• Өнөөдөр 2024-03-29

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүний сонголтгүй болжээ

2022-09-14,   497

       Ажлын цаг дуусах болоогүй болоод тэр үү 15:00 цагийн орчимд "Sunday" худалдааны төв үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн багатай байлаа. Бүгчим халуунд худалдан авалт хийхээр ээж охин хоёр зогсоно. Хэд хэдэн өндөр өсгийт өмсөж, үнийг нь асууна. Төд удалгүй охин сонгосон байсан хар өсгийтөө худалдагчид өгөөд “Бүх лангуун дээр адилхан загвартай байгаа юм чинь арай хямд үнэтэй байгаа учраас авчихъя” гэсээр авсан гутлаа уутлуулж, тооцоогоо хийнэ.  
 
      Монгол Улсад худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн нэгэн хэвийн загвар, хийцтэй болсон талаар цахим орчинд нийтлэгдэж байна. Мөн ижил хувцас өмссөн хүнтэй олон нийтийн газар тааралдах шиг хэцүү зүйл байдаггүй талаар ам уралдуулан ярьцгаана. Ингэж ижилхэн хувцас өмсөөд байгаа нь худалдан авах хувцас хэрэглэл маань сонголтгүй болоод байгаатай холбоотой. Нэг зах, худалдааны төвийн лангуун дээр ижил загварын хувцсыг хэдэн янзын өнгөөр  эгнүүлэн өлгөнө. Гол нь загвар нь ижил. Өнгөрсөнд дурсамж болон үлдсэн өнөөх цөөн загварын, хэмжээ ижил хувцаснаас аргагүйн эрхэнд өмсдөг байсан шиг болох гээд байгаа ч юм шиг.
 
         "Sunday" худалдааны төвийн гурван давхарт эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас худалдаалагдана. Нэгээс нөгөө шилжсэн лангуун дунд толгой эргэм зохион байгуулалттай. Үйлчлүүлэгч байхгүй учраас худалдагчид тус бүрнээ гар утсаа оролдож, хоорондоо хуучилцгаана. Төрөлжсөн лангуу дүүрэн хувцастай харагдах ч тогтоод нэг харвал, нэг загварын хувцаснаас өөр хэмжээ, загвараар нь өлгөж лангуугаа дүүргэжээ. Хамгийн нүүрэн талын лангуун дээр орчин үеийн залуусын өмсөх болсон тренд цамцыг харагдана харин цааш хоёр алхаад дараагийн лангуун дээр очиход өнөөх цамц өлгөөтэй байна. Энэ мэтчилэн нэг лангуун дээр байгаа хувцас дараагийн лангуун дээр ч өрөөстэй. Энд өөр байгаа зүйл нь зөвхөн үнэ.
 
Цагаан өнгийн бие тамирын хослол худалдан авахаар зогсох залуугийн цамц нь багаджээ. Худалдагч бүсгүй түүнээс хэдэн хором хүлээхийг хүсээд хажуугийн лангуун дээр очиж "Танайд энэ загварын XXL хэмжээ байгаа биз дээ. Найздаа түр өгчих, маргааш бараа ирэхээр буцаагаад өгье" хэмээнэ.
 
Нүүрэн талын эгнээ, хүмүүс ихээр явдаг хэсэгт 95 мянган төгрөг байсан хүрмийг цааш алхаж булан тойроод л 90000 төгтөр сайн ярьж чадвал 85 мянган төгрөгөөр худалдан авч болно. Жийнсэн өмд авахаар зогсох бүсгүй хоёр эгнээ эгнүүлэн өрсөн их жийнсэн өмд дундаас тод цэнхэр өнгөтэйг нь олж чадсангүй гэнэ. Тэрбээр “Хорооллын дэлгүүрт ч мөн адилхан олон загвар байгаа юм шиг хэр нь нүдэнд туссан олигтой загвар байгаагүй ер нь бараг нэгэн хэвийн загвартай хувцас өмсдөг болох нь” гэв.
 
         Худалдааны төвийн дээд давхарт гутлын төрөлжсөн эгнээ байршдаг. Энд нүдэнд дасал болтлоо үзэгдсэн олон загварын гутал харах боломжтой. Лангуу бүр дээр өнгө өнгийн хээ, оруулгатай цагаан пүүз өрөөтэй. Зарим лангуун дээр цэнхэр өнгө, харин зарим дээр нь бор, цулгүй  цагаан өнгөтэй. Харин үнийн хувьд 80-150 мянган төгрөгийн үнэтэй. Үнийг ялгаа тус загарын матриалны чанараас хамаарч байлаа. Худалдагч нар ч ижил төрлийн бараа зарж байгаагаа мэдэх тул барааныхаа үнийг хямдруулна. Цахилгаан шатны хажууханд байрлах лангууны урдуур энэ зааланд орж ирсэн бүх хүн өнгөрнө. Худалдагч эмэгтэй ч үүнийг мэдэх бололтой нүүрэн эгнээнд хамгийн тод бөгөөд энэ онд тренд болж буй загвартай гутлаа ярайтал нь өржээ.
 
     Харин арын хананд нь бусад лангуун дээр үзэгдсээр байгаад дасал болсон пүүз, намхан ултай охидын гутал үзэгдэнэ.  Тойрон байрлах лангуу бүр өөртөө байгаа хамгийн сайхан хийцтэй гутлаа худалдан авагчдын өмнө дэлгэнэ. Гэсэн ч “Өмнөх лангуун дээр  5000 төгрөгөөр хямд байсан юм байна. Буцаад очих уу” гэж ярилцсан хүмүүс ийм тийш холхилдон. Үүнийг харж байсан тус худалдааны төвд гурав дахь жилдээ ажиллаж байгаа н.Бямбацогт “Намайг анх наймаа хийж эхлэхэд арай ч ийм хувцасны сонголттой байгаагүй. Наймаачид хил давж өөрсдөө сонголт хийдэг байсантай холбоотой юм болов уу. Одоо бид хэдэн зураг харж хувцсаа сонгож захиална. Зурган дээрээсээ тэс өөр загвар, хэмжээтэй ирэх үед цөөнгүй гарна шүү дээ” гэв. 
 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүний сонголтгүй болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188