• Өнөөдөр 2024-04-24

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Сурагчид хоол биш хор идэж байна

2022-09-06,   862

    Хичээлийн шинэ жил эхлэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсэж, хэсэгтээ нам гүмхэн байсан Улаанбаатар хотын амьдрал бужигнаж эхэллээ.

          Сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан тэдний үдийн цайндаа ихэвчлэн юу идэж, тухайн зүйл нь эрүүл ахуйн шаардлага хангадаг эсэхийг сурвалжилхаар хөдөллөө.

    Эхний зогсоол болох Монгол гуравдугаар сургууль дээр ирлээ. Үдийн цайны цаг болсон учир ойр орчмоор дүрэмтээ цэмцгэр гээч нь өмссөн сурагчид хөлхөлдөнө. Тус сургуулийн ойр орчимд хоолны газар тун цөөн учир сурагчид зам хөндлөн гарч “CU” рүү хэсэг хэсгээрээ хөтлөлцөж алхана.

        Ерөнхий боловсролын сургуулийн завсарлагааны цаг 15 хан минут учир цагтаа амжихын тулд аль болох хурднаараа алхаж, хамгийн ойролцоох түргэн хоолны газар, ТҮЦ, сүлжээ дэлгүүрийг зорьдог билээ. Дунд ангийн болов уу гэмээр гурван охиныг даган “CU” сүлжээ дэлгүүр лүү орлоо. Тэд их л яаруу орж өрөөстэй олон кимбабнаас хугацааг нь ч харахгүй бараг л шүүрэх шахам аваад гарав. Тэднийг гарсаны дараа хана дагуу байрлах суух хэсэгт сууж 10 минут орчим сууж, сурагчдыг ажиглалаа. Сурагчид ихэвчлэн кимбаб, хотдог, сэндвич аваад яарсаар зам хөндлөн гүйнэ. Мөн хэсэг нь бэлэн гоймон дэвтээн идэж харагдана.10 минут суухад л дүүрэн байсан кимбабны лангуунууд хоосорч, бэлэн гоймонгийн хэсэг ч дундарч, барагцаагаар 30-40 сурагч орж, гарав.

          Тэндээс хөдлөж бидний хүүхдийн 100 гэж хэлж заншсан газар байрлах Нэгдүгээр сургууль дээр ирлээ. Энд өмнөх сургуультай харьцуулахад сүлжээ дэлгүүр 2-3 ойрхон зайтай байрлажээ. Мөн ТҮЦ ч цөөнгүй байв. Эхлээд сургуулийн урдах ТҮЦ рүү орлоо.  Хоёр метр орчим хэмжээтэй  бөгөөд зөрөх зайгүй сурагчдаар дүүрсэн байв. ТҮЦ-д жижиг хөргөгч байрлуулан түүндээ хэн хэзээ хийсэн нь үл мэдэгдэх ороомог, пирошки дүүртэл нь өржээ.  Хөргөгчний хаалгаа нээсэн, үл ялиг тоостой харагдана. Сурагчид ээлжлэн орж ирэн тэндээс авч, хаалгаад жижиг гялгар уутанд хийлгэж аваад гарна. Зарим нь чихэр, контек, пичень авна. Мөн л завсарлагааны хэдхэн минутад өнөөх хөргөгч хоосорлоо.

          ТҮЦ-ний худалдагчаас энэ бүтээгдэхүүд хэзээ хаанаас ирдэг талаар тодруулахад “Бид өглөөнөөс орой хүртэл ТҮЦ-ээ ажлуулдаг болохоор өөрсдөө хийгээд байх зав зай хомс байдаг. Тиймээс гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйгээр хийлгэж, өглөө хүргүүлж авдаг даа” гэв. Үүнээс харахад хэдэн хэрэглэсэн тосонд шарсан нь үл мэдэгдэх, гэртээ эрүүл ахуйн шаардлага хангсан эсэх нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурагчид өдөр тутамдаа иддэг байна.

          Харин дэлхийн бусад орнуудад эцэг эхчүүд хүүхдүүддээ үдийн цайг нь бэлтгэж, савлаж өгч явуулаад хэвшсэн байдаг. Бэлтгэхдээ хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээ, насны онцлогт нь тааруулдаг гэх судалгаа статистик бий. Гэтэл манай улсад өдрийн хоол бэлдэж өгдөг эцэг эх тун ховор бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй.

          Завгүй ажилтай гэх эцэг эхчүүд хүүхдүүддээ өдрийн хоолны мөнгө гэж дунджаар 3000-5000 өгдөг. Тэр мөнгөөр дорвитой хоол болох зүйл худалдаж авна гэдэг худлаа юм. ТҮЦ-д пирошки 1200 төгрөг, ороомог 2000 төгрөг, чанасан өндөг 900 төгрөг, кимбаб 2500 төгрөг, савласан тахиа 5000 төгрөгийн үнэтэй байна. Харин сүлжээ дэлгүүрүүдэд кимбаб 3700 төгрөг, сэндвич 2800 төгрөг, хот дог 3800 төгрөг, бэлэн гоймон 5000-6000 төгрөгийн үнэтэй зарагддаг. Эдгээр түргэн хоолоор сурагчид түр хугацаанд өлссөн мэдрэмжээ дарахаас хангалттай хооллож чадахгүй. Мөн энэ бүтээгдэхүүд эрүүл ахуйн шаардлага, хадгалал тын журам хангаагүй байдаг.

     Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд хоол худалдаалах, үйлдвэрлэх тал дээр 2020 оноос эхлэн ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэхн. Уг хуульд цэцэрлэг, сургуулийн орчинд  хааш хаашаа 150 метр газарт хориглосон нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг хориглосон. Үүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан одоо ч мөрдсөөр байгаа.

    Үүнд хүүхдийн эрүүл мэндэд хортой хуурсан хайрсан хүнс, чипс, хийжүүлсэн ундаа,бэлэн гоймон ширхгийн хоол болох бургер, их тосонд шарсан бүтээгдэхүүнийг хориглох заалт бий.  Жил бүр Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж,  зөвлөгөө сэрэмжүүлгийг өгсөөр байгаа ч энэ нь бодит байдал дээр үл хэрэгжинэ.

          Бид цааш хөдлөн Орос гуравдугаар сургууль дээр очлоо. Энд бусад сургуулийг бодоход дотроо хоолны газартай бөгөөд тэндээ котлет, будаатай хуурга, цуйван, хуйцаа зэрэг хоолыг хагас болон бүтэн порцоор худалдаалдаг гэж сурагчид нь хэлж байлаа. Тус сургууль дотогш гадны хүн нэвтрүүлдэггүй тул гадаах “Русский пончик” гэх хаяг нь хуучирсан бор дэлгүүр лүү орлоо.  Хүнсний дэлгүүр гэж бодтол дотор нь гурван хэсэг жижиг лангуу байрласан байв. Нэг лангуун дээр элдэв янзын чихэр, пичень өрөөстэй тэдний ихэнх нь урд хөршийн хаягтай байлаа. Харин голын хэсэгт 55 орчим насны эмэгтэй өөрийн гараар хийсэн кимбаб, савласан тахиа зарж сууна. Захын лангуун дээр хичээлийн хэрэгсэл худалдаалж байв. Уг дэлгүүрийг ажиглан зогсох зуур ахлах ангийн дүрэмт хувцастай хоёр сурагч орж ирлээ. Тэд нэг нэг кимбаб худалдаж аваад, цонхны дэргэд зогсож идчихээд гарч одлоо. Хэсэг хугацааны дараа дунд ангийн гурван охин орж ирээд савласан тахианаас нэгийг худалдаж аваад гадаа байрлах сандал дээр суун, хувааж идэж харагдана.  Үүнээс харахад сурагчид өдрийг түргэн хоолоор аргацаан өнгөрүүлсээр байна.


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Сурагчид хоол биш хор идэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188