• Өнөөдөр 2024-05-03

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Дэлхийд 175 жилийн өмнө гайхагдаж байсан соёл Монголд цэцэглэх нь

2022-06-09,   1169

                   Сүхбаатарын талбайн урд байрлах автобусны зогсоол дээр дүүгээ хөтөлсөн нэг жаал найзын хамт автобус хүлээн зогсоно. Нэлээн удаан хүлээж буй нь илт. Дүү нь жаахан байж байгаад  “Агаа гэр рүүгээ явъя л даа, хөл өвдөөд байна” гэхэд “Удахгүй ээ, ахдаа цүнхээ өгчих. Гоё юм харуулна аа. Жоохон л тэсчих” гэж хэлэх нь тэнд байгаа хүмүүсийн анхаарлыг татна. Хаашаа явах гэж ингэж их хичээн, хүлээж байгааг нь харахыг хүссэн хүн олон. Төд удалгүй нөгөө жаал “Тэр, тэрийг хардаа ирж байна. Ах нь дүүгээ гоё газарт нь суулгана аа” гээд нааш ирж буй хоёр давхар автобусны зүг харан мишээнэ. Энэ дүр зураг сүүлийн хэд хоногт давтагдаж байгааг автобусны зогсоолын дэргэдэх мухлагийн худалдагч хэлэв. Учир нь энэ сарын 3-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын төв замын нийтийн тээвэрт арван ширхэг хоёр давхар автобус явж эхлээд буй. Тодруулбал,

              “2024 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийнэ” гэж Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар мэдэгдээд байгаа юм. Тус зорилтын хүрээнд энгийн 61, хүүхдийн 20, хоёр давхар арав буюу нийтдээ 91 автобусыг шинээр үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Шинээр нэвтрүүлж буй автобуснуудаас иргэдийн дунд ихээхэн анхаарал татаж байгаа нь хоёр давхар автобус аж. Өмнө нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар автобус явж байсан ч стандартад нийцээгүй гэх шалтгаанаар буцааж байсан удаатай. Энэ удаа нэвтрүүлж буй автобус нь стандартад нийцсэн эко гэдгээрээ олон хүний анхаарлын татна. Иймд бид энэ удаагийн өдрийн сурвалжилгаа хоёр давхар эко автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэдэд ямар байгааг онцлон хүргэхийг зорилоо. 

                       Хоёр давхар арван автобус нь Таван шар- Офицер, Ханын материал-Офицер гэсэн хоёр чиглэлд иргэдэд үйлчилж байна. Багтаамжийн тухайд дээд давхартаа 40 хүн, доод давхартаа 14 хүн зорчих боломжтой. Доод давхарт  байрлах суудлуудад зориулалтын тэмдэглэгээг байршуулжээ. Учир нь дээд давхарт гарч чадахгүй, настай хүн, өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэй зэрэг тодорхой шалтгаантай иргэд суух аж. Мөн доод давхар босоогоор 10-15 зорчих боломжтой. Ингэснээр нийтдээ 70 орчим хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломж бүрджээ.
                        Хоёр давхар автобусны жолооч Т.Батмөнхтэй ярилцсан юм. Тэрбээр “Нийтийн тээврийн салбарт зургаан жил гаруй хугацаанд ажилласан. Жолооч болоод 20 жил болжээ. Шинээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусыг жолоодож байгаадаа баярладаг. Энгийн автобусыг бодвол хүн буулгах, суулгахдаа жаахан удна. Цахилгаан учраас хаалга бүрэн хаагдсаны дараа хөдөлдөг. Бусдаас бол энгийн автобустай л адилхан. Хоёр давхарт суухад ямар нэгэн ялгаатай зүйл байдаггүй. Үйлчилгээнд явж эхэлсэн эхний өдөр хүмүүс хүлээж байгаад суусан шүү дээ. Одоо ч ачаалал их. Шинэ зүйл болохоор үйлчлүүлж буй бүх хүн дээд давхарт суухыг хүсэж байгаа нь мэдэгддэг. Орж ирээд л дээд давхар руу тэмүүлдэг. Хүүхдүүд аав, ээжийгээ дагуулаад л орж ирэхээр нь дээр суулгачих юм сан л гэж боддог. Бас нэгэн анзаарагдаж буй зүйл нь хүмүүс соёлтой болжээ. Ийм  сайхан зүйлийг ариг, гамтай хэрэглэвэл хэн хэндээ хэрэгтэй гэдгийг ухамсарлах нь олон байна. Зарим нэг иргэд хогоо суудлын энд, тэнд орхих тохиолдол  байна. Жолооч хүний жаргал чинь хамгийн эрт босоод иргэдийг зөөх юм шүү дээ. Сүүлийн үед тохиолдсон хөгжилтэй зүйл гэвэл төв замаар хүнээ зөөгөөд явж байхаар иргэд утсаа гаргаж ирээд  зураг, бичлэг авах тохиолдол нэмэгдсэн. Эхэндээ дасахгүй байсан одоо дасаж байх шиг байна. Иргэд үйлчлүүлээд гарахдаа “Гоё юм байна. Баярлалаа” гэж хэлэхэд л хийж буй ажил минь үнэлэгдэж байгааг мэдэрдэг” гэсэн юм. 

-Шив, шинэхэн хоёр давхар автобусанд онцлох зүйл олон-

         Нийтийн тээврийн хэрэгсэл гэхээр л бохир,агаар муутай харах орчин хязгаарлагдмал дүр төрх төсөөлөгддөг. Гэтэл шинэ автобусанд уужим, цэлгэр цонхнуудыг байршуулснаар илүү тав, тухтай зорчих боломж нээгджээ.
 
       Мөн гар утас цэнэглэх залгуур суудал бүрийн хажууд байгаа нь оюутан, залуус ихээхэн таалагдсан нь лавтай. Орчин цагт ухаалаг утасгүй хүн ховор. Гэртээ харих замдаа утсаараа ажлаа амжуулж цаг хэмнэнэ.
     Хэдэн жилийн өмнө нийтийн тээврийн автобус бүрд төлбөр хураан авдаг кондуктор ажилладаг байсан шүү дээ. Цахим системд шилжиж, ухаалаг карттай болсноор зөвхөн жолооч ажиллах болсон. Харин хоёр давхар автобусны хувьд “Шалгагч” гэх ажлын байрыг бий болгожээ. Хоёр давхарт үйлчлүүлэх иргэдийн тоо  40 дээш хэтрэх ёсгүй учраас, стандартыг хангаж, зохицуулах үүрэгтэй юм. Мөн тусгай хэрэгцээт иргэд үйлчлүүлэхэд өмнөөс нь угтаж, хариуцан ажиллах хүн байгаад баярламаар.
    Хоёр давхар автобусны тааз болон ханыг гадаах орчин харагдаж болохуйц байршуулсан тэс өөр, өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж байна. Ил байршуулсан том цонхоор хотын гудамжийг ширтэх хүн цөөнгүй. Ард эгшиглэх намуухан ая, цонхоор сэнгэнэх зөөлөн салхи, үзэгдэх орчин нийлээд ер бусын гэмээр тайвшралыг өгөх мэт. 
         Итгэл төрүүлэм нэг зүйл байсан нь бүрэн камержуулалтыг хийжээ. Яагаад ч юм нийтийн тээврээр үйлчлүүлж явахад байршуулсан камер ажилладаг хэсэгт эргэлзэх хүн их байдаг биз ээ. Учир нь нийтийн тээврээр зорчиж яваад эд, зүйлээ алдахад тэнд байх камерын бичлэгийг шүүхэд хүндрэлтэй, нэг ёсондоо үр дүнг мэдэрдэггүй. Ажиллаж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй. Гэтэл шинэ автобусанд жолоочийн дэргэд хянах дэлгэцийг тавьсан байв. Тэгэхээр жолооч дээд, доод давхрыг бүхэлд нь хянах, шаардлагатай тохиолдолд мэдээлэхэд асуулдалгүй аж.

-Иргэд хоёр давхар автобусанд суухын тулд зорин ирж байна-

          Хүн ихтэй үед хоёр давхар автобусны доод давхарт зогсож дээшээ гарахыг хүлээн зогсон иргэд цөөнгүй. Харин дээд давхарт ямар нэгэн оочир, зогсох хүн байхгүй. Бүгд зориулалтын суудалд сууж, аюулгүй зорчино. Үйлчлүүлж буй иргэдийг анзаарвал хүүхэд, багачуудаас эхлээд бүхий л насныхан байна. Тэдгээрийн төлөөлөл болгон А.Урантогостой ярилцсан юм. “Би шинэ хоёр давхар автобусанд зорьж ирж суулаа. Манай гэр энэ чиглэлд байдаггүй. Хүүгээ дагуулан “Суугаад үзье, ямаршуухан байна” гээд л харахаар ирлээ. Урьд  нь ийм автобусанд сууж байгаагүй. Бас л гоё л байдаг юм байна. Эко гэхээр нь их сонирхсон. Бодвол хэмнэлттэй л эд байх даа. Хэсэгхэн суугаад явахад тухтай сайхан юм. Бүх нийтийн тээвэр ийм болчихвол хэрэглэгчдийг татаж, хүлээгээд байдгийг багасгах байх гэсэн бодол төрлөө. Одоогоор шинэ болохоор сайхан л харагдаж байна”гэлээ.
      Хоёр давхрын хойд суудлуудаар ихэнхдээ хүүхдүүд сууж харагдана. Баяр хөөр болсон хүүхдүүд нэгнээ харан “Бараг л онгоцоор нисээд  байгаа юм биш үү, ямар гоё юм бэ” гэж шивнэлдэнэ. Тэдний хувьд хоёр давхарт суух нь хамгийн гоё мэдрэмж ч байж болох юм. Гэнэн цайлган, сониучхан тэднээс шинэ хоёр давхар автобусанд суух ямар байгааг тодлуулсан юм. 
        Г.Азбилэг “Би 11 настай. Тавдугаар ангид сурдаг. Одоо хоёр хоногийн дараа бараг төгслөө. Өнөөдөр анх удаа хоёр давхар автобусанд суулаа. Хоёр давхар нь аймар гоё юм байна.  Суугаад л баймаар санагдсан. Тэгээд эцсийн буудал дээр буугаад, автобус эргэх хооронд найзуудыгаа дагуулаад маш хурдан гүйж ирээд дахиад суусан. Гүйж байхдаа “Хоцорчих вий дээ” гэж айж байсан. Гэхдээ хоцроогүй амжаад суучихлаа шүү дээ. Хэрвээ амжаагүй бол  дахиж сууж чадахгүй гээд харамсах байсан. Хичээлээ тараад гэрийнхэндээ утсаар л хэлээд ингээд суугаад явж байна” гэв.
         М.Билгүүдэй “Би арван настай. Хэд хоногийн өмнө хөдөөнөөс ирж байсан чинь хоёр давхар автобус явж байхыг хараад өнөөдөр найзуудыгаа дагуулаад ирсэн. Орж ирэхээсээ өмнө хоёр давхарт нь л суумаар санагдсан. Ийм гоё том автобусыг хүмүүс хайрлаж, цэвэрхэн сууцгаавал гоё л доо” гэсэн юм.
Д.Эрхээ “Би найман настай. Гуравдугаар анги. Манай хичээл амраад зуны амралт эхэлчихсэн. Автобусанд суухаас өмнө харчхаад суучих юм сан гэж бодож байсан. Суугаад явсан чинь буумааргүй, тултал нь яваад баймаар санагдаж байна” гэлээ.
              Хүүхдүүд хоорондоо нийлээд сахилгагүйтэх болов уу гэтэл огт тэгсэнгүй. Харин ч томоотой, хаана юу болж байгааг анзаарч, сониучирхан явах нь өхөөрдмөөр. Гэрээсээ холдсон ч “Зүгээрээ буцаад буугаад л өөр автобусанд дамжаад суучихна” гэх тэд дэндүү гэгээлэг бас хайр татам. Шинэхэн автобусанд өөрсдийн гэсэн гэрэл нэмж буй бяцхан хүүхдүүд олон байна.
 
            Энэ хүрээнд бид Зорчигч тээвэр III орон нутгийн өмчийн, аж ахуйн тооцооч үйлдвэрийн газрын, Захиргааны хэлтсийн дарга П.Алтантөгстэй холбогдож, нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлж буй хоёр давхар автобусны талаар тодруулсан юм. Тэрбээр “Түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр давхар автобусыг Улаанбаатар хотын төв зам дагуу арван автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Замын ачааллыг судалж, өмнөх угсраа урт автобусыг нэвтрүүлсэн. Олон иргэдийг тээвэрлэхийн хувьд ач холбогдол өндөр  боловч түгжрэлийг бууруулахад төдийлөн нөлөөлөөгүй. Тиймээс энэ удаад шинэ соёл болж буй хоёр давхар автобусыг нэвтрүүлсэн.
 
         Ер нь нийтийн тээвэрт явж буй автобусны стандарт хэмжээ нь 10.6-10.8 метрийн хооронд байдаг. Шинээр нэвтрүүлж буй автобус нь 10.6 метр буюу нийтийн тээврийн үйлчилгээний стандартад нийцэж байгаа юм. Шинээр нэвтрүүлж буй нийтийн тээврийн чиглэлээр мэргэшсэн, салбартаа 6-10 жил хүртэлх хугацаанд тууштай ажилласан хүмүүс байгаа.
 
      Хоёр давхар автобус гэдэг зүйл нь манай улсын хувьд шинэ зүйл учраас иргэд их сонирхож үйлчлүүлж байгаа нь анзаарагдсан. Мөн 100 хувь цахилгаанаар ажилладаг гэдгээрээ онцлог. Ажиллах цагийн хуваарь нь хуучин автобусны цагийн хуваарьтай яг ижилхэн. Энэ удаад шинээр нэвтрүүлж буй хоёр давхар арван автобус нь туршилт хэлбэрээр явагдаж байна. Хэрэв цаашдаа түгжрэл, агаарын бохирдолд тодорхой хэмжээнд нөлөөлбөл, үргэлжлүүлэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна” гэсэн юм. 

               Хоёр давхар автобусанд суухыг хүсэх олон хүн байна. Шинэ зүйл учраас тэр. Нэг талаараа шинэ соёлыг нэвтрүүлэх нь давуу талтай ч хэдий хугацаанд ашиглагдах нь үйлчлүүлж буй иргэдээс хамаарна гэдгийг олон хүмүүс ойлгоосой. Эхний зогсоолоос эцсийн зогсоол хүртэл сууж, буух хүний тоог таашгүй. Тэр дунд согтуу хэрнэ бусдад муухай үг хэлж шүлсээ хаях хүмүүс ч байна. Мөн жолооч, шалгагчид хангалттай сайн ажиллаа ч иргэд замбараагүй хандаж, бохирдуулж орхисон зүйл анзаарагдсан юм. Зүгээр л төсөөлье л дөө. Хувьдаа  шинэ машин авлаа гэхэд тоохгүй, орхиж бохирдуулж чадна гэж үү. Яагаад ийм муухай ялгаварлаж ханддаг болчих воо. Энэ мэт шинэ соёлыг таниулах  гэхээр “Сүйрүүлээд өгье” гэсэн хандлагатай байж хэрхэвч болохгүй.

             Мөн зургадугаар сарын 2-нд цахим сүлжээнд хөндөгдсөн нэг асуудал бол “Хоёр давхар автобусаа үйлчилгээнд нэвтрүүлсэн чинь троллейбусны шугамд шүргэсэн гэнэ” гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудалтай холбоотой хэд хоногийн өмнө Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугартай холбогдож тодруулахад. Тэрбээр “Цахим сүлжээнд цацагдсан мэдээлэлд хариу өгөхөд хоёр давхар автобусны өндөр 4,18 см харин троллейбусны шугамын өндөр 5,5 см байдаг. Троллейбусны шугам зарим хэсэгтээ суларч, унжсаны улмаас хоёр давхар автобус шүргэсэн зөрчил гараад байгаа юм. Тиймээс энэхүү зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн.
       Одоогоор автобуснууд төв замаар хэвийн зорчиж байгаа ч маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Хоёр давхар автобусанд суугаад дээш харахад хэдхэн хоногийн өмнө сөхөгдсөн асуудал үнэхээр шийдэгдсэн хэсэгт эргэлзээ төрсөн. Учир нь автобусны таазаар дээш хармагц троллейбусны шугам дэндүү ойрхон байсан. Шинэ соёл, техник технологийг түгээнэ гэдэг сайхан ч түүний дараа үүсэх асуудлуудыг эртнээс тооцоолохгүй бол болохгүй нь. Өчнөөн олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалтыг нураах зүйл нь иргэдийн сөрөг хандлагаас гадна, өмнө нь шийдвэрлэж чадаагүй, шийдэх ёстой асуудлууд нөлөөлж байна.

           Хоёр давхар автобус нь манай улсын хувьд шинэ, соргог зүйл ч Их Британи улсад одоогоос 175 жилийн өмнө үүссэн байдаг. Тодруулбал, хамгийн анхны хоёр давхар автобусыг 1847 онд Англид Fairfield, Adams&CoBow-ийн компани бүтээсэн байдаг. Дэлхийд 175 жилийн өмнө гайхагдаж байсан соёл Монголд цэцэглэх нь. Үнэхээр үр дүнтэй, аюулгүй, стандартад нийцэж үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаж чадаж байвал цөөн хэдэн тээврийг бус Улаанбаатар хот доторх бүх нийтийн тээврийг ийм болгох хэрэгтэй.  Ингэхээс урьтаж олон жил яригдаад одоо минь “Ужгирсаар” байгаа асуудлуудаа шийдэх шаардлагатай юм.


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Дэлхийд 175 жилийн өмнө гайхагдаж байсан соёл Монголд цэцэглэх нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 13:19:31
    Зочин: 2 дор давхар жолоочгүй аюултай даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188