• Өнөөдөр 2024-04-26

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Улирлын шинжтэй ханиад, томуу хурдацтай тархаж байна

2022-05-07,   599

                      Гудамж талбай, сургууль, цэцэрлэг гээд олон хүн зорчдог газруудад ханиалгаж, найтаасан хүнээс зайгаа барьж, холдож байсан үе саяхан. Коронавирус дэлхий дахинд тархаад хэдийн хоёр жил гаруй хугацаа  өнгөрчээ. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхий нийтээрээ эрүүл мэнддээ анхаарч, аюулт өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах шаардлагатай болсон. Энэ хүрээнд хэрэглэж хэвшээгүй, амны хаалтыг өдөр тутамдаа зүүж, гар ариутгагч, вирусээс хамгаалагч зэргийг тогтмол хэрэглэж, биеэ “Тордох” ёстой гэдгийг ойлгож авцгаасан. Цар тахлын халдварын тохиолдол энэ оны хоёрдугаар сараас буурч эхэлсэнтэй холбоотой, иргэд амны хаалт зүүхээ больж хуучин хэвэндээ орсон. Гэтэл Коронавирусын тархалт одоог хүртэл үргэлжилсээр байна. Бид л тоохгүй байгаа болохоос биш “Хэцүү нэрт” холдоогүй харин ч ойртсоор байна.

-Шинэ төрлийн ханиадны давлагаа үүсч, хүндрэх тохиолдол цөөнгүй байна-

                             Сүхбаатар дүүргийн “Дотны туслагч” өрхийн эмнэлгийн их эмч О.Ариунболор “Ханиадны вирус нь амьсгалын замаар дамждаг. Иймд ханиад хүрсэн хүний ойролцоо байх эсвэл вирусээр бохирдсон гадаргууд болох хаалганы бариул, компьютерын гар гэх мэт зүйлд хүрсний дараа, гараа шууд нүүр амандаа хүргэх үед ханиадны халдвар авах магадлал ихэснэ.
 
                               Ханиадны шинж тэмдэг цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушгины хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй.
 
                          Өрхийн эмнэлгийн тухайд анхан шатлал гэдэг утгаараа ачаалал ихэссэн. Шинэ төрлийн ханиадны давлагаа үүсч, хүндрэх тохиолдол цөөнгүй байна. Ихэвчлэн 0-10 насны цэцэрлэг, сургуульд хамрагддаг хүүхдүүд энэ өвчлөлд өртөж байна. Энгийн ханиаднаас ялгарах зүйл маш хурдан тархаж, богино хугацаанд хүндэрч байна. Жаахан халуурч, хоолой өвдөж байснаа шаардлагатай эмчилгээг хийхгүй тохиолдолд хүндэр ч амьсгаа авахад хэцүү болж, уушги өвчлөх зэрэг сөрөг нөлөө гардаг. Мөн хоолой үрэвсэн улайж идээлэх, уушги үрэвсэж хатгалгаа болох гэх мэт бусад хүндрэлүүд тохиолдоно. Хэрэв ханиад томуу туссан бол мэргэжлийн эмчид хандаж, зөв эмчилгээ асаргаа маш чухал. Амьсгалын дээд замын халдвар авсан нийт өвлөгчдийн 70-80 хувь нь 0-10 насны хүүхдүүд байна. Үлдсэн хэдэн хувь нь томчууд эзэлдэг. Иргэд Коронавирус алга болсон гэж ойлгож, амны хаалтаа зүүхээ багасгаж байгаа нь буруу юм. Өдөр бүр шинэ тохиолдлууд бүртгэгдэж байна. Одоо шинэ давлагаа үүсгээд буй амьсгалын дээд замын халдвараар өвчлөөд Ковидын шинжилгээ өгөхөөр сөрөг гараад, үүнд нь иргэд тоохгүй, улам хүндрүүлээд байгаа зүй тогтол ажиглагддаг. Энэ бол маш буруу. Коронавирусээс өөр маш олон төрлийн амьсгалын замаар халдварладаг өвчлөлүүд байдаг. Тиймээс иргэд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сайн амарч, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
 
Мөн халдвар авах эсвэл халдвар дамжуулахаас сэргийлж дараах зүйлсийг хэрэгжүүлнэх боломжтой:
  • Гараа тогтмол угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгах бодис хэрэглэх
  • Ханиад томуутай хүнээс хол байх
  • Амны хаалт зүүх
  • Томуугийн эсрэг вакцинд хамрагдах
  • Ханиах найтаах үедээ амны хаалт хэрэглэх
  • Сайн унтаж амрах
                                      Хэрэв зовиур нь удаан хугацаанд үргэлжлээд байвал мэргэжлийн эмчид үзүүлэх нь чухал. Мөн амны хаалтыг тогтмол хэрэглэх нь олон төрлийн өвчлөлөөс хамгаалах түлхүүр болдог гэдгийг ойлгож тогтмол хэрэглэхийг хүсэж байна. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхэд нь өвдөж, ханиад, томууны шинж тэмдэг илэрлэвэл сургууль, цэцэрлэгт нь явуулахаас урьтаж эмчид үзүүлж, халдвар тархахгүй болтол нь гэрээр сайн асаргаа сувилгаа хийх хэрэгтэй. Зарим тохиолдолд эцэг, эхчүүдийн асаргаа сувилгаа дутмагаас болж ямар ч буруугүй  хүүхэд хүнд өвдөж, хүндэрдэг. Тиймээс урт хугацаанд эрүүл байхын тулд өнөөдрөөс хайртай хүмүүсээ халамжилж, асрах нь чухал юм” гэв.
                                      Биднийг “Дотны туслагч” өрхийн эмнэлгийг зорин очиход кодироор дүүрэн хүүхдээ тэвэрсэн ээжүүд, хүлээлгийн танхимд эмчид үзүүлэхээр суугаа олон хүн харагдсан юм. Хүлээж буй хүмүүсээс нэлээн зайд, аль болох холхон зогсохыг хичээж буй нэгэн эмэгтэй байсан юм. Түүнийг Н.Чимгээ гэдэг. Тэрбээр “Би 47-той. Суурь астомтой. Хоёр хоногийн өмнө жаахан хоолой сэрвэгнээд, бие зарайгаад байсан. Одоо өдөр, шөнөгүй ханиалгаж байна. Удаан ингэж явбал амьсгалж болохгүй байдаг. Тийм болохоор өрхийн эмчид үзүүлж, шаардлагатай зөвлөгөө мэдээллээ аваад, эмнэлэгт хэвт гэвэл хэвтэх гээд явж байна. Улирлын шинжтэй ханиад томуу гэхээс илүү ковидын шинэ хувилбар юм болов уу л гэж бодож байна. Манай нөхөр надаас халдвар аваад өнөөдөр өвдчихсөн. Ийм л байдалтай байна. Хүүхдүүддээ өгчих вий дээ гэж бодоод байна. Гэхдээ би халуураагүй атал манай нөхөр халуурсан. Хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч өөр, өөр байх шиг санагдсан. Эхлээд дахиад л Ковид авчихвуу даа гэж бодоод, шинжилгээ өгтөл сөрөг гарсан. Тэгээд хүндрэхээс нь өмнө гээд л ингээд явж байна даа” гэсэн юм.
 
                                      Үндэсний статистикийн хорооноос 2017-2021 оны хооронд нэг эмчид ногдох хүнийг тоог судалжээ. Тус судалгаагаар нэг эмчид ногдох иргэдийн 2017 онтой харьцуулахад, 2021 онд харьцангуй буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Гэтэл бодит байдал дээр Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд өдөр дунджаар 65-50 өвчин үзэж, эмчилгээ зөвлөгөө авдаг. Цар тахлын дараах үе, улирлын шинжтэй ханиад томууны үед өрх, дүүргийн ачаалал нэмэгдэж, шаардлагатай үзлэг, оношилгоог дүүргийн эмнэлгээс авахын тулд нэг сар хүлээх тохиолдол байдаг. Энэхүү тоон үзүүлэлтийг  тухайн жилийн дундаж хүн амын тоог, нийт их эмчийн тоонд хувааж тооцдог байна.
ГРАФИК:1
                                        Сүхбаатар дүүргийн 11-р хороонд түр оршин суугч Г.Долгормаа “Манай хүү  таван настай. Түр оршин суугч гэж явдаг. Манайх хөдөөнөөс хот руу нүүж буй айл юм. Одоо бараг нэг жил болж байна. Том хүүгээ их сургуульд оруулах гээд хотод ирсэн. Ажил хийж хэдэн төгрөг олохоор хаанаа ч хүрэхгүй л байна. Хажуугаар нь Ковид гээд зөндөө мөнгөний хэрэгцээ тулгарсан. Орон нутгийг бодвол Улаанбаатар хүн ам ихтэй. Юмны үнэ өндөр, амьдрахад хэцүү л байдаг юм байна. Хүүхдээ хараад гэртээ байх боломжгүй учраас хамаатныхаа эгчид жаахан мөнгө өгөөд хүүхдээ харуулдаг. Цэцэрлэгт өгье гэхээр түр оршин суугч болохоор болохгүй. Орон нутгаасаа шилжиж ирье гэхээр бөөн бичиг баримт нэхэгдээд түр оршин суугч гэсэн бүртгэлээр явж байна. Хүүхдээ хүнд харуулахаар өвчин салахгүй юм. Ядаж байхад 4-5 хүүхэд цуг өдөржингөө хамт байдаг болохоор аргагүй л байх. Хоёр сараас хойш өрхийн эмнэлгээс холдохоо байсан.  Сүүлийн үед манай гэрийнхэн бөөндөө муухай ханиад хүрээд, сандарсан. Манай бага нилээн хэд хоног байнгын цэртэй ханиалгаад. Эхлээд тэгээд л шөнө унтуулахгүй “Ээжээ, ээжээ” гээд л хүүхэд өвдөхөөр давхар сэтгэл санаа хэцүү. Гэрээр байгаа хуучин өгч байсан эм өгөөд намдаах гэж нилээн үзлээ. Чадахгүй сүүлдээ, эмнэлэгээ л бараадаж байна. Хүндрүүлчих вүү гэж бодоод л эмчид ээ үзүүлэх гээд хүлээж байна. Ер нь угаасаа энэ шинэ ханиад чинь Корона вирусын шинэ төрөл  юм биш үү.  Өрхийн эмч үзээд юу гэхээс л яах нь тодорхой болох байх. Би бас өөрөө ханиадтай л явж байна. Бага хүүгээ бодоод өвдсөн ч тэсэхээс өөр аргагүй байдалтай байна. Ямартай ч эхлээд хүүгээ үзүүлээд, хажуугаар нь өөрийгөө асууж зөвөлгөө авах бодол ирсэн” гэлээ.
                                           Нэг эмчийн өрөөнөөс, нөгөө өрөө рүү явах хөл тасрахгүй. Хүлээлгийн давчуухан өрөөнд өөрийгөө үзүүлэх гэж хүлээн суух иргэд ар араасаа цуварна. Энэ үйл явдал өглөөнөөс орой болтол үргэлжилнэ. Ирж буй хүн бүр эерэг мэдээ сонсохыг хүсэв ч тэр бүр сонсох нь тун ховор. Учир нь өвдлөө гэхэд байж болох хамгийн сүүлийн шатандаа тулчхаад эмнэлэгт ханддаг “Хэнэггүй” зангаасаа болоод хүндэрсэн, эсвэл дахин дэлгэрэнгүй шинжилгээ өгөөд дүүргийн эмнэлгийг зорь гэх мэдээг сонсох нь олон. Тэнд хүлээх иргэдийг ажиглавал  найман настайгаас 80 нас хүртэлх бүх төлөөлөл байна. Бүгд л нэг зовууртайгаар ирцгээсэн нь илт. Өвчин эмгэгт өртөх магадлалыг бууруулах бүрэн боломжтой аж.  Харин урьдчилан сэргийлэлт хийж өөрсдийгөө өвчлөлөөс хамгаалах “Ухамсар” дутаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Улирлын шинжтэй ханиад, томуу хурдацтай тархаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188