• Өнөөдөр 2024-04-24

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ИРГЭД ХҮЙТЭН ЖАВРААС ХӨЛДҮҮ АВТОБУСАНД СУУЖ БАЙНА

2022-12-02,   627

        Өвлийн тэсгэм хүйтэнд автобусны буудал дээр иргэд гар, хөлөө хөлдөөх шахам хэдэн цагаар автобус хүлээнэ. Ажлын өдрүүдэд замын түгжрэл оргил үедээ хүрч, үүний улмаас автобус дараагийн буудалдаа хүрэх гэж дор хаяж 40-50 минут болдог. Автобус хүлээж суугаа иргэд дунд сургуулиа тараад гэртээ харих гэсэн бяцхан хүүхдүүд ч бий. Тэд автобусны буудлын саравчинд хүйтэн жавраас зугтаж, гараа дулаацуулж зогсох зуураа байн байн автобус ирэх зүг рүү ширтэнэ. Хааяа дороо нэг сайн дэвхцэж аваад, хоёр чихээ гараараа дарж бүлээцүүлнэ. Ийм байдлаар нийслэлийн тэс хүйтэн өдрүүд автобусны буудлаас хэрхэн үргэлжилдэг талаар бид сурвалжиллаа.

ОЮУТАН Б.БАТ-ИРЭЭДҮЙ: ХИЧЭЭЛ ИХТЭЙ ӨДӨР ГЭР ЛҮҮГЭЭ ЯАРАХ БОЛОВЧ АВТОБУС ХҮЛЭЭЖ ИХЭНХ ЦАГАА АЛДДАГ

       Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх Улаанбаатар хот өнгөрсөн өдрүүдэд -40 градус хүрч, цочир хүйтэрсэн юм. Хэдийгээр нийслэлийн захиргаа сургуулийн хувиарийг нэг өдөр хойшлуулсан ч хүйтний эрч буурсангүй. -30 градусын жавар тачигнасан эл өдөр оюутан залуус Монгол Улсын их сургуулийн автобусны зогсоол дээр автобус хүлээн цугларчээ. Ядаж л нөмөрт нь хоргодох автобусны буудлын саравчин дор хүн орох зайгүй болсон байв. Сургуулиасаа гарч ирээд төд удалгүй мөрөө хавчин, гараа халаасандаа хийж дулаацах оюутнууд автобус хүлээх зуураа “Автобус мөд ирэхгүй байх. Ийм хүйтэнд яаж хүлээх вэ” гэсээр цааш алхлаа. 

         Тэдний дундаас их сургуулийн оюутан Б.Бат-Ирээдүй өдөр бүр Офицеруудын ордноос сургууль руугаа автобусаар ирдэг гэнэ. Хэрэв автобусандаа амжиж суухгүй л бол хичээлээсээ хоцордог аж. Түүний хичээл зарим үед өглөө 8:30-аас эхлэх бөгөөд цагийн өмнө гэрээсээ гардаг байна. Гэвч автобус зарим үед удаж ирэх нь хичээлийн цагаас хоцрох шалтгаан болдог гэв. Тэрбээр “Би төгсөх курсын оюутан. Мэдээж оюутан болохоор санхүүгийн асуудал үүснэ шүү дээ. Тийм болохоор аль болох мөнгөө хэмнэхийн тулд автобусаар зорчдог. Гэвч зарим үед цөөн автобус явах тохиолдол гарна. Арга буюу 30-40 минут хүлээж байж сургуульдаа ирдэг. Хүйтний улирал эхэлчихсэн болохоор зарим үед 30 минут ч хүлээж тэвчихийн аргагүй хүйтэн байдаг. Харин хичээл оройтож тардаг болохоор түгжрэлийн үетэй давхцана. Энэ үед бүр ч хэцүү байдаг. Автобус ирэхийг хүлээж зогссоор байтал амрах цаг, даалгавар хийх цагаа алддаг. Ганцхан би ч биш. Бусад оюутнуудад ч бас ийм зүйл байнга тохиолддог. Өглөө ирэхдээ автобус хүлээж зогсоод хичээлээсээ хоцрох тохиолдол ч бий. Зарим үед манай найзууд нэг чиглэлд явахаар болвол мөнгө нийлүүлж таксиддаг. Гэхдээ байнга таксидаад байж чадахгүй шүү дээ. Бүгд л хямдхан унаагаар хурдан хүрэхийг бодно. Ойрын өдрүүдэд хүйтэн байсан. Даарч байгаад автобусанд суухаар дулаацаж чаддаггүй. Учир нь зарим автобус цонх, хаалгаа дулаалаагүй харагддаг. Үүнээс болж гадаа байгаагаас ялгаагүй хүйтэн автобусанд сууж сургуульдаа хүрнэ шүү дээ” гэлээ. 

Н.ТӨГСЖАРГАЛ: ЦӨӨН АВТОБУС ЯВДАГ ӨДӨР НЭГ ЦАГ ХҮЛЭЭХ ТОХИОЛДОЛ Ч БИЙ

        Түгжрэл дунд гацсан автобус 40 минутын дараа буудал дээрээ ирэхэд иргэд хаалга руу гүйлдэж эхлэв. Гэвч автобусанд суухаар зэхсэн хүмүүсийн дөнгөж хагас нь л хаалга руу орж амжих аж. Харин өвлийн жаварт тэвчээр барагдтал хүлээсэн зарим иргэн автобусны хаалганаас сугарч үлдсээр хоцров. Автобусны жолооч “Багтахгүй байгаа учраас хойшоо сайн шахаад байгаарай. Та нар ч гэсэн амжиж суухгүй бол зай алга. Хаалгаа хаалаа” гэж нэлээд хүмүүсийг хаалганы гадна үлдээв. Тэдний зарим нь “Дараагийн автобус бас л ирэх болоогүй байх даа. Яаж гэртээ харих вэ” гэж санаа алдсаар ойр байрлах түц рүү дулаацахаар орлоо. Харин зарим иргэн “Улаанбаатар смарт карт ХХК”-ийн аппликейшн ашиглан автобусны байрлалыг харж, хүлээдэг байна. 

        Тэдний нэг болох иргэн Н.Төгсжаргал ажлын цагаа дуусгаад Их Монгол хороолол дахь гэр лүүгээ автобусаар хүрдэг аж. Тэр Шинэ Монгол гуравдугаар сургуулийн эсрэг талд байрлах Өдрийн сонины автобусны буудлаас 15:00 цагт автобусандаа сууж, Сансарын шатахуун түгээх станцаас дахин нэгээс хоёр чиглэлд дамжиж Их Монгол хороололд хүрдэг гэнэ. Тэрбээр “Би ажлаа дуусгаад Өдрийн сонины автобусны буудлаас гэр лүүгээ явдаг. Зарим үед харьцангуй түгжрэл багатай бол даарч амжилгүй л автобусандаа суудаг. Харин хүйтэн түгжрэл ихтэй үед арга буюу 40 гаруй минут хүлээхээс өөр аргагүй. Автобус цөөхөн явдаг бол бүр ч их минут хүлээнэ. Ажлаа тараад гэр бүл рүүгээ яарах боловч автобусны хүрэлцээ, түгжрэл зэрэг асуудлаас болж цаг алддаг. Ялангуяа хүүхэд багачуудад бүр ч хэцүү харагддаг” гэв. Өдрийн цагаар энэ чиглэлийн автобусыг 10-15 минут хүлээдэг бол оройн цагаар 40-60 минут хүлээдэг байна. Өдрийн сонины автобусны буудал дээр ижил дугаарын автобус хүлээж байгаа хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, жирэмсэн хүн, өндөр настнууд гэрлэн дохио солигдох тоолонд автобус ирж байгаа болов уу гэж зам руу байн, байн ширтэх аж.

40 МИНУТ ХҮЛЭЭСЭН АВТОБУС ТЭС ХҮЙТЭН БАЙДАГ

       Өдөр бүр нийслэлийн нийтийн тээврээр үйлчүүлэх иргэдийн нөхцөл байдал ийм. Тэд хэдийн ийм байдалдаа дасаж, хүйтэн жаврыг жавар гэхгүй, хүлээсэн цагийг хүлээлт гэлгүй тэссээр өдийг хүрсэн гэхэд хэлсдэхгүй. Иргэдийн хэлж байгаагаар удаан хугацаанд хүлээсэн автобусандаа арайхийн суухад цонхноос нь салхи сийгэж, хаалга дагуу мөстөж тогтсон байдал угтдаг болоод удаж байна гэв.

      Тэгвэл бид хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс “8” дугаартай автобусанд сууж, иргэдийн нөхцөл байдалтай танилцсан юм. Мөн л даарч, бээрсэн иргэдийн хамт автобусны хаалгаар ороход цонх бүр нь цантаж, суудал дороос хүйтэн салхи үлээж байлаа. Харин автобусны зорчигчийн хэсгийг дулаацуулах зорилготой халуун паар нь жолоочоос нааш давж үлээхгүй байгаа бололтой. Арын суудалд суусан хүмүүс гадаа сууж байсан шигээ гараа халаасандаа хийж, малгайндаа шургана. Удалгүй хэн нэгэн чичирч байгаа нь сонсогдож “Автобус ямар хүйтэн юм бэ” гэх нь ч энүүхэнд байлаа. Төмөр шал шалбааганд мөстөж, зогсоогоор зорчих иргэдийн бариул атгах төдийд л гар хайрах шиг болж байсан юм. Гадаа -27 хэмийн хүйтэнтэй харьцуулбал +3 хэмээр бага "дулаан"-тай автобус дотор нэг буудлын зайтай зорчиход төдийд л чичирч байрсан юм. Гэвч нийтийн тээврийн компаниуд хэдийн өвлийн бэлтгэл ажлаа хангаж, цонх, хаалганы дулаалга, сандалын бүрээс гэх мэт иргэдийн дулаан, тав тухтай орчинг бүрдүүлэх ёстой байдаг. Тэр бүү хэл дотоод дулааны хэмийг +10 градусаас дордуулахгүй байх ёстой аж. Гэсэн хэдий ч мөстөж цантсан цонх, салхи сийгсэн шалтай нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийг туйлдуулжээ. Зарим иргэдийн хэлж байгаагаар “Буугаад алхсан нь хавьгүй дээр” гэх. Энэ үед ногоон нуурын зогсоол хүртэл зорчиж явсан Б.Мөнхбаяртай ярилцлаа. 

Б.МӨНХБАЯР: ТҮГЖРЭЛТЭЙ Ч ГЭЛЭЭ ДУЛААХАН, ТОХИЛОГ АВТОБУС ҮЙЛЧИЛДЭГ БОЛ ИРГЭД ХУВИЙН МАШИНААСАА ТАТГАЛЗАЖ, НИЙТИЙН ТЭЭВРИЙГ СОНГОНО ШҮҮ ДЭЭ

-Та байнга нийтийн тээврээр үйлчлүүлдэг үү? 

      -Тиймээ. Би нийтийн тээврээр зорчиж ихэнх ажлаа амжуулдаг хүн. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, өөрөө ажилдаа явна. Энэ хүртэл нийтийн тээврээрээ л зорчдог. 

-Өвлийн улиралд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд цөөнгүй бэрхшээл тулгардаг байх? 

      -Замын түгжрэлийн хажуугаар автобусны хүрэлцээ муу. Үүнээс болж иргэд автобусандаа багтахгүй. Зарим үед дараагийн автобус иртэл олон минут хүлээх шаардлага үүсдэг. Хүлээж, хүлээж автобусандаа суутал тэсвэрлэхийн аргагүй хүйтэн орчин угтдаг. Зарим үед арга буюу бууж алхмаар санагдах үе бий. Энэ мэтээр хөлдүү хүрэлцээгүй автобусанд ихэнх цагийг өнгөрөөж байна шүү дээ.

-Иргэний зүгээс хэрхэн дүгнэж байна вэ?

      -Автобусных нь паар халдаггүй, удаан хүлээлгэдэг. Зарим жолооч харилцааны соёлгүй зэргээс болж, зорчигч, жолооч нарын дунд маргаан гарах нь олонтаа. Зарим тохиолдолд барилцаад авах нь ч бий. Өнгөрсөн жилүүдэд гарч байсан зөрчил өнөө жил дахиад л давтагдаж байна. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх цаг нь болсон. Гэхдээ паар нь халдаггүй, салхи сийгдэг автобусныхаа өвлийн бэлтгэлийг хангахад шинээр автобус худалдан авах хэмжээний зардал шаардахгүй. Гэтэл жолоочтойгоо, зорчигчтойгоо хөлдөх шахам явж буй нь өвлийн бэлтгэлээ хангаагүйг л харуулж байгаа хэрэг. Хэдийгээр мөн замын түгжрэлтэй ч гэлээ тохилог, цэвэрхэн, дулаахан автобустай байвал иргэд хувийн машинаасаа татгалзаж, түгжрэл ч буурахад нөлөөлөнө шүү дээ.

     Хөлдүү, хүрэлцээгүй нийтийн тээврээр иргэддээ үйлчилдэг манай улсын бодлого хэдийнээ иргэдээ дааруулж, туйлдуулж эхэлжээ. Төр оновчтой шийдвэр, шийдэл гаргахыг хүлээж тэсэхгүй хүүхэд, багачууд, настан, буурлууд нь автобусны буудал дээр хичнээн цагаар бээрч зогссоор л байна. Дулаан гэртээ хүрэхийн тулд хүйтэн сандал дээр, цантай цонх ширтэн суух иргэд нь тэвчсээр л байх аж. Тэд ингэж хүйтэн жавраас, хөлдүү автобусанд сууж гэртээ хүрдэг.  

 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ИРГЭД ХҮЙТЭН ЖАВРААС ХӨЛДҮҮ АВТОБУСАНД СУУЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188