• Өнөөдөр 2024-04-25

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Буйдхан газрын тусч жолооч ЛХАГВА АХ

2022-12-31,   3555

           06:00 цагтай уралдан Зүүн салааны гэр хорооллын гудамжаар цагаан “Toyota Probox” маркийн машин зорчигчоо зорьсон газарт нь хүргэхээр хурдална. Замдаа харсан хүн бүртэй мэндлэх түүнийг харсан болгон “Сайн байна уу, Лхагва ах” хэмээн хариу мэндэлж, зарим нь алсаас гар даллана. Түүнийг Зүүн салаанд танихгүй хүн гэж үгүй. Найман настай балчираас наян настай буурал хүртэл таньж, хүссэн газартаа хүргүүлнэ. Тэр ч машинд нь суусан болгонтой эелдэгээр яриа дэлгэнэ. Иймдээ ч Зүүн салааныхан "Итгэлт жолооч Лхагва" хэмээн хочлох нь бий. Онц тээвэрчин, осолгүй манлай жолооч Ж.Лхагвасүрэн 19 настайгаасаа жолооны ард сууж, амьдралаа алтан шар замтай салшгүй холбожээ. Ингээд  түүний нэг өдрийн ажлыг бид сурвалжилснаа хүргэе.

          Өглөөний зорчигчдоо зорьсон газар нь саадгүй хүргэж өгсөн тэрбээр 10:00 цагийн орчимд Зүүн салааны хуучин эцсийн ард байрлах авто зогсоолдоо түр саатна. Эндээс тэр дараагийн үйлчлүүлэгчидтэйгээ уулзана. Тэрбээр Хөвсгөл аймгийн Тариалант суманд төрж өсжээ. Аав нь тракторын жолооч мэргэжилтэй учир түүнээс үлгэр дуурайлал авч, жолооч болохоор шийдсэн гэнэ. 1986 оноос газар тариалантай холбогдож, тракторын жолооч болж байжээ. Харин Зүүн салаанд такси үйлчилгээ эрхлээд 14 жилийг ардаа үдсэн гэнэ. Түүний цагаан машин энэ буйдхан газарт хамгийн содон хийгээд танил дотно харагддаг. Хаа холоос “Лхагва ах аа, явах уу” гэсээр ирэх зорчигчдын хөл тасрахгүй. Биднийг түүний машинд суусан байгааг харсан иргэд “Өө ах аа, хүнтэй байгаа юм уу. Хэр удаж ирэх вэ. Тантай явчихвал амар байдаг юм аа" гэж шалгаана. Өөдөөс нь Лхагва ах хэзээний л дотно хоолойгоор “Энэ хүүхдүүд миний ажлыг сурвалжлах юм гэнэ. Тэгэхээр бид хамт явах нь дээ” хэмээн ичингүйрсэн янзтай инээнэ. Тэгээд удалгүй “Алив, ахыгаа гэрт хүргээд өгөх үү” гэсээр ууттай боорцог барьсан хөгшин машиных нь хаалгыг татлаа. Хөгшнийг  машинд нь суумагц мэнд мэдээд, бид хөдлөв. Тэд сайжруулсан түлш, гэр бүлийнх нь талаар ярилцсаар гудамж уруудаж хэсэг яваад улаан төмөр хаалганы өмнө зогсов. Өвгөнийг буусны дараа би түүнээс “Таны байнгын үйлчлүүлэгч юм уу. Гэрийнх нь хаягийг заалгасангүй ирчихлээ” гэхэд “Хэд хэдэн удаа сууж байсан юм. Ах нь Зүүн салааныхаа хүмүүсийг хаана амьдардагыг андахгүй. Хэд яваад л тогтоочихдог юм” гэв. Тийм хол яваагүй учир буцаж зогсоолдоо ирэхэд урт хугацаа орсонгүй. Дараагийн хүнээ хүлээх зуур “Ахыг нь энд таксинд явж эхэлснээс хойш олон зүйл өөрчлөгдсөн. Урд харагдаж байгаа дэлгүүр өмнө нь ТҮЦ байлаа. Тэр бүү хэл, одоо чи бид хоёрын зогсож байгаа зогсоол дээр дэлгүүр байлаа шүү дээ. Олон ч зүйл нүдний минь өмнө өөрчлөгдөн шинэчлэгдэж, устаж үгүй болж байна даа” гэсээр жолооны хүрдээ дэрлээд хэсэг алсыг ширтэв. Түүнийг ийн суух зуур хажуугаар өнгөрсөн болгон мэнд мэдэж, зарим нь багахан яриа өднө. Ж.Лхагвасүрэн инээд алдсаар заримыг нь цаашлуулж, автобусны буудлыг чанга инээдээрээ “сэрээнэ”.

            Түүний дараагийн үйлчлүүлэгч зургаан шуудай сайжруулсан түлш, нэг шуудай мод ачаад гэрийн зүг хөдлөв. Зүүн салааны гудамж өгсүүр энхэл, донхол замтай. Харин Лхагва ах огтхон ч түүртсэн шинжгүй ямар ч хэцүү замаар аргыг нь олоод явчихна. Саяхан суусан зорчигчоо гэрт нь хүргэж өгөөд, үйлчлүүлэгч эмэгтэйг машинаас буухаас нь өмнө хаалганыхаа хажуугаас ажлын бээлий авч өмсөөд машинаас зургаан шуудай нүүрсийг ажрахгүй буулгаж өгөв. “Эмэгтэй, хөгшин настай хүмүүс ачаа бараатай явж байвал буулгаж, дөхүүлж өгөх хэрэгтэй. Энэ нүүрс харагдаж байгаа шигээ хөнгөн биш, их хүнд, эмэгтэй хүн олныг зөөнө гэдэг хэцүү” гэсээр машиндаа сууж дахин зогсоол руугаа хөдөллөө. Түүнийг зогсоол дээрээ ирж, машинаа байрлуулж амжаагүй байтал дэлгүүрээс таван килограмм гурил, ууттай хүнс барьсан эмээ түүний машиныг чиглэн алхав. Лхагва ах машинаасаа үсрэн бууж эмээгийн гараас барьсан зүйлийг нь авч машиндаа хийгээд гэрийнх нь зүг хөдлөлөө. Эмээгийн гэр сургуулийн хажуугаар өгссөн замаар байдаг тул нэлээд өндөрлөгт гарах аж. Биднийг очиход эхнэрээ тосох гэсэн өвөө хаалганыхаа өмнө зогсож байлаа. Лхагва ах машинаас авсан зүйлсийг нь буулгаж өгөхдөө өвөөгөөс “Таны бие яаж байна. Хөл дажгүй юу” гэсээр гарт нь ууттай хүнсийг нь бариулахад “Бие сайн байгаа, саяхан сувилалд хэвтээд гарч ирсэн” гээд сул өмд гэрийн шаахайтай хөлөө нааш цааш хөдөлгөж үзүүлэв. Тэр ийнхүү хүн бүрд санаа тавина.

ЗҮҮН САЛААНЫ “ЛАВЛАХ” ЛХАГВА АХ

             Дасал болсон зогсоол руугаа уруудах хооронд утас нь машин дүүрэн хангинаж, дуудлагыг авсан даруй утасны цаанаас “Лхагва ах аа” гэх нь сонсоно. Лхагва ахын утас түүнээс ч “завгүй” ажиллана. Машинд нь суух гэсэн зорчигчид өглөөнөөс эхлээд залгаж, утсыг нь халаана. Тэр ярьж дуусаад утасныхаа дуудлагын түүхийг үзүүлэн “Нэг өдөрт хэчнээн дуудлага ирдгийг ёстой бүү мэд” гэсээр утсаа далд хийлээ. Дараагийн дуудлага ирэхэд утасны цаанаас “Лхагва ах аа, доор нүүрс ирж үү” гэх сэргэлэн цовоо охины хоолой дуулдав. “Ирээгүй ээ, харин улаан дэлгүүрийн хоёр цэг дээр ирчихсэн байсан” гэхэд дуудлагын эзэн ойлгосноо мэдэгдээд утсаа таслав. Тэрбээр инээсээр “Би чинь зүүн салааны оршин суугчдын лавлах л гэсэн үг. Онгорхой дэлгүүр, нүүрс ирсэн эсэх, нөөцийн мах, хүнсний талон өгч байна уу гээд бүх л зүйлийг энэ хавийнхан асууна” гэв.  Үнэхээр л түүнтэй таарсан хүн бүр махны үнээс эхлээд газар зарах зар дуулгаад, хүмүүст хэлэхийг хүртэл үүрэгдэх юм. Тэрбээр “Ингэж бүх хүнтэй уулзаж ярилцдаг учир 25 дугаар хорооны Цагдаагийн хоёрдугаар хэлтэс бидэнтэй хамтран ажилладаг юм. Надтай адилхан такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нартай хамтран нэг төрлийн эргүүл хийдэг. Цагдаагаас бидэнд өгсөн утас руу сэжигтэй зүйл харвал мэдээлдэг” гэв. Сониуч зан хөдөлсөн би “Тэгээд гэмт хэрэг илрүүлсэн тохиолдол бий юү” гэхэд “Байлгүй яах вэ, би чамд ярьж өгье. Манай зогсоолд ганц эмэгтэй жолооч байдаг юм. Харин эзгүй байх хойгуур нь гэрт нь хулгай орж байсныг бид цагдаад мэдэгдэж байлаа. Тэдний гэрийн ойролцоо явж байсан чинь нэг хүү гарч ирээд “Ах аа, тэр айлын хашааг нэг ах  давж ороод, нохойг нь зодоод байна” гэдэг юм даа. Тэгээд хартал цоожийг нь эвдээд орчихсон байхаар нь зогсоол дээр байдаг жолооч нар руугаа залгаж, дуудчихаад юу авч гарч ирэхийг нь харах гээд манаад суучихсан. Цаана нь нэг машин зогсчихсон нэлээн цаана нь нэг залуу алхаж байх юм. Тэгсэн удалгүй нөгөө залуу хашаа давж гарч ирээд, алхаж байсан залуу руу гар далласан чинь нөгөөх нь цаана байсан машин руугаа ухасхийгээд гүйчихдэг юм байна, хамтрагчид байж л дээ. Цагдаад болсон бүх явдлыг хэлж, зугтсан залууг ч тэд богино хугацаанд барьсан. Тэр залуу өмнө нь ч бас хулгай хийж байсан юм билээ. Энэ мэтчилэн хулгай хийж байгаа, сэжигтэй хүмүүстэй таарвал цагдаад дуудлага өгч, хамтран ажиллана шүү дээ” гэв.

ИТГЭЛТ ЖОЛООЧ ЛХАГВА АХ

                Түүний өдрийн орлого 150-200 мянган төгрөг гэнэ. Орлогоосоо 100 мянган төгрөгөөр нь шатахуун хийдэг. 06:00 цагт эхэлсэн түүний ажил 00:00 цагийн үед дуусаж, гэрийн зүг жолоо зална. Орой болж ажил тарж эхэлмэгц байнгын үйлчлүүлэгчдээ бүртгэж, бүгдийг нь гэрт нь аюулгүй хүргэхийг зорино. “Манай энд нохой ихтэй, зарим гудамж гэрэлтүүлэг муутай учраас орой ганц нэгээрээ явах эрсдэлтэй. Тиймээс байнга хүргүүлдэг хүмүүсээ хүлээнэ. Заримдаа намайг эзгүй үед үйлчлүүлэгчид маань ирчихвэл бусад жолоочдоо хэлж хүргүүлнэ. Ихэнх нь утсаар ярьдаг юм, “Лхагва ах аа, би очиж байна шүү. Автобусанд суучихлаа, хүлээж байгаарай” гэдэг. Харин ярихгүй, ирэхгүй байгаа нэгнийг нь бусад жолооч нараасаа асууна. “Чамаар тэр хүргүүлсэн үү” гээд нөгөө хэд ч миний занг мэддэг учраас хүргэж өгсөн үггүйгээ хэлж өгнө. Олон хүн суулгаж, мөнгө авахдаа гол нь биш, гэрт нь аюулгүй хүргэж өгч байгаа нь л чухал” гэсээр нүүр дүүрэн инээмсэглэв. Түүнд итгэдэг, тэр ч итгэл хүлээлгэсэн олон хүн Зүүнсалааны энэ буйдхан газарт бий. Лхагва ахаас тусламж хүсэх хүн олон. “Ах аа, дэлгүүрээс мах аваад ирээч. Манай хүүхдийг цэцэрлэгээс нь аваад, гэрт хүргээд өгчих. Ах аа, нүүрс дуусчихаж, гэрт хүргээд өгөөч” гэх төрлийн захиас дуудлага түүнд байнга ирнэ. Харин Лхагва ах бүгдэд нь “За” л гэнэ.

Таван залууд зодуулж, суудлын бүсээрээ боолгуулж байлаа

                    Дараагийн үйлчлүүлэгч түүнийг хотын төвд дуудсан учир бид замын түгжрэлд явах замдаа ойр тойрныг харж хуучилцгаана. Ерөөс тэр тун яриа хүн. Яриан дундаа жавар үргээх мэт үе үе чангахан инээж, яриагаа улам л сонирхолтой “амьд” болгоно. “Би машинаа өөрөө засчихдаг. Улаанбаатар хотын гэр хороолол зам муутай. Шороон замаар өдөржин явж байгаа учраас байнга засвар хийхгүй бол машин хурдан эвдэрчихдэг. Машины сэлбэгийн үнэ өдөр ихэр тусам л нэмэгдэж байна. Такси үйлчилгээ эрхлэхэд хамгийн хэцүү нь хаягжилтгүйн асуудал. Үйлчлүүлэгч маань намайг 102 тоот дээр дуудаад байдаг 100 нь урд байгаа хэр нь 102 тоот нь олдохгүй. Цаашаа яваад дахиад хэдэн хаалга өнгөрч байж олно шүү дээ” гэв. Үргэлжлүүлэн олон хүнээс таксиныхаа мөнгийг авч чадалгүй алдсан, жолооч байхын хэцүү талын талаар ярьсан юм. “Хүний итгэлийг алддаг олон хүн бий. Ах нь таксиныхаа мөнгийг авч чадаагүй олон ч тохиолдол байгаа. Хөгшин, залуу гэлтгүй бүгд хуурна, дараа өгнө гээд алга болцгоодог. Зүүнсалааныхныгаа бол яг нэг сумын төвийнхөн шиг бүгдийг нь таньж байгаа учраас итгээд цалинг нь буутал таксиныхаа мөнгийг авахгүй. Монгол хүний амьдрал цалингаас цалингийн хооронд ямар байдалтай байгааг нь мэдэж байгаа учраас итгээд зээлээр хүргэж өгдөг юм. Итгэлийг минь даагаад инээгээд “Ах аа, удаачихлаа баярлалаа, энэ нөгөө таксины мөнгө” гээд өгдөг хүмүүс нь хамаагүй олон учраас ажлаа хийх итгэл минь улам бат болдог доо” гэв. Лхагва ахаас “Оройн цагаар таксинд явах эрсдэл ихтэй гэдэг юм билээ. Танд ямар нэгэн муу зүйл тохиолдож байв уу” гэхэд “Би оройн цагаар таксинд явбал бүсээ зүүдэггүй. Замын цагдаа нар ч учраа хэлэхээр ойлгодог юм. Хэдэн жилийн өмнө орой гурван залууг хүргэж өгсөн юм. Нэг нь миний хажууд хоёр нь арын суудал дээр суусан. Тэгсэн харин хэлсэн газарт нь очиж зогссоны дараа гэнэт суудлын бүсээр боодог юм даа. Тэр үед яаж машинаас гарснаа ойлгодоггүй юм. Нэг мэдэхэд л машинаасаа гарчихсан байсан. Ямартай ч суудлаа огцом хойшоо унагааж, хэвтүүлж байснаа санадаг. Бас нэг удаа таван залууд зодуулж билээ. Долоон буудлын Завсрын буудлаас уруудсан гудамж руу ороод зогссон бүгд мөнгөө өгөхгүй, хаалгаа онгойлгоод буучихсан. Тэгээд араас нь гараад дуудсан чинь “Ах аа, мөнгө авах юм уу" гэснээ намайг өшиглөөд унагаачихдаг юм. Тэгээд зугтах гэхээр нь би нэг залууг нь тас тэврээд хэвтчихсэн. Нөгөө дөрөв нь үснээс зулгааж, энэ тэндээс өшиглөөд нэлээн ноцолдсон. Удалгүй нэг хүн “Одоо босоорой” гэхээр нь харсан хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирчихсэн “Юу болов" гээд зогсож байсан. Бүх хаалга нь онгорхой машины хажууд хүмүүс зодолдоод байхаар нь гайхаад ирж л дээ. Цагдаагийн хэлтэс дээр очоод нэгжих үед хүн тус бүрээс хоёр, хоёр гар утас гарч ирж байсан юм даг” гэв. Түүний жолоо барихдаа өөртөө тавьдаг шаардлага, зарчмыг нь бид сонирхлоо. Тэр хэсэг чимээгүй суугаад “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суудаггүй. Энэ тийм гайхалтай зүйл биш боловч хамгийн том соёл. Нэг балга архи ч хүний сэтгэхүйд нөлөөлдөг. Би уусныхаа маргааш ч жолоо барьдаггүй. Архи толгойд үлддэг юм. Уусны маргааш толгой манараатай хэвээрээ л байдаг. Миний амь насны асуудал яригддаг ч өөр хүний ч амь нас, эрүүл мэндийн асуудал яригддаг учраас маш болгоомжтой байх хэрэгтэй” гэв.

    Осолгүй манлай, онц тээвэрчин түүнийг Зүүнсалаа гэх буйдхан газрын таксины жолооч Ж.Лхагвасүрэн гэдэг. Гэхдээ хүмүүс түүнийг үргэлж инээдэг, хүн бүрд гараа сунгаж тусладаг Лхагва ах гэдгээр нь хайрлаж, хүндэлдэг. Харсан хүн бүр түүнтэй мэндэлж, зарим нь халуун хоол, цай идүүлэх гэсэндээ “Ах аа, манайх сая хоолоо хийсэн. Идээд яв, халуун цай уу” гэж урина. Машинд нь суусан хэнтэй ч тэр дотно яриа өрнүүлж, танил болоод л буулгана. Дараа нь нөгөө хүнээ учиргүй танимхайрч “За юу байна даа” гэж цоглог мэндэлсээр угтана. Одоо ч гэсэн тэр буйдхан суурингийнхаа аль нэг замаар үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж, түүнд зөвлөж, өмнөөс нь халаглаж, баярлаж яваа байх даа.


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Буйдхан газрын тусч жолооч ЛХАГВА АХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 13:13:12
    zochin: Одоо цагт ийм хүн ховор шүү, амжилт хүсье! Сэтгүүлч сайхан энгийн хүнтэй цаг гаргаж ярилцсан байна,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-08 09:07:53
    Отгоо: Мундаг сэтгэлтэй ах шүү алтан шаргал нь өлзийтэй байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 23:33:34
    Oyuka: Mundag setgeltei ah shvv yag l aaw shig min hvn bolgond tusalj ywaa haragddag ajil amidrald ni sain saihniig hvsyee ahdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 19:50:35
    Зочин: Нутгийн ахын алтан шар зам нь өлзийтэй байгээ яг л хэвээрээ байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 14:02:18
    Handaa : Mundag shvv minii lhawgaa Ah setgel saitai itgeltei tsoglog ah min ervvl bj olon myangan hvmvvstee jargal hairlaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 11:21:27
    Aagii aagii: Ээжид минь үргэлж тусалж байдаг мундаг ахдаа хамгийн сайхан бүхнийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 06:34:08
    Цоож эгчийнх нь Бямбаа: Ёстой эзнээ олсон гоё сайхан сурвалжлага болжээ. Сэтгүүлч таньд баярлалаа. Хөл муутай эгчид минь бид нараас илүү хөл гарынх нь үзүүр болж байнга тус дэм болж явдаг Лхагваа ахдаа маш их баярлаж явдаг шүү! Нэг удаа бид 3 хотын төвөөр дэлгүүр хэссэн чинь тэргэнцэртэй эгчийг минь надаар нэг ч түрүүлэхгүй өөрөө л түрээд яваад байгаа нь нээх хөөрхөн. Мөнгөн завъяагийн лангуунуудын дундуур тэргэнцэрийг хүртэл уран жолооддог хүн дээ. Лхагваа ахдаа болон сайхан гэр бүлд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсье! Таньдаа маш их баярлаж явдаг шүү! Ачийг тань хэзээ ч мартахгүй ээ ах.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-04 15:41:02
    zochin: Toon dotor useg guij yavna gedeg shig ene oroo busgaa niigemd xun chanaraa ulandaa gishgesen xunii orontsog bolson xumuusiin dund gerel gegee tsatsruulsan xund tusarxuu xiij aigaa zuildee unen setgeleesee xanddag egel daruuxan saixan xumuus baix yum daa Tanii amidraliin zam dardan baig
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188