүний араас “Гадаа та нарын сэтгэлээс дулаахан байна” “Ийм нийгэмд байхаас залхаж байна” гэсэн цаасан хайрцаг дээрх лоозон цуварч байв. Энэ үед жагсаалд тэмцэж буй хүмүүсийн дийлэнх нь төрийн албан хаагч, оюутан, сурагчид харагдаж байсан юм. Тэд үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө багш нар нь дэмжээгүй ч хичээлээ таслаад ирчихсэн гэж байлаа. Харин төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчид "Монголын ирээдүйг энэ жагсаал тэмцлээр л шийдэхгүй бол хэзээ  ч шийдэгдэхгүй" гэсээр ажил, амьдралаа түр орхин Төв талбайд иржээ. Тиймдээ ч жагсаалд оролцохын тулд ажилдаа таван өдөр очоогүй төрийн албан хаагч цөөнгүй байлаа. 

       Тэдний нэг болох иргэн Б “Би ажлаа хаян байж жагсаалд оролцож, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө том хувь нэмэр оруулж байна. Тэд олон жил ард иргэдээсээ үнэнийг нууж, амиа бодсоор ирсэн. Үүнийг нь бид  төдийлэн анзааралгүй, толгойг нь илсээр байсан нь эцэстээ ийм үр дүнд хүргэлээ. Бидэнд мэдэгдэж байгаагаар хулгайд алдагдсан 44 их наяд төгрөгийн нүүрс байна. Үүнийг олон жишээгээр авч үзвэл бид хэр их хэмжээний боломж, хөгжлийг алдсан бэ гэдгийг нотолж болно. Жишээ нь, дэлхийн хамгийн алдартай сагсанбөмбөгийн лигийн зургаан багийг Монгол Улс хувьдаа эзэмшиж болохоор хөрөнгө яригдаж байна. Мөн хүн бүрд 125 сая төгрөг ногдох хэмжээний мөнгө, нэг хүнд цагийн турш 10 сая төгрөгийн орлого оруулах 500 жил гэх мэтчилэн сайхан амьдралаа булаалгасан. Бид ийм том хулгайг олон жил зүгээр хараад сууж байсан. Хэрвээ бидний тэмцэл дуусвал үр дүн хэзээ ч харахгүй. Ард түмэн цөхөрч байгааг харж байгаа биз дээ. Би гэр бүлээ аваад гадаадын аль ч оронд хар ажил хийгээд амьдарч чадна. Гэхдээ эх орноо ийм байдалтай үлдээгээд явах нь надад хайран санагдаж байна. Улстөрчид нүүрс хулгайлаагүй бидний ирээдүйг хулгайлсан. Эцсээ хүртэл тэмцэх болно” гэв. Харин хувийн хэвшлийн зарим ажилтан “Ажил хийж байгаа тулдаа л амьдралаа аргалж дөнгөж байна. Залуус эх орноосоо зугтаж байна шүү дээ. Үлдэх шалтгаан алга” гэлээ. Мөн залуу үеийн дуу хоолойг илүү хүргэх зорилготой оюутан сурагчид хичээлийн цагаа хомслон талбайд цугларчээ. Хичээлийнхээ цүнхийг мөрөндөө үүрч, нэг гартаа лоозон бариад, нөгөө гартаа халуун аарц атгасан оюутнууд жагсаалын дунд харагдана. Хэдий гадаа хүйтэн боловч хүсэл зорилго нэгдэж ирсэн тэд жагсаалын дийлэнхийг бүрдүүлж байв. 

ОЮУТАН Т.СҮХХУЯГ: УЛСТӨРЧИД ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН БОЛ ААВ, ЭЭЖ МИНЬ МИНИЙ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ ГЭЖ ЗОВОХГҮЙ БАЙСАН БАЙХ

          Жагсаалд оролцож буй иргэдийн 80-90 хувь нь оюутан. Тэд жагсаал эхлэх өдрийн өмнө л сургуулийн захиргаандаа хүсэлт гаргаж, үзэл бодлоо илэрхийлмээр байгаагаа мэдэгдэж эхэлсэн аж. Гэвч зарим сургуулийн захиргаа болон багш нар тэднийг зөвшөөрөөгүй гэнэ. Харин оюутнууд өөрсдийн хүслээр хичээлийн цагаа орхиж, зарим нь тараад л шууд талбайд ирэх болжээ.

     Төмөр замын дээд сургуулийн оюутан Т.Сүххуяг найзуудынхаа уриалгаар энэ удаагийн жагсаалд ирсэн гэнэ. Тэрбээр “Манай гэр бүл хөдөө амьдардаг. Би оюутан. Улсын мөнгийг хулгайлж олон жил сайхан амьдарсан улстөрчид юу бодож суудаг бол доо. Тэд хулгай хийгээгүй бол аав, ээж маань миний сургалтын төлбөрийг төлөх гэж зовохгүй байсан ч юм бил үү. Тийм учраас би найзуудтайгаа өнөөдрийн жагсаалд оролцохоор ирсэн. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүст цалин, тэтгэмжийн асуудал хамгийн их тулгардаг. Хотод бол ямар ч ажил хийгээд болчихно. Үүнийг улстөрчид мэдэхгүй л дээ” гэлээ. Тэр ингэж хэлснийхээ дараа гартаа атгасан лоозонгоо төрийн ордны зүг харуулж, чанга дуугаар “Нэрсийг зарал” гэж хашхирав. Түүний найзууд ч шаардлага тавьж буй иргэдийн дундуур орж гараа дээш өргөн зогсоо харагдлаа.  Харин залуусын дундаас нэгэн иргэн чанга яригчаар “Залуусаа дахиад төрийн өндөрлөгүүдийг гарч иртэл бид олуулаа болох хэрэгтэй. Бид хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна” гэж уриална. Энэ мэтээр жагсагчид шударга ёс, ардчилсан нийгмийнхээ төлөө тууштай тэмцсээр байлаа. 

     Хэдийгээр нийслэлд ажиллаж, амьдардаг иргэд жагсаалыг бүрдүүлж байсан ч өнгөрсөн өдрүүдэд хөдөө орон нутгаас зорин ирэх иргэд нэмэгджээ. Тэдний нэг болох Дархан-Уул аймгийн иргэн Г.Төртогтох “Жагсаал эхэлсэн өдрөөс л хот руу очиж тэмцмээр санагдаад байсан юм. Ард иргэд хэцүү байгаа нь илт. Гэтэл тэд энд хулгай хийгээд сууж байна. Биднийг хүн гэж тоохгүй байна. Ард түмнээс сонгогдож төрийн эрхэнд гарчихаад одоо бидний царайг ч харж чадахгүй нуугдаж байна. Маргаашийнхаа төлөө л тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр тэмцэхгүй бол маргааш бид доройтоно. Тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ” гэлээ. 

 

 

 

ХАЛУУН ААРЦАНД БҮЛЭЭЦЭЖ, ХАТУУ ҮГЭЭР ТЭМЦСЭН ЖАГСАГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188