• Өнөөдөр 2024-05-17

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Нэг өрөө байрыг 600-1.5 сая төгрөгөөр түрээслэх боломжтой

2022-07-29,   574

       Намрын улирал эхэлж, жил бүрийн энэ үед хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотод суралцахаар ирж буй оюутан, залуусын дунд түрээсийн байрны эрэлт нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд хил гаалийн хязгаарлалт, цар тахлын улмаас бараа бүтээгдэхүүн, барилгын материалын хомсдол бий болж, үнэ нь нэмэгдсээр байна. Түүнийгээ дагаж түрээсийн байрны үнэ ч өсдөг нь иргэдэд тулгардаг хамгийн гол асуудал юм.Тэгвэл орон сууцны түрээс болон нийтийн байрны түрээсийн үнэ ямар байгааг сурвалжиллаа.
 

Нэг өрөө байрыг 600 мянгаас 1.5 сая төгрөгөөр түрээслэх боломжтой

 
            Иргэд түрээсийн байрны үнийн талаарх мэдээлэл хомс байдаг бөгөөд ихэвчлэн ам дамжсан яриагаар дутмаг мэдээлэл олж авах нь бий. Харин үүний талаар тодорхой мэдээлэл авч, хэчнээн төгрөгөөр байр түрээслэх боломжтой талаар Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Э.Гоогоос тодруулсан юм. Тэрбээр “Оюутнуудын хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан түрээсийн байрны хэрэгцээ нэмэгдсээр байна. Түрээслүүлэх зар олон нийтийн сүлжээнд байршуулахад өдөрт 10 гаруй хүн холбогдож, мэдээлэл авч, ирж үзэж байна. Манайх тавилгагүй нэг өрөө байраа сарын 600-850 мянган төгрөгөөр, хагас тавилгатай хоёр өрөө байраа есөн зуугаас нэг сая төгрөгөөр түрээслүүлж байна. Хотын төвд буюу байршил сайтай мөн цэвэрхэн тохилог бол тухайн бүр илүү үнэтэй болно. Бүрэн тавилгатай гурван өрөө байрны түрээс сарын 1.8 сая төгрөгөөс эхэлнэ. Гэхдээ төлбөрөө хагас жилээр, бүтэн жилээр гэсэн хоёр нөхцөлтэйгээр төлдөг. Ингэхийн тулд барьцаанд нэг сарын төлбөр тавих шаардлагатай. “King tower” хотхонд 2018 онд ашиглалтад орсон 68 м.кв  хагас тавилгатай байрыг сарын 2.2 сая төгрөгөөр удаан хугацаанд түрээслүүлэх гэж байгаа. Харин Сүхбаатар дүүргийн “Хангай хотхон”-д тавилгагүй хоёр өрөө байр 1.1 сая төгрөгийн үнэтэй байна” гэлээ. 
 
 

“Unegui.mn” сайт дээрх үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх зар өдөр бүр нэмэгдэж байна

 
       Сүүлийн жилд монголчуудын өргөнөөр ашигладаг зарын сайт болох Unegui.mn-д байршсан үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх зарыг уншиж танилцлаа. Сайт дээрх нэг өрөө байрны сарын түрээсийн үнэ 800 мянга, тавилгатай бол 1.5 сая төгрөг хүртэл үнэтэй зар тавигджээ. Харин хоёр өрөө байрыг сард 1.5 сая төгрөгөөс хоёр сая төгрөгөөр түрээлүүлж байна. Тавилгатай гурван өрөө байр 1.8 сая төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзэхэд өмнө оны мөн үетэй харьцуулбал түрээсийн орон сууцны түрээсийн төлбөр 100-400 мянган төргөрөөр нэмэгджээ. 

Түрээсийн байр үнэтэй байгаа нь оюутнуудад хүндрэлтэй байна

      Байнгын орлоготой залуу гэр бүлийн хувьд одоо байгаа үнийн дүн нь бага зэрэг хүндрэлтэй. Харин оюутан залуус хямдхан, тавилгагүй нэгээс хоёр өрөө байранд гурав, дөрвөөрөө хамтран төлбөрөө төлөн амьдарч байна. Дорноговь аймгаас Улаанбаатар хотод суралцахаар ирсэн оюутан Н.Мөнх-Ирээдүй саяхан түрээсийн нэг өрөө байранд найзынхаа хамтаар нүүж оржээ. Нар шингэж, бүрэнхий болох үеэр гэрэлгүй орцоор урдах замаа арайхийн мэдрэн гишгэлсээр хуучны модон хаалга татаж, Мөнх-Ирээдүйгийнх рүү орлоо. Өрөөний буланд зузаан гудас давхарлаж тавиад түүнийгээ ор болгон засжээ. Нөгөө захад гал тогооны жижиг хэрэгслүүд ил харагдах нь саяхан нүүж орсныг илтгэнэ. Тэрбээр “Би долдугаар сараас түрээсийн байр хайж эхэлсэн. Дорноговь аймгаас ирээд Отгонтэнгэр их сургуульд элсэн суралцах гэж байгаа учраас сургуультайгаа болон хотын төвд ойрхон түрээсийн байрыг судалсан ч хэтэрхий үнэтэй байсан. Жишээ нь тавилгатай нэг өрөө байр хамгийн багадаа 600 мянган төгрөгнөөс эхэлж байна лээ. Би танил ахаараа дамжуулан тавилгагүй нэг өрөө байранд 480 мянган төгрөгийг гурван сараар нь төлж барьцаа мөнгө тушаасан. Орлого багатай оюутан бидний хувьд байрны үнэ нэг талаараа дарамт болж байна. Дээрээс нь их сургуулийн төлбөр жил болгон төлөх болохоор аав, ээжээсээ түрээсийн мөнгө авах хэцүү байдаг. Өдрийн хэрэглээний мөнгө ч олдоход бэрх байна. Гэтэл заримдаа тог болон ус нь гэнэт тасарчихдаг. Зохих төлбөрийг сар сард нь төлдөг ч гэсэн ийм асуудал гараад байгаагаа түрээслэгчид тайлбарлахад эргэж хариу өгөөгүй л байна. Өрөөний хувьд зай багатай, орц, орчин нөхцөл нь тухгүй ч гэлээ үнэтэй байранд төлбөр төлж чадахгүй болохоор арга ядан энэ байранд нүүж ирсэн” гэв. Энэ мэтчилэн орон нутгаас ирж буй оюутнуудад түрээсийн байрны асуудал ихээр тулгарч байлаа. 
 

А.НАРАНЧИМЭГ: Оюутнуудад зориулж тохижуулсан “Penthouse”  түрээслүүлнэ

    Хотын төвд, их дээд сургуульд ойр, бүрэн тавилгатай, орчин үеийн интерьерийн шийдэл хийгдсэн тохилог Penthouse-ыг оюутнуудад зориулж түрээслүүлэхээр болжээ. 
 
-Яагаад заавал охидод зориулж энэхүү байрыг тохижуулж түрээслүүлэх болсон бэ?
 
     -Учир нь оюутан охидуудын аюулгүй байдлыг хангасан байр, цэвэр орчин нөхцөл дутмаг байдаг шүү дээ. Ер нь эмэгтэй хүн өөрөө цэвэрч нямбай, тухтай орчинд дуртай байдаг юм шиг санагддаг. Тийм учраас бүрэн тохижуулж, цэвэрхэн, тохиолог орчинг бий болгосон. Нэг өрөөнд нийтдээ дөрвөн хүн байх боломжтой бөгөөд гурван өрөөнд тус бүр  дөрвөн хүний ортой. 
 
-Дотоод засал, тохижуулалтыг хэрхэн бүрдүүлж ажилласан бэ?
 
      -Гал тогооны өрөөний иж бүрэн тавилга, ахуйн хэрэглээний цахилгаан бараа, мөн хоёр нойлын өрөө, угаалгын машин, хичээлийн ширээ сандал, өндөр хурдны интернэт, хувцасны өрөө, камержуулалт гэх мэт бүх орчин нөхцөлөөр бүрэн хангасан болохоор давуу талтай. 
 
-Нэг оюутны сарын төлбөр хэд вэ?
 
      -Нэг сарын төлбөр 300 мянган төгрөг. Харин нэг сарын барьцаа тушаагаад 10 сараар гэрээ хийгдэж төлбөр төлөгдөнө. Нэг онцлог нь үнийн дүнд хэрэглээний төлбөр багтсан. 
 
-Байршилыг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? 
 
    - Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, хэвлэлийн хүрээлэнгийн ард байрлах 38-р байранд байрлаж байна. 
 
       Олон нийтийн сүлжээн дэх түрээсийн байрны зарын грүп дотроо 35 мянга гаруй гишүүдтэй байх бөгөөд өдөрт дунджаар 20 гаруй шинэ гишүүд элсэж “Түрээсийн хямдхан байр хайж байна” гэх зарыг байршуулна. Сэтгэгдэл хэсэгт ихэнхдээ 1 сая төгрөгөөс дээш үнэтэй байр түрээслүүлэх хүмүүс орж ирэх боловч иргэд төдийлөн үнэтэй байгаа учраас сонирхож чадахгүй өнгөрөөх аж. 
 

Нийтийн байр түрээслэх иргэд ховор байна

 
         Баянгол дүүрэгт нийтийн байр түрээслүүлэх зарын дагуу очиход нийтдээ 10 гаруй өрөөнүүд түрээслэх эздээ хүлээх бөгөөд гэрэлтүүлэггүй, бүүдгэр орчин угтана. Хоёр давхар хуучин хэв маягийн тоосгон байранд цонхны гэрэл бүдэг тусан харагдах аж. Дотор нь орвол булан тохойд нь тоос хургаж, шалны мод гишгэх тоолонд байн байн донхолзоно. Нийтийн байрны эзэн Б.Мөнхбаяраас тодруулахад, тэрбээр “Сарын төлбөр 180 мянган төгрөгнөөс 500 мянган төгрөгийн хооронд байна. Өрөөнүүд цэвэрхэн, ариун цэврийн өрөө нийтдээ хоёр байгаа. Гэхдээ зараа аль хэдийн байрлуулсан ч түрээслэх хүн ховор байна” гэлээ. Чулуун овоонд байрлах нийтийн байранд нэг өрөө байр түрээслүүлэх зарын дагуу тодруулахад  “Усаа худгаас зөөнө, ариун цэврийн өрөө нь гаднаа байрлалтай, сарын төлбөр 180 мянган төгрөг, сар сардаа төлбөрөө төлөх нөхцөлтэй. Барьцаа 50 мянган төгрөг төлнө” гэв.  Харин хотын төвд ойр байрлалтай Улаанхуаранд нийтийн байрыг сарын 500 мянган төгрөгөөр түрээслүүлэх бөгөөд түрээсийн үнэнд интернэт, ус дулаан цахилгааны үнэ багтсан байна. Давуу тал нь төвлөрсөн шугамд холбогдсон, машины зогсоолтой, автобусны буудалтай ойр юм. 
 
 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Нэг өрөө байрыг 600-1.5 сая төгрөгөөр түрээслэх боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188