• Өнөөдөр 2024-04-27

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хонхны баярт оюутан хамгийн багадаа сая төгрөг зарцуулж байна

2022-05-11,   660

        Ерөнхий боловсролын сургуулиуд хонхны баяраа хийгээд эхэлжээ. Тавдугаар сар бол төгсөлтийн баярын өрнүүн их баяр хөөртэй сар. Хаврын хаварт төгсөх ангийн хүүхэд, залуус "Хонхны баяр дөхлөө" гэж догдлон баярлахын сацуу монтаж болон зугаалга нийлэгний үнэ өртөгт битүүхэн санаа зовнидог нь нууц биш. Эцэг, эхчүүд ч төгсөж байгаа хүү, охиноо хүний хүүхдээс дутаахгүй, үлдээхгүй гэж хэрдээ тав арван төгрөг илүүчилж, хамгаа шавхан өгнө. Гэсэн ч төгсөлтийн баярын зарлага барагдахгүй. Тэр дундаа нэг айлын хүүхдүүд зэрэг төгсвөл бүүр ч чанга болж, банкнаас зээл авахдаа хүртэл тулдаг нь бодит зүйл. Энэ ч утгаар бид энэ хаврын төгсөгчдийн бодит нөхцөл байдалтай танилцаж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

-Э.СҮГЛЭГМАА ХОНХНЫ БАЯРТАА 500 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-

        Э.Сүглэгмаа энэ жил Чингэлтэй дүүргийн 49-р сургуулийн XII ангийг төгсөж буй. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх нөр их ажлын хажуугаар түүнд оногдсон хамгийн чухал ажлын нэг нь хонхны баяр. Энэ том даваагаа тэр өнгөрсөн долоо хоногт давж, төгсөлтийн баяраа хийжээ. Тэрбээр төгсөлтийн баярын монтаж, ресторан, амралтын газрын захиалга зэрэг бүгдийг нь ном журмын дагуу төлж, хонхны баяр гээд аав, ээжийгээ их “шатаасан” гэж ярина. Тэдний анги 28 сурагчтай болохоор багш нь фото студитэй ярьж, нэг хүүхдийн 65 мянган төгрөгөөр монтаж хийлгэхээр болсон гэнэ. Харин рестораны хувьд нэг хүүхдийн 50 мянган төгрөг хураалгасан байна. Тэгээд төгсөх анги болохоор сургуульдаа дурсгалтай зүйл үлдээх зорилгоор нэг ангийг нь кабинет болгон тохижуулахад өгөх мөнгө, хонхны баярын хувцас, багшдаа бэлэг авч өгөх гээд нийт 500 мянган төгрөг зарцуулжээ.

    Ресторанд ганцхан удаа өмсөх палажаа тэр 120 мянган төгрөгөөр авсан гэнэ. Тэр хонхны баярын зарлагынхаа тухай “Манай анги олон хүүхэдтэй болохоор бас ч гэж гайгүй өнгөрсөн. Багш монтажныхаа мөнгийг төлж чадахгүй хоёроос гурван хүүхдийн мөнгийг фонтны мөнгөнөөс гаргаж төлсөн. Ер нь монтажны мөнгөө өгч чадахгүй, хонхны баяртаа орж чадахгүй хүүхдүүд ч байдаг. Одоо манай монтаж гараагүй байгаа. Хичээл амрахаас өмнө гарах байх” гэв.

       Э.Сүглэгмаагийн ангийнхан харин амралтад яваагүй гэнэ. Улсын шалгалт, Элсэлтийн ерөнхий шалгалт гээд завгүй байгаа тул бүх шалгалтаа дуусгаад нэгдсэн байдлаар явах санаатай байгаа гэдгийг тэр хэлж байв. Хамаг байдгаараа хэмнээд тэр 500 мянган төгрөг хонхны баяртаа зарцуулсан гэдгийг онцлон ярьж байв. Тэр өөртөө авсан ганц юм гэвэл палаж. Бусдаар бол сургууль, нийллэг, ангиараа хоол идэх ресторанд мөнгөө зарцуулжээ. Түүний аав, ээж хоёр Хэнтий аймагт амьдардаг бөгөөд тэр хотод нагац эгчийндээ суудаг байна. Охин нь сургуулиа төгсөхийн сургаар хэдэн ямаагаа самнаж, ноолуураа тушаагаад хэрэгтэй бүх л мөнгийг нь цаг алдалгүй явуулж байж. Түүний хэлдгээр аав, ээж хоёр нь малчин болохоор ноолуураа тушаагаад хонхны баярын төлбөр мөнгө, зарлагыг нь шийдчихнэ. Харин хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа айлын хүүхэд бол монтажны мөнгө манатай л байх болов уу. 

-МОНТАЖНЫ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨССӨН-

       Дээр бид ахлах ангиа төгсөж байгаа сурагчийн жишээг өгүүлсэн бол дунд ангиа төгсөж байгаа сурагч ч мөн дутахгүй зарлагатай байдгийг энэ хэсэгт дурдая. Чингэлтэй дүүргийн XVII сургуулийн IX ангийн сурагч Г.Ирмүүнтэй ярилцлаа. Түүний хувьд энэ жил ахлах ангиа төгсөж байгаа бөгөөд мөн л хонхны баяраа хийж, монтаж, рестораны захиалгын мөнгө хураалгасан байна. Түүний зарлага Э.Сүглэгмаагийнхийг бодоход харьцангуй бага байх бөгөөд хонхны баяртаа 350 мянган төгрөг зарцуулсан гэнэ. Г.Ирмүүн “Манай анги 22 сурагчтай. Ангийн багш нэгдсэн журмаар монтажанд 70 мянган төгрөг хураалгаж, рестораны мөнгө нэг хүүхдийн 55 мянган төгрөг болсон. Тэгээд нийт хонхны баярт 300 гаруй мянган төгрөгийн зарлага гаргасан. Миний хувьд хүүхдийн мөнгө авдаг болохоор хонхны баяртаа хүүхдийн мөнгөө зарцуулсан. Зарим хүүхдийн хувьд монтажны мөнгөө өгөх хэцүү байдаг болохоор багш 2-3 хүүхдийн мөнгийг фонтны мөнгөнөөс шийдсэн" гэнэ.

     Ийнхүү бид арван жилийн дунд, ахлах ангийн хоёр хүүхдээс мэдээлэл авахад ийнхүү ярьж байв. Мэдээж, монтаж хийдэг фото студийн газар болон анги хамт олны захиалга авдаг ресторан, амралтын газрууд үнээ өнгөрсөн жилээс 10-20 мянган төгрөгөөр нэмжээ. Энэ талаар тус XVII сургуулийн ангийн багш Б.Шинэжилээс асуухад “Өнгөрсөн жил би XII анги төгсгөсөн. Тэгэхэд сургуулиас нэгдсэн журмаар монтажаа захиалж байсан. Тухайн үед нэг хүүхдийн 55 мянгаар захиалж байсан юм. Энэ жил 10 мянган төгрөгөөр өссөн байх шиг байна” гэж байв. Ийнхүү нэг сурагч хамгийн багадаа 350-500 мянган төгрөг хонхны баяртаа зарцуулж байна. Ердөө хэмнэж, танаад л ийм төгрөгийн үнэтэй байгааг тэд онцолж байв. Тэгэхээр хүүхдүүд төгсөлтийн баяраа хийх сайхан ч түүнийгээ давсан их зарлага л нэг өрх айл, нэг сурагчид хүнд тусаж байгаа аж. Хамгийн наад зах нь сургуулиа төгсөж байгаа хүн шинэ костюм, палаж авмаар болох. Гэвч өнөө хувцасных нь үнэ нь тэнгэрт хадаж, доод тал нь 120-150 мянган төгрөгөөс буудаггүй. Үнэндээ хүүхдүүдийн бодит байдал ийм байв.

-ИХЭР БОЛОХООР ЗЭРЭГ ТӨГСӨНӨ-

    Хонхны баярын их шаталтад хамгийн их өртөж, бүр живдэг хүмүүс бол оюутнууд. Тэдний зарлага, гоёл гангараа, нийллэг зугаалгын мөнгө доод талдаа саяас буудаггүй байна. За тэгээд, нэг айлын хоёр хүүхэд зэрэг төгсвөл бүр л санхүүгийн хүндрэл үүсдэг байна. Энэ дагуу бид МУИС-ийн оюутан Энхцэцэг, Энхчимэг хоёртой ярилцлаа. Тэр хоёр ихрүүд бөгөөд энэ жил зэрэг сургуулиа төгсөж буй. Нэг нь тус сургуулийн утга зохиолын ангийг нөгөө нь эдийн засгийн ангийг төгсөж байгаа гэнэ. Тун удахгүй хонхны баяр нь дөхсөн тэр хоёрт санхүү бол хүндхэн байгаа нь тодорхой. Аав, ээж нь хоёр охиноо яаж ийж байгаад л хонхны баярыг нь хийлгэнэ гэж мэрийж, тэр хоёрт аль хямд, боломжтойг нь эрэлхийлсээр. Энхцэцэг одоогоор тэнхимийн зугаалгад явах гээд 100 мянган төгрөг хураалгасан байгаа гэнэ.

   Тэрбээр “Хонхны баяр монтаж 280 мянган төгрөгийн багц авсан, дээл 300 мянгаар хийлгэж байгаа. Одоогоор ийм байна, тэгээд багшид бэлэг авч өгөх, ресторанд ороход өмсөх палаж, диплом,ромбоны мөнгө, ангиараа өмсөх хос цамц , рестораны мөнгө гээд бараг нэг сая төгрөг хүрэх тооцоотой байгаа. Манай ихэр бас адилхан. Тэгэхээр бид хоёр гэхэд нэг хүүхдийн 2-3 сая төгрөг болж байна” гэж ярина. Нэг хүүхэдтэй айлд л гэхэд өчнөөн их дарамт, бухимдал, асуудал гарч байхад хоёр ихэр бол чангын чанга байгаа нь угаас тодорхой. Ёстой л "Дандаа бид хонхны баяр хийх биш", амьдралд ховор нандин гэж байгаад л бүхнээ шавхан тэмдэглэж, хамгаа өгчихдөг нижгэр баяр. Тэд ч мөн ингэж л бодсоор мөнгөө харамлахгүй сууна.

-АМРАЛТЫН ГАЗАР ХОНОГИЙН 100-150 МЯНГА-

  Төгсөх анги хамт олны хамгийн гол очих газар бол амралтын газар. Тэр дундаа оюутан залууст хамгийн чухал. Энэ ч утгаар бид зар амралтын газартай холбогдож, үнэ ханшийн мэдээллийг тодрууллаа. "Баясгалан" амралт анги хамт олны тусгай хүлээн авалтын багцтай бөгөөд  гэр дангаараа хоногийн 100 мянган төгрөг. Харин хоол хүнсээ дотроосоо бол нэг хүний 55 мянган төгрөг гэсэн хоёр сонголттой багц захиалга гаргажээ. Өөрөөр хэлбэл, 25 хүүхэдтэй ангид нэг хүүхдийн 55 мянга гэхээр 300 мянган төгрөгт гурван гэр аваад, үлдсэн мөнгөнд нь дотроосоо хоол хүнс нь олгогдохоор тооцжээ. 
 

  Харин "Баянтүмэн" амралтын газрын хувьд мөн сурагчид амралтын нэг өдрөөрөө ангийн багштайгаа амрахаар ирэх захиалга байгаа гэдгийг хэлж байсан юм. Амралтын газруудын хувьд цар тахалтай сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлчлүүлэгч бага байсан. Харин энэ жил овоо захиалгатай байгааг онцлохын зэрэгцээ үнэ нь ч нэмэгджээ. Харин ресторануудын хувьд хүүхдийн тооноос хамаараад 500-1.5 сая төгрөгийн хооронд захиалга авч байгаа гэнэ.

    Ийнхүү сурагч болон оюутан залуус хонхны баяраа баяртайгаар хийхийн зэрэгцээ ихэд "шатаж", өндөр зарлага гаргасан хэвээр байна.

 

 

 


ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хонхны баярт оюутан хамгийн багадаа сая төгрөг зарцуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188