• Өнөөдөр 2024-05-17

СУРВАЛЖИЛГА: СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 50-90 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

2022-08-09,   1121

     Ээж, эгчдээ эрхэлсэн жаал хүү Нарантуул худалдааны төвийн хаалга руу баяртай нь аргагүй алхана. Ойрхон алхаж байсан тул гэр бүлийн хооронд өрнөх яриа чихэнд сонсогдоно. Бяцхан хүү энэ жил сургуулийн босго давж нэгдүгээр ангийн сурагч болж байгаа аж. Харин түүний эгч ахлах ангид дэвшин орж байгаа бололтой. Тэдний яриа “Энэ цалин дээр гол хэрэгтэй хичээлийн хэрэглэлээ аваад дараагийн цалин дээр үлдсэнийг нь авцгаах уу” гэв. Хүүхдүүд ч санал нийлснээр хүн бужигнасан зах орлоо. Ажлын өдөр болоод ч тэр үү жил бүрийн энэ сард хоёр хүн хоорондоо зөрөхөд хэцүү болдог зах харьцангуй хүн багатай байлаа. Гэхдээ нааш цааш холхих хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарсангүй.

    Хотод орж ирсэн орон нутгийн иргэд хичээл эхлэхээс өмнө зах орж амжихгүй гэж бодсондоо уут уутаар нь хүүхдүүдийнхээ хувцас, хэрэглэлийг бэлдэнэ. Хүүхдэдээ хувцас авахдаа тэдний сэтгэлд ч бас тааруулахын тулд гар утсаа гаргаж ирээд чанга чанга ярьж, дүрст дуудлага хийж эхэлнэ. “Чамд хэдэн размерын гутал таардаг билээ. Энэ хоёр өнгөний аль нь гоё байна. Чи Монхоод хуучин гутлаа өгнө шүү. Одоо өөр юу авах билээ” хэмээн эхнэр нь хүүтэйгээ утсаар ярингаа авсан гутлынхаа тооцоог хийж байх хооронд аав нь барьсан тортой зүйлсээ түр газарт тавиад худалдагчийн сандал дээр сууж хурдхан шиг тамхи асаана.

Сурагчийн цүнх 45-120 мянган төгрөгийн үнэтэй

    Хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлдэхээр ирсэн иргэд хамгийн эхэнд цүнхний эгнээг зорих ажээ. Учир нь олон тортой зүйл барилгүй хичээлийн хэрэглэлийг нь шуудхан цүнхлэх зорилготой. Нарантуул захын цүнхний эгнээ төв хаалганаас нэлээд зайтай байрлана. Өндөр сараалжин төмөр дээр цүнхнүүдийг өнгө загвараар нь ялган эгнүүлэн өлгөсөн харагдана. Худалдаачид харин гар хүрэхгүй өндөрт байгаа цүнхийн урт модоор шаламгай гэгч нь авч өгч үйлчлэн. Энэ жил нэгдүгээр ангийн хүүхдэд таарах цүнх 45000 төгрөгөөс дээш үнэтэй байгаа аж. Ингээд төрөл загвар, хэмжээнээсээ хамаараад үнэ нь өөр байх бөгөөд ихэвчлэн 45000-95000 төгрөгийн хооронд үнэ нь хэлбэлзэнэ. Худалдан авалт хийх хүүхдүүд цүнхээ үүрч, толинд харсаар нүүрэнд инээмсэглэл тодорно.Худалдагч эмэгтэй худалдан авсан цүнхнийх нь шошгыг дөнгөж салгахад шуудхан үүрчихээд дараагийн лангуу руу яаравчлан. Ахлах ангийн хүүхдүүдийн цүнх хэмжээ загвараасаа хамаараад 60-120 мянган төгрөгөөр худалдаалагдана. Наймаа эрхлэгч одоогоор бага ангийн хүүхдийн цүнх болон ахлах, дунд ангийн охид үүрэх боломжтой чамин загвартай цүнх илүү зарагдаж байгааг хэлсэн юм. Худалдаачидтай ийн хөөрөлдөх зуур бага насны гурван хүүхэд дагуулсан гэр бүл лангуунд орж ирлээ. Нэг айлын гурван хүүхэд сургуульд суралцах нь тухайн гэр бүлд санхүүгийн томоохон асуудал болдог талаар олон жилийн туршлагтай наймаа эрхлэгчид хэлж байлаа. Нүд эрээлжлэм өрсөн олон цүнх дундаас үнэ боломжийн бөгөөд загвар нь гологдохгүй гурван цүнх худалдан аваад наймаачнаас “Гурван хүүхдийн цүнх авлаа шүү дээ. Дахиад авах юм олон байна. Үнээ жаахан буулгачих” гэсээр шалж эхэллээ. Хүүхдүүдийн цүнхийг уутанд хийж байсан худалдагч бүсгүй нэг санаа алдаад нийт мөнгөн дүнгээс нь 10000 төгрөг хасахаар болж тэдний наймаа өндөрлөв. Тэднийг явсны дараа худалдагч бүсгүй “Олон хүүхэдтэй гэр бүл их орж ирнэ. Хүүхдүүдээ бүгдийг нь дагуулчихсан явж байдаг. Тэгээд мөнгө нь болохгүй байна үнээ жаахан доошлуулчих гэхээр хатуурхаж чаддаггүй юм” гэв.

УЛААНБААТАР ПРИНТЕРИЙН ДЭВТРИЙН ЗУРГААС БОЛЖ ХҮҮХДҮҮД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ БАЙНА

     Цүнхний эгнээг өнгөрөхөд Нарантуул захын ачаалал ихтэй үедээ гаргадаг нэмэлт лангуун дээр хичээлийн хэрэглэл өрөөстэй байлаа. Дэвтэр, харандаа, бал, өнгийн цаас, зургийн дэвтэр гээд дурдаад дуусахгүй олон төрлийн хичээлийн хэрэглэл өнгө, өнгөөр алаглан харагдана. Энд нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэлийг 60-95 мянган төгрөгөөр багц болгон худалдан авах боломжтой. Иргэд ихэвчлэн нэмэлт лангууны цаана байрлах үндсэн бичиг хэргийн лангууг зорино. Нэлээд өргөн зассан лангууны хоёр талд 20-иод  насны эмэгтэйчүүд худалдан авагчийнхаа авах зүйлсийг сурамгай жижиг сагсанд хийнэ. Сагс дүүрч худалдан авалт дуусахад сагсанд хийсэн хэрэглэлүүдээ хурдхан шиг том цагаан уутанд хийж өгөхдөө тооны машины товчлуурыг шаламгай гэх чинь дарж тооцоогоо хийнэ. Хүүхдийн гол хичээлийн хэрэгсэл болсон дэвтэр “Улаанбаатар принт” болон экспортоор орж ирсэн гэж хоёр хуваагдана.

Үнийн хувьд Улаанбаатар принтийн дэвтэр

  • 12 хуудас-300-350 төгрөг
  • 24 хуудас-700 төгрөг
  • 36 хуудас-850 төгрөг
  • 48 хуудас-1150 төгрөг
  • 60 хуудас-1450 төгрөг
  • 96 хуудас-2350 төгрөг


Экспортоор орж ирсэн дэвтэр

  • 12 хуудас зурагтай- 350 төгрөг
  • 12 хуудас- 300 төгрөг
  • 24 хуудас-550 төгрөг
  • 32 хуудас-750 төгрөг
  • 48 хуудас-900 төгрөг
  • 60 хуудас-1100 төгрөг
  • 80 хуудас-1400 төгрөг
  • 96 хуудас-1600 төгрөг

Мөн зургийн дэвтэр хуудасны тооноосоо хамаарч 1500-3500 төгрөгийн хооронд үнэтэй бол үзгэн бал 500-1500 төгрөгийн үнэтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ ихэвчлэн “Zero” балыг авч өгөх бөгөөд энэ нь ширхгээр 700 төгрөгийн үнэтэй бол хайрцагтаа 12 ширхэгтэй 7500 төгрөгөөр худалдаална. Өнгийн харандаа 2500-9000 төгрөг хүртэл үнэтэй. Энэ нь тоо ширхэг үйлдвэрлэгдсэн газраасаа хамаараад үнийн хувьд өөрчлөгддөг гэнэ.

    Бага ангийн сурагчид Улаанбаатар принтерийн төрөл бүрийн зурагтай дэвтрийг худалдаж авах сонирхолтой байгаа гэдгийн наймаачин О.Отгонжаргал хэлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Цар тахалтай жилүүдэд худалдан авалт муудсан байсан харин энэ жил наймаа сайн байх бололтой. Эцэг эхчүүд хичээлийн хэрэглэл их авч байна. Жил ирэх тусам хүүхдүүдийн худалдан авах зүйл нэмэгддэг. Энэ жил олон өнгийн бол авах хүүхэд олон байгаа” гэв.

СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАС 50000-90000 ТӨГРӨГИЙН  ҮНЭТЭЙ

     Намрын улиралд хамгийн их ачаалалтай болдог дүрэмт хувцасны эгнээнд ирлээ. Бусад хувцасны эгнээг бодвол хамаагүй нарийнхан замтай тус эгнээний хоёр талд дүрэмт хувцасыг насны ангиллаар нь өрсөн харагдана. Ижил бараа зарж байгаа болоод ч тэр үү нэгнээсээ урьдаж зарах гэсэн наймаачид харсан хүн бүрээсээ хэддүгээр ангийн хүүхдийн дүрэмт хувцас авах гэж байгааг асууж “Орж ирээд үз. материал сайтай өмд цамц байна. Өмсүүлээд нэг харах уу” гэсээр бараагаа үзүүлж, худалдан авалт хийхийг санал болгоно. Дүрэмт хувцасны эгнээнд худалдаачид тогтсон нэг үнэ хэлнэ. Нарантуул худалдааны төв дээр Хятад Улсад үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцас болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн оёсон гар  хийцийн дүрэмт  хувцас худалдаалагдана.

  • Бага ангийн дүрэмт хувцас
  • Эрэгтэй-55000 төгрөг
  • Эмэгтэй-50000 төгрөг
  • Дунд ангийн дүрэмт хувцас-75000 төгрөг
  • Алхах ангийн дүрэмт хувцас- 90000 төгрөг
  • Зангиа Бага анги-4000 төгрөг
  • Дунд анги-5000 төгрөг
  • Ахлах анги-6000 төгрөг
  • Цагаан, цэнхэр цамц
  • Нимгэн-20000 төгрөг
  • Зузаан-25000 төгрөг
  • Саарал майк-30000-35000 төгрөг
  • Дүрэмт хувцасны өмд- 25000-30000 төгрөг
  • Юбка-30000-35000 төгрөг

     Тус эгнээнд тав дахь жилдээ дүрэмт хувцас худалдаалж буй Г.Тунгалагийн лангуу худалдан авагчдын хөлд дарагдаастай. Бидэнтэй ярилцах зуураа наймаагаа хийх нь ажилдаа хэр гаршсан болохыг илтгэнэ. Тэрбээр “Одоохондоо үнийн судалгаа хийж байгаа хүн олон байна. Харин хөдөө орон нутгийн иргэд эртхэн юмаа бэлдэх зорилгоор худалдан авч байх шиг байна. Олон хүүхэдтэй хүмүүс нэг нэгээр нь хүүхдийнхээ хувцсыг бэлддэг. Өнөөдөр надаас нэг хүүхдэдээ дүрэмт хувцас, цамцыг нь авсан бол хэд хоногоос дахин ирж нөгөө хүүхдэдээ дүрэмт хувцас авдаг. Тэр үед нь аль хэдийн танил болсон учраас үнээ жаахан буулгаж зардаг” гэв. Дүрэмт хувцасны эгнээ нарийнхан учраас олуулаа явж байгаа гэр бүлүүд нэг дор багтах хэцүү харагдаж байлаа. Олон хүн холхисон жижиг зайнд удаан байхыг хүсээгүй зарим нь өөр зүйл худалдан авахаар явна.

    Хичээлийн голлох хэрэгслүүдээ цуглуулсан иргэд бусад хэрэг болох зүйлсээ цуглуулж эхэлнэ. Ихэнх сургуулиуд таавчик өмсүүлэхийг шаарддаг бөгөөд хүүхдийн таавчик 5000-20000 төгрөгийн хооронд үнэтэй бөгөөд хүүхдийн анхаарал татах чамин болох тусам үнэ нь нэмэгдэнэ. Харин цагаан майк хэмжээнээсээ хамаараад 6000-10000 төгрөгийн үнэтэй, цагаан трико нимгэн нь 8000 зузаан нь 10000 төгрөгөөр худалдаална. Харин охидын цагаан үсний боолт загвараасаа хамраад 2000-5000 төгрөгийн үнэтэй байлаа. Цар тахлаас хойш иргэдийн худалдан авалтын жагсаалтад амны хаалт нэмэгдсэн бөгөөд энэ жил ч амны хаалтын эрэлт хэрэгцээ их байгаа аж. Хүүхдийн амны хаалт 50 ширхэгтэй нь 5000-10000 төгрөгийн үнэтэй байлаа. Бага ангийн сурагчид ихэвчлэн улаан, цэнхэр өнгийн бие тамирын хослол өмсөнө. Нимгэн зузаан материалаасаа хамаарч 45000-60000 төгрөгөөр худалдаалагдана.


Нарантуул худалдааны төвөөс нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хэрэглэлийг бүрэн бэлдэхэд ойролцоогоор 280000-310000 төгрөг хэрэгтэй.

 


СУРВАЛЖИЛГА: СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 50-90 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188