• Өнөөдөр 2024-05-17

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: САХАР ХОВОРДОЖ БАЙГАА ТУЛ ЧИХЭРТЭЙ ААРУУЛЫН ҮНЭ ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

2022-07-24,   745

 Цагаан идээ түмний хэрэглээ байхаа болив
     Төмстэй хоол тансаг хэрэглээндээ орж, монголчуудын амьдрал өдөр ирэх тусам доройтож, эдийн засаггүй улс боллоо. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэж  зарим нэр төрлийн бараа  олдохоо байлаа. Харин энэ үед 60 сая малтай гэгддэг манай улс сүү, цагаан идээгээр бялхаж, хуучин монгол заншлаар бол хүнсний ногоо, мах идэх шаардлагагүй. Тухайлбал монголчууд зуны улиралд сүү, цагаан идээгээ өргөнөөр хэрэглэж ирсэн байдаг. Тйимээс  сүү, цагаан идээ ямар үнэтэй байгаа  талаар “Бөмбөгөр” худалдааны төвөөс дараах  сурвалжилгыг бэлтгэлээ. 
 
         Их үд өнгөрч, нар буух үеэр "Бөмбөгөр" худалдааны төв хаадаг. Худалдааны төв хаахаас 30 минутын өмнө  хүнсний захаар цугласан олон яаравчилж, дайрчих халгүй өнгөрөх аж. Хуучин худалдан авагчид Бөмбөгөр, Нарантуул, Хархорин худалдааны захаар тор дүүрэн хүнсний бүтээгдэхүүн авах нь өнөөдрийн байдлаар мөн ижил харагдах нь нүдний гэм болжээ. Бэлэн мөнгөний машинд дугаарлах иргэд яарч сандарсаар мөнгө авч халааслаад хүнсний лангуу руу гүйлдэх нүднээ ил харагдана. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний тасгаар явж буй хүн тун цөөхөн. Худалдагч нар нь хааяа нэг зөрж өнгөрөх иргэдэд  лангуун дээрээ дэлгэж тавьсан шинэхэн хорхой ааруулаа өрмөнд дүрээд амтлахыг санал болгож, ар талын тавиураасаа “Өчигдөрхөн ирсэн шинэ ааруул байгаа юм. Амтлаад үз” гэж тослог зузаан ааруул авч өгнө. Худалдагч нар ингэж хамаг байдгаараа хичээж, найрсаг хандах боловч цагаан идээнд дуртай хүмүүс "Мөнгөний боломжгүй" гэдгээ учирлаад гардаг байна. 

ХУДАЛДАГЧ Н.ЦАГААНАА: ААРУУЛ 12-18 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

          Сүү, сүүн бүтээгдэхүүний тасгийн эхний лангуун дээр төрөл бүрийн цагаан идээ өрөөстэй, бүгд л шинэхэнээрээ харагдана. Тухайлбал тос даасан зузаан ааруул, сүү дусалсан шинэхэн өрөмний цөцгий гялзалзан харагдана. Мөн шинэ айргийн үнэр хамар цоргино. Тус лангууны худалдагч Н.Цагаанаагаас цагаан идээний үнэ тодруулсан юм. Тэрбээр “Энэ жил ихэнх нутгаар сайхан зуншлагатай байна. Тиймээс цагаан идээ элбэг байгаа. Харин иргэд цагаан идээ худалдан авах нь муудсан. Манайх өмнө нь чихэртэй сүүн ааруулаа 18-25 мянган төгрөгөөр зардаг байсан бол одоо 12-18 мянган төгрөгөөр, чихэргүй ааруулаа 19 мянган төгрөгөөр зарж байна. Мөн үхрийн шинэ өрөм 11 мянга, сарлагийн өрөм 20 мянган төгрөгний үнэтэй. Монголчууд малын цэвэр бүтээгдэхүүн худалдан авах нь эрс муудсан. Энэ нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой гэж бодож байна. Цагаан идээ зөвхөн сар шинийн өдрүүдээр сайн зарагддаг. Харин бусад үед зарагдах нь муу" гэсэн юм. 

ИРГЭД: Цагаан идээ аваагүй удаж байна. Бараг хэрэглэхээ больсон

           Харин "Бөмбөгөр" худалдааны төвийн хажууд байрлах "Бөмбөгөр-2" хүнсний захад хүн их байв. Худалдагч нар нь жимс жимсгэнэ, гурил, будаа, ургамлын тос зэрэг бараагаа өрж, заримыг нь хурааж байв. Харин цагаан идээний тасгаас 50 орчим настай эмэгтэй  жижигхэн уутанд шар тос, бага зэргийн ааруултай худалдаж аваад гарахтай таарлаа. Түүнээс хэчнээн төгрөгт цагаан идээ авсан талаар асуулаа. Тэр “Би эмчилгээний зориулттай шар тос хэрэглэдэг. Тийм учраас нэг газраас шар тос аваад сурчихсан юм. Дунд зэргийн савалгаатай шар тосыг 10 мянган төгрөгөөр худалдаж авлаа. Харин ямааны сүүтэй, чихэрлэг ааруул 500 граммыг  мөн 10 мянган төгрөгөнд авсан. Энэ жил цагаан идээний үнэ өнгөрсөн жилийнхээс хямд байна. Гэхдээ өдөр тутамд хэрэглээд байдаггүй учир сүү, цагаан идээ  авалгүй удаж байна. Ач хүүдээ өгөх гэж жаахан ааруул авлаа. Мэдээж, өргөн хэрэглээний хүнсээ аваад таардаг учраас цагаан идээнд дуртай байлаа ч ач холбогдол өгдөггүй” гэв. 

ХУДАЛДАГЧ Э.ЛХАГВАДУЛАМ: Сахар ховордож байгаа тул чихэрлэг цагаан идээний үнэ өсөх магадлалтай

Орой болж, иргэдийн хөдөлгөөн багасах үед "Бөмбөгөр-2" худалдааны төв хаах дөхөв. Тэр үед тус захын хамгийн том гэгдэх цагаан идээний лангуун дээр очив. Олон жил худалдаа эрхэлж байгаа Э.Лхагвадуламаас иргэдийн хэрэглээ, өмнөх үеийн борлуулалтын талаар тодрууллаа. 
 
- Та хэдэн жил цагаан идээ зарж байгаа вэ. Байнгын үйлчлүүлэгч бий юү?
 
    -Би гурван жил лангуу түрээсэлж байна. Сар бүр цагаан идээ авдаг байнгын үйлчлүүлэгчтэй. Сүүлийн саруудад орлого багатай байгаа.
 
- Иргэдийн ямар бүтээгдэхүүн хамгийн их авдаг вэ?
 
       -Хүмүүс хорхой ааруул буюу чихэртэй ааруул, масло, цөцгий, бяслаг, айраг зэргийг худалдаж авдаг. Цөцгий 15 мянга, хорхой ааруул 18 мянга, бяслаг 15, масло 16, айраг 7500 төгрөгийн үнэтэй. Сахар ховордож байгаа тул чихэрлэг ааруул үнэд орох магадлалтай байна. Цагаан сарын үеэр цагаан идээ зарагддаг. 
 
 
 Зуны улиралд цагаан идээний борлуулалт муу байдаг учир хөгцрөх, эсэх, чанараа алддаг нь худалдагч нарт хохиролтой байдаг аж. Иймээс иргэд янз бүрийн ундаа, чихэр хэрэглэхийн оронд аарц, ааруул идэх нь эрүүл мэндэд хэрэгтэй. 
 
 
 
 
 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: САХАР ХОВОРДОЖ БАЙГАА ТУЛ ЧИХЭРТЭЙ ААРУУЛЫН ҮНЭ ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188